Монголчуудын шинэ “суурьшлын бүс” АВСТРАЛИ

2017.01.18 Лхагва №003 (2146)

Нэгэн цагт “Матар хочит” Дандигийн эх орон, уутат амьтан имжний уугуул нутаг, ганзага хоосон буцаж ирсэн “Сидней 2000” зуны олимп төдийхнөөр бидний төсөөлөлд буудаг байсан алс холын Австрали тив өнөө цагт эрдэм мэдлэгийн их аянд дөрөөлсөн, шинэ амьдрал, шинэ боломжийн эрэлд мордсон орчин цагийн монголчуудын “шинэ суурьшлын бүс” нь маргаангүй болжээ. Хилийн чинадад сурч боловсрохоор зэхэж буй, харь оронд ажиллаж амьдрахаар сэтгэл шулуудсан олон мянган монгол залуусын сонголт  Шенгений орнууд, АНУ байсан бол сүүлийн хэдэн жилд мэдэгдэхүйц өөрчлөгдөн  “ногоон тив”-ийг олноороо зорих болжээ. Үүнд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл, шалтгаан бий. Нэн тэргүүнд  Австралийн Засгийн газрын тэтгэлэг (Australia Awards Scholarship)   хөтөлбөрт хамрагдах боломж хийгээд дээрх тэтгэлэгт хамрагдах болзлыг хангасан оюутан гэр бүлийн хамт тус улсыг зорьж болдог уян хатан нөхцөл. Үүн дээр нэмэгдээд суралцахаар ирсэн гаднын оюутан хийгээд түүний гэр бүлийн хүнд хууль ёсны ажиллах эрх олгодог нь олон мянган монгол залуус матар хочит Дандигийн эх оронд хөл тавих шалтгаан болсон нь дамжиггүй. Саяхан, шинэ он гарснаар л гэхэд тус улсын Засгийн газрын 2016 оны тэтгэлэгт шалгарсан 30-аад тооны залуус шинэ тивийг зорьжээ. Тэдний араас Австралийг зорихоор хэлний мэдлэгээ сайжруулан суралцаж эхэлсэн. Визээ  хөөцөлдөж буй, бэлтгэлээ хэдийнэ базаагаад эхэлсэн, тэр бүү хэл ачаа тээшээ хэдийнэ зэхчихсэн монголчууд дундрахгүй. Тиймийн учир имжний эх оронд хөл тавихаар нэгэнтээ сэтгэл шулуудсан залууст мэдээлэл хүргэх, зөвлөгөө өгөх үүднээс тэнд хэдийнэ хөлөө олж төвхнөсөн оюутан залуустай холбогдон дээрх мэдээллийг бэлтгэлээ.        

Сурах чиглэлийг эрхэм болговоос...

