“Утааны хэрэг” Үндсэн хуульд тулав

2017.01.11 Лхагва №002 (2145)

Нэг эрхийг хангахын тул нөгөө эрхийг хязгаарлаж болох уу
Хоёрхон хоногийн дараа ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Үндсэн хуулийн энэхүү ойд нийслэлийн Засаг дарга нэгэн өвөрмөц “бэлэг” барив. Тэр нь нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг бүтэн жилийн хугацаанд түр хориглох тухай захирамж юм. Энэхүү захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхээс үүдэн дэмжигчид, эсэргүүцэгчид нь талцаж эхлэв. Агаарын бохирдол, утааг бууруулахын тулд, 1.3 сая нийслэлчүүдийн эрх ашгийн үүднээс хөдөөнөөс шилжин ирж байгаа хэдхэн хүний эрхийг хязгаарлах нь зөв гэж үзэх хүн байхад иргэдийнхээ оршин суух газраа сонгох эрхийг нь хөндөж болохгүй, энэ нь Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гэж тайлбарлах хүн ч байгаа юм. Тухайлбал, иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хэн нэгэн эрх мэдэлтэн тогтоол, захирамжаар хориглож хязгаарлаж болохгүй гэдгийг 25 жилийн өмнө Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн асан Б.Пүрэвдорж хэлсэн байна лээ. 
Хөдөө орон нутгаас шилжин ирэгсдээс болж нийслэлийн агаарын бохирдол ийм хэмжээнд хүрсэн нь үнэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд Улаанбаатарт шилжин ирэгсдийн тоо буурсан статистик үзүүлэлт байна. Тухайлбал, 1990 оноос хойшхи статистикийг харахад 2003 онд 40 мянга, 2004 онд хамгийн олон буюу 68 мянган хүн хөдөө орон нутгаас шилжин ирж байжээ. Харин сүүлийн 10 жилд шилжин ирэгсдийн тоо буурч 19-30 мянгын хооронд хэлбэлзэх болсон байна. Үүнтэй зэрэгцэн нийслэлээс орон нутагт очиж суурьших иргэдийн тоо тогтмол өсч 2013 оноос хойш жил бүр 10 мянган иргэн хөдөөг зорих болжээ. Үүнээс харахад шилжих хөдөлгөөнийг хязгаарласан нийслэлийн Засаг даргын захирамж агаарын бохирдлыг бууруулахад шууд нөлөөлөх нь юу л бол. Өөрөөр хэлбэл утааны эх үүсвэр болсон гэр хорооллынхон 1990-2005 оны хооронд хөдөөнөөс шилжин ирж нийслэлд нэгэнт суурьшчихсан гэсэн үг. Тиймээс нийслэлд нэг жилийн дотор шилжин ирэх 30 орчим мянган хүний эрхийг хязгаарласнаар утаа буурах уу.  Хотын агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс ихэссэн сүүлийн 15-16 жилийн хугацаанд Засгийн газар болон нийслэлийн төр захиргааны байгууллагын зүгээс утааны эсрэг чамгүй тэмцэл өрнүүлсэн. Утаагүй зуух, шахмал түлш, дулаан алддаггүй гэрийн бүрээс, шалны халаалтаас эхлээд шөнийн тарифыг хөнгөлөх, чөлөөлөх, нүүрс түлэх бүсийг хязгаарлах зэрэг янз бүрийн арга хэрэглэж үзсэн. Тэр бүхнээс нь бодитой үр дүн гараагүй учир иргэддээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарлах захиргааны шийдвэр гаргахаас өөр аргагүй болсон бололтой. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын утаа Үндсэн хуулийн асуудал болж хурцдах нь. 

Тодруулъя. Нийслэлийн Засаг дарга иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хориглох тухай захирамждаа Үндсэн хуулийн гурван заалтыг үндэслэл болгон эш татжээ. Энэ нь “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёрдугаар хэсэг,  “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн арванзургадугаар зүйлийн хоёрдугаар хэсэг, “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн арванесдүгээр зүйлийн нэг дэх хэсэг юм. Үндсэн хуулийн эдгээр зүйл, заалтыг хэрэгжүүлэхийн тулд гаргасан нийслэлийн Засаг даргын захирамж “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэсэн арванзургадугаар зүйлийн 18 дахь хэсгийг зөрчихөд хүрээд байна.
Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж эшилсэн атлаа хуулийн заалтыг зөрчсөн хязгаарлалт тавих, хүний эрх, эрх чөлөөг хангахуйц баталгааг бүрдүүлнэ гэж байгаа атлаа түүнийхээ эсрэг алхам хийх нь зөв үү. Үндсэн хуулиар олгогдсон баталгаатай эдлэх нэг эрхийг нь хангах гээд нөгөө эрхийг нь хязгаарлаж болох уу. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэгч л энэ болж байх шиг. Нийслэлийн Засаг даргын захирамж ийм олон асуулт дагуулж байна. Хэрвээ хэн нэгэн иргэн уг захирамжийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж гомдол гаргах юм бол Цэц дээр маргаан үүсгэнэ. Нийслэлийн Засаг даргын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр унаж таарна. Яагаад ингэж итгэлтэй хэлж байна вэ гэвэл өмнө нь яг ийм шийдвэр шүүх дээр “өвдөг шороодсон” бэлээхэн жишээ бий. Гэхдээ зорилго нь аргаа зөвтгөдөг гэж үг бий. Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангаж, хотын утааг нэмэгдүүлэхгүйн тулд хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийг агаарын бохирдолтой бүс рүү оруулахгүй байхаар шийдсэн нь өнөөгийн нөхцөлд хамгийн оновчтой шийдэл байж мэднэ. Тиймээс ч нийслэлийн Засаг даргын захирамжийг өчигдөр болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар дэмжсэн бизээ.  
  
