Арабын ертөнцийн санхүүгийн босс

2017.01.11 Лхагва №002 (2145)

Арабын орнуудыг нефть нь дуусахаар тартагтаа тулсан ядуу орон болно гэсэн ойлголттой хүмүүс олон байдаг. Эхэн үедээ үнэхээр ч тийм сэтгэгдэл төрүүлж байсан. Харин байгалийн баялгаас олсон асар их мөнгөө ашигтай зарцуулснаар ирээдүйд угтан ирэх хүндрэлээс зайлсхийж болох юм байна гэдгийг “шалма” малгайтнууд ойлгосноор, отож байсан зовлон зүдгүүр нь хийсэн оджээ. Тэд хөрөнгө оруулалтын санг олноор нь байгуулж, дэлхийн өнцөг булан бүрт цэцэглэж буй бизнест оруулснаар “зүгээр сууж байгаад л мөнгө олдог” уламжлалаа хадгалахын зэрэгцээ байгалийн баялаг шавхагдахаас айх шаардлагагүй болсон байна. 

“Дэлхийн хүн” булан энэ удаа дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан болох “Abu Dhabi Investment Authority”-г хөл дээр нь босголцсон Султан бен Насер Аль-Сувейди хэмээх эрхмийг танилцуулж байна. Бичил ярилцлагыг нь ч хүргэх болно. Түүний болон АНЭУ-ын эдийн засгийн бодлого манай оронд үлгэр жишээ болохуйц юм билээ.
Султан бен Насер Аль-Сувейди 1953 онд Абу Даби хотноо төржээ. Энэ үед Абу Дабигийн Эмирт бусад зургаан Эмир нь нэгдээгүй, өөрөөр хэлбэл АНЭ улс албан ёсоор байгуулагдаагүй үе байв. Эртний араб анчдын хувьд “бурхны хишиг” байсан цөлийн алдарт гөрөөсний нэрээр нэрлэгдсэн Абу Даби тухайн үед зүгээр л цөлийн дундах жижигхэн тосгон байсан гэдэг. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт чухам 1950-иад оноос цутгаж эхэлсэн тул Султан хүүгийн ирээдүй гэрэлтсэн нь мэдээж.  Тэрээр багаасаа тоо болон удирдах авьяастай хүүхэд байсан тул энэ чиглэлээр явахаар эргэлт буцалтгүй шийдсэн байна. Улмаар банк санхүү, удирдлагын бакалаврын зэрэг эзэмшжээ. Түүний намтрыг уншихад “Удирдах албанд гойд авьяастай хүн юм байна” гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Албан тушаалын шатаар алхаж биш, алгасаж гишгэсэн замнал нь ингэж бодоход хүргэдэг юм. 
Эдүгээ дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан болсон, албан ёсны мэдээлэлд хүртэл нийт активыг нь шууд хэлэхээс зайлсхийж “500 тэрбум ам.доллар, жилд 10 хувиар өсдөг”, “300-875 тэрбум ам.доллар орчим” хэмээн багцаалддаг алдарт “Abu Dhabi Investment Authority” буюу Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын газар (АДХОГ) нь Арабын Нэгдсэн Эмират Улсын бүрэлдэхүүнд ордог долоон Эмирт Улсын нэг болох Абу Дабигийн Эмирт Улсын шейх Заидийн зарлигаар 1976 онд байгуулагдсан байдаг. Газрын тосны олборлолтоос олсон илүүдэл орлогыг Сангийн яам нь захиран зарцуулдаг байсныг Шейх Заид өөрчилж, хэрэгцээнээс илүү гарсан хөрөнгийг хуримтлуулан тодорхой төсөлд хөрөнгө оруулах замаар газрын тосны хараат байдлаас ангижрахыг эрмэлзсэн юм.  
Султан бен Насер Аль-Сувейди энэ санг байгуулагдаад хоёр жил болж байхад буюу 1978 онд ажилд орсноор хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Гэтэл тэнд ердөө дөрөвхөн жил “тэсээд” хөрөнгө оруулалтын бас нэгэн аварга сан болох “Abu Dhabi Investment Company”-д ерөнхий менежерээр очсон байна. Таван жилийн дараа олон улсын карьераа эхлүүлж, 1987 онд Бахрейний “Персийн булангийн Олон улсын банк”-ны ерөнхий менежер болсон ч улс нь авьяаслаг банкираа гадаадад алдахыг хүсээгүй тул, “Abu Dhabi Commercial Bank”-ны тэргүүний суудлыг санал болгожээ. Эдгээр албан тушаалыг хаших үедээ тэрээр хамаг анхаарлаа АНЭ-ын эдийн засгийг нефтиэс хараат бус болгох асуудалд хандуулж ажиллаж байв. 1980 аад оны эхэн үед, 1967 оноос ОПЕК-ийн гишүүн болсон энэ улсын ДНБ-ий 73 хувийг нефть дангаараа бүрдүүлдэг байжээ. Харин Султан Аль Сувейди болон хамтран зүтгэгч, гадаадын олон авьяаслаг менежерүүдийн ачаар жил ирэх тусам нефтиэс хамаарахаа больсон юм. 1998 онд АНЭ-ын ДНБ-ий 32-ийг л нефть бүтээгдэхүүн эзэлж байв. 
