Ч.Содномцэрэн: УИХ, ИТХ-ын сонгуулийн ирцийг заавал 50-иас дээш хувиар тооцох шаардлагагүй

2017.01.04 Лхагва №001 (2144)

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны дара Ч.Содномцэрэнгээс дараахь тодруулгыг авлаа.

-Өмнөх парламентын үед ба­талсан Сонгуулийн тухай хуу­лийг задалж бүх шатны сонгуулийг тус тусад нь хуультай болгохооор Ерөнхийлөгчийн сонгуулийн ту­хай хуулийг хэлэлцэж эхэллээ. Сонгуулийн ерөнхий хороо бүх шатны сонгууль тус тусдаа хуультай байх ёстой гэж үзэж байгаа юу?
-Сонгуулийн ерөнхий хороо өмнөх парламентын үед бүх сонгуулийг нэг хуулиар зохицуулахыг дэмжих­гүй байгаагаа илэрхийлсан саналаа Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгт хүргүүлж байсан. Гэвч бидний саналыг хүлээж авах­гүй­гээр хуулиа баталсан. Өнгөр­сөн хугацаанд Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх явцад хүнд­рэл их гарсан. Яагаад гэхээр, гурван шатны сонгуулийн хуулийг нэгтгэсэн учраас орон нутгийн сонгуулийн байгууллагууд гурван өөр зохицуулалтыг хооронд нь хольж будилах явдал гарсан. Тэр бүрт нь Сонгуулийн ерөнхий хороо арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Одоо тус тусад нь нэг нэг хууль бол­­гож баталснаар будилах явдал гарахгүй гэж бодож байна. Хоёр­дугаарт, өмнөх парламентын үед баталсан Сонгуулийн тухай хуульд орхигдуулсан зүйл бага­гүй байсан. Тухайлбал, хи­лийн цэ­рэгт алба хааж байгаа хүмүүсийн саналыг хэрхэн авахыг зохи­цуулаагүй орхисон. Мөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох асуудлыг УИХ тус тусад нь хэлэлцэж хоёр тогтоол баталдаг байсан. Бүр өмнө нь бүх хууль нь тус тусдаа байхад нэг л тогтоолоор сонгуулийг товлон зарлаж санал хураах өдрийг тогтоодог байсан. Ерөн­хийлөгчийн сонгуулийн ту­хай хуулийн төсөлд үүнийг нэг тогтоолоор шийдвэрлэхээр тусгасан.
-Эх орондоо таваас доошгүй жил оршин суусан хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэж заасан нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж О.Баасанхүү гишүүн мэдээлэл хийсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхий­лөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан байдаг юм. Үндсэн хуулийн энэ заалтыг Ерөнхийлөгчийн сон­гуулийн тухай хуулийн төсөлд оруулсан. Тиймээс Үндсэн хуультай зөрчилдөхгүй.
-Санал хураалт явуулахаас өм­нөх зургаан сарын дотор сон­гуулийн хуульд өөрчлөлт оруу­лахыг хориглодог байсан. Харин энэ удаад таван сарын дотор өөрч­лөлт оруулахыг хориглож байгаа юм байна. Энэ нь олон улсын жи­шигтэй хэр зэрэг нийцэж байгаа вэ?
-2016 оны УИХ-ын сонгуулийг ажигласан Европын аюулгүй байд­­лын хамтын ажиллагааны тай­лан манайд ирсэн. Тэр тайланд “Сонгуулиа товлон зарласнаас хойш сонгуулийнхаа хуульд өөрчлөлт оруулсан нь буруу. Үүнийгээ цаашид өөрчилж хуучин хэвэнд нь оруулах хэрэгтэй” гэж зөвлөсөн байсан. Үүний дагуу Ерөнхийлөгчийн сон­гуулийг товлон зарласнаас хойш хуульд нь өөрчлөлт оруулахыг хориглосон заалт оруулсан.
-УИХ бүх шатны сонгуулийн хуулийг салгаж тус тусад нь бат­лах зорилт тавьж байгаа. Сон­гуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгуулах саналаа өгсөн үү?
-Санал өгөөгүй байгаа. Эхлээд Ерөнхийлөгчийн сонгуулийн ту­хай хуулиа баталчихаад бусад сонгуулийн хуулиа боловсруулахаар төлөвлөсөн.
-Та сум, дүүргийн ИТХ-ын сон­гуу­лийн дараа мэдээлэл хийхдээ сонгогчдын ирцийг заавал 50 хувьд хүргэж хүчинтэйд тооцдогоо болих хэрэгтэй гэж байсан. Энэ байр суурь чинь хэвээрээ юү?
-Үндсэн хуульд олонхийн санал авсан нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдоно гээд заачихсан байгаа. Тийм учраас Ерөнхийлөгчийн сон­гууль заавал 50-иас дээш хувийн ирцтэй байх ёстой. Харин УИХ, орон нутгийн сонгуулийн ирцийг заавал 50 хувьд хүргэж байж хүчин­тэйд тооцох шаардлагагүй гэж үзэж байгаа.
-Тэгэхээр Сонгуулийн ерөнхий хороо УИХ, орон нутгийн сон­гуу­лийн хуулийн төслийг хэлэлцэх үед энэ саналаа илэрхийлнэ гэсэн үг үү?
-Тийм. Манай байгууллага ийм санал гаргана гэсэн үг. ОХУ-ын Думын сонгууль өнгөрсөн жил болсон. Ирц нь 40 гаруйхан хувь­тай байсан ч гэсэн сонгуулиа хүчин төгөлдөр гэж үзээд Дум нь бай­гуулагдаж байна шүү дээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.