Яагаад пон гэж...

2017.01.11 Лхагва №002 (2145)

УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад ирэх сард айлчлах тов гарчээ. Гэтэл түүний энэ айлчлал товлогдохоос ердөө хоёр сар гаруйхны өмнө буюу 2016 оны аравдугаар сарын 18-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус улсад айлчлаад ирсэн байдаг. Энэ бол түүний Ерөнхий сайдын хувьд хийсэн анхны айлчлал байв. Айлчлалын бүрэлдэхүүнд нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй албаны хүмүүс багтсаныг давхар сануулъя. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт Монгол Улс хамрагдсан тохиолдолд Японы Засгийн газар хоёр тэрбум ам.долларын зээл өгөх тухай мэдээлэл тэр үед гараад байсан юм. 

Энэ хэлэлцээ амжилттай болсон уу, үгүй юү. Эдийн засгийн хямралыг гатлах нэг гарц нь Япон улсын дэмжлэг мөн үү, биш үү. Ийм асуулт тавихад хүрч байгаа нь УИХ-ын даргын хоёр сарын дараахь айлчлалтай шууд холбоотой. 
Айлчлалын давтамжийн хувьд харахад яагаад Монгол төрийн удирдлагууд Япон руу гүйдэлтэй болчихсон юм бэ. Ийм асуултыг зүй ёсоор тавих хэмжээнд хоёр орны хоорондох айлчлал давтамж өндөртэй өрнөж байна. “Хоёр орны” гэж тодотгосноо багахан залруулахад Монголын талаас л айлчилж байгаа болохоос японууд тэгтлээ хөл алдаад байхгүй байгаа билээ. 
Япон, Монгол харилцааны хувьд сүүлийн жилүүд онцлогтой байгаа нь үнэн. Тэр тусмаа хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллаж байсан үед ойрхон давтамжтай айлчлалууд өрнөж байсныг үгүйсгэхгүй. Тухайлбал, 2015 оны тавдугаар сарын 5-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад дахин айлчилсан. Дахин гэдгийг тодотгохын учир нь Ерөнхийлөгч үүнээс нэг жилийн өмнө буюу 2014 оны долдугаар сарын 21-24-ний хооронд Япон улсад айлчилсан байдаг. Энэ айлчлалын бүрэлдэхүүн түүхэнд тэмдэглэгдээгүй асар том байсан гэдэг. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулна гэсэн тул Монголын бизнес форумд оролцохоор 120 компанийн төлөөлөл Ерөнхийлөгчийн айлчлалыг дагалдан явснаар барахгүй Засгийн газрын хагас нь тус улсад ажиллаж байв. Засгийн газрын хагас гэдэг нь ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг тэргүүтэй хэд хэдэн яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байсан билээ. 
Гэхдээ зөвхөн дээрх жишээгээр л хоёр орны хооронд хийж буй айлчлалын давтамж ойртоод байна гэж дүгнээгүй юм. Өөр олон айлчлал өнгөрсөн хоёрхон жилийн дотор хийгджээ. Жагсаая. 
2015 оны хоёрдугаар сарын 23-27-нд УИХ-ын дарга З.Энхболд тус улсад айлчлав. УИХ-ын даргыг айлчилсны дараа ажиллах хүч Японд гаргах тухай яриа гарч УИХ-ын сонгуулийн өмнө бүр хүчээ авсан билээ. Түүний дараа Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын ажлаа аваад 2015 оны есдүгээр сарын 11-14-нд бас л Японд айлчлав. Өмнөх айлчлалын үзэгний мөр хатаж амжаагүй байтал ийнхүү дараагийнх залгаж манай улсаас өндөр дээд хэмжээний айлчлал 2014 оны хагасаас хойш гэхэд нийт зургаан удаа болсон байх юм. 
Ерөнхийлөгчийн өмнөх жил айлчилсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 2013 оны есдүгээр сарын сарын 11-14-ний айлчлалыг оруулбал энэ тоо долоо болж нэмэгдэнэ. Эдгээр айлчлалд сайд, дэд сайд нарын бусад албан айлчлалыг оролцуулахгүйгээр тоолоход л долоо болж байна. Гадаад хэргийн дэд сайд асан Д.Ганхуягийн Токио хотноо Гадаад хэргийн яам хоорондын стратегийн зөвлөлдөх уулзалтад оролцсон, Уул уурхайн сайд Ц.Дашдоржийн албан айлчлалыг оруулаагүй байхад ийм тоо гарч байгаа юм.
Харин энэ хугацаанд тус улсаас манай улсад хийсэн өндөр дээд хэмжээний айлчлалын тоо хэд вэ.  Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2016 оны долдугаар сарын 14-нд АСЕМ-ын өндөр төвшний 11 дүгээр уулзалтад оролцохдоо дөрвөн цагийн айлчлал хийснээс гадна 2013 оны гуравдугаар сард албан ёсны айлчлал хийж байжээ. Илүү тодруулбал, 1990 оноос хойш  буюу 16 жилийн хугацаанд Япон улсын Ерөнхий сайд манай улсад зургаа  дахь удаагаа ирсэн байв. 
Хоёр улсын харилцааг манай Гадаад харилцааны яамнаас “стратегийн түншлэлийг бататгах, Өндөр дээд төвшний айлчлалын давтамжийг хадгалах” зорилт тавьж ажилладаг хэмээн тодорхойлсон байна. Эдгээр айлчлалын үр өгөөж, гадаад бодлогын залгамж чанар тэгвэл ямар байгаа вэ.  
Япон улсыг манай улс гуравдагч хөршөө хэмээн үздэг. Хэдийгээр манай улс АНУ-ыг гуравдагч хөрш гэж албан ёсоор анхлан зарласан ч түүх сөхвөл Америк Монголын дипломат харилцаа Японоос даруй 15 жилээр хоцорч эхэлж байсан аж. 
Тус улс манай хамгийн том хандивлагч орон. 1991-2013 он хүртэлх хугацаанд Япон улсын Засгийн газар Монгол Улсад нийтдээ 102.3 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 77.3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 36.5 тэрбум иенийн техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, гадаадын улс орон, олон улсын байгууллагаас Монгол Улсад үзүүлсэн нийт тусламжийн 50-иас илүү хувийг Япон улс дангаараа олгосон тоо баримт байна. Түүнээс гадна олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудын анхаарлыг манай улсад хандуулахад Япон улс чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг юм байна. Үүний илрэл нь 1991 оноос Дэлхийн банктай хамтран Монголд хандивлагчдын уулзалтыг Токио хотноо 10 удаа санаачлан зохион байгуулжээ. 
Манай хоёр орны хамтын ажиллагаа 1997 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимтай байсан бол 2010 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг айлчилснаас хойш “Стратегийн түншлэл”-ийн буюу шинэ төвшинд очоод байна. Айлчлалын давтамж  нэмэгдсэний “буянд”  Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд хийсэн айлчлалынхаа үеэр энэхүү Стратегийн түншлэлийг эрчимжүүлэх “Эрч санаачлага”-ыг дэвшүүлсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны долдугаар сарын 21-24-ний өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийж Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийсэн. Энэ үеэр Шинзо Абэ өмнөх “Эрч” санаачилгыг “Эрч нэмэх санаачлага” болгон хэрэгжүүлэх санал дэвшүүлснээр хоёр орон хамтран ажиллаж  байна. Ерөнхийдөө бол хоёр орны харилцан хийсэн ойрхон давтамжтай айлчлалуудын үр дүнд “Абэ, Эбэ” гэх хэлц хүртэл үүссэн нь бий. 
Японы тал цаашдаа буцалтгүй тусламж бус харилцан ашигтай байдлаар хамтран ажиллахаа мэдэгдээд буй. Эдийн засгийн хувьд Монгол Улсад тусламж үзүүлэх бол Засаглалын ил тод байдал, уул уурхайн тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлтийг хангах чиглэлд дэмжин ажиллана гэдгээ илэрхийлээд байгаа юм. 

