Д.Ламжав: Ерөнхий сайдын эрх мэдэл хэврэг учраас үргэлж түгшүүртэй байдаг

2017.01.18 Лхагва №003 (2146)

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар иргэн Д.Ламжавтай ярилцлаа. Тэрээр АИХ-ын депутатаар сонгогдож, ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж явсан юм. 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал гурав дахь парламентынхаа  нүүрийг үзэж байна. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн хийх ёстой вэ. Юуг нь өөрчлөх шаардлагатай вэ?
-Үндсэн хуульд хойшлуулашгүй өөрчлөх шаардлагатай зүйлүүд байна. Үүнийг би өмнө нь ч ярьдаг байсан. Үндсэн хуулиа томоор, бүтэн харж, дахин дахин асуудал үүсээд байхааргүйгээр нэг мөр янзлах хэрэгтэй. Ийм өөрчлөлтийг хийх цаг болсон гэдэг үүднээс ярья. Энэ бол миний хувийн байр суурь, бодол. Үндсэн хуулийн талаар анхаарч олон жил ажиллаж ирлээ. Энэ туршлагаасаа үүссэн хувийн бодол, санал юм л даа. 
-Томоор харна гэвэл ямар ямар өөрчлөлт хийх ёстой вэ?
-Ерөнхий үзэл санаа нь юунд байх вэ гээд нэг том нийтлэг зарчмыг томъёолъё. Бид хэрвээ ардчилсан улс байх ёстой юм бол, ардчилсан улс байхын үндэс юу вэ. Би бол улс даяар ардчилсан тогтолцоог сонгосон, үүнд эргэлзэж байгаа хандлага байхгүй байгаа болов уу гэж бодож байгаа. Ардчилсан Үндсэн хуулийн том үндсэн зарчим нь төрийн эрх мэдлийг хуваарилах, тэнцвэржүүлэх, харилцан хяналттай байлгах, харьцангуй бие даасан байлгах гэсэн санаа байдаг. Энэ үзэл бодлын үүднээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд хандах, үүнд нийцэхгүй юу байна, түүнийгээ засах гэсэн ийм л санаагаар ярьж болох юм л даа. 
-Парламентын засаглалтай хэрнээ Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл төвлөрлээ гэж шүүмжлэх болжээ. Энэ бол таны хэлж байгаа төрийн эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэр алдагдсаных биз?
-Учир зүггүй нэг булангаас шүүрч авахаас илүүтэй жаахан цэгцтэй хандвал зүгээр байгаа юм л даа. Хүн бүхэн зөвхөн өөрийнхөө урд харагдаж байгааг ярих гэдэг ч юм уу, тийм байдлаар асуудалд хандвал дэмий. Үндсэн хуулиа бүтнээр нь харах ёстой гэсэн санааг хэлээд байгаа юм. Бидний мэдэж байгаагаар Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг гурван хэсэгт хуваасан байгаа. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гээд энэ бол амны уншлага болсон зүйл. Энэ гурвыг л түрүүний хэлсэн зарчмаар харилцан хяналттай, харьцангуй бие даасан, тэнцвэртэй, өөрөөр  хэлбэл аль нэг нь давамгайлсан бус ийм байдлаар л Үндсэн хуульдаа тусгах ёстой. Эхлээд эдгээр институцийн тэнцвэрийг алдагдуулж байгаа зүйлүүдийг ярья л даа. Нэгдүгээрт, Үндсэн хуулиар УИХ-д хэтэрхий эрх мэдэл олгосон. Тэнцвэрийг алдагдуулж байгаа зүйл нь юу вэ гэхээр УИХ Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага гэдэг үндсэн үүрэг байна. Хууль тогтоох талаар УИХ-тай өрсөлдөх институци байхгүй. Гэтэл өөр заалтууд байгаа. УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн гээд л. Энэ нь асуудлыг биш болгох зүгт явж байгаа юм. Өөр юу байна вэ гэхээр Үндсэн хуульд УИХ Монгол Улсын гадаад, дотоод ямар ч асуудлыг авч шийдвэрлэж болох тухай заасан. Энэ өгүүлбэрээс харахад маш том эрх мэдэл олгосон байна шүү дээ. Үүнийг улстөрчид яаж ч хэрэглэж магадгүй. Энэ бол осолтой заалт. Энэ бол бидний ярьж байгаа зарчимд харшилж байгаа заалт гэж бид боддог. Мөн гүйцэтгэх эрх мэдэл рүү УИХ хэтэрхий их орж байгаа. Үүнээс болоод гүйцэтгэх эрх мэдэл нь бие даасан, харьцангуй хараат бус байдлаар ажиллахад төвөгтэй байдлыг үүсгэж байгаа. Тэр нь ч амьдрал дээр илэрч гарч байгаа. Наад зах нь манайхан яриад байна ш тээ. Үе үеийн Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа маш богино байна гээд, бүр тоолж бүртгэчихсэн байна. Үндсэн хуульд зааснаасаа жигтэйхэн бага байна, өөрөөр хэлбэл бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадахгүй байна. Бусад улсад бол энэ хугацаа их урт байна гээд яриад байна. Энэ чинь цаад углуурга нь УИХ-ын эрх мэдэл ихэссэнтэй холбоотой. Ерөнхий сайдыг УИХ хэлэлцэж томилдог. Энэ бол байх ёстой зүйл, парламентын засаглалтай улс орны нэг чухал үзүүлэлт. Харин бусад сайд нарыг УИХ-аар толгой дараалан хэлэлцдэг. Энэ нь байдлыг маш хүндрүүлж байгаа. Та бүхэн зөндөө жишээ мэднэ. Жишээлбэл, Ерөнхий сайдад УИХ-ын зүгээс асуудал тулгадаг. Тийм сонирхолтой гишүүд байх нь байна ш тээ. Хэрвээ гишүүдийн тавьсан ямар нэгэн асуудлыг хүлээж авахгүй бол өөрийнхөө фракцын сайдуудыг татна шүү гээд л ярьж байлаа шүү дээ. Тэгэхээр энэ бол УИХ-д баймааргүй эрх. Дээрх байдлаас болоод гүйцэтгэх эрх мэдэл УИХ-аас маш хараат болчихсон. Ерөнхий сайд өөрт оногдсон үүргээ биелүүлээд ажиллах гэхээр саад тотгоор учраад байдаг.

-Энэ байдлыг хэрхэн засах вэ?
