Домогт “Улаан мөнгөн ус”-ны тухай

2017.01.11 Лхагва №002 (2145)

Монголоор “Улаан мөнгөн ус”, (оросоор “красный ртуть”, англиар “red mercury”) хэмээх энэ бодисын шинж чанар, үнэхээр байдаг эсэх талаар маш олон эх сурвалжийн хоорондоо эрс ялгаатай мэдээллүүд бий. Чөлөөт нэвтэрхий тольд энэ бодисыг маш их нягттай (20 г/см³[), −150 °C-ийн температурт хөлддөг, KCN-ийн түвшний хортой, цацраг идэвхит шинж чанартай, халуун цөмийн бөмбөгний тэслэгч, Гауссын их буу, хэт хүчтэй цэргийн лазер зэрэгт ашигладаг гэсэн байхад өөр нэг эх сурвалжид ийм бодис гэж ерөөсөө байхгүй, хий хоосон зохиомол зүйл гэсэн байх жишээтэй. Гэхдээ, үлгэр домог бодит явдлаас сэдэвлэдгийн адилаар “Ер бусын шинж чанар бүхий байгаль дээр байдаггүй бодис”, “Улаан мөнгөн ус” гэх нэршил, “Улаан мөнгөн ус бол оргүй хоосон зүйл” гэсэн цуу ярианд ч бодит үндэс байж таарна. 

Улаан мөнгөн ус гэж юу вэ, юунд хэрэглэдэг вэ
“Промэкологи” концерны захирал, биологич эрдэмтэн  Олег Садыков бол “Улаан мөнгөн ус”-ыг анх гаргаж авсан хүн юм. Тэрээр “Шингэн хэлбэрийн мөнгөн усны пироантимонат нейтрон идэвхижүүлэгчийг гаргаж авах арга зүй” гэдэг бүтээлээрээ ОХУ-ын зохиогчийн эрхийн 2077159 тоот гэрчилгээг авсан нь одоо үлгэр домог мэт яригддаг “Улаан мөнгөн ус” юм байна. Олег Садыковын өөрийнх нь хэлснээр “Улаан мөнгөн ус” бол нейтроныг хурдасгах зориулалттай нано нийлэг бодисуудыг бүхэл бүтэн бүлэг ажээ. Харин гаргаж авсан газар нь Белоярскийн атомын цахилгаан станц гэнэ. 
“Промэкологи” концерн цахилгаан станцын нутаг дэвсгэрт байрлан судалгаа шинжилгээ, туршилтын ажлуудаа явуулдаг байв. Үйлдвэрлэлийн процессыг О.Садыков бүхэлд нь хянадаг, харин О.Садыков өөрөө ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцины шууд томилсон төлөөний хүнд захирагддаг байжээ.  
Энэхүү бодис нь нейтроны асар хүчтэй урсгалыг 500 цагийн турш явуулах хүчин чадалтай ч гурван сар л хадгалах боломжтой байсан гэнэ. Гэхдээ хожим нь О.Садыков бүтээлээ улам сайжруулснаар хатуу нунтаг хэлбэртэй, 10 жил хадгалах боломжтой болгосон байна. Пироантимонатыг атомын цахилгаан станцад эрчим хүч гаргаж авах зорилгод ашиглаж болохоос гадна нэгэнтээ цөмийн урвалыг идэвхижүүлдэг шинж чанартай учраас өмнөтгөлд өгүүлсэнчлэн олон төрлийн хөнөөлт зэвсэг бүтээхэд ч ашиглах боломжтой юм.   
 
