АН-ын сунгаа сүлжээ байгуулах уралдаан болжээ

2017.01.04 Лхагва №001 (2144)

АН-ын даргад таван хүн өрсөлдөж байна. Хэнтий аймгаас эхлэн Монгол орноо бүтэн тойрч буй нэр дэвшигчдийн уулзалт одоохондоо аядуу уур амьсгал дор өрнөж байгаа аж. Ж.Батзандан намынхан руугаа, С.Эрдэнэ нь Ж.Батзандан руугаа хатуу үг чулуудаж байгааг эс тооцвол сунгаа жинхэнэ утгаараа эхлээгүй, бие халаалтын шатандаа яваа бололтой. Өнгөн дээрээ хөтлөлцөөд сурталчилгаагаа хийж буй нэр дэвшигчид үнэн чанартаа хэн нь найдвартай сүлжээ үүсгэх вэ гэж уралдаж байгаа гэх. Одоо тайлбарлая. 

Үүрийн дарга нар хамгийн их эрх мэдэлтэй
Ардчилсан нам 2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд ялагдсаныхаа дараа намынхаа бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж, түүхийн хуудсыг цоо шинээр эхлүүлэх, фракцын, тухайлсан хүний хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавихгүй гэх хатуу шийдвэрт уг нь хүрсэн. Үүнийгээ ажил хэрэг болгохоор намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, даргаа гишүүд дэмжигчдийнхээ дунд сонгууль явуулж сонгоно гэдгээ ч зарласан. Гэсэн ч энэ нь хоосон яриа төдийхөн зүйл байгааг саналыг яаж тоолох, хэнийг намын гишүүнээр бүртгэж, татвар төлүүлэх вэ гэдгийг шийдэх үүрийн дарга нарыг хэрхэн багцалж буйгаас харж болохоор байгаа аж. 
Намын даргын сунгаанд өрсөлдөж буй Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ нарын таван хүн 40 хоногийн хугацаанд сурталчилгаагаа хамтдаа явуулахаар болсон. Тэд одоогоор Хэнтий, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр, Төв, Өмнөговь, Дундговь, Багануур, Багахангай дүүрэгт ажиллаад байна. Тодруулбал, тус намын дотоод сонгууль энэ сарын 28 хүртэл явагдана. Харин нэгдүгээр сарын 29-нд Ардчилсан намын шинэ дарга тодорно гэсэн үг. Улмаар хоёрдугаар сарын 12-нд товлосон намынхаа VII Их хурлаараа даргаа батламжлах юм.
Тэгэхээр нэгдүгээр сарын 28 хүртэл нэр дэвшигчид нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт ажиллаж, тус, тусын мөрийн хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх бодлогоо гишүүддээ тайлагнах учраас өөр өөрсдийнхөөрөө намынхаа чиг шугамыг, үзэл бодлын хамт илэрхийлж явна. Одоогоор бүх аймаг, суманд Сонгуулийн хороо байгуулаад байна. Өөрөөр хэлбэл, эндээс маргаан эхэлж буй сурагтай. Ардчилсан намын бүх дүүрэг, хороод, аймаг, сумдын үүрийн дарга нар хэнийг татвараа төлсөн гэж бүртгэх вэ гэдгийг шийдэх нөхцөл бүрдчихээд байгаа юм. Тодруулбал, намын гишүүн Дорж, Дулмаа хоёр хоёул татвараа төлөөгүй хэр нь хоёулаа өөр хүмүүсийг дэмждэг бол үүрийн дарга нь өөрийн дэмжиж байгаа нэр дэвшигчид санал өгөх хүнийхээ татварыг төлүүлээд бүртгэж авах боломжтой гэсэн үг. Нэг ёсондоо, үүрийн дарга нар хэнээс татвар авахаа мэдэх юм. Тиймээс дээрх нэр дэвшигчид сурталчилгаагаа хийхийн хажуугаар үүрийн дарга нартай тулж ажиллаж байгаа гэх мэдээлэл байна. Зарим нь мөнгө амласан гэх мэдээлэл ч олон нийтийн сүлжээгээр явж байх жишээтэй. Учир нь, гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг намын анхан шатны байгууллагууд зохион байгуулж байгаа юм. Гишүүд бүртгүүлэхдээ намын гишүүний жилийн татвар болох 1200 төгрөгийг тушаасан байх шаардлагатай. Ингэж шинэчлэн бүртгүүлснээр цахим санд орохоос гадна намын даргын сонгуульд оролцож, санал өгөх эрх нь нээгдэх юм.
АН-ын шинэчилсэн бүртгэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-ноос орон даяар эхэлсэн билээ. Энэ бүртгэлийг хоёр хоногоор сунгаж энэ сарын 6-ны 00.00 цагаар тасалбар болгох тушаалыг АН-ын дарга З.Энхболд гаргажээ. Орон нутгийн намын гишүүд шинэчилсэн бүртгэлд хамрагдах идэвх сул байгаатай холбогдуулан дунд шатны намаас бүртгэлийн хугацааг сунгаж өгөх хүсэлт гаргасныг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.

