Хүлээлтийг төгсгөн ХҮЛЭЭХҮЙН ТЕАТР амиллаа

2017.01.18 Лхагва №003 (2146)

Хүн төрөлхтөний оюуны бүтээлийн нэгэн охь дээж,  абсурд урлагийн ноён оргил болсон Самуэл Беккетийн “Годог хүлээхүй” эмгэнэлт жүжиг Монголын тайзнаа амиллаа. Монгол оронд театрын урлаг үүсч хөгжсөнөөс хойш 85 жилийн дараа эл жүжиг монгол найруулагч, монгол жүжигчдийн ур чадварыг сорин байж тайзнаа тавигдсан нь хэтэрхий орой ч юм шиг, эрт ч юм шиг... “Харгислалын театр”-ын суут бүтээлийг эх орондоо, эх хэлнээ үзэж, таашаах, тарчлах завшаан олдсон бидний 50-иад  үзэгч юутай азтай вэ? Тийм л амаа олохгүй магтан шагших суут бүтээл юм бол яагаад 50-иадхан хүн үзсэн хэрэг вэ гэж уншигч та гайхшрах нь зүйн хэрэг биз ээ. Магадгүй телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр залхтал реклам цацаагүйгээс болсон байж мэднэ. Хэн бүхний сайн таних жүжигчид оролцон тоглоогүйгээс шалтгаалсан ч байж болох. Эсвэл эл жүжигт секс,  эротизмийн өчүүхэн сэжим ч агуулагдаагүй учир олны сонирхлыг татаагүй байж мэдэх л юм. Гэхдээ энэ бүх шалтгаанаас илүүтэйгээр “АБСУРД ЖҮЖИГ”, “ХАРГИСЛАЛЫН ТЕАТР”  гэх том, сүрдэм тодорхойлолт сэтгэлгээний урлагийн  шийдэл, арга барилд дасаагүй үзэгчид “Хар хайрцаг” театраас гэрэвших шалтгаан болсон байх талтай. Тэгвэл уншигч танд бүү гэрэвш гэж зөвлөхийг хүсч байна.    

Владимир, Эстрагон нарыг өриймшүүлэх нь
Владимир, Эстрагон хоёр хаа нэгтээх нүцгэн мөчир бүхий модны дэргэд суун Годо гэгч нэгнийг ирэхийг хүлээнэ. Мань Годо дансаа нягталж үзчихээд өөрийг нь ирэхийг найдвар тээн хүлээж буй хоёрт хариу хэлэх учиртай санж. Гэвч тэр өчигдөр ч, уржигдар ч ирж амжсангүй. Харин өнөөдөр ирнэ гэдэгт нь тэр хоёр итгэх аж. Өлсч, ядрах, зутрахын гачлангаасаа салж одохыг тэсгэлгүй хүсэвч Годог ирэхийг хүлээж буй тул явж одохыг үл төвдөнө.
1.Өвлийн тэсгим шөнө автобусны буудал дээр шугамын хамгийн сүүлчийн унааг ирнэ гэсэн горьдлоготойгоор удтал хүлээж үзсэн үү? Горьдлого тасарч таксинд сууя гэхээр хяслантай нь танд 500 төгрөг л байдаг. Нэгэнт тэвчээр зааж энэ хүртэл хүлээчихсэн хойно хаяад алхчих хэцүү. Буудлаас холдчихоор даажинтай юм шиг автобус ирээд явчихвал яана гэх ацан шалаанд орж байсан тохиолдол танд тулгарч байсан бол “Годог хүлээхүй” жүжиг танд зориулагджээ.
2.Цаг товлон болзсон ажил хэргийн түнш чинь цагаасаа хэдий нь хоцорсон ч хүлээцтэй хандаж байсан уу? Дөчин минутын өмнө холбоо барихад түгжрэлд таг зогсч байна гэж учирласан тэрээр сүүлийн удаа холбоо барихдаа  яг таван минутын дараа гэхэд таны байгаа газарт оччихсон байна гэж хэлсэн бол та үргэлжлүүлэн хүлээх үү, эсвэл уулзалтыг цуцлах уу? Цаг барьдаггүй бүдүүлэг үйлдэлд  нь хэчнээн цухалдсан ч  ажил хэргийн ирээдүйн амжилтын төлөө  дахиад хэдэн минут ч нэмж хоцорсон  хүлцэж чадах бол “Хүлээхүйн театр”-ын үзэгчиддээ амсуулах даажигналыг тэсвэрлэж чадах нь ээ.
3.Зуны их үдийн нар шарсан нозоором өдөр вандан сандал дээр хэн нэг найзтайгаа суугаад өөр нэгэн анд нөхрөө ирэхийг хүлээж үзсэн үү?  Хэзээ ирэх нь тодорхойгүй хэнэггүй нөхрийг хүлээх зуураа юу эсийг хуучлан цаг нөхцөөх аргаа барсан үйлдлийн үр ашиггүйг өмнө хэзээ нэгтээ мэдэрч байсан бол   Владимир, Эстрагон нарын зовлонг ойлгох танд огтын ч хэцүү биш.