-Үүнийг засдаг арга нь бэлэн. Бид нэг их шинэ юм бодож олоод байх шаардлагагүй.  Бусад улсад үүнийг хэрхэн зохицуулсан байдаг вэ гэдгээс л суралцах хэрэгтэй. Энэ дээр бол Ерөнхий сайд бусад бүх сайдаа толгой мэдэн томилдог байх болгоосой гэж би хүсч байна. Нөгөө талаар Ерөнхий сайд ч гэсэн  хяналтад байх ёстой. Ерөнхий сайдыг хянахад амархан. Ерөнхий сайд мэдээж ажлаа парламентад тогтмол хугацаанд тайлагнадаг шүү дээ. Түүнээс гадна Ерөнхий сайдыг огцруулах гэдэг юм уу, итгэл хүлээлгэх эсэх тухай асуудал үүснэ. Ямар нэг байдлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар УИХ санал хураачихлаа гэж бодъё. Одоо бол түүнийг л эцсийн шийдвэр болгочихоод байгаа. Санал хураагаад л огцруулчихдаг. Буруу бол аль ч талд нь байж мэдэх юм  шүү дээ. Тэгэхээр энд харилцан хяналтыг бий болгох ёстой. УИХ дээр огцруулах санал хураагаад дэмжигдлээ гэж бодъё. Үүгээр асуудал дуусдаггүй байх ёстой. Тэр нь яах вэ гэхээр тодорхой хугацаа өгнө. Жишээлбэл би долоо хоног гэж хэлж байгаа л даа. Энэ хугацааг сайн бодоод тавих ёстой. Мэдээж хугацаа шахуу байх хэрэгтэй. Гэхдээ хэл амаа ололцох бололцоогүй байж болохгүй. Ингээд Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт болсны дараа долоо хоногийн дотор УИХ абсалют олонхиороо дараагийн Ерөнхий сайдыг шинээр томилох ёстой. Хэрвээ томилж чадахгүй бол дараагийн долоо хоногийн дотор Ерөнхий сайдын хүссэний дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана гэх зохицуулалт оруулмаар байгаа юм. Хэрвээ УИХ шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй долоо хонох юм бол дараагийн долоо хоногт Ерөнхийлөгч өөрсдөд нь сүх далайчихсан байна гэсэн үг. Заасан хугацаанд парламент дараагийн Ерөнхий сайдыг томилчих юм бол УИХ-ыг тараахгүй. Өөрөөр хэлэх юм бол хүлээн зөвшөөрнө. Эсрэг тохиолдолд Ерөнхийлөгчийн зарлиг л гарчих юм бол асуудал дуусна. Ерөнхий сайд хэвээрээ  үлдэнэ. Парламент тарна. Ингэж хянах зохицуулалт хийх нь зөв. Ингэхээр парламент асуудалд хандахдаа илүү нухацтай байх болно гэж бодож байгаа. Манай одоогийн Үндсэн хуульд УИХ өөрөө тарах тухай заалт бий. Сүүлд оруулсан өөрчлөлтөөр 45 хоногийн дотор Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол огцорно гэж заалт оруулсан. УИХ өөрөө тарах тухай энэ заалт бол хэзээ ч бүтэшгүй зүйл. 
-УИХ хэзээ ч өөрийн санаачилгаар тарахгүй гэж үү?
-Их гэнэн, хүн хараад шоолж болох заалт шүү дээ, энэ чинь. Монголчууд бид наад зах нь бусад улсаас ичих үүднээс УИХ өөрөө тарах тухай заалтыг Үндсэн хуулиасаа хасах хэрэгтэй гэж би үздэг. Өөр юу байна гэхээр Ерөнхий сайдын эрх мэдлийг бууруулж, нь бүрэн эрхэд халдах, өөрөөр хэлбэл дээр хэлсэн харьцангуй бие даасан, тэнцвэртэй, хяналттай байх зарчмыг алдагдуулахад нөлөөлж байгаа нэг зүйл бол Ерөнхийлөгч хууль санаачилдаг, чиглэл өгдөг эрх байна. Ерөнхийлөгчийн энэ хоёр эрхийг хасмаар байгаа юм. Ерөнхийлөгч хориг тавих нь чухал эрх мөн. УИХ-аас гарч байгаа ямар ч шийдвэрт хориг тавих эрхтэй. Энэ хоригийг нь гишүүдийн 26 нь дэмжчих юм бол хүлээж авна. Энэ бол зүйтэй заалт. Харин Ерөнхийлөгч хууль санаачлаад байх нь аливааг цалгардуулах талтай. Өөрөөр хэлбэл практикт юу үүссэн гэхээр Ерөнхий сайдын хэврэг байдлыг хараад хууль санаачлаад байдаг. Тэгээд Ерөнхийлөгч рүү эрх мэдэл сэмхэн сэмхэн шилжээд, зөндөө эрх мэдэл аваад байдаг. Ингэхээр эзэн, гүйцэтгэгчийн  харьцаа алдагдаад, эмх замбараагүй байдлын эх үүсвэр бий болж байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх хэрэггүй. Мөн чиглэл өгөх эрх ч хэрэггүй. Ингэж чиглэл өгөх нь маш зохисгүй. Яагаад гэхээр Ерөнхий сайд өөрөө хэврэг учраас үргэлж түгшүүрийн байдалд байна. Ерөнхийлөгч бол Ерөнхий сайдыг огцруулахад нөлөө үзүүлж болох этгээд. Энэ байдлыг нь далимдуулаад чиглэл өгдөг. Чиглэл бол төдийлөн зөв байна гэхээсээ илүү дарамтлах шинжтэй. Эрх зүйн хувьд ач  холбогдолтой гэхээсээ дарамтын хэрэгсэл болж  хувирсан байна шүү дээ. Тэгэхээр энэ чиглэл өгөх эрхийг нь авч хаях хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч бол томоотой, буруутчихгүй байхын тулд нэг их ажил хийдэггүй, тийм байгаасай гэж хүсч байна. Харин Ерөнхийлөгч сайн бүртгэгч байх ёстой. Жишээлбэл, УИХ-аас хууль батламжилдаг шүү дээ. Хуульд батлагдлаа, эцсийн эх нь гарлаа, тэрийг ёсчилж бүртгэх ажил нь УИХ-даа биш Ерөнхийлөгчид байх ёстой юм билээ. Гэхдээ энэ бол гарч ирсэн хуулийг засаад байна гэсэн үг биш шүү дээ. Ийм хууль батлагдлаа гэдгийг албажуулж байдаг. Хориг тавьж болно. Хориг тавихгүй бол батламжилж байдаг  л байх ёстой. 

-Ерөнхийлөгч өөрөө огт хууль санаачлахгүй юу?

-Тийм. Жишээлбэл, УИХ Ерөнхий сайдыг томилчихлоо гэдгийг Ерөнхийлөгч бүртгэж байх юм. Би бүртгэх гэж хэлээд байгаа нь учиртай. Тэрнээс биш урдаас нь Ерөнхий сайдаар энэ хүнийг тавимааргүй байна, миний энэ хүнийг тавьбал яасан юм гэдэг санал гаргах ёсгүй. Батламжилдаг л байх ёстой. Бусад сайд нарын хувьд ч гэсэн Ерөнхий сайд энэ хүнийг сайд болгочихлоо гээд түүнийгээ Ерөнхийлөгчид үзүүлдэг, Ерөнхийлөгч наадхийн чинь оронд тэр хүнийг болгомоор байна гэхгүй. Тэгэх ч ёсгүй. Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх, хариуцлагыг нь бодоод тэрийг нь баталж байдаг ийм өөрчлөлт оруулмаар байна. 

