Л.Энхболд: Тавантолгойн 49 хувийг “Шинхуа”-д 400-хан сая доллараар зарахыг хэрхэвч зөвшөөрөхгүй

2017.01.04 Лхагва №001 (2144)

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр сүүлийн үед олон нийтийн хамгийн их анхаарал хандуулж буй Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавиад байгаа юм. 

-Та Тавантолгойн хэлэлцээр болон Таван­толгойтой холбоотой асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Асуул­гын тань хариуг ирүүлсэн үү?
-Тавантолгойтой холбоотой асуудлаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд Ерөн­­хий сайдад асуулга тавьсан. Одоогоор хариу ирүүлээгүй байна. Хуулийн хүрээнд нэг сарын дотор асуулгад хариу ирүүлэх учир­тай. Тэгэхээр энэ сарын 20-ны дотор хариу ирүүлэх байх. 
-Таны асуулгад олон нийтийн хамгийн их анхаарал хандуулж байгаа асуудал болох Тавантолгойн 49 хувийг Хятадын “Шинхуа”-д өгөх гэж байгаа эсэхэд тодорхой хариулт хүссэн асуулт багтсан харагдсан?
-Олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр Тавантолгойн 49 хувийг “Шинхуа”-д өгөх гэж байгаа гэсэн ойлголт давам­­гайлж байна. Харин үлдсэн 51 хувь дээр нь “Энержи ресурс” корпораци очно. Мөн 51 хувиа 100 хувь гэж үзвэл “Эрдэнэс Тавантолгой”-д 34 хувь, Мongolian mining corporation-д 66 хувь ногдоно, борлуулалтыг нь “Энержи ресурс” хариуцаад үндэсний ком­­па­ниуд оролцоно, “Сүмитомо” борлуу­лалтын 25 хувийг хариуцна гэсэн схем яваад байгаа юм. Тиймээс дээрх мэдээлэл дээр тул­гуур­лаж асуулга тавьсан юм. Үнэхээр Тавантолгойн 49 хувийг “Шинхуа”-д 400 гаруйхан сая доллараар зарах гэж байгаа бол хэрхэвч зөвшөөрөхгүй. УИХ-ын гишүүний хувьд эсрэг кноп дарах нь ойлгомжтой шүү дээ. 
-Эдийн засгийг сэргээх гол алхмуудын нэг бол том төсөл, хөтөлбөрүүдээ урагш­луулж, эргэлтэд оруулах гэдэг дээр УИХ-ын гишүүд санал нэг байдаг. Тиймээс Таван­толгой төслийн хэлэлцээг үргэлж­­лүүлж эхэлсэн. Мэдээж энэ асууд­­лаар УИХ-ын олонхийг бүрдүүлж байгаа на­мын­хан бүлгийн хуралдаан дээрээ ярьсан. Бүлэг дээрээ Тавантолгой төслийг хэрхэн, яаж үргэлжлүүлнэ гэж ярьж байгаа вэ. Мөн та хувь гишүүний хувьд өөрийн байр суурийг илэрхийлбэл?
-Эдийн засаг хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Асуудал маш их байна. Гэхдээ асуу­дал их байлаа гээд аливаа зүйлд хөнгөн, хуумгай хандаж болохгүй. УИХ-аар 2017 оны төсвийг батлахдаа эдийн зас­гийн өсөлтийг гурван хувьд хүргэнэ гэж баталсан. Одоо бол эдий засгийн өсөлт 1.6-аас доошилсон байна. Үүнийг 1.3-1.4 хувиар өсгөнө гэсэн үг. Энэ зорилтдоо хүрэхийн тулд томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөл­гөх, төрийн өмчийн компаниудаа хувьчлах гэх мэт олон зүйлийг төлөвлөсөн. Энэ хү­рээнд Оюутолгойн гүний уурхайн бүтээн бай­гуулалтыг үргэлжлүүлэх, Тавантолгойг эрчимжүүлэх ёстой юм. Мөн Тавантолгой-Гашуун­сухайт чиглэлийн төмөр зам, Таван­­толгойн цахилгаан станц зэрэг то­моо­хон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлс­нээ­­рээ эдийн засагт ямар ч гэсэн гэрэл, гэ­гээ харагдана гэсэн дүр зургаар төсвөө ба­тал­сан. Эдгээрээс сүүлийн үед эрчимтэй яриг­даж байгаа нь Тавантолгойн асуудал. Тавантолгойн лицензийн хувьд 100 хувь төрийн мэдэлд үлдээгээд, үйл ажиллагааны явцыг бүгдийг нь аж ахуйн нэгжүүдэд өгөх асуудал л яригдаад байгаа юм.   