АНУ, Европын орнууд, Япон, Солонгосыг чиглэдэг монголчуудын боловсролын аянд 2010-аад оноос шинээр орж ирсэн чиглэл бол Австрали. Түүнээс өмнө бол Австралийн Засгийн газрын тэтгэлэгээр  цөөн тооны монгол оюутан суралцдаг байсан гэхэд болно. Та Австрали улсын их, дээд сургуулиуд, хэлний бэлтгэлд зуучилна гэсэн жижиг төвүүдийг нийслэл хотын ихэнх дүүргээс төвөггүй олно. Австрали улсын коллеж, их дээд сургуулиудын хэлний бэлтгэл, бакалавр, магистрын бүх төвшинд монгол залуус суралцаж байгаа нь үүний нотолгоо. Австрали улс нийт 43 их, дээд сургуультай ба ихэнх сургуулиуд холбооны хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд боловсролын салбар нь Австралийн эдийн засгийн хоёр дахь том салбар нь юм. Гэхдээ тус улсад суралцахаар төлөвлөж буй залуус  Австралийн Засгийн газрын тэтгэлэг (Australia Awards Scholarship), Монголын Сургалтын Төрийн Сангийн зээл, тухайн их дээд сургуулиудын оюутнуудад олгодог тэтгэлэг зэрэгт хамрагдаж төлбөрийн дарамтаас гарч болно. Жилдээ 600 мянга гаруй гадаад оюутан Австрали улсад ирж бүх шатны боловсролын төвшинд суралцдаг гэсэн тоо баримт бий. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол гэж ид яригдаж буй өнөө үед чанартай боловсрол олж авах гэсэн хүсэлтэй залуусын хэрэгцээнд яах аргагүй нийцэх их сургуулиуд Австралид бий. Наад захын жишээ гэхэд дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтанд дээгүүр ордог 6-8 их сургууль Австралийн гурван том хотод бий бөгөөд тэдгээр нь “8-ын бүлэг” (Group8) буюу хоорондоо хамтран ажилладаг. Чухам яагаад залуус ногоон тивийг олноор зорих болов гэдэгт дээрх шиг олон хариулт олдоно. Австрали улс бол тайван, гэмт хэргийн гаралт харьцангуй бага орон. Дээрээс нь зөөлөн дулаан уур амьсгал, үзэсгэлэнт далайн эргүүд, өндөр хөгжилтэй хотууд гээд олон улсын оюутнуудыг татах зүйл олон. Оюутан хүн амьдрахад хамгийн таатай хотуудад Сидней, Мэльбурн, Брисбэни, Канберра гээд хотууд бүгд ордог. 
Түүнчлэн нэгэнт дэлхийн өнцөг булан бүрээс цугласан арьс өнгө, итгэл үнэмшил, нийгмийн янз бүрийн давхрагын түмэн зүйлийн хүмүүс ажиллаж, амьдарч буй тул бие биенээ жижиг сажиг зүйлээр ялгаварлах гэх мэт асуудал байхгүй гэхэд болно. Дээрээс нь оюутан хүн гэр бүлээ суралцаж байх хугацаандаа авч явах боломжтой бөгөөд өөрөө хагас цагаар, гэр бүл нь бүтэн цагаар ажил хийж амьдрал ахуйгаа, зарим нь ч төлбөр мөнгөө ч болгоод, зүтгээд байгаа нь харагддаг. 
Нөгөө талаас гадаад оюутнууд олонтой, хөдөлмөрийн хөлс өндөртэй улс тул түүнийгээ дагаад амьжиргааны өртөг ч  тун өндөр. Дээр дурдсан том хотууд дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтанд мөн дээгүүр ордог. Наад захын жишээ гэхэд 1 удаа нийтийн тээврээр зорчиход 4-5 австрали доллар буюу монгол мөнгөөр 9000 төгрөг төлдөг гээд бодоход 7 хоногтоо унаанд хамгийн багадаа хэр хэмжээний мөнгө зарах нь гараад ирэх байх. Тэгэхээр санхүүгийн баталгаат байдлаа сайтар тооцоолж ирэхгүй бол сурж мэдсэн ч зүйлгүй, хүний газар цаг хугацаагаа үрж, хар ажил хийж ядраад буцах магадлал ч бийг бодолцоход гэмгүй. Дээрээс нь халуун оронд ирж буй учраас цаг уурын өөрчлөлт, соёлын ялгаа гээд дасан зохицох зүйлүүд захаас аваад мундахгүй. Хамгийн чухал нь барууны академик сургалтын соёлд суралцаж, бусдын оюуны бүтээлийг хүндэлж, өөртөө үнэ цэнэтэй мэдлэг бүтээж авна гэдэг Монголын зарим их дээд сургуульд “copy paste” хийж сурахаас харьцангуй өөр гээд бодолцох асуудлууд бий. 

Ажиллах чиглэлийг эрхэм болговоос...
Дэлхийн төвшний чанартай боловсрол эзэмшихээр Австралийг зорьж буй хэсэг байхад, эрүүл аюулгүй, дулаан тааламжтай орчинд үр хүүхдээ өсгөн, амар тайван, хангалуун  амьдрах хүсэл өвөртлөн зорьж очиж буй гэр бүлүүд ч цөөнгүй. Хаа очиж Австралид буй монголчууд бусад харь оронд ажиллаж амьдарч буй монголчуудтай харьцуулахад хамаагүй элгэмсүү, бие биедээ амь нэгтэй ханддаг бөгөөд ажил төрөл, байр сав олохоос эхлүүлээд хүч хүрэх бүхий л зүйлээрэй харамгүй тусалдаг болох нь тэнд суугаа монголчуудын сэтгэгдлээс бэлхнээ анзаарагдана. Австралид очиж ажиллавал Солонгос, Японд ажилласнаас хамаагүй их цалин авч, хангалттай мөнгө хураагаад ирэх юм шигээр төсөөлж буй олон залуус бий. Тийм зорилгоор ногоон тивийг хэрэвзээ зорих гэж буй бол танд биеийн хүчний ачаалал ихтэй ажил л олдохыг эхлээд сануулах нь зөв биз ээ. Тэнд ажиллаж амьдарч буй Монгол эрчүүд хэлний чадвар төдий л шаардаад байдаггүйгээс гадна цалин хөлсийг нь бодолцоод барилгын туслах ажилчин, ачигч хийх нь элбэг. Энэ ажил өдрийн 150 ам.долларын цалингаас эхэлнэ.  Өдрийн 150 ам.доллар гэдэг Монголд бага цалинтай газар 15 хоног ажилласан цалинтай тэнцэх хэмжээний үнэлгээ шиг санагдаж байж болох ч аагим халуунд өдөржин ажиллана гэдгээ санахад илүүдэхгүй гэдгийг барилгын туслах ажил хийдэг монгол залуус сануулж байв. Монголчууд хамгийн ихээр төвлөрсөн газар бол Сидней  хот. Тус хотод нийт 3000 гаруй монголчууд байдаг аж. Сиднейд манай эрчүүд   барилгын арматур төмөр зангидах ажил их хийдэг, олдоц ч сайтай бөгөөд өдрийн хөлс 220 ам.доллар байдаг аж. Авсралийн 40-50 хэмийн халуунд арматур төмөр зангидах ажлыг монголчууд халуун гэлтгүй хийдэг ч +50 градус хүрэхээр ажил олгогчид түр зогсоодог байна. Ачаалал арай багатай ажил хийе гэвэл пицца хүргэх, дэлгүүрийн бараа өрөх, бэлтгэгч тогооч хийх, угаагч хийх ажлууд олдох хийгээд цалин хөлс нь биеийн хүчний ажлыг бодвол харьцангуй бага гэнэ. Дээрх хоёр ажлыг давхар хийх ч боломжтой гэх буюу өглөөдөө барилга дээр, орой нь гал тогоонд ажиллах тохиолдол ч бишгүйг хэлж байв. Харин  бүсгүйчүүд зочид буудлын өрөө, гэр цэвэрлэх, барилгын дараахь цэвэрлэгээ, албан тасалгаа цэвэрлэх зэрэг ажлуудыг голцуу хийх ба цалин хөлс нь эрчүүдийнхийг бодвол харьцангуй бага, 14 хоногтоо 700-1000 ам.доллар олдог аж. Азийн орнуудад очоод хийх ажлуудтай ижил, ялгаагүй л хар ажил боловч цалин урамшуулал нь харьцангуй өндөр юм гэж бодож байж болох ч цалингийн үнэлгээгээ дагаад амьжиргааны өртөг ч өндөр болохыг мартаж болохгүй. Тэнд суугаа монголчуудын яриагаар бол Солонгос, Японд ажилладаг шиг мөнгө хураах тухай ойлголт үндсэндээ байхгүйтэй ижил. Австралид ирэхийн тулд байдгаа зарж, их хэмжээний өр зээл тавьж ирсэн бол түүнийгээ ажил хийж барагдуулна гэдэг ихээхэн хүч тэсвэр барж байж дуусгах ажил болохыг мөн анхааруулж байна. Түрээсийн байранд нэг долоо хоногт дунджаар 600 ам.доллар төлдөг учир нэг байрыг гэр бүлүүд өрөө, өрөөгөөр нь хуваан хөлсөлж төлбөрөө хувааж хийдэг аж. Ажиллаж амьдрахаар Австралийг зорих гэж буй бол ажил хийгээд олсон доллар чинь дутагдах гачигдах зүйлгүй амьдрахад л хүрэлцэнэ гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй бололтой. 