Улсын дээд шүүхийг Үндсэн хуулийн шүүх болгох шаардлагатай
-Шүүх засаглалын хувьд Үндсэн хуульд ямар зохицуулалт хийх хэрэгтэй вэ. Одоогийн Үндсэн хуульд энэ талаар учир дутагдалтай ямар асуудал байгаа вэ?  

-Хамгийн том асуудлаас нь эхэлье. Манайд Үндсэн хуулийн Цэц гээд байгууллага байна. Энд ямар хуульч байх ёстой вэ гэхээр хууль сайн мэддэг, туршлагатай, архаг хуульчид байх ёстой. Би архаг гэдэг үгийг энд ёс суртахуунтай, хуулийг сахиулахад шударгаар хандаж чадах хүн гэдгээр нь хэлж байна. Цэцэд өндөр ёс суртахуунтай, онолын болоод практик туршлага сайтай ийм хүмүүс сууж байх ёстой гэж боддог. Одоо  яаж байна вэ гэхээр Үндсэн хуулийг мэддэггүй хүмүүсийг томилж байна. Тийм хүмүүс ямар замаар явдаг вэ гэхээр тэднийг санал болгож байгаагийн цаад тал нь хувийн харьцаанд үнэнч байх явдал. Үндсэн шалгуур нь тийм хүмүүс очоод байна. Нөгөө Үндсэн хуулиар тавьж байгаа шаардлагыг биш өөр юмыг шалгуур болгож очоод байна шүү дээ.
-Цэцийн даргыг жилийн өмнө огцруулсан. УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг оронд нь томилох тухай яригдаж байсан гээд үүний жишээ бий дээ?
-Тиймээс Үндсэн хуулийн Цэцийг Улсын дээд шүүхэд нийлүүлмээр байна. Өөрөөр хэлбэл шүүхийн тогтолцоонд том реформ хийх хэрэгтэй. Улсын дээд шүүх гэдэг нь ерөөсөө Үндсэн хуулийн шүүх болно гэсэн үг. Цэц гэдэг тусгай байгууллага байдаг одоогийн тогтолцоо бол оновчтой биш. Тэгээд шийдвэр гаргахдаа шууд шүүхийн байдалтай болгох хэрэгтэй. Дээд шүүх Үндсэн  хуулийн шүүх болж хувирах нь байна шүү дээ. Тэгээд тэр шүүх рүү бусад бүх шатны шүүхийн хүчин төгөлдөр тогтоол, шийдвэр ирж байдаг. Хувь хүний эрхийг зөрчсөн асуудал гарах юм бол түүнийг Үндсэн хуулийн шүүх авч үздэг байх юм. Одоогийн Цэц үүнийг авч үзэхгүй байгаа. Одоо бол Улсын дээд шүүх хэтэрхий их нүсэр байгаа юм. Дээд шүүх 25, Цэц есөн гишүүнтэй. Гэтэл АНУ-ын дээд шүүх есөн хүнтэй байдаг. Өчнөөн олон сая хүнтэй улсад дээд шүүх нь есөн хүнтэй байна шүү дээ. Манайх бол нүсэр байгаа биз дээ. Дээд шүүх байснаараа яадаг вэ гэхээр анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхүүдийн дараа дахиад дээд шүүх рүү явах нэг шат байдаг. Тэр нь хүнд суртлын механизм болж хувираад байгаа юм. Тийм олон шат дамжлага байх ямар ч шаардлагагүй. Харин давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүх нь боловсон хүчнээ бэхжүүлдэг байх ёстой. Ингэх юм бол шүүхийн нэр хүнд, нөлөө өндөрт гарч ирнэ. Ийм байдлаар өөрчлөлт хийвэл асуудал илүү сайжрах болох болов уу гэж боддог.
-Цэцийг Дээд шүүхэд нэгтгэхээр Үндсэн хуулийн талаархи гомдол нэмэгдэх үү?
-Үндсэн  хуулийн маргаан хэвээрээ л байна. Одоо Цэцийн есөн гишүүний зургаа нь байнгын бус ажиллагаатай, гурван гишүүн л үндсэн ажилтан байгаа. Бусад нь давхар ажил хийгээд явж байгаа гэсэн үг. Гэхдээ цалингаа бүтэн авдаг. Тэгвэл Дээд шүүх Үндсэн хуулийн шүүх болсноор энэ байдал өөрчлөгдөн байнгын ажиллагаатай болно. Аппарат нь сайжраад ажил хийдэг газар болж хувирна.
-Гадаадад ийм жишээ байна уу?
-Байлгүй яах вэ. Манайх ийм байж яагаад болохгүй гэж. Анх Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байхад Улсын бага  хурал яг энэ асуудал дээр зөрөөд суучихсан байсан удаатай. Тэгээд хэлэлцээд Цэцийг шүүхэд нь байлгах уу гэдэг асуудал босоод ирэхэд тэр үед шүүхэд итгэдэггүй байсан, шүүхийн эрх мэдэл нь бага байсан өмнөх тогтолцооны энерц суусан. Цэцийг шүүх болгоогүйн учир бол өмнөх тогтолцооны үеийн шүүхэд үл итгэх байдал маш их нөлөөлсөн. Яагаад гэвэл өмнөх тогтолцооны үед шүүхийн эрх мэдэл яам хүрээд л хяналт нь зогсчихдог байсан. Тэрнээс дээш намын төв хороо, намын хянан шалгах зэрэг том байгууллагад халдаж болохгүй тийм тогтолцоо байсан. Тухайн үеийн нөхцөл байдал гээд янз бүрийн нөлөө байсан байх. Одоо ч гэсэн уг нь Цэц мөн чанартаа Монгол Улс дахь Үндсэн хуулийн шүүх юм л даа. Үүнийг одоо яг ёсоор нь болгомоор байгаа юм. 
-Тэгснээр зарчмын ямар өөрчлөлт гарах вэ?
