Mongolia’s next top model

2017.01.18 Лхагва №003 (2146)

“Царай нь болж байна. Гэхдээ модель хүн өмсөж байгаа хувцсаа анхаарах хэрэгтэй. Цүнхээ үүрэхдээ хувцсаа үрчийлгээд байна. Тэгэхээр цүнхээ яаж үүрэх ёстой вэ”, “Нүдний шилэндээ хэтэрхий  их ач холбогдол өгөөд байна шүү. Зүгээр нэг гартаа барьсан ч болно”, “Индра хаана байна аа, би цүнх, гутал өмссөн амьгүй модель харж байна. Бид Индраг хармаар байна”, “Камераа хэзээ ч мартаж болохгүй” хэмээн шүүгч, модель Нора оролцогч бүрт тусгайлан зөвлөгөө өгч байлаа.

Энэ бол удтал хүлээсэн “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн анхны дугаарын шалгаруулалтын зураг авалтын явц юм. Монголын загварын ертөнцөд шинэ дүр төрхийг гаргаж ирэхээр  Америкийн “CBS” телевизийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол суваг” телевиз, “Бюро 24/7” дижитал сэтгүүлийн уран бүтээлчид хамтран “Моngolia`s Next Top Model” шоу нэвтрүүлгийг эх орондоо ийнхүү анх удаа зохион байгуулж байгаа билээ.
Нуугдсан эрдэнэсийн эрэл дэх “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэгт 200 гаруй оролцогч бүртгүүлснээс шүүгчдийн баг 22-ыг сонгон анхны дугаарт оролцууллаа. Тэд нэвтрүүлгийн багийнхны бэлдсэн хувцас, хэрэгсэл, make-up-ыг ашиглан 1960-1970-аад оны дүрд хувиран зураг авалтад оролцон өрсөлдлөө. Оролцогч дунд БНХАУ-ын Бээжин хотын Боловсролын их сургуулийг дүүргэсэн Г.Ижилцэцэг, Г.Ихэрцэцэг эгч дүү ихэр, Унгарт загвар өмсөж байсан М.Анхбаяр болон “Андра модель” агегтлагт загвар өмсөж байсан Б.Даваажаргал зэрэг олон хүчтэй өрсөлдөгч байсан. Мөн анх удаа зураг авалтад оролцон ямар пооз сонгох вэ гэж сандрах нэгэн ч байлаа. Тэд бүгд даалгавраа биелүүлэн шүүгчдийн өмнө зогсоцгоосон гэж бодож байсан ч зураг авалтаас гадна тайзан дээр алхах бас нэгэн даалгаврыг гүйцэтгэсэн юм.
Эхний дугаарын шүүгчээр “On’n off” продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа, зөвлөх продюсераар уригдан ажиллаж байгаа “Britain’s Next Top Model” нэвтрүүлгийн ерөнхий продюсер Мартин Рэдмен хөтлөгч, шүүгч, модель Норагийн хамт ажилласан.  Шүүгч Т.Нансалмаа шүүлтийн явцад “Оролцогчдын дайчин чанарыг илүүтэй харна” хэмээн онцолж байсан. Тэрээр анхны дугаарын шүүлтийн өмнө оролцогчдод хүчтэй зоригтой, тэмүүлэлтэй, өөрийгөө илэрхийлж, илүү хурдан суралцаж чадах нь ялна хэмээн урмыг үгээр мялаан бүгдэд нь амжилт хүссэн юм.  Харин шүүгч Мартин Рэдмен “Энэ тэмцээн учраас шоуны эхний улиралд нэг л ялагч тодрох ёстой. Та бүхэн энд найз нөхөдтэй болох гэж ирээгүй гэдгээ маш сайн санаарай. Энд байгаа охид хоорондоо өрсөлдөгч учраас  түрүүлэхийн төлөө бүх зүйлээ дайчилж, төвлөрөх ёстой” хэмээн зөвлөсөн юм.
Шүүгчид 22 оролцогчоос 14-ийг дараагийн шатанд тэнцүүлсэн. Шилдэг 14 оролцогч “Хийморь” хотхонд байрлах тансаг зэрэглэлийн хауст хоёр сарын турш байрлахаар очихдоо бүгд л дуу алдаж байлаа. Гэхдээ тэднийг нэгэн гэнэтийн бэлэг хүлээж байсан нь хасагдсан хоёр оролцогчид боломж олгон нэвтрүүлгийн багт эргүүлэн оруулсан тухай шийдвэр байлаа. Оролцогчдын хувьд, 14-үүлээ л байхаар зохион байгуулсан хаусдаа багтаж байрлахаас өгсүүлээд сорилт гарч ирж байгаа нь энэ.
Шоу нэвтрүүлгийн дүрмээр ийнхүү нийт 16 оролцогч 16 нэвтрүүлгийн турш өрсөлдөн шилдгээ тодруулах юм. Тэдний дараагийн даалгавар юу байх бол оо... Оролцогч бүр хоорондоо өрсөлдөгч байх “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэг пүрэв, ням гариг бүр 21.00 цагаас “Боловсрол суваг” телевизээр цацагдаж байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.