Анхаарч мэдэх бусад зүйлсийн тухайд
Ногоон тивд очиж амьдрахаар нэгэнтээ бэлтгэлээ базааж эхэлсэн бол нэн тэргүүнд англи хэлний чадвараа Монголдоо маш сайн дээшлүүлж сурчихаад очих шаардлагатайг сурахаар очсон, ажиллахаар очсон хэн бүхэн захиж байв. Монголдоо англи хэлээ сайн сурч очсоноор маш их мөнгө, цаг хугацаа хэмнэх нь ойлгомжтой. Бас нэгэн анхаарах зүйл бол Монголдоо байхдаа хамгийн сайн шүдний эмнэлэгт өвчтэй болон цоорсон шүдээ мөнгө төгрөг харамлалгүй сайтар эмчлүүлээд очих хэрэгтэйг сануулж байв. Австрали чийглэг халуун уур амьсгалтай тул шүд амархан сулардаг, шүдэндээ муу ломбо тавиулсан бол тэнд очоод хоёр сар ч бололгүй ломбо нь уначихдаг. Австралийн хамгийн хямд шүдний эмнэлэгт нэг шүд ломбодуулах зардал 250 ам.доллар гээд бодоод үзэхэд л тодорхой биз ээ. Хэрэвзээ бага насны хүүхдээ дагуулан Австралид суурьших гэж буй бол хүүхдийн цэцэрлэгийн төлбөр гэдэг “Хадны мангаа” буйг тооцох хэрэгтэй. Улсын цэцэрлэг нь байсан ч гаднын иргэн гээд төлбөр нь өндөр. Харьяалал харгалзахгүй хувийн цэцэрлэгт өгье гэвэл бүр л тэнгэрийн үнэтэй. Цэцэрлэгт хүүхдээ явуулах жилийн төлбөр их сургуульд нь нэг жил сурах төлбөртэй дүйж очдог гээд бодохоор санхүүгийн тооцоогоо нарийн гаргасны эцэст хүүхдээ авч явах уу, эсвэл дараа нь боломжтой болсон үедээ татах уу гэдэг хэцүүхэн шийдвэртэй тулгарахыг ч мартаж боломгүй.
Манайхан нэг зүйлд хошуурахаараа хэтэрхий туйлшрамтгай. Ул суурьтай судалж, тооцоолсны эцэст шийдвэр гаргахаас илүүтэй бусдын ам, шийдвэрийг дагадаг гэмтэй. Тиймийн учраас хэрэг болуужин гээд дээрх мэдээллүүдийг багцлан хүргэлээ. Тус нэмэр болох болтугай.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.