-Өнөөдрийн хуулиараа яадаг вэ гэхээр Цэцээс гарсан бүх шийдвэр УИХ руу орно. Энд бас л хуучин тогтолцооны инерц байгаа юм. Хуучин нийгэмд хуралд шүтэх гэх юм уу, бүх юмыг халз шийдэхээс зугтаж хурлаар шийддэг нуугдмал тогтолцоо байсан. Хүнийг магтъя гэвэл хурлаар магтдаг. Бас шүүмжилье, үзэл суртлын том цохилт өгье, буруутгая гэвэл хурлаар л шийддэг тийм механизм байв. Захиргаадалтын тогтолцоо өөрөө ингэж цаанаасаа, далдаас явдаг байхгүй юу. Тэгэхээр бүх юмыг хурал руу оруулдаг хандлага бидний тэр амьдарч байсан нийгмийн инерц байгаа юм. Тиймээс л Цэцийн бүх дүгнэлт УИХ руу орж байгаа юм. Жишээлбэл, хэн нэг сайд Үндсэн хууль зөрчлөө гэхэд тэрийг Ерөнхий сайдад нь өгмөөр юм биш үү. Гэтэл юугаа хийж түүнийг УИХ-аар хэлэлцэж бужигнуулж байгаа юм бэ. Ерөнхий сайд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Үндсэн хууль зөрчсөн сайдаа хамгаалаад байвал Ерөнхий сайд өөрөө Цэцийн хяналтын механизмд орно ш тээ. Жишээлбэл Улсын дээд шүүхийн шүүгч Үндсэн хууль зөрччихлөө, Ерөнхий прокурор Үндсэн хууль зөрччихлөө гэвэл яагаад УИХ руу оруулах ёстой юм. Тэднийг томилсон хүн нь Ерөнхийлөгч шүү дээ. Тэр эзэнд нь асуудлыг оруулбал яасан юм. Хариуцлагын тогтолцоо гэж бид ярьдаг. Хариуцлага ингэж байж тодорхой болно. Өөрөөр хэлбэл ноцтой хууль зөрччихөөд байгаа нөхөр ажлаа хийгээд зүгээр яваад байгаа бол түүнтэй эвлэрээд байгаа хүн нь хариуцлага хүлээх ёстой. Олон тарвага нооцгойтой гэж нэг сайхан монгол үг бий. УИХ-аар хэлэлцэнэ гэдэг чинь олон хүн дундаа мартчихаж болно, эсвэл хайхрахгүй байж болно. Нөгөө Үндсэн хууль зөрчсөн хүнийг буруутгахгүй. Хурал гэдэг ийм учир дутагдалтай. Одоогийн хурал тийм болчихож. 

Бүх шатны ИТХ-уудыг шууд  тараах нь зөв
-Засаглалын эрх мэдлийн тэнцвэрт харьцаа, хяналтын талаар ярихад орон нутгийн эрх мэдлийг хөндөх хэрэг гарна. Өмнөх парламентын үед боловсруулж байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдэд ч энэ талаар тодорхой зохицуулалт байдаг юм билээ?

-Орон нутгийн ИТХ гэж байна. Тэдний хийж байгаа ажил нь юу гэхээр Засаг даргад нэр дэвшүүлнэ. Мэдээж төсөв батална. Үндсэн хоёр ажил нь энэ. Орон нутгийн бүх шатанд ИТХ-уудаа сонгож байна. Баг, хороон дээр бол сонгодоггүй, бусад нь сонгох тогтолцоотой. ИТХ-ын сонгууль одоо болтол дуусаагүй байна. Ер нь дуусдаггүй юм шүү дээ. Тэгээд л өнөө ИТХ-ынхан чинь Засаг даргаа огцруулна гэж хөөцөлддөг. Энэ нь жинхэнэ ёсоороо гэхээс илүү жижиг эрх ашгуудтай нь холбоотой байдаг байх. Ингээд л бужигнаж байдаг. Орон нутагт маш их бужигнуулж, төсөвт асар их дарамт учруулдаг. Бас ИТХ нохойд барих мод болж хувирдаг. Зальтай Засаг дарга бол нэг эвгүй шийдвэр гаргамаар байвал түүнийгээ ИХТ руугаа чихчихдэг. Хурлаараа шийдвэр гаргуулчихдаг. Тэгээд ИТХ-ын шийдвэрийг биелүүлсэн гээд сууна шүү дээ, дараа нь. Тэр шийдвэрийг манай шүүх авч хэлэлцэх газар байдаггүй юм байна, захиргааны хяналтаас гадуур. Ингээд асуудал замхрах, ажил завхрах, хийдэл гаргах ийм юмнууд үүсдэг. Тийм учраас энэ ИТХ-уудаас зүгээр л салчих хэрэгтэй. Манайх шиг хүн ам цөөнтэй улсад  гүйцэтгэх удирдлага гэдэг тухайн төвшиндөө шуурхай, зохих ёсны эрх мэдэл олгогдсон, ийм байх хэрэгтэй. Тийм учраас ИТХ-уудыг шуудхан болимоор байгаа юм. 
-Тэгэхээр Засаг дарга бүх эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэсэн үг үү?
-Ингэснээр Засаг дарга орон нутагт шийдвэр гаргах эрх нь нэмэгдэж бүх шийдвэрийг толгойгоороо хариуцна. Нөгөө талд иргэдийн оролцоо гэдэг асуудал бий. Иргэдийн оролцоо гэдгийг энэ ИТХ-ууд хаачихаад, бүх юмыг өөрсдөө хэлэлцээд байгаа юм. Жаахан албан тушаал дээр байгаад ирэхээр ихэнх хүний нүд нь сохордог, юм харж чадахаа больдог. Үүнийг жинхэнэ иргэдийн тогтмол зөвшөөрөлтэй, нэг асуудал хэлэлцэхдээ иргэдээс асуудаг болгох юм. Иргэдийн оролцооны олон хэлбэр бий л дээ. Зөвшилцөх хэлбэрийн олон арга байна. Өртөг багатайгаар иргэдийг оролцуулах өчнөөн олон арга байна. Тэдгээрийг хэрэглээд шийдвэр гаргадаг болох ёстой. Гэхдээ хүмүүстэйгээ санал нийлэхгүй ч гэсэн шийдвэр гаргах эрх Засаг даргад байх ёстой. Эцсийн эцэст олон нийтэд ч буруу байж болно шүү дээ. Тиймээс шийдвэрээ толгойгоороо хариуцан гаргадаг, Засаг даргад нуугдах газаргүй болох ёстой. Ийм өөрчлөлт хиймээр байгаа юм.
