Үндсэн хуулийн юуг, яаж өөрчлөх ёстой вэ

2017.01.11 Лхагва №002 (2145)

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг үе үеийн парламент хөндөж ажлын хэсэг байгуулж ажилласан байдаг. Өмнөх парламентын үед УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасныг эс тооцвол үр дүнд хүрсэн нь цөөхөн. Энэ удаагийн эрх баригчид ч ялгаагүй уг асуудлыг хөндөж Засгийн газрын төвшинд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн ахлагчаар Удирдлагын академийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгч Ч.Энхбаатар ажиллаж байгаа юм. Бүрэлдэхүүнд нь ШУА, Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо, “Легемитус”, “Эв Монгол”, “Ёс өмгөөллийн нөхөрлөл” төрийн бус байгууллага болон бие даасан хуульч, эрдэмтэн, судлаач, түүхчид орсон. Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судалж, санал, дүгнэлтээ энэ оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулах үүрэгтэй.

Ж.Эрдэнэбатын Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг мөн л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлах үүрэгтэй ч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэгт намууд, улстөрчдийн олонхи нь санал нэгддэг. Тиймээс Үндсэн хуульд ямар байдлаар өөрчлөлт оруулж, юуг нь өөрчлөх шаардлагатай талаар намуудын төлөөллийн байр суурийг сонирхлоо. 

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхийг ард түмэн манай намд өгсөн. Тиймээс өөрчлөлт оруулах боломж бий. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар манай бүлэг Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ асуудлыг олон нийт болоод манай бүлгийн гишүүд ч их ярьж байгаа. Тийм учраас энэ удаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэсэн байр суурьтай байна. Үүнтэй холбоотойгоор манай бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулах санал гаргаж байгаа. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн зарчмаа тохиролцож чадвал ийм өөрчлөлт хийх нь зөв үү, буруу юү гэдгийг ард нийтээсээ асууна гэсэн үг. Өөрчлөлт оруулахаар боллоо гэхэд УИХ-аас гадна улстөрчид, судлаачид, эдийн засагчид, хуульчид гэх мэт нийгмийн бүх салбарын төлөөллийг оролцуулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг нэг нам эрх ашигтаа нийцүүлээд хийчих зүйл биш. Улс орны тусгаар тогтнол, гурван сая иргэний эрх ашиг гээд олон зүйл ард нь хөндөгдөх учраас Үндсэн хуульд маш нухацтай хандах ёстой. Өөрөөр хэлбэл, маш олон хүний саналыг авч байж нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй.  

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр

-Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар өөрчлөлт оруулдаг. Ийм нөхцөл бололцоо өнөөдрийн хэт олонхитой парламентад бүрдсэн байна. Өмнө нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад МАН УИХ-д 72 суудалтай байсан юм. Одоо 65-уулаа байна. Энэ үед бусад намтай зөвшилцөж, ард түмнийхээ саналыг авч алсаа харсан өөрчлөлт хийх ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үүргийг ард түмэн сонголтоороо МАН-ын 65 гишүүнд өгсөн. Нөгөөтэйгүүр нэг нам дангаараа олонхи байгаа үед дордуулсан долоон өөрчлөлт шиг зүйл хийхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл, хүссэн өөрчлөлтөө оруулах эрх нь тэдэнд байна шүү дээ. Гэхдээ МАН өмнөх шигээ алдаа гаргахгүй байх гэж найдаж байна. Бусад намынхаа саналыг авч сайн зөвшилцөж чадна гэдэгт итгэлтэй байна. Би МАН-ын 65 гишүүнийг өстөн дайсан гэж хардаггүй. Монгол хүн гэж хардаг. Улс төрийн өрсөлдөгч хүчин л болохоос биш бүгдийнх нь зүрх сэтгэл нэг Монгол Улсын төлөө цохилж байгаа. Тиймээс сайн зөвшилцөж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Ер нь бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах таатай нөхцөл үүссэн гэж бодож байна.

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл

-Үндсэн хууль маш том цоож болчихоод байгаагаас гадна өөрчлөлт оруулах боломж хомс. Харин энэ удаагийн парламент нэг нам хэт олонхи байгаагаа ашиглаж өөрчлөлт оруулах боломжтой. Өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой. Нэгдүгээрт, Засгийн газрыг тогтвортой байлгах эрх зүйн орчин бий болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, орон нутгийн сонгуульд улс төрийн нам оролцохоо больж нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бие даан хөгжүүлэх өөрчлөлтийг хийх ёстой. Гуравдугаарт, хөгжлийн хөтөч байгууллагыг төлөвшүүлэх нь зөв. Одоо Үндэсний хөгжлийн газар нэртэй бүтцийг хэлж байна. Энэ чухал байгууллагын нэр, үйл ажиллагаа нь тогтвортой бус байгаа. Дөрөвдүгээрт, үндэсний боловсон хүчний нэгдмэл тогтолцоог бий болгох нь чухал. Намын харьяалал хамаарахгүй шилдэг боловсон хүчнийг үндэсний боловсон хүчин гэж үзэх хэрэгтэй. Тавдугаарт, сонгуулийн тоог цөөрүүлж, хугацааг нь уртасгах нь зөв. Өөрөөр хэлбэл, дөрвөн жил байгааг зургаан жил болгох ёстой. Зургадугаарт, хянан шалгах хүчтэй байгууллагатай болох хэрэгтэй. Үндэсний аудитын хороо бол ялсан намын зараалын байгууллага болчихоод байгаа юм. 