-Ямар нэгэн хувилбар гаргаж хэлэлцсэн үү?
-Хувилбарын хувьд Монгол Улсад ашиг­тай, Монголын ард түмнийг хохироож болох­гүй, эдийн засагт үр өгөөжөө өгөх ёстой. Асуудлын гол нь маш их хэмжээний бая­лагтай, ард түмний өмч дээр хэзээ ч хөнгөн хандаж болохгүй. 2.2 тэрбум тон­нын нөөцийн асуудал шүү дээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой”-н эзэмшдэг лицензийн нөөц нь 2.2 тэрбум тонн гэсэн үг. Түү­ний 600 орчим сая тонн нь коксжсон нүүрс байгаа юм. Ингээд бодохоор 400 сая доллараар 49 хувийг нь өгнө гэвэл дэндүү харам­салтай зүйл болно. Хэрвээ ийм зүйл байгаа бол энэ хувилбарыг зөвшөөрөхгүй. Ийм хардлага яваад байгаа учраас асууд­лыг яаралтай тодорхой болгох ёстой гэж намын бүлэг дээр хэлэлцэх асуудлын жаг­саалтад би оруулсан. Бүлгийн асуу­дал өөрөө нууц байдаг. Гэхдээ юуг нь нуух вэ. 
-Байнгын хороо болон УИХ-аар орох­гүй­гээр энэ асуудал явчихаж магадгүй гэдэг үүднээс хандаж дээ. Ийм практик бол манайд бий л дээ...
-Яг тийм. Ингэж эрчимтэй хэлэлцэж байгаа нь УИХ болон аль нэг Байнгын хороогоор хэлэлцэхгүй явчих гээд байгаа юм биш биз. Нөгөөтэйгүүр, ард түмэн бас хардаад байна. Үнэхээр 400 сая доллараар зарах гээд байна уу, үгүй юү гэж. Тиймээс хардлагыг тайлах ёстой шүү дээ. 
-400 сая долларын асуудлаар бүлэг дээр ямар зүйл хэлсэн бэ?
-400 сая доллараар зарахгүй, тийм зүйл байхгүй гэдгийг хэлсэн. Түүнээс гадна хэд хэдэн хувилбарыг бид ярилцаж байгаа. Гэхдээ ямар нэгэн бэлэн болчихсон төсөл байхгүй. Хэлэлцээрийн төвшинд үргэлжилж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг хэлэлцээгээ хийгээд, “Шинхуа”-гийн зарим нэг удирдлагатай уулзаад явж байгаа юм билээ. Ер нь бол барьж байгаа зарчим юу гэхээр, Тавантолгойн 2.2 тэрбум тоннын 600 сая нь коксжсон нүүрс. Одоогийн ханшаар коксжсон нүүрс дэлхийн зах зээл дээр тонн нь 200 гаруй ам.доллар байгаа. Ингээд бодоод үз. Коксжсон нүүрснээс гадна эрчим хүчний нүүрс байна. Үүний үнэлгээг мөн бодоод үз. Энэ эрх ашгаа хэрхэн бодож байгаа вэ гэдэг асуудал байгаа юм. Эсрэгээрээ гуравдугаар сард төлөх 580 сая долларын өрөө төлөхийн тулд түүгээр халхавч хийж, 49 хувиа 400-хан сая доллараар тавиад туучих вий гэсэн болгоомжлол байгаа.
-Тавантолгойн асуудлыг Байнгын хо­роо, УИХ-аар оруулна биз дээ?      
-Удирдлагуудтай ярьж тохирсон. Байнгын хороо болон УИХ-аар оруулж байж эцэслэн шийдвэрлэнэ. Энэ үед аль ашигтай хувилбаруудаа ярьж эхэлнэ. Гэхдээ зарна гэсэн ойлголт байх ёсгүй. Лиценз 100 хувь “Эрдэнэс Тавантолгой”-д үлдэнэ, аж ахуйн нэгжүүд оролцоод явна. Оролцохдоо зүгээр нэг туслан гүйцэтгэгчээр биш, олбор­лосон нүүрсээ өөрсдөө борлуулаад, борлуулснаасаа хувааж өгөх л яриа явагдаад байгаа юм билээ. Яг одоогийн байдлаар.
-Тэгэхээр ашиггүй гэсэн үг үү?