Баг, хороонд иргэдийн нийтийн хурал гэж байдаг. Монгол Улсад огт болдоггүй гурван  хурал байдаг. Багийн нийтийн хурал, хорооны нийтийн хурал, СӨХ-ны хурал. Уг нь СӨХ-ны хурал хамгийн амархан болдог баймаар. Гэтэл тэгдэггүй. Улаанбаатарт хороод цомхон ч гэлээ иргэдийн нийтийн хурал хийх боломжгүй л байхгүй юу. Хүн очих ч үгүй. Багийн нийтийн хурал бас л болдоггүй байх гэж бодож байна. Нийтийн хурал гэхээр нэлээд олон хүн оччихсон байхыг ойлгоно биз дээ. Тэгэхээр нийтийн хурал гэсэн ойлголтоос салах хэрэгтэй. Одоо зөндөө газар будлиан байгаа. Хорооны Засаг дарга хууль ёсоороо тавигддаггүй. Манайд ямар практиктай гэхээр тухайн газар хэн нь эрх мэдэл олж авсан байна, тэр хүн өөрийнхөө талынхныг сэмхэн цуглуулж байгаад хаалгаа хаачихдаг. Нөгөө тал нь гомдол тавьдаг ийм л дүр төрх байгаа ш тээ. Ядаж иргэдийн нийтийн хурлаа шударга зарлах тийм юм байхгүй. Энэ муухай зан эрх барьж байгаа намуудын хэнээс нь ч гардаг. Энэ дээрээ бүгд адилхан. Хэнийг нь ч буруутгаад байх юмгүй. Ийм хөгийн юмнуудаасаа салах хэрэгтэй байгаа юм.
-ИТХ байхгүй болчих юм бол Засаг даргыг иргэд шууд сонгох уу?
-Мэдээж Засаг даргаа яаж томилох вэ гэдэг асуудал гарч ирнэ ээ дээ. Хангалттай олон хүнтэй газар бол Засаг даргаа сонгочихмоор байгаа юм. Олон хүнтэй байна гэдэг чинь сонгууль явуулахад саналын тоо нь тэнцэж барьчихаад хөглөөд байхгүй. Тийм үзэгдэл гарах нь маш  ховор. Цөөн хүнтэй газар бол томилдог ч юм уу. Үндсэндээ ардчиллын шууд хэлбэрээр сонгох байдал руу нь оруулмаар байгаа юм. Одоо ИТХ-ыг сонгох сонгууль гээд баахан танихгүй хүнийг багцаалдаад сонгож байгаа. Тэрний оронд Засаг даргаа сонгоно гэх юм бол сонгогчдын нүд сэргээд ирнэ. Энэ чинь юу билээ гээд. Тэд жинхэнэ эрх мэдэл дээр очих хүнээ сонгож байна. Тэгэхээр тэр хүмүүсийн сонгуульд оролцох байдал, сонгогдох хүмүүсийн шалгуур дээшилнэ. Тэгээд хариуцлага тооцож болдог байх ёстой. Хэрвээ Засаг дарга хууль зөрчөөд ноцтой алдаа гаргавал дараагийн шатны Засаг дарга нь түүнтэй хариуцлага тооцно. Аймгийн Засаг даргатай бол Ерөнхий сайд хариуцлага тооцдог ч юм уу. Огцруулах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Огцруулсан тохиолдолд үлдэж байгаа бүрэн эрхийн хугацаанд нь дараагийн Засаг даргыг томилдог эрхийг олгох юм. Дахиад л яадаг билээ сонгууль гээд байхгүй шууд томилдог байх нь зөв. Нөгөө талаас нь харахад удирдлага шуурхай байх үүднээс иймэрхүү байгаасай. Тэгвэл илүү хариуцлагатай болно. Олон ИТХ маш хүнд сурталтай, төсөвт маш их дарамт болж байгаа. Эдгээрт сонгогдсон олон хүний эрх ашиг хөндөгдөнө. Гэхдээ яая гэхэв. Гол нь хүмүүс төрийн жинхэнэ албан хаагч болъё, Засаг дарга болъё гэж хандлагаа тодорхойлдог болог л дээ. ИТХ руу очиж  хэрэлдэж байя гэдэг сэтгэлгээгээ орхиод илүү бодитой юманд чиглэдэг болно. Удирдлагын академи ч сэргээд ирэх байлгүй дээ. Засаг даргыг томилогдоход түүний ажлын албанд очих мэдлэгтэй болж авъя, юу хийхээ мэддэг болъё гээд л. Олон юмнаас, тал талаас чиглүүлж байж зөв зам руугаа ордог. Энэ бол гэр нэг л газраар онгорхой байвал тэрүүгээрээ хамаг дулаанаа алддагтай адил юм.
Орон нутагт холбогдуулаад хэлэхэд захиргааны давхцал их байна. Энэ юутай холбоотой юм гэхээр манай Үндсэн хуульд хот, тосгоныг засаг захиргааны нэгжид оруулаагүй. Уг нь бүх аймгийн төв нь сум шүү дээ. Аймгийн төв дээр хоёр захиргаа байна. Аймгийн Засаг дарга гэж нэг хүн байна. Аймгийн төв нэг сум болдог. Тэр сумынх нь Засаг дарга гэж бас байна. Жижигхэн, цөөхөн хүнтэй аймаг ийм байх хэрэг байна уу. Засаг дарга нь бараг л зүгээр шахуу сууж байдаг байх гэж боддог ш тээ. Тэрний оронд аймгийн төвийг нэгдүгээрт, хот гэдэг нэгжид оруулмаар байгаа юм. Угаасаа л хот юм чинь. Хот нь хороонд хуваагдчихмаар байна. Улаанбаатараас бусад нь гэсэн үг шүү дээ. Аймгийн төвийг аймгийн Засаг дарга нь удирддаг баймаар байна. Юу боллоо гэж тэнд хоёр Засаг дарга тавьж байна вэ. Бие биедээ үүрэг өгсөн хүн нь олширчихоод байгаа юм. Манайд доороо заавал зарах хүнтэй болох гэдэг аюул байна. Ажил тэгж л завхардаг л даа. Нэг ийм давхардлыг арилгамаар байна. Энэ чинь зөвхөн аймагт биш суманд ч байгаа юм. Сумын төв чинь муу ч гэсэн нэг тосгон шүү дээ. Тэр сумын Засаг дарга гэж байна. Төвийг нь баг гэнэ. Тэнд бас багийн Засаг дарга гэж байна. Тэгж хоёр Засаг дарга байх ямар хэрэг байна. Сумын Засаг дарга хийж байгаа нөхөр тэрнийгээ хавсраад л хийчих хэрэгтэй. Тэгээд хот, тосгоныг засаг захиргааны нэгжид оруулаад, аймгийн төв биш бие даасан хотууд бас ирээдүйд бий болно. Тэр бүхнийг  тооцоод ийм тогтолцоонд оръё гэвэл Үндсэн хуулийн Орон нутгийн засаг захиргаа гэдэг бүлгийг шинээр бичих хэрэгтэй болж байгаа юм. Засвар хийх маягаар энэ өөрчлөлтийг хийх боломжгүй. 
-Нийслэлд бас Налайх, Багануур дүүргийг хот болгоод, хотын захирагч томилсон. Мөн тухайн дүүргийн Засаг дарга гэж байгаа шүү дээ?