Баримт-1
Хүний эрхийн үндэсний комисс 2002 онд “Монгол Улсын иргэд эх орондоо чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийн хэрэгжилт” гэсэн судалгаа явуулжээ. Судалгаанд хотод шилжин ирсэн 18 мянга орчим иргэд хамрагдсанаас 60 хувь нь шилжин ирээд хотын бүртгэл хийлгэж чадаагүй байв. Судалгаагаар Улаанбаатар хотод шилжин суурьшигчид нь иргэний бүртгэл хийлгээгүйгээс эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах, тэтгэвэр тэтгэмжид хамрагдах, ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох зэрэг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ бүрэн эдлэх боломжгүйд хүрч байгаа нь тогтоогджээ. Улаанбаатар хотод шилжин суурьшигчид иргэний бүртгэл хийлгэж чаддаггүй нэгэн шалтгаан нь хөдөө орон нутгаас нийслэл хотод шилжин ирж буй насанд хүрсэн хүнээс 50 мянган төгрөг, 18 хүртэлх насны хүүхдээс 25 мянган төгрөг хүртэл нэмэгдүүлсэн хураамж авах журмыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2000 оны 46 тоот тогтоолоор баталсан явдал байв. Энэ тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох эрх” болон “Татварыг УИХ-аар бий болгоно” гэсэн татварын хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэн Хүний эрхийн комисс 2003 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдлоо гаргасан байна. Энэхүү гомдлын нэхэмжлэгч нь ХЭҮК, хариуцагч нь нийслэлийн ИТХ байв. 
Анхан шатны шүүх 344 тоот шийдвэрээрээ нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгосон байна. Энэхүү шүүхийн шийдвэрийн үр дүнд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хураамж авах тогтоол хүчингүй болж улмаар Улаанбаатар хотод шилжин ирэгсэд иргэний бүртгэл хийлгэх боломжтой болжээ. Ингэснээр шилжин ирэгсэд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах, тэтгэвэр тэтгэмжинд хамрагдах, ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох зэрэг эрхээ эдлэх боломж бүрдсэн юм. Түүнчлэн уг шүүхийн шийдвэрийн дараа Дархан-Уул, Төв, Орхон аймгуудын удирдлагууд шилжин ирэгсэдээс төлбөр авч байх тухай гаргасан шийдвэрүүдээ өөрсдийн санаачилгаар хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл энэ шийдвэр нь зөвхөн Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд хамаатай бус улс орны хэмжээнд хүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үр нөлөөтөй байснаараа стратегийн өмгөөллийн шинжийг агуулсан гэж үздэг. Нийслэлийн ИТХ-ын тогтоолыг хүчингүй болгосон шиг яг ийм үйл явдал ОХУ-д гарч байв. Хуучин ЗХУ-ын үед иргэдээ шилжин суурьшихад маш хатуу хяналт тавин, иргэний үнэмлэх дээр нь бүртгэлийн дардас дардаг байв. ЗХУ 1993 онд нуран унасан ч  иргэний бүртгэлийн энэхүү хүнд сурталт тогтолцоо хэвээр байсан тул Москва хотын иргэд дөрвөн ч удаа шүүхэд гомдол гаргаж байж, 2000 онд бүртгэлийн хууль нь Үндсэн хуульд нийцээгүй гэдгийг тогтоон хүчингүй болгож байжээ. 