Булганы нэг хүний санал Сонгинохайрханы дөрвөн хүнийхтэй тэнцэнэ
Ардчилсан нам 180 мянган гишүүнтэй гэдгийг З.Энхболд дарга хэлсэн. Үүнээс 80 орчим мянган хүн нь даргаа сонгох сонгуульд саналаа өгөх магадлалтай гэх тооцоо байна. Гэхдээ Сонгуулийн тойрог хуваарилалт, санал тоолох аргачлалын тухай тогтоолыг тус намын даргын сонгууль зохион байгуулах хорооноос гаргажээ. Өөрөөр хэлбэл, Архангай аймаг гурван мандаттай. Үүнийг 300 оноо гэж тооцохоор журамд заасан байна. Тус аймагт нийт 4500 намын гишүүн саналаа өглөө гэж бодоход нэр дэвшигчдийн авсан саналыг 4500-д хувааж, 300-гаар үржүүлж нийт санал авсан хувийг гаргах юм байна. Энэ аргачлалаар бодвол зургаан мандаттай Сонгинохайрхан дүүргийн дөрвөн хүний санал нэг мандаттай буюу 100 оноотой Говьсүмбэр аймгийн нэг хүний саналтай тэнцэж байгаа аж. Энэ оноогоор тоолох аргачлалыг УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан Х.Тэмүүжин нар санаачилжээ. УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн парламентын үед нийслэлийн тойргийн мандатын тоог нэмэх талаар ярьж байх үед тэд дээрх аргачлалыг эсрэгээр нь ярьж байсан билээ. Тодруулбал, Архангай аймаг 94 мянган хүн амтай, УИХ-д хоёр гишүүн төлөөлж байгаа бол Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон нэг гишүүн 120 мянган иргэнийг төлөөлдөг хэмээн ярьж байв. Харин одоо АН-ын даргын сонгуулийг явуулахдаа ярьж байсан зүйлийнхээ эсрэгээр санал тоолохоор журамласанд бухимдах хүн байна. Тэдний тооцоогоор бүх аймаг, нийслэлийн есөн дүүрэг нийлээд 8350 оноо бөгөөд үүнээс хамгийн олныг цуглуулж чадсан нэр дэвшигч намын даргын сонгуульд ялах ажээ. 

Шинэчлэлийн Засгийн газрын гурав
АН-ын даргын сунгаанд оролцохоо мэдэгдээд байсан УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нам нэг сонгуулиар бүх нөөцөө шавхаж болохгүй гэсэн тайлбартайгаар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан дэнчингийн мөнгө өндөр байна гэсэн шалтгаантайгаар нэрээ татсан. Тэгвэл тэд намын даргад өрсөлдөж буй нэр дэвшигчдэд өөрийн сүлжээгээ ашиглуулах яриа хэлцэл хийсэн гэх мэдээ байна. Мөн багш нарын, нийгмийн даатгалынхны хэмээх сүлжээ ч АН-ын дотоодод зохион байгуулагдаж буй гэх хардлага байна. 
Үндсэндээ дээрх таван нэр дэвшигчийг харвал бүгд аль нэг фракцыг төлөөлж байна. Гэхдээ тэдний гурав нь Н.Алтанхуягийн удирдсан шинэчлэлийн Засгийн газарт зангидагдаж байсан хүмүүс. Үүнээс Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар шийдлийн Засгийн газарт  улирч ажилласан. МҮДН фракцын Д.Эрдэнэбат бол өнгөрсөн дөрвөн жилд Н.Алтанхуягийн Засгийн газрыг бүлэг дээр “цээжээрээ” хамгаалаж байсан хүн. Н.Алтанхуягийг намын даргаар ажиллаж дараалсан олон ялалт байгуулах үед нь генсекээр нь ажиллаж байсан. Харин “Шонхор” фракцын хоёр хүн өрсөлдөж буйн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Тэрээр Иргэний хөдөлгөөний намаас АН-д элсч байсан нэгэн. Нам дотроо дэмжлэггүй, намыг удирдах алсын зорилго агуулахгүйгээр сунгаанд оролцож байгаа гэх.Харин Л.Гантөмөрийн хувьд АЗХ буюу УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Д.Зоригт нарын дэмжлэгтэйгээр анх улс төрд орж ирж байсан бол С.Эрдэнэ 2000 онд ардчиллын төлөөх таван нам нэгдэхэд нэгнийх нь дарга байсан. 1996-2000 онд МоАХ фракцад байж байгаад 2008 онд УИХ-ын дарга асан З.Энхболдтой хамт Ардчилсан хүчний холбоог байгуулж улмаар улс төрийн “Шонхор” клубын үндсэн суурь тавигджээ. Эндээс харахад Л.Гантөмөр, Ж.Батзандан хоёр намын гал тогоонд алба хашиж байгаагүй бол нөгөө гурав нь намын дарга, генсек, нийслэлийн намын даргын алба хашиж байсан туршлагатай.

“Шонхор”-ын тохироо юу байв
УИХ-ын ээлжит сонгуулийн дараа АН есхөн суудал авч, парламентад арайхийн бүлэгтэй үлдэв. Мэдээж есөн хүндээ албан тушаалын бялуу хуваах шаардлага гарах учир арай олон суудал авсныг нь бодолцон “Шонхор” фракц УИХ дахь АН-ын бүлгийн даргыг авсан. Гэхдээ нэг тохироо хийсэн нь намын даргад фракцаасаа хүн дэвшүүлэхгүй байх байсан ч тэд өдгөө хэлснээсээ буцаад буйг “Шонхор”-оос хоёр хүн сунгаанд өрсөлдөж байгаагаас харж болно. Харин “Алтангадас” фракц УИХ-ын дэд даргын суудлыг авсан учир МҮДН фракцид намын даргын үүрэг гүйцэтгэгчийн суудал ногджээ. Энэ тохироогоор бол намын даргад өрсөлдөх эрх “Шонхор”-оос бусад фракцуудад нээлттэй байв. УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн байгуулсан МоАН фракц сонгуулийн дараа хүчээ нэлээд зузаатгаж, уулзалт, сургалт тогтмол хийж байсан ч намын даргын сунгаанд оролцохгүй үлдэх шалтгаан юу байв гэдэг нь анхаарал татсан хэвээр байна. Гэхдээ нэгэнт тэр нэрээ дэвшүүлээгүй учраас сунгаанаас хасч ярих нь зүй ёсны хэрэг биз.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.