-Ямар ч байсан хот, тосгоныг засаг захиргааны нэгжид оруулаад, саяын том засаг захиргааны хуваарийн талаархи шийдвэр нь УИХ-аас гарч байх ёстой. Шийдвэрийг хаанаас гаргах вэ гэдэг өөрөө их сонин. Засаг захиргааны нэгж, засаг захиргааны хуваарийг Засгийн газар өргөн мэдүүлж УИХ баталдаг ийм зарчимд шилжих ёстой. Жаахан дураараа хүн гарч ирвэл өөрт нь олгогдоогүй эрх мэдлээр шийдвэр гаргаад явчихна. Энэ их осолтой. Монгол Улс нэгдмэл улс, цөөн хүн амтай. Тиймээс удирдлагаа шуурхай хурдан ажиллаж чадахуйц, нэг юм болохоо байлаа гэхэд яагаад тэгж байгаа юм гэж асуух хүнтэй болгох хэрэгтэй байна. Зүгээр л гацаа үүсчихээд байгаад байдаггүй тийм тогтолцоонд шилжих ёстой гэж боддог юм.   

Ичгэвтэр алдаанууд Үндсэн хуульд бий
-Дээр ярьсан бүхэн бол Үндсэн хуулийг сайжруулах, илүү нарийн, зөв зохицуулалттай болгох чиглэлийн өөрчлөлтүүд гэж ойлгож байна. Үүнээс гадна хууль эрх зүйн хувьд алдаатай зүйл ч Үндсэн  хуульд бий гэдэг. Та энэ талаар юу  хэлэх вэ?

-Үндсэн хуульд алдаа байгаа. Ямар алдаа байна гэхээр Үндсэн хуулийн 10  дугаар зүйлд Монгол Улс өөрийнхөө Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээг дагаж мөрдөхгүй гэж байгаа. Энэ заалт Үндсэн хуульд орсон түүхийг нь би сайн мэдэх юм. Энэ хэсгийг Улсын бага  хурал дээр хэлэлцэж байсныг мэднэ. Түүхэн сургамж нь 1915 оны гурван улсын хэлэлцээр юм. Монгол маань тусгаар улс болж ядаж л байж л дээ. Хятад, Орос хоёр Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн гэрээ байгуулсан. Тийм нөхцөлд олон улсын гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж байж. Хүмүүсийн толгойд тэр л байсан. Улсын бага хурал дээр ийм байлгахгүйн тулд яавал зүгээр вэ гэж хэлэлцэж байгаад дээрх заалтыг оруулсан. Гэтэл тэр үед манайх олон улсын гэрээний эрхийн тухай Венийн конвенцид нэгдчихсэн байсан.
-Олон улсын гэрээ Үндсэн хуулиас давж үйлчилнэ гэж үү?
-Олон улсын гэрээг дотоодынхоо хуулиар үгүйсгэж болдоггүй байхгүй юу. Энэ бол юутай адилхан гэхээр хоёр саахалт айл хоорондоо тэгнэ, ингэнэ гэж тохирчихоод, нэг нь манайд тийм юм тохиолдсон учир тэрнийг чинь хийж чадсангүй гэсэнтэй адил. Угаасаа олон улсын гэрээ дотоодын хууль тогтоомжийг давж үйлчилдэг. Тэгэхээр Үндсэн  хуулийн энэ заалтыг бариад, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах гээд олон улсын шүүхэд очиход ямар ч ач холбогдол байхгүй. Зүгээр л аваад шидчихнэ. Венийн конвенцийн дагуу ийм юм. Уг нь энэхүү олон улсын гэрээний эрхийн тухай конвенцид жинхэнэ бидний хүсч байсан хамгаалалт нь байдаг. Олон улсын гэрээ хэдийд эрх зүйн ач холбогдолгүй болох вэ гэхээр тухайн улсын төлөөлөгчийг айлган сүрдүүлсэн, хээл хахууль өгсөн ч гэдэг юм уу. Ийм аргаар олон улсын гэрээ хийгдсэн бол эрх зүйн ямар ч ач холбогдолгүй. Энэ мэт олон зүйл заасан байдаг. Олон улсын гэрээг тэр талаас нь маш сайн хамгаалсан. Тэгээд олон улсын гэрээг дотоодынхоо хууль тогтоомжоор үгүйсгэхгүй гэсэн заалттай. Харин бид үүнд нийцсэн хууль бариад ярих юм бол жинхэнэ эрх зүйн актын хувьд олон улсын шүүх дээр баталгаа болно. 
-Үндсэн хуульд яагаад тийм заалт орчихсон юм бол?
-Цаг үе нь, ойлголт нь тийм байж. Үндсэн хуулийг хэлэлцэж байхад их олон хүнээс санал авсан гэдэг биз дээ. Тухайн үед Гадаад хэргийн яам тэр талаар ямар ч юм хэлээгүй дэг. Сүүлд би Гадаад хэргийн яаман дээр очоод тэндээс олон улсын гэрээ конвенциудыг сонирхож үзэж байсан. Яаманд энэ чиглэлийн тусгай хэлтэс байдаг юм билээ. Нарийн асуудлыг бол ард түмэн мэдэхгүй шүү дээ. Жинхэнэ хариуцсан газар нь санахгүй байхад. Уг нь бол ийм юм байдаг юм шүү, энэ нь алдаатай байна гэж хэлж болох л байсан байх л даа. Тийм юм байгаагүй л юм билээ. Тэрнээсээ болоод Үндсэн хуульд туссан зарим заалт буруу тийшээ явсан. Үндсэн хуулийн Цэц олон улсын гэрээг авч хэлэлцэнэ гээд л. Үндсэн хууль зөрчиж үү үгүй юу гэж олон улсын гэрээг авч үзэх нь. Олон улсын гэрээ бол манай Үндсэн хуулийг зөрчсөн, давсан байх маш өндөр магадлалтай. Тийм юмыг Цэц авч хэлэлцэнэ. Тэгээд дүгнэлт гаргана. Түүнийгээ УИХ-д оруулна, УИХ тогтоол гаргана. Тогтоол гаргачих юм бол тэр олон улсын гэрээ хүчингүй болно гэж байгаа юм. Хоёр хүн гэрээ хийж тохирчихоод түүнийгээ нөгөөхөөсөө хамааралгүй үгүй хийчихдэг бол энэ ертөнц тэр чигээрээ луйвар болж хувирна биз дээ. Тэгэхээр олон улсын гэрээг үл хэрэгсэх нь байж болохгүй зүйл гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Энэ мэт алдаатай юм байна. Энэ заалтыг одоог хүртэл Цэц арай хэрэглэгчихээгүй, тийм тохиолдол гараагүй байна. Эртхэн засч л байх нь зөв шүү дээ. Хэзээ ч, юу ч болоо билээ. Нөгөө талаар энэ чинь ичгэвтэр хэрэг. Улаан цагаан Үндсэн хуульдаа ингээд өөрийнхөө нэгдэн орсон олон улсын гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гээд зааж болохгүй. Тэр гэрээнд нэгдэн орохоосоо өмнө Үндсэн хуулиа баталсан байвал дүүрч гэхсэн. Гэтэл дараа нь Үндсэн хуулиа батлахдаа ийм заалт оруулчихсан. Тэгэхээр ичгэвтэр гээд байгаа юм. Үүнийг залруулах хэрэгтэй. 