Султан бен Насер Аль-Сувейди 1991 оны арванхоёрдугаар сарын 18-нд АНЭ-ын Төв банкны тэргүүн болсноор санхүүгийн ертөнцөд улам ч том хүн болж, дэлхийн валютын бодлогыг тодорхойлдог хүмүүсийн нэг болжээ. Тэрээр энэ албаа 2014 оны есдүгээр сард хүлээлгэж өгөх хүртлээ 23 жил үр бүтээлтэй ажилласан юм. 
Өгүүллийнхээ төгсгөлд, дээр амалсан ёсоороо түүний нэгэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Дэлхийн валютын ситемийг хэрхэн тогтворжуулах вэ?
-Валютын тогтолцоо өөрчлөгдөж байна. Үндэсний валют, үндэсний эдийн засаг дэлхийн валютын тогтолцооноос ихээхэн хамааралтай болж байгаа нь үүний нотолгоо. Яг одоогийн нөхцөл байдлыг аваад үзэх юм бол Хятадын юань ихсэж, ам.доллар багасна гэж би харж байгаа. Хатуу валюттай зарим орнууд байр сууриа хадгалж үлдэхийг орон байгаа ч санаснаар нь болохгүй байна. Ингэхийн тулд их хөдөлмөрлөх шаардлагатай. 
-Еврогийн ирээдүйг яаж харж байна вэ?
-Евро чухал аа. Олон улсын аялал жуулчлалын бизнест, тухайлбал. Харин хөрөнгө оруулалтын бизнест бол ¹1 нь биш. Одоогоор ам.доллар тэргүүлсэн хэвээр байна.    
-Алтанд хөрөнгөө даатгах нь одоо ашигтай юу?
-Бид улсын хөрөнгийг алтанд даатгахаас ерөнхийдөө татгалздаг. Түүхий эд, металлын ханш эрэлтээс хэт их хамааралтай, тогтворгүй байдаг шүү дээ. Юу ч тохиолдож болно.  
-Тэгвэл нефть олборлогч орнуудын ирээдүй хэрхэх бол?
-Зарим орнууд үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг ам.долларын ханштай тогтвортой байлгахыг оролдож байна. Зарим нь хөрөнгийн зах зээлд түлхүү анхаарч, ханшийн тогтвортой байдлаа хангах олон арга хэмжээг авч байна. Энэ бол олон талтай үйл ажиллагаа, гэхдээ хамгийн гол нь, ханшийн бодлогод эдийн засгийн ашиг сонирхол илүүтэй нөлөөлж байдаг.  
-Хямрал бүс нутгийн валютын бодлогыг өөрчилчихөө юү дээ?
-Персийн булангийн орнуудын хувьд бол хямрал тийм ч их гүн шарх үлдээгээгүй. АНЭ-ийн эдийн засаг хөдөлсөөр байна. Гол нь бид баялагийг дагаж хөдөлж байгаа юм. Баялаг, хөрөнгө оруулалтын орчин хаана байна бид тийшээ хөдлөх ёстой. Ийм л бодлого баримталсан учраас худалдаа, тэр тусмаа банк санхүүгийн тогтолцоо маань хямралд төдий л нэрвэгдээгүй. Тэгэхээр, энэ тогтвортой байдлын үндэс нь хамтрагчаа зөв сонгох, хөрөнгө оруулалтын “газрын зураг” дээр зөв ажиллах болж таарлаа.
-Та үнэнийг хэлээрэй. АНУ сүүлийн үед “Валютын дайнаас болж ам.долларын ханш унаж байна” гэсэн мэдэгдлийг их хийж байгаа. 
-Валютын дайн бодит байдал дээр байгаа гэж бодохгүй байна. Худалдааны балансаа барьж чадаагүй, алдагдалд орсон, санхүүгийн эмх замбараа муутай хэдэн улс л төсвийн алдагдалд орж байгаа юм шүү дээ. Гэхдээ эдгээр орныг “унагах” гадны хүчин зүйл нь дэндүү их байсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр, хамтарч шийдэх л хэрэгтэй.  
-Нефтийн ханш цаашдаа хэрхэх бол?
-Нефтийн ханш зах зээлийн жинхэнэ тусгал нь байдаг гэж би боддог. Макро эдийн засгийн хүрээнд авч үзвэл, хөгжингүй гэж нэрлэгддэг, гол худалдан авагчдын эдийн засгийн хөгжил удааширч байна. Тиймээс уналт зайлшгүй зүйл байсан. Яг одоогийн байдлаар хөрөнгө оруулагчдад итгэлгүй байдал ноёлж байна. Бид дэлхийг хянаж чадахгүй шиг, нефтийн үнийг ч бас хянаж чадахгүй шүү дээ. 
-Нефть олборлогч орнууд өөр арга замаар мөнгө олох бодит боломж бий юу?
-Байлгүй яах вэ дээ. Бидний гол зорилго л энэ шүү дээ. АНЭ бол хамаарлаа хангалттай багасгаж чадсан. ДНБ-ий 20 гаруйхан хувь нь л нефтиэс орж ирж байгаа.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.