-Тийм. Алдагдалтай. Яагаад гэхээр, жи­шээлбэл, 100 тонн нүүрс борлуулъя гэж бодъё. 49 тонныг нь “Шинхуа” мэдээж бор­луулна. Нөгөөтэйгүүр, “Энержи ресурс” 33.3 тонныг борлуулах гээд байгаа байхгүй юу. Тэгэ­хээр үлдсэн 17.7 тонн нь “Эрдэнэс Таван­толгой”-н борлуулалтын орлого болж ирэх гээд байгаа юм. 20, 30 жил ингэж явна гэвэл Монгол Улсад үнэхээр хэцүү зүйл. Тийм учраас арай өөр хувилбар л хайна. Яахав энэ хувилбараар 2-3 сар явахад л өрөө төлөөд дуусчихна. Өрөө төлөөд дуусчихна гэдэг чинь ашигтай ажиллаж байгаа хэрэг шүү дээ. Уг нь “Эрдэнэс Тавантолгой” 100 хувь өөрөө борлуулаад явах боломж бий. Гэтэл яагаад энэ хувилбар руу явахгүй хурдан мөнгөтэй болох чиглэлд яваад байна гэхээр өнөөдөр эдийн засаг хүнд байгаа учраас тэр. Гэхдээ ашигтай хувилбар л олох хэрэгтэй. 
-Өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан ажлын хэсгийн гаргасан төсөл одоо яваад байгаа гэсэн мэдээлэл байна?
-М.Энхсайханы хийж байсан схемын загварчлалыг жаахан өөрчилсөн. Юу гэхээр, төмөр замыг “Шинхуа” барина. Ингэхдээ 49 хувийг “Шинхуа”, 51 хувийг Монголын төр эзэмшинэ гэснийг нэмсэн л хувилбар орж ирж байгаа. Бусад нь ижил. Гэхдээ энэ бол эцсийн шийдвэр биш. Хэлэлцээрийн төвшинд байгаа. Гол нь орон нутаг, ард иргэдийн нийгмийн асуудлыг шийдсэн байх ёстой, үндэсний компаниудаа дэмжсэн байх ёстой. “MCS”-ийг үндэснийх биш гэж хэлж чадахгүй. Оролцохыг нь дэмжиж байгаа. Гэхдээ яагаад заавал ганцхан “MCS” гэж. Олон компани байгаа ш дээ. Нөгөөтэйгүүр гишүүд бас нэг зүйл дээр эргэлзэж бай­гаа. Тавантолгойн  51 хувьд үндэсний ком­паниуд, 49 хувьд “Шинхуа” гэж яриад байгаа байхгүй юу. Яах юм бэ. 51 хувийг төр аваад, 49 хувь дээр нь үндэсний компаниуд орох бүрэн боломжтой. Хамтраад явах ч бололцоо бий. Энэ бол миний бодол. Ер нь бол эдийн засгийг хурдан сэргээх гол хүчин зүйл бол Тавантолгой. Тиймээс хурдтай хөдөлмөөр байна. 
-М.Энхсайханы гаргасан Тавантолгойн төслийн гэрээг тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан Таван­толгой төслийн гэрээг дүгнэх аж­лын хэсэг хууль зөрчсөн гэж дүгнээд гацаа­чихсан. Тэгэхээр хууль зөрчсөн гэсэн дүгнэлттэй гэрээг оруулж ирсэн гэсэн үг үү?
-Тэгж орж ирвэл дахиад гацна. Мэдээж тэр олон гишүүдийн хууль зөрчсөн гэж дүг­нэсэн төслийг оруулж ирж болохгүй шүү дээ. Нийгэмд нэг буруу ойлголт бий бол­гочихсон юм байна лээ. Тэр нь юу гэхээр, газар нутгийн буюу Тавантолгойн 49 хувийг зарах гэж байгаа гэсэн ойлголт. Зарах биш. “Шинхуа” оператороор ажиллаад бүх бор­луулалтынх нь 49 хувийг авна гэдэг нь л жаахан асуудалтай байгаа юм. Тийм учраас 1072 ширхэг хувьцааны эзэд уурлахаас өөр аргагүй шүү дээ.   
-Ер нь “Чалко”-гийн өрийн үлдэгдэл хэд байгаа бол?
-80 орчим сая доллар үлдсэн байгаа.
-Та түрүүнд хурдтай хөдөлмөөр байна гэж ярьсан. Яг ийм шүүмжлэл олон нийтийн дунд ч байна. Цаг хугацааны хувьд хамгийн хурдан бүрдсэн Засгийн газар хамгийн удаан ажиллаж байна гэж яриад байна?