-Үндсэн хууль өөр ямар алдаа байна вэ? 
-Үндсэн хуульд энэ мэт алдаа мэр сэр байдаг юм. Жишээлбэл, төрийн өмч, төрийн  эрх ашиг гэж үг байгаа. Төр бол нийгмийн өмч дээр суурилж, нийгмийн эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй. Гэтэл Үндсэн хуулиараа бол төр өмчтэй болчихлоо, хувийн эрх ашигтай болчихлоо. Бараг хуулийн этгээд болчихож байгаа юм. Монгол Улсаасаа тасарсан хуулийн этгээд бөгөөд дээр нь өмчтэй, эрх ашигтай болоод ирэх нь. Энэ чинь бас ичгэвтэр алдаа. Энэ мэт алдааг засмаар юм биш үү. Монголын төр хуулийн этгээд болсон гэнэ ээ гээд явж байвал яана. 
-Төрийн эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэр, хараат бус байдлыг сайжруулах болон саяын хэлсэн алдаануудыг засахад нэг асуудал гарна байх. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Уг хуулиар Үндсэн хуулийн ямар бүлэг, заалтуудыг хөндөж болохгүй вэ гээд заагаад өгчихсөн шүү дээ?
-Үндсэн хуулийн хамгаалалтын асуудал маш эмзэг байна. Манай Үндсэн хууль хамгаалалтаа хийж чадаагүй. Нөгөө  талаар үүнийгээ алдаатай хийсэн. Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн сүүлийн бүлэг байдаг. Тэр нь 68, 69 гэсэн хоёрхон зүйлтэй. Тэнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхийг УИХ-д олгочихсон. УИХ-ын дөрөвний гурваар шийднэ гэдгийгээ том хамгаалалт хийчихлээ гэж бодож байсан байх. Гэтэл нэг нам УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулчихсан байхад л энэ чинь хоосон цуурай болж хувирдаг юм байна. Тэгэхээр агуулгын хязгаарлалт л хийгээд өгмөөр байна. Ард нийтийн санал асуулгаар батлана гэдгийг бол одоогийн Үндсэн хуульд арай үгүйсгээгүй. Гэхдээ УИХ-д нэгэнт ийм эрх нь байхад тэд яах гэж тэгж бужигнуулаад байх вэ дээ, өөрсдөд амрыг нь бодно. Ийм аюултай. 
-Та Үндсэн хуулийн хамгаалалтыг дотор нь хийх ч ёстой гэж ярьдаг даа?
-Тийм. Үндсэн хуулийн хамгаалалтыг дотор нь хийдэг ёстой. Манай Үндсэн хуульд ерөөсөө тийм юм байхгүй. Тийм хамгаалалтыг хийх ёстой. Үндсэн хуулийн талаар хуульчид том том онол эш татаад ярьдаг юм. Энэ бол ард түмнээс ирээдүйн төртэйгөө байгуулж байгаа гэрээ юм. Гэхдээ ард түмний давуу эрхтэй гэрээ гэсэн утгатай юм ярьдаг. Тийм бол тэр утганд нь л оруулах ёстой. Хэрвээ миний хүссэнээр болдогсон бол Үндсэн хуулийн агуулгын хамгаалалтыг хийхдээ дараахь зарчмыг оруулна. Жишээ нь 500 хүн санал нэгдвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль санаачлах эрхтэй. Тэд тэр өөрчлөлтөө биччихээд ирлээ гэхэд түүнийгээ Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч тэрийг нь хэрэггүй юм гэвэл хүлээж авахгүй байж болно. Зүйтэй юм байна гэвэл УИХ-д оруулна. УИХ өндөр хувиар батлах юм бол тэр төслийг нь эцсийн шатанд ард нийтийн санал асуулгаар л эцэслэн батална. УИХ дээр бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл нь л батлагдлаа гэсэн үг. Үндсэн хуулийн өөрчлөлт бус төсөл шүү. Тэр төсөл батлагдах юм бол хангалттай урт хугацааны дотор ард нийтийн санал асуулга явуулна гэж УИХ тогтоол гаргах ёстой. Энэ хооронд утга агуулгын хамгаалалт хийнэ. Тэр төслийг Үндсэн хуулийн Цэц авч үзэж болно. Ингээд Цэц уг төслийг Үндсэн хууль зөрчсөн байна гээд дүгнэлт гаргавал бүх асуудал зогсох ёстой. Санал асуулгын хуудас хэвлэхээс өмнө зохицуулна гэсэн үг шүү дээ. Ингээд төсөл буцах ёстой. 
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулж, хэлэлцэж батлах процедурын  хувьд ийм байж. Агуулгын хамгаалалтад яг юу юуг оруулах вэ?
-Монгол Улс нэгдмэл, парламентын засаг бүхий, төрийн шашингүй, бүгд найрамдах улс мөн гэсэн заалтыг Үндсэн хуульд тусгах ёстой, Тэрийг огт өөрчлөхгүй байх ёстой. Өөр нэг агуулгын заалт нь дээр бид хоёрын яриад байгаа зарчим. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг институциуд харьцангуй бие даасан, харилцан хяналттай, тэнцвэртэй байх. Энэ тэнцвэрийг өмнөхөөс дордуулсан байна гэж Цэц үзвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгоно. Эсвэл хүний үндсэн эрхийг өмнөхөөс дордуулсан бол мөн хүчингүй болгоно. Манай практикт яасан гэхээр Үндсэн хуульд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. 1999 онд яагаад буруутсан гэхээр Үндсэн хуулийн 68 дугаар зүйлд оньсого шиг заалт байгаа юм. Үндсэн хуулийн Цэц санал оруулж болно гэж. Юуны тухай хэлж байгаа нь мэдэгдэхгүй, ямар ч байсан Цэцэд нэг юм байна. Тэрийг хийгээгүй гэдгээр буруутсан. Дараа нь 2000 онд буцаагаад оруулж ирэхдээ Цэцээс асуусан. Цэц зөндөө юм хэлсэн. Тэгээд л нэмэлт, өөрчлөлт оруулчихсан. Үүнийг нь дордсон долоон өөрчлөлт гээд байдаг. Ингээд Цэцийн өмнөх шийдвэр нь хүчин тэгэлдэр хэвээрээ байгаа юм уу гэдэг дээр хүмүүс төөрчихсөн. Энэ дээр манай Цэцийн нэлээд хэдэн гишүүн төөрдөг. Ямар Үндсэн хуультайгаа мэддэггүй гэж би хэлээд байгаа чинь тэр юм. Үндсэн хуулийн хамгаалалтыг гаднаас нь хийх гэж үзсэн. Тэгээд 2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хууль гэж боловсруулан батлуулсан. Тэр хуульд хэтэрхий хаасан заалт бий. Ерөөсөө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй л гэсэн заалтуудтай. Миний ярьж байгаа засаглалыг тэнцвэржүүлэх асуудлуудад ч гэсэн хүргэхгүй гэсэн заалттай. Өмнөх парламентын үед З.Энхболд даргын гаргасан захирамж юугаараа алдаатай вэ гэхээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг энэхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд хийнэ гэсэн байгаа. Гэтэл тэр хууль нь арга ядсан жижиг юмаар, хэрэггүй юмаар хөөцөлддөг байхгүй юу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг хуулиар хийнэ ээ гэж байх жишээтэй. 
