“Шинэхээн буриад монголчууд” ном хэвлэгджээ

2017.01.11 Лхагва №002 (2145)

Гурван гүрэнд тасран аж төрж суугаа буриад зоны нэгээхэн салаа мөчир БНХАУ-ын Шинэхээний буриадуудын тухай нэгэн сонирхолтой ном хэвлэгдэн гарчээ. Энэ бол Шинэхээн буриадын ахмад сэхээтэн Ц.Жамцын бичсэн “Шинэхээн буриад монголчууд” ном юм. Өвөрмонголд босоо монгол бичгээр анх хэвлэсэн уг номыг Буриад судлалын академи шинэ үсгээр хэвлэх эрхийг нь авч ийнхүү монгол уншигчдын хүртээл болгосон байна. 
Эртнээс нааш XX зууны эхэн үе хүртэлх буриад монголчуудын түүхийг товчоолон дурдаж, улмаар 1910-аад оны сүүлч, 1920-иод оны эхээр Орос нутгаас Хятадын Хөлөнбуйрын Шинэхээн гол, Имин голын дагуу суурьшсан Ага буриадуудын тухай энэ номд дэлгэрэнгүй өгүүлжээ. Ага нутгаас буриадууд ямар учир шалтгаанаар нүүдэллэн Шинэхээнд очиж суурьшсан хийгээд тэдний хүн амын тоо, ахуй амьдрал, хожмын ажил үйлс, аж байдал зэргийг энэ номд тоо баримттайгаар сонирхолтой хүүрнэн өгүүлсэн байна. 
“Шинэхээн буриад монголчууд” номыг Б.Шагдаржав шинэ үсэгт хөрвүүлж, доктор, дэд профессор М.Одмандах, С.Бизъяа, Б.Баатар нар хянан тохиолдуулжээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.