Хэзээ ч ирэхгүй Годо та ч байж мэднэ
Годогийн тухай бид бүхэнд ил болсон ганц зүйл нь ердөө л Годо хэмээх нэр. Годо чухам хэн бэ?  Хүн үү, бурхан уу, гутал уу, итгэл найдвар уу? Магадгүй аль нэг нь байж болох юм. Эсвэл бүгдээрээ ч юм уу? Магадгүй та ч Годо байхыг үгүйсгэхийн аргагүй. Хэрэв та Годо мөн  бол дээрх “утга учиргүй” жүжгийн тайллыг, таамгийг бидэнд нээж өгч чадах байх.     
1.Хэрэвзээ та Годогийн оронд байсан бол  Владимир, Эстрагон нар дээр очих уу гэж асуухаас илүүтэй хэн нэгний амьдралынхаа туршид хүлээж буй Годо нь та байвал яах вэ гэж асуусан нь илүү оновчтой болов уу?  
Заавал очно гэсэн амлалтаа биелүүлж  эргээд ирнэ гэж, хүрээд очихыг тань хүлээж суугаа хэн нэгэн таны амьдралд бий юү? Онцын ач холбогдол өгөлгүй тэгсгээд та орхисон хэдий ч, одоо ч өөрийг чинь хүлээсээр буйг анзаараагүй яваа бол ЦӨХРӨЛ, ГУТРАЛ, ХҮЛЭЭХҮЙН ТАРЧЛААН үүрдийн мэт урт удаан өнгөрдгийг ойлгох нь буян ч болох юм уу.
2.Бусдын ирээдүй танаас шалтгаалж, хамаг итгэл найдвараа таны гарт даатгачихсан байхад үл тоомсорлоод өнгөрөөчихөж чадах уу? Хэрэв тийнхүү ор сураггүй болж орхивол ИТГЭЛ, НАЙДВАР, ХАЙР хамгийн сүүлд бөхдөгийг мэдэж үл чадмуй.
3.Та нэг мөсөн очихгүйгээр  шийдсэн бол шийдвэр тань эл абсурд жүжгийн үл төгсөх эмгэнэлт үргэлжлэл байх болно.  

Тэд хэнийг ч хүлээдэггүй бас...
Владимир, Эстрагон хоёр хаа нэгтээх нүцгэн мөчир бүхий модны дэргэд суун Годо гэгч нэгнийг ирэхийг хүлээнэ. Тэртээгээс хүний чимээ гарч гартаа сагс, сандал, цүнх барьсан хүзүүгээ олсоор уяуулсан, бүдүүн олсоор боолоо нохой мэт хөтөлсөн эзэн ирэв. Хүлээсэн Годо нь биш ажээ.
1.Тэд хэнийг ч, юуг ч хүлээдэггүй. Цөхрөхгүй, шантрахгүй, урам хугарахгүй. Сайхан ч юм шиг... Тэгвэл итгэл найдвар, зорилго тэмүүлэл нь, амьдралын утга учир нь хаана байна вэ?
2.Хэн ч тэднийг хүлээдэггүй. Тэд бусдад итгэл төрүүлэхүйц улс биш. Хэн ч тэднийг хүсэн хүлээдэггүй, өгүүлэхгүй, санахгүй.  Тэд хэний ч өмнө үүрэг хариуцлага хүлээдэггүй. Тэгвэл тэдний үүрэх хариуцлага гэж бий юү?
3.Тэд бол аялагчид. Тэд бол явуулын улс. Явуулын улс нэг л нийтлэг чанартай ХҮНИЙРХҮҮ, ХУВИА БОДСОН. 
Тэдэн шиг замын гийчид, явуулын улс таны амьдралын замд хэдэнтээ таарч, хэдэнтээ зам салж одсоныг мэдэхгүй. Эсрэгээрээ  өрөөл бусдын амьдралд явуулын  гийчин мэт үдлээд өнгөрсөнийг ч мэдэхгүй л дээ.    
“Годог хүлээхүй” жүжгийн дүрүүд  элдэв баг зүүгээгүй бидний бодит дүр төрх болохыг олж харсан цагт “АБСУРД” тодотголоос нь сүрдэхийн, ойлгож мэдрэх гэж хичээхийн, өөр гүн логик эрж хайхын шаардлагагүйг ойлгож мэднэ. Утга учиргүй гэдэг чухамдаа туйлын утга учир ч юм билүү? 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.