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хуулийн төсөл боловсруулахгүйгээр яаж шийднэ гэж?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль боловсруулна гээд байгаа. Тэгэхээр нөгөө хууль нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг Цэц авч үзнэ гэсэн зарчмаар яваад, нэг ёсондоо хянах гээд байгаа юм. Угаасаа Үндсэн хуульд яльгүй л өөрчлөлт оруулъя гэж ярьж байгаа бол яг тэр өөрчлөх гэж байгаа заалтыг зөрчиж байгаа нь ойлгомжтой. Угаасаа зөрчиж л байж өөрчлөлт ордог. Засч байна гэдэг чинь өмнөхтэйгөө зөрчилдөнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яаж хянах юм бэ. Утгагүй байхгүй юу. Үргэлж л буруутна. Нэг бол ерөөсөө өөрчлөлт орохгүй л гэсэн үг. Тэгэхээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг заавал хууль гэж нэрлэснээр нөхцөл байдал сайжирна гэсэн юм байхгүй. Харин ч энэ дээр парламент зальтай аргаар гэх юм уу өөрийгөө хамгаалах гээд хууль гэхгүй Үндсэн хуульд оруулах өөрчлөлт гэдэг ч юм уу тэгэх нь зөв. Тэр нь бараг оносон нэр томъёо байсан. Ингэж ярихаар заавал хууль гэж хашгирдаг нэг хэсэг улс байдаг. Асуудлын гол бол тэрнийг яаж нэрлэсэнд биш байхгүй юу. 
-Энэ парламент бүрэн эрхийнхээ эхэнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярьж эхэллээ. Гэхдээ парламентыг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын хүчний харьцаа, бүтцийн хувьд боломжтой, зохистой юу. 65 хүнтэй нэг намын бүлэг л Үндсэн хуулийг өөрчилчих боломжтой болчихоод байгаа шүү дээ?
-Асуудлын гол нь сайн төсөлтэй байх явдал. Сайн төсөл боловсруулах ёстой. Тэр төслөө нээлттэйгээр, маш сайн хэлэлцүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл өмнө оруулж байсан шигээ арга барилаар юмыг хийх гэж оролдох хэрэггүй. Өөр нэг чухал юм нь би олон удаа хэлдэг юм. Эхэлж ард нийтээс асууж байгаад дараа нь хуулийг өөрчилж боловсруулж болохгүй. Ард түмний санал асуулгыг эцэслэн батлах утгаар хийх ёстой. Эхэлж ерөнхий юм асуучихаад тэрнийхээ араас өөрчлөлтөө хийнэ гэх юм бол үүнийг би хууль луйвардах арга гэж үзээд байгаа юм. Ард түмний санал асуулга үргэлж эцсийн шийдвэр шинжтэй байх ёстой. Одоо зөвлөлдөх ардчилал гэж яриад байна. Санал асуулга явуулаад байна. Тэр нь осолтой зүйл гэдгийг олон нийт хараад, хашраад байна шүү дээ. Энэ нь гэхдээ үүнийг огт хэрэглэхгүй гэсэн үг биш. Нийгэм өөртөө тулгамдсан асуудлыг шийдэх чадвартай байх ёстой, шийддэг байх ёстой. Ухаандаа энэ парламент Үндсэн  хуулийн өөрчлөлтийг шийдэх боломжгүй гэж үзэж байгаа бол дараагийнхыг ч бас тийм гэж л үзнэ шүү дээ. Ингээд хэзээ ч тулсан асуудлаа шийдэж чадахгүй. Тийм байж болохгүй. Уг асуудалдаа хандах хандлага л чухал. Тэгээд ямар аргаар хэрэгжүүлэх юм гэдэг нь чухал. Би энэ дээр юу ярьдаг вэ гэхээр эрх зүйн амгалан тайван байдлыг бий болгох хэрэгтэй гэж хэлдэг. Тэр нь ингэнэ, тэгнэ гээд гол юмаа хэлээд, тэрийг тэгж батална гээд тодорхой байлгах. Ямар ч байсан бидний хараа хяналтгүй явчихгүй юм байна гэсэн ойлголтыг зарлах ёстой л гэж би үздэг. Гэхдээ  нэгэнт Үндсэн хуульд заачихсан эрх гэдэг бол хэцүү. Өмнөх жишээ хэлэх юм бол АН-ын үед эрх зүйн амгалан тайван бус байдал нь дэндэж байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу гээд жижиг жижигхэн юмнууд асуучихаж байгаад араас нь өөрчлөлтөө хийнэ гэж заналхийлж байсан. Энэ чинь жаахан учир гадарладаг хүнд бол зүгээр л заналхийлэл байхгүй юу. Тэр санал асуулгын тухай хууль энэ тэрийг өөрчилсөн. Тэр нь лав луйвар хийхэд чиглэсэн өөрчлөлт байсан. Эхэлж асууж байгаад араас нь шийдвэр гаргана гээд. Санал асуулгыг үндэслэн тэглээ гэх явдал бол олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс зугтаж байгаа арга гэж үздэг. Тийм учраас Үндсэн хууль дээр бол ард түмний санал асуулга эцсийн шийдвэрийн шинжтэй байх ганцхан гарцтай байгаасай гэж үздэг. Санал асуулга өөрөө маш шинжлэх ухааны үндэстэй зүйл. Хүн яагаад үгүй гэж байна, яагаад за гэж байна, тэрийг нь задалж шинжилдэг. Сэдлийг нь тогтоох ёстой. Ямар учраас за гэж байна. За гэж байгаа хүмүүс маш олон сэдэлтэйгээр за гэсэн байдаг. Тэрнийг нь судалж тогтоосон байх ёстой. Тэгээд жинхэнэ за нь хэн байна вэ гэдэг нь судлагдаж гардаг. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.