ОХУ-ын эдийн засгийг босгосон   
“Улаан мөнгөн ус” буюу “Red mercury” хэмээх бодисын талаар ВВС агентлагийн сэтгүүлчид 1990-ээд оны эхээр тус бүр нь 45 минут хэмжээтэй цуврал есөн ангит баримтат кино хийжээ. Тэрхүү кинонд ЗХУ цөмийн технологийн салбарт АНУ-аас 30-40 жилээр түрүүлсэн гэдгийг дурдаад, нейтроны хурдасгуур болдог “Улаан мөнгөн ус” хэмээх гайхалтай бодисын талаар өгүүлсэн байдаг. Хамгийн сонирхолтой нь, барууны сэтгүүлчдэд баримтат кино хийх зөвшөөрлийг Ерөнхийлөгч Борис Ельцин өөрөө өгсөн байв. 
1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэн үед дэлхий дээр зөвхөн ЗХУ л “Улаан мөнгөн ус” болон бусад органик бус нано полмимерүүдийг гаргаж авах технолгийг судалж байжээ. Ингэхдээ ганц “Промэкологи” концерн л энэ ажлыг дагнан хийдэг байсан байна. Харин энэ концерн нь Ерөнхийлөгч Б.Ельциний шууд удирдлагад ажиллана. Тэрээр барууны агентлагаар баримтат кино хийлгэсэн нь угтаа “Улаан мөнгөн ус”-ыг гадаад зах зээлд гаргах зорилготой нь холбоотой байв. 
Хөрөнгө оруулалт авах гэсэн шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн “хатгасаар” ч юм уу, эсвэл зүгээр л уншигчдынхаа тоог нэмэх гэсэн үү, “Хүйтэн дайн”-ы он жилүүдэд барууны хэвлэлд ЗХУ-ын цөмийн салбарт гаргаж буй ололт амжилтын тухай ихээр бичдэг байжээ. Тэрхүү мэдээ, нийтлэлүүд нь хоорондоо бараг ижил “ЗХУ ийм, тийм туршилт амжилттай хийж, тийм гайхамшигтай бодис гаргаж авлаа” гээд “Бид энэ салбарт хөрөнгө оруулалтаа нэмэхгүй бол ирээдүйн дайнд ялагдах нь гарцаагүй” гэсэн утга санааг илэрхийлдэг. Гэхдээ гол онцлог нь, ЗХУ үнэхээр барууны орнуудаас энэ тал дээр тасарсан нь үнэн байсан бөгөөд энэ бололцоог “Улаан мөнгөн ус” гэж бодис олгосон аж. Тиймээс 1980-аад оны сүүлээс л барууны орнуудын тагнуулын байгууллага энэ бодисын араас идэвхитэй хөөцөлдөж эхэлсэн байдаг. Гэтэл ЗХУ задарч, шинэ тутам байгуулагдсан ОХУ-д мөнгө хэрэг болон барууны орнуудын сонирхол, оросуудын хүсэл нэгэн цэгт давхцах нь тэр. Ерөнхийлөгч Б.Ельцин 1992 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр “Нэг жилийн хугацаанд экспортын зорилгоор 10 тонн пироантимонат үйлдвэрлэхийг “Промэкологи” концернд тушаасан гэдэг.  
Тухайн үед америкчууд нэг кг ийм бодисыг 290 мянган ам.доллараар худалдаж авахаар хичээж байсан бол францчууд 320 мянгыг амалж байжээ. Харин одоо нэг кг ийм бодис 100 сая ам.доллараар үнэлэгдэнэ. Дээр хэлсэнчлэн, жин нь хэвээрээ ч шинж чанар нь улам ашигтай болсон учраас ийм болжээ. Б.Ельциний захиалгаар үйлдвэрлэсэн “Улаан мөнгөн ус”-ыг АНУ, Франц, Израиль, Швед зэрэг орнууд худалдаж авсан байна. О.Садыковын хэлснээр, Израиль харилцаа холбоо, АНУ нарны зай хураагуурын үйлдвэрлэл, Швед, Франц иргэний нисэх болон пуужин үйлдвэрлэлд ашиглахаар авдаг байсан ч хамгийн гол худалдан авагч нь Саудын Арабын хааны гэр бүлийнхэн байжээ. “Улаан мөнгөн ус” нь нефьтээс алт гаргаж авах технолгид гол түүхий эд болдог байна. Францчууд мөн Ерөнхийлөгч Франсуа Миттераны хорт хавдар өвчнийг эмчлэх зорилгоор худалдаж авч байсан гэхээр “Улаан мөнгөн ус” үнэхээр олон салбарт хэрэглэгддэг универсаль бодис гэдэг нь мэдэгдэж байгаа юм. 