Харилцан айлчлалууд
2006 оны гуравдугаар сар: Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийв.
2006 оны наймдугаар сар: Япон Улсын Ерөнхий сайд Ж.Койзумы Монгол Улсад айлчлав.
2007 оны хоёрдугаар сар: Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Япон улсад албан ёсны айлчлал хийлээ.  
2009 оны долдугаар сар: Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Япон улсад айлчиллаа.
2010 он: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлал хийлээ.
2012 оны тавдугаар сар: Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон улсад айлчиллаа. 
2012 оны есдүгээр сар: Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад айлчиллаа.
2013 оны гуравдугаар сар: Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад айлчлал хийлээ.
2014 оны долдугаар сар: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлал хийлээ.  
2016 оны долдугаар сар: Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад айлчлал хийлээ.
2015 оны хоёрдугаар сарын 9-11-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлав. 
2015 оны хоёрдугаар сарын 23-27-нд УИХ-ын дарга З.Энхболд айлчлав.
2015 оны тавдугаар сарын 5-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин айлчлав.
2016 оны аравдугаар сар: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  айлчлав.
2017 оны хоёрдугаар сард: УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад айлчилна. 

Монгол Японы хамтарсан мэдэгдлүүд
Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсантай холбогдуулан гаргасан хамтарсан мэдэгдэл (2015 оны хоёрдугаар сарын 10).
-Монгол, Японы хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрсэн тухай болон Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай хамтарсан мэдэгдэл (2014 оны долдугаар сарын 22).
-Монгол Улсын үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, экспортыг дэмжих зорилгоор Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн дэвшүүлсэн “Эрч дээр эрч нэмэх” санаачилга (2014 оны 7 дугаар сарын 22).
-“Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Монгол Улс, Япон улсын хамтарсан мэдэгдэл (2013 оны есдүгээр сарын 13).
-Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн дэвшүүлсэн “Эрч” санаачилга (2013 оны гуравдугаар сарын 31).
-Монгол, Японы хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох зорилтын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ байгуулах албан ёсны хэлэлцээг эхлүүлэх тухай хэвлэлийн хамтарсан мэдэгдэл. (2012 оны гуравдугаар сарын 12).
-Монгол Улс, Япон улсын хооронд “Стратегийн түншлэл” байгуулахад чиглэсэн Монгол, Японы хамтарсан мэдэгдэл (2010 оны арваннэгдүгээр сарын 19).


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.