Хохирогч эмэгтэй зээ дүүгийнхээ хамт газар дээрээ амьсгал хураажээ

2017.01.04 Лхагва №001 (2144)

Хятад эр нэг гэр бүлийн гурван иргэнийг заазуурдаж, дөрвөн настай хүү газар дээрээ амьсгал хураасан тухай мэдээлэл олныг сэртхийлгээд байна. Тодруулбал, уг хэрэг он солигдохын өмнө буюу арванхоёрдугаар сарын 31-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд гарчээ.Хэргийг 46 настай Ө гэгч үйлдсэн бөгөөд тэрээр эмэгтэй Х-ийн толгойн баруун хэсэг, 15 настай хүү Б-ийн зүүн гарыг, дөрвөн настай хүү А-ийн толгойн тус газарт заазуурдаж, хүнд гэмтэл учруулжээ. Хэргийн улмаас дөрвөн настай хүү газар дээрээ амьсгал хураасан гэдэг.

Одоо сэжигтэн Ө-г цагдаагийн алба хаагчид саатуулан, шалгаж байгаа юм. Тэрээр хэргийг үйлдэх үедээ нэлээд согтуу байсан аж. 
Бид архидан согтуурч бага насны хүүхдийн аминд хүрсэн энэхүү онц ноцтой хэргийн мөрөөр сурвалжиллаа. Энэ хүрээнд хэд хэдэн эх сурвалжтай холбогдож, тухайн үед юу болсон талаар тодруулсан юм. 
Баттай эх сурвалжийн өгсөн мэдээллээр сэжигтэн Ө, хохирогч Х нар эхнэр нөхөр гэнэ. Тэд шинэ жилийн баяраа хамаатныдаа тэмдэглэчихээд гэртээ ирсний дараа Ө гэрийнхэндээ агсам тавьсан аж. Улмаар заазуур барин гэрт байсан хүмүүс рүү дайрчээ. Энэ үед тэдний гэрт Х-ийн 15 настай хүү Б, Х-ийн зээ дүү дөрвөн настай А нь байсан аж. 
Архинд хөлчүүрхсэн согтуу эр эхнэрийнхээ толгойн баруун хэсэгт, дөрвөн настай хүү А-ийн толгойн тус газарт 2-3 удаа заазуураараа цохижээ. Хүү газар дээрээ амьсгал хурааж, эхнэр Х эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээлэл хэвлэлд гарсан ч бидэнд өөр мэдээлэл олдсон юм. Эхнэр Х нь толгойдоо авсан гэмтлээ даалгүй мөн газар дээрээ амиа алдсан байна.  Харин зүүн гартаа хүнд гэмтэл авсан 15 настай хүү Б нь ГССҮТ-д яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн очжээ. 

Гартаа гэмтэл авсан хүү дахин хагалгаанд орж магадгүй байна
Хүү анх эмнэлэгт ирэхдээ дөрвөн хуруу нь ганцхан судсан дээр тогтчихсон, харахад ч нүд хальтармаар байдалтай байжээ. Мөн биеийн байдал нь тун хүнд байсан гэдгийг ГССҮТ-д эмч нар хэлж байв. Тиймээс ирсэн даруйд нь яаралтай хагалгаанд оруулжээ. Одоо хүүгийн биеийн байдал дээрдсэн ч дахин хагалгаанд орж магадгүй байгаа юм байна. Энэ талаар ГССҮТ-ийн гар сарвуу, бичил мэс заслын тасгийн их эмч Д.Даваажаргал “Хүү анх ирэхдээ шуу болон сарвууныхаа түвшинд хагас тайрагдсан гар, хурууны үзүүрт тэжээлийн дутмагшилтай байсан. Бараг гар нь сарвууныхаа хэсгээр тасрах шахсан байсан гэсэн үг. Энэ нь нэлээд хүнд цохилтоос үүсдэг хүнд бэртэл юм. Тиймээс яаралтай мэс засалд оруулж, тасарсан мэдрэл, судас, шөрмөсийг сэргээж залгасан байгаа. Мөн хугарлуудыг бэхэлж, хурууны үзүүрийн тэжээлийг сэргээх эмчилгээ хийсэн. Одоо физик эмчилгээ хийгдэж байна” гэлээ. 
Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн хошууч Ё.Лхагвасүрэнгээс энэ хэргийн талаар тодруулахад “Арванхоёрдугаар сарын 31-нд цагдаагийн бай­гуул­лагад заа­зуур­дуулсан хүн байна гэсэн дуудлага ирсэн. Мэдээллийн дагуу цагдаа­гийн алба хаагчид шуурхай ажиллаж, сэжигтнээр 46 настай БНХАУ-ын харъяат иргэнийг саатуулан шалгаж байна. Энэ хэрэг нь ахуйн хүрээний орчинд архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн гэдэг нь мөрдөн байцаалтын эхний шатанд тогтоогдсон. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Сэжигтэн Ө өвөрмонгол эр байжээ
Тэгвэл нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн өгүүлснээр сэжигтэн Ө хятад биш өвөрмонгол эр байсан аж. Тэрээр Х-тэй эхнэр нөхөр болж, гэрлэлтээ батлуулаад 5-6 жил болоод байжээ. 
Мөн Х Өвөрмонголдоо хувийн ком­панитай нэгэн байсан гэнэ. Ө, Х нарын дундаас төрсөн хүүхэд байхгүй бөгөөд эхнэр Х нь хоёр хүүхэдтэй байжээ. Одоо цагдаагийн байгууллагаас Ө-д Эрүүгийн хуулийн 91.2.12-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Хэрэв тэрээр шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн ял авах юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.