“Улаан мөнгөн ус” луйварчдын өгөөш болсон нь
“Промэкологи”-ийг 1992 он хүртэл Б.Ельцины хувийн туслах Геннадий Харин удирддаг байжээ. Гэтэл дараа нь Ерөнхийлөгч яагаад ч юм бэ, Александр Руцкойд хариуцуулах болсноор 1993 оны “Улаан мөнгөн усны хэрэг”-ийн эхийг тавьсан байна. А.Руцкой үйлдвэрийн захирлын албан тушаалаа өгөхийг О.Садыковоос шаардаж, татгалзсаных нь хариуд “Улаан мөнгөн ус”-ыг хууль бусаар наймаалж байгаа гэсэн зохиомол хэрэг үүсгэсэн байдаг. Шүүхээс О.Садыковт хууль бус наймаа хийсэн хэмээн ял тулгатал, Егор Гайдар зэрэг нөлөө бүхий улстөрч эрдэмтнийг өмөөрсөн нь энэ хэргийг олон нийтийн анхааралд оруулж, хүмүүс асар үнэтэй “Улаан мөнгөн ус”-ны хойноос хөөцөлдөн, ердийн нунтаг тоосго зэргээр нэгнээ залилах болсон тул шүүхээс эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсэг гаргаж, “Улаан мөнгөн ус гэж огт байдаггүй” гэсэн дүгнэлт хийлгэхэд хүрчээ. 
Гэсэн ч энэ бодис одоо хүртэл луйварчдын дуртай өгөөш хэвээр, арга нь улам нарийсан боловсросоор өдийг хүрсэн байна. Тэд “Луйварчдын хаан” гэгддэг Жозеф Уэйлийн боловсруулсан “Золбин нохойн худалдаа” гэгдэх луйврын системийг ашиглан ядуу буурай, иргэд нь мэдлэг мэдээлэлгүй улсад үе, үе хэрэгжүүлсээр байгаа юм. Ингэхдээ ЗХУ-д үйлдвэргдсэн туухай, хуучны “Зил” хөргөгч гэх мэтийг цуглуулаад өөрийн гэсэн тэмдэглэгээ хийдэг байна. Улмаар дээрх бараанд “Улаан мөнгөн ус байдаг“ гэсэн яриаг албаар гаргаад өөрсдөө зар тавьж, их хэмжээний мөнгө амалдаг. Ижил маркийн туухай, хөргөгчтэй хүмүүс ирэхэд мөнгөө үзүүлэх мөртөө өөрсдийнхөө тусгайлан тавьсан тэмдгийг дурдаж, яг тиймийг олоод ирвэл шууд авна гэж итгүүлдэг. Үнэмшсэн иргэн ойр хавиараа зар тараах үед нь тусгайлан тэмдэглэсэн бараагаа өөр хүнээр явуулаад арай бага үнээр зарж орхидог ажээ. Манайд үе, үе гарч ирдэг “ЗХУ-д үйлдвэрлэгдсэн гир авна”, “гадна ёроолдоо улаан тамгатай будаатай аяга авна” гэх мэт зар ч яг ийм луйврын нэг хэлбэр юм байна. 
Улаан мөнгөн ус одоо байгаа юу
Авлигачид, зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй дайн зарласан болж харагдах гэсэн  А.Руцкойн балгаар ийнхүү үлгэр домгийн шинжтэй болж хувирсан ч гэлээ, бодит байдал дээр “Улаан мөнгөн ус” байсаар гаднын улсуудад зарагдсаар байгаа юм байна. Франц “Улаан мөнгөн ус” бүтээх технологийг бүхлээр нь худалдаж авахыг санал болгосон ч ОХУ татгалзсан юм байна. Барууны орнууд одоо болтол пироантимонат гэгч энэхүү гайхамшигтай бодисын нууцад нэвтэрч чадаагүй байгаа ажээ. 
Хойд хөршийн хамгийн баримттай, үнэн бодит мэдээлэл түгээдэг хэвлэлийн нэг “Аргументы и факты” сонинд О.Садыковын ярилцлага, нийтлэл хэвлэгдсэн байдаг. Түүнээс үзвэл, “Промэкологи” компани өдгөө хуулийн байгууллагад бүртгэлгүй ч үйл ажиллагаагаа явуулж, ОХУ-ын ашиг сонирхолд нийцсэн стратегийн бүтээгдэхүүн гаргаж авсаар байгаа гэнэ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.