ХҮН-ын дарга С.Боргил

-Үндсэн хуулийг өөрчлөх нь парламентын эрх мэдлээс давсан асуудал. Шинэ Үндсэн хуулийг анх батлахад хоёр сая хүн амтай байсан. Гэвч 200 мянга орчим хүнээс бичгээр санал авсан байдаг юм. Ер нь 900 мянга орчим хүн ямар нэгэн байдлаар оролцсон гэж үздэг. Тухайн үед улс төр цэвэрхэн байсан. Эрх мэдэл, мөнгө, ашиг сонирхлын зөрчил гэж байгаагүй учраас ямар нэгэн эрх ашгийн сонирхол шингээгүй. Энэ утгаараа Үндсэн хуулийн ерөнхий агуулга нь маш сайн. 2000 онд Үндсэн хуульд долоон заалтаар өөрчлөлт оруулсан. Тэр үед хүмүүс мөнгөтэй болчихсон байсан. Улмаар эрх мэдлээ хангах үйлдлийг Үндсэн хууль руу халдах замаар хийх гэж оролдож эхэлсэн. Түүнээс хойш улс төр, нийгмийн амьдралд маш их өөрчлөлт орлоо. Тухайлбал, эрх барьж байгаа нам болгон өөрийнхөө улс төрийн нөхцөл байдалд тааруулж хуульд өөрчлөлт оруулдаг болсон. Энэ практикаа одоо бүх хуулийн суурь болсон Үндсэн хуулийг өөрчлөхөд ашиглаж болохгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, оруулах бол ямар өөрчлөлт оруулах вэ гэдгээ ард иргэдээсээ асуух хэрэгтэй. Хэрэв ингэхгүйгээр өөрчлөлт оруулбал, гурван сая иргэнийхээ эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйл  явдал болно.

МАХН-ын УИХ дахь гишүүн О.Баасанхүү

-Үндсэн хуулийн эрх мэдэлтэй холбоотой зохицуулалтыг өөрчлөх хэрэггүй. Эрдэнэтээс сонгогдсон үе үеийн нэр дэвшигчид нэг л зүйл амласан байдаг. Энэ бол Эрдэнэтийг албан ёсоор хот болгох амлалт. Гэхдээ би амлаагүй л дээ. 1993 онд батлагдсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд “Хот нь захирагчтай байна, захирагчийг нь тухайн хотын нийт иргэдийн дундаас сонгуулиар тодруулна” гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг даргыг хотын захирагч гэж үздэг. Энэ утаагаараа Улаанбаатар хотын захирагчийг хотын нийт иргэдээс сонгох ёстой. Үүнийг өөрчлөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд энэ мэт харилцааг зохицуулсан өөрчлөлт л оруулах нь зөв. Түүнээс биш Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, эсвэл УИХ 99 гишүүнтэй болох уу гэх мэт өөрчлөлтийг яриад хэрэггүй. Өмнөх парламентын үед сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдгийг ярьж эхлэхэд МАН ард түмнээсээ асуух тогтоолын төсөл санаачлан өргөн барьж байсан. Одоо өөрсдөө үүнийгээ хэрэгжүүлж ард түмнээсээ асуух ёстой. Өөрөөр хэлбэл, өөрчлөх мандатаа ард түмнээсээ асуугаад авчих. Өөрчилж болно гэвэл хэлэлцүүлэг явуулна биз. 

ТТЭНН-ын дарга Г.Уянга

-Энэ удаагийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шийдвэрээ гаргах нь л зөв гэж үзэж байна. Тухайлбал, ард нийтийн санал асуулга явуулж болно. Өмнөх парламентад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв эсэхийг судлах ажлын хэсэг ажиллаж байсан. Тэр ажлын хэсэг хоёр жил гаруй хугацаанд ажиллаад өөрчлөх ёстой юм байна гэсэн дүгнэлт гаргасан. Одоо үргэлжлүүлээд ямар өөрчлөлт оруулах вэ гэдгийг нийгмийн бүлгүүдээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл, Үндсэн хуулийг хууль гэхээсээ илүү бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн энэ нийгмийн гэрээ гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр үүнд нэг нам дангаараа өөрчлөлт оруулах ямар ч боломж байхгүй. Хэрэв ард нийтээс асуухгүйгээр өөрчлөлт оруулах гэж оролдох юм бол асуудал буруу тийшээ явна. Үүнийг ойлгож байгаа байх гэж бодож байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өөр хэт олонхи байгаа үедээ хийх ажил их бий. Жишээлбэл, Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийн төслийг батлах, Сонгуулийн хуулиа илүү эрүүл болгох гэх мэт шинэчлэлийг нэг нам дангаараа байхдаа хийж болно. Үндсэн хууль бол хууль гэдэг ойлголтоос давсан зүйл. 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.