Баялгийн тэгш бус хуваарилалт- Их наядтан төрөх түлхүүр

2017.01.18 Лхагва №003 (2146)

-Анхны их наядтан 25 жилийн дараа төрнө-

Дэлхийн баячуудын хөрөнгө эдүгээ тэрбум ам.доллараар хэмжигдэж, тэрбумтан гэх нэршлийг олсон гэдгийг бүгд мэдэж байгаа. Тэгвэл дэлхийн хамгийн анхны их наяд ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөтөн хэзээ төрж, их наядтан гэх шинэ нэршлийг бий болгох бол оо. Олон улсын “Oxfam” байгууллага энэ асуудлыг судлаад дэлхийн хамгийн анхны их наядтан 25 жилийн дараа төрөх боломжтой гэсэн дүгнэлт хийснээ өнгөрсөн даваа гаригт олон нийтэд танилцуулжээ. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн баян хүний хөрөнгө 70 орчим тэрбум ам.доллараар хэмжигдэж байдаг. Тэд хөрөнгөө жилд 10 хувиар өсгөнө гэвэл их наяд гэдэг тоонд хүрэхийн тулд маш олон жил шаардлагатай. Гэвч баян хоосны ялгаа жилээс жилд ихэсч байгаа одоогийн нөхцөлд бол 25 жил л хангалттай гэж “Oxfam”-ын судлаачид үзсэн байна. Тэднийхээр бол баялгийн тэгш бус хуваарилалт их наядтан төрөх гол түлхүүр ажээ. 

Дэлхийн хүн амын нэг хувь нь үлдсэн 99 хувиасаа илүү их хөрөнгийг эзэмшиж байгаа гэдэг тооцоо бий. Дэлхийн хамгийн баян найман бизнесмэний хөрөнгө 3.6 их наяд ам.доллараар үнэлэгдэж байгаа нь дэлхийн тал хүмүүсийн эзэмшиж байгаа баялгаас илүү байгаа юм. Гэтэл хөгжиж байгаа орнууд жил бүр үндэстэн дамнасан корпорациудаас 100 тэрбум ам.долларын татвараа авч чадалгүй алддаг гэсэн бас нэг судалгаа байна.  
Ойрын 20 жилд дэлхийн хамгийн баян 500 хүн өв залгамжлагчиддаа 2.1 их наяд ам.долларын өв хөрөнгө үлдээх бөгөөд энэ нь Энэтхэг улсын ДНБ-тэй бараг л тэнцүү гэсэн үг. 1988 оноос хойш дэлхийн хүн амын 10 хувийг бүрдүүлдэг хамгийн бага орлоготой иргэдийн орлого жилд ердөө гурван ам.доллараар өсч байхад нэг хувийг бүрдүүлдэг хамгийн баян хүмүүсийн орлого жилд 20 орчим хувиар нэмэгдэж ирсэн байна.
Зөвхөн АНУ дээр аваад үзэхэд, сүүлийн 30 жилд дундаж гэр бүлийн орлого огт нэмэгдээгүй бол баячуудынх бараг 300 хувиар өсчээ. Өнөөдөр Лондоны хөрөнгийн биржийн FTSE-100 индекст багтдаг дурын компанийн гүйцэтгэх захирал Бангладешийн 10 мянган ажилчны сард олох орлогоос илүү цалинг сардаа авч байгаа юм.   
“Forbes” сэтгүүл 1982 онд Америкийн хамгийн баян 400 хүний жагсаалтыг анх гаргахад үүнд багтахын тулд 75 сая ам.доллар хангалттай байв. Өнөөдөр энэ жагсаалтад багтахын  тулд хамгийн багадаа тэрбум ам.доллартай байх шаардлагатай. Харин 25 жилийн дараа “Forbes”-ийн жагсаалтад орохын тулд дор хаяж таван тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай болох аж.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.