-Ард түмэн юу хүсээд байна вэ гэвэл, хариуцлагыг л хүсэж байгаа. Хариуцлага алдагдсанаас болж Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн. Үүнийг л өнөөгийн Зас­гийн газраас ард түмэн шаардаад байна. Бусдаар нийгмийн асуудлыг нь бол тодорхой хэмжээгээр шийдээд л байгаа. Гол нь яагаад удаад байна вэ гэхээр, өөр эх үүсвэрээ хайхгүйгээр өөрт байгаа бэлэн зүйл рүүгээ дайраад байна. Өнөөдөр тэр оффшор бүсэд байгаа нөхдүүдийнхээ асуудлыг шийдэх ёстой юм уу, “Эрдэнэт”-ийг яаж худалдаад авчихав гэдэг асуудлаа шийдэх ёстой юм уу. Мөн Хөгжлийн банкны асуудал байна. Том төсөл хөтөлбөр болгоны ард хулгай явж байгаа. Удахгүй нууцаас гаргаж, олон нийт мэдэх байх. Ханшны зөрүү дээрээс л гэхэд 694 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд явж байх жишээний. Энэ болгонтойгоо тэмцэж чадахгүй байгаа учраас Засгийн газрыг бид удаан гэж хэлээд байгаа юм.  
-Зоригтой шийдвэр гаргаж чадахгүй байна гэсэн үг үү?
-Яг үнэн. Зоригтой шийдвэр гаргаж ча­дах­гүй байгаа. Жишээлбэл, энэ Таван­толгойн хэлэл­цээ зэргээ хурдлах хэрэгтэй ш дээ. Олон нийтэд нээлттэйгээр УИХ-ын төв­шинд оруулж ирээд, хэлэлцүүлээд, асууд­лаа шийдүүлээд явах хэрэгтэй ш дээ. Он дамжуулаад дүлэгнээд, ганц нэг гишүүн асуулга тавиад яваад байх шаардлага уг нь байхгүй. Ард түмэн Засгийн газраас ийм хурдыг л шаардаад байгаа байхгүй юу. 
-Нөгөөтэйгүүр, ирэх гуравдугаар са­рын 21-нд 580 сая долларын өр төлөх шаард­лагатай. Гэвч үүнийг төлөх эх үүсвэрийг Зас­гийн газар одоог хүртэл олоогүй л бай­на. Хятадаас зээл авах гэсэн чинь бүтэх­гүй тал руугаа явчих шиг боллоо. "Стэнд бай" хөтөлбөр мөн чимээгүй болчихлоо...
-580 сая долларыг төлөх эх үүсвэр гэж олон хүн ярьж байна. Ер нь бол гаргалгаа байгаа. Гэхдээ үүнийг одоо хэлэх боломжгүй. Монголын төр энэ мөнгийг хугацаанд нь төлөх нь гарцаагүй. Бондын мөнгө төрийн өмчит хэдхэн компани руу урсаад, тэр нь чанаргүй зээл болоод одоо ийм байдалтай болчихсон шүү дээ. Зарим гишүүн шуудхан хэлж байна. Монголд эдийн засгийн биш шуналын хямрал нүүрлэсэн гэж. Бодит байдал ийм л байна даа. Тиймээс Засгийн газар хариуцлагаа хурдан тооцоод эхлэх ёстой. 
-Өр төлөх, эдийн засгаа сэргээх, тогтвор­жуулахын тулд Монгол Улсад мөнгө маш их хэрэгтэй байгаа. Тэр үүднээсээ УИХ-ын дарга гурван ч улс орноор айлчилж, хөнгөлөлттэй зээл авах хүсэлт тавьсан байсан. Нөхцөл байдал нэлээд хүнд тал руугаа явчихав уу даа гэж хүмүүс харж, ярьж байна?
-Ер нь бол хүнд байгаа. УИХ-ын дарга улс орнуудаар айлчилж, санхүүгийн дэмжлэг хүссэн. ОХУ-аас л гэхэд 100 тэрбум рублийн асуудал яригдсан гэж байгаа. Хана мөргөөд буцсан зүйлүүд олон байгаа л даа. Гэхдээ өнөөгийн нөхцөлд манай улсын эдийн засагт "амь тариа" гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй байгаа. Энэ утгаараа явж байгаа байх. Мөн хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэсэн гол зорилгоор айлчлал хийж байгаа гэж бодож байна. Ер нь бол жаахан тааруухан яваад ирсэн байна лээ. Гэхдээ өр зээлгүй улс орон гэж байхгүй шүү дээ.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.