Засгийн газар хэрэгт унах уу
Энэ сарын 28-нд аав, ээжүүд утааны эсрэг дахин жагсана. Энэ удаагийн тайван жагсаалаа “Боож үхлээ” гэж нэрлэснээс нь харахад аав, ээжүүдийн бухимдал туйлдаа хүрч байх шиг. Алаг үрс маань ханиад, томуунд ээрүүлж, утаатай агаарт угаартаж байхад ингэхээс өөр яах билээ. Утааны эсрэг нэгдсэн аав, ээжүүд зөвхөн жагсаад зогсохгүй нийтийн эрх ашгийн төлөө стратегийн өмгөөлөл хийхээр болжээ. Тэд утаанаас болж хохирсон иргэдийг төлөөлж Засгийн газрыг шүүхэд өгөхөөр шийдсэн байна. Энэ чиглэлээр хуульчидтай хамтран ажиллаж эхэлжээ. Утаанаас болж үр хүүхдүүдийнх нь болон өөрсдийнх нь эрүүл мэнд  хохирсон нь шүүхээр тогтоогдох юм бол иргэд нөхөн төлбөр авна гэсэн үг. Ийнхүү Засгийн газар утааны хэргээр шүүхэд дуудагдах бололтой. Гэхдээ энэ асуудал дөнгөж яригдаж байгаа учир Засгийн газар үнэхээр утааны хэрэгт унах уу, гэм буруугүй мултрах уу гэдгийг одоо хэлэхэд эрт байна. 
Харин ингэж олон нийтийн эрх ашгийн үүднээс төр, засгийн институцийг шүүхэд дуудаж байсан тохиолдол Монголд анхных биш юм. Утаа, агаарын бохирдлын улмаас иргэдийн эрүүл мэнд хохирч байгаагийн буруутан нь Засгийн газар гэж үзэж шүүхэд хандсан тохиолдол л гэхэд таван жилийн өмнө гарч байв. 2012 оны нэгдүгээр сард “Ирээдүйн хот”, “Хүний эрх хөгжил” төв гэсэн хоёр төрийн бус байгууллага Улаанбаатарын агаарын бохирдол, утааны улмаас эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн өмнөөс Засгийн газрыг шүүхэд өгөх зорилгоор тодорхой алхмууд хийсэн юм. Тэд Засгийн газрыг шүүхэд өгөх болсон үндэслэлээ Үндсэн хуульд заасан иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж чадаагүй гэж тайлбарлаж байв. Агаарын бохирдлоос болж эхчүүдийн ураг зулбах, хүүхэд нь амьгүй төрөх тохиолдол нэмэгдэж, астма, бронхитоос эхлээд амьсгалын замын өвчтэй хүмүүс олширсон. Ийм хохирогчдыг нэхэмжлэгчээр татан шүүхэд хандаж, эрүүл мэнд нь агаарын бохирдол, утаанаас болсон гэдгийг нотолж чадвал тэд Засгийн газраас нөхөн олговор авах байлаа. Гэвч энэхүү стратегийн өмгөөлөл ямар үр дүнд хүрсэн нь тодорхойгүй, тэгсгээд чимээгүй болсон юм. 
Тэгвэл энэ удаа аав, ээжүүдийн нэхэмжлэл шүүх дээр очих аваас амжилтад хүрэх болов уу. Утаанаас болж иргэд эрүүл мэндээрээ хохирсон гэдгийг эмч нар нотолж чадах эсэх, тэр нь шүүхийн шатанд Засгийн газрыг буруутгах хангалттай үндэслэл болж чадах уу, үгүй юү гээд адармаатай зүйл олон бий. Таван жилийн өмнө Засгийн газрыг утааны хэрэгт буруутгасан нэхэмжлэл дээрх хоёрын аль нэг дээр л гацсан болов уу. 
Ингэж нийтийн эрх ашгийн төлөө стратегийн өмгөөлөл хийдэг жишиг манайд л шинэ болохоос дэлхийн улс орнуудад нэлээд олон жилийн өмнөөс тогтжээ. АНУ-д нийтийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагуудын холбоо, шударга ёсны төлөө сүлжээ хүртэл бий болж институцийн төвшинд хүртлээ хөгжсөн байдаг гэнэ. Тус улсад төрийн бус байгууллагууд нь хэрэглэгчдийн эрх, байгаль орчин, хүний эрхтэй холбоотой асуудлыг хуулийн хүрээнд өмгөөлөн ажилладаг байна. 1980-1990 онд нийтийн эрх ашиг хэмээх ойлголт бусад улс орнуудад ч хүчтэй яригдаж, түүнийг хамгаалах үйл ажиллагаа идэвхжиж эхэлсэн байна. Жишээлбэл, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад арьсны өнгөөр ялгаварлан үзэх апартейд дэглэмийн эсрэг тэмцлийн хүрээнд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагаа эрчимтэй явагджээ. Мөн Англи, Энэтхэг, Бангладеш, Филиппин, Австрали, Чили, Аргентин зэрэг улс орнуудад нийтийн ашиг сонирхлыг хамгаалах стратегийн өмгөөлөл амжилттай хөгжсөн байна. Юутай ч утааны эсрэг тэмцэл өрнүүлж буй аав, ээжүүдийн стратегийн өмгөөлөлтэй төстэй жишээ олон улсад цөөнгүй бий.

Баримт-2
1994 онд Бангладешийн Байгаль орчны хуульчдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч доктор Мохиуддин нийтийн ашиг сонирхлын төлөө Бангладешийн Дээд шүүхэд өргөдөл гаргажээ. Тэрээр импортоор оруулсан хуурай сүү зөвшөөрөгдөх хэмжээнээс их хэмжээний цацраг идэвхит бодис агуулсан байгаа нь Үндсэн хуульд заасан хүн амьд явах эрхийг зөрчсөн гэж үзэн Бангладешийн Худалдааны яамны нарийн бичгийн газар болон бусад албан тушаалтнуудын эсрэг нэхэмжлэл гаргасан байна.  Энэхүү нэхэмжлэлийн  үр дүнд шүүх Бангладешийн Үндсэн хуулийн амьд явах эрхийн тухай заалтын тайлбарыг ихээхэн өргөн хүрээтэй болгожээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.