“Хунт нуур”-ын 41 дэх улирал эхэллээ

2017.01.18 Лхагва №003 (2146)

П.И.Чайковскийн “Хунт нуур” балет энэ сарын 28-нд ДБЭТ-ын тайзнаа амилна. Өнгөрсөн 2016 онд уг балетыг ДБЭТ-ын тайзнаа анхлан тавьсны 40 жилийн ойг тэмдэглэсэн билээ. Тэгвэл энэхүү алдарт балет ийнхүү Монголын тайзнаа 41 дэх жилээ тавигдах гэж байгаа нь энэ.  
“Хунт нуур” балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта, Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог бөгөөд “Хунт нуур” нь балет хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ. 
“Хунт нуур” балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр удирдаач урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Чулуун, ДБЭТ-ын зөвлөх балетмейстр ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан түүхтэй. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг гавьяат жүжигчин Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг ардын жүжигчин О.Ганбаатар нар тоглож байсан юм. Тэгвэл энэ сарын 28-нд  тавигдах “Хунт нуур”-ын Одетта, Одиллияд соёлын тэргүүний ажилтан О.Анужин, ханхүү Зигфридэд соёлын тэргүүний ажилтан О.Ганцоож нар бүжнэ. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.