Утааны талаар Засгийн газарт чиглэл өглөө

2017.01.04 Лхагва №001 (2144)

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд агаарын бохирдлын эсрэг ажиллаж байгаа төрийн байгууллагын төлөөлөл ирж, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм. 
ДЭМБ-аас агаарын чанар муутай 50 хотыг нэрлэхэд жагсаалтын 47 дугаарт Улаанбаатар хот орсон байна. Улаанбаатар хотод агаарын чанарыг хянах 14 автомат станц байдаг бөгөөд агаарын бохирдлын хэмжээг өдөр бүр хэмждэг аж. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд РМ 2,5 жижиг тоосонцрын хэмжээ байх ёстой хэмжээнээс долоо дахин өндөр байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тавьж тодруулга авсан юм. 
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр утаа хэдэн хувиар буурах вэ. 120 мянган айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ гэж байна. Шөнө нь дулаанаа хураагаад өдөр нь ажилладаг төхөөрөмж Монголд бий юү. Тоолуурыг импорт, НӨАТ-ын татвараас чөлөөлж байгаа юу. Өнгөрсөн хугацаанд утаа бууруулах ажилд хэчнээн төгрөг зарцуулсан бэ. Олон нүүрс угаах үйлдвэр, утаагүй түлшний үйлдвэр байгуулагдсан. Үүнд хэчнээн төгрөг зарцуулсан бэ?
Ажлын хэсэг: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд 132 тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо судалгаа байдаг. Үүнээс сайжруулсан зуух, түлшний татаасанд 98 хувийг нь зарцуулсан. Өнөөдөр сайжруулсан зуухны хэмжээ 2015 оны тооллогоор 99 мянган ширхэг буюу 50 гаруй хувьтай байна. Ирэх долоо хоногт агаарын бохирдлыг бууруулах асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу үзэсгэлэн гаргаж байгаа. Үүн дээр технологийн шийдлийн үзэсгэлэн танилцуулагдана. 
Өдөр шөнийн цахилгааны хэрэглээг тооцдог ухаалаг тоолуурыг айл өрхөд тавихыг шаардаж байгаа. Одоогийн байдлаар 146 мянган айл өрх УБЦТС-тэй гэрээтэй. Эдгээр өрхөөс 110 орчим мянга нь тарифтай тоолууртай. Үлдсэн хэрэглэгчдэд тоолуур тавих хэрэгцээ шаардлага байна. Гэр хорооллын нэг айл өрхөд хоёр квт хүртэл чадалтай халаах хэрэгслийн цахилгааны эх үүсвэр зарцуулах төлөвлөгөө бий. Үүнд тулгуурлан айл өрхийн шөнийн халаах хэрэгсэлд зориулж хөнгөлөлт үзүүлж байна. 
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Агаарын бохирдлыг бууруулах ажлыг үе шаттай хийх ёстой. Хамгийн түрүүнд утааг бууруулахад ямар ажил хийх шаардлагатай байна вэ. 2020 он хүртэл дэс дараатай ямар ажил хийх вэ. Цахилгааны үнийг орон нутагт тэглэх үү. Утааг бууруулах чиглэлээр эрдэмтдийн баг ажиллуулж байгаа гэсэн. Үүнд 600 сая төгрөг төсөвлөсөн тухай ярьж байна лээ. Тэд ямар чиглэлээр судалгаа хийх вэ. Одоо утааг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
Ажлын хэсэг: Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаан арванхоёрдугаар сард болсон. Хуралдаанаар цаашид яах вэ гэдгээ ярилцаад бодлогын баримт бичигтэй болохоор төлөвлөж байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар 198 мянган яндан байгаа. Цаашид яндангийн тоог нэмэгдүүлэхгүй, багасгах бодлого барья гэж байгаа юм. Эхний ээлжинд түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, сайжруулсан болон шахмал түлшээр хангах шаардлагатай болсон. Ингэхийн тулд шахмал болон сайжруулсан түлш үйлдвэрлэгчидтэй нийслэл болон БОАЖЯ-ны холбогдох албаны хүмүүс уулзсан. Уг үйлдвэрүүд жилд 220 мянган тонн шахмал түлш нийлүүлэх хүчин чадалтай. Хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар Эрчим хүчний яамныхантай уулзалт яриа хэлцэл хийж байна. Дунд хугацаандаа айл өрхүүдийн дулааныг цахилгаанаар шийднэ гэж төлөвлөсөн. Бүр алсдаа хийн халаалтад шилжүүлэх зорилт тавин Агаарын бохирдлыг бууруулах хорооныхон ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өгсөн бас нэг чиглэл нь нийтийн тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэх үүрэг өгсөн. Мөн үзлэг оношилгоогоо сайжруулах чиглэл өгөөд байгаа. 
Шөнийн тарифыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн тарифыг тэглэх арга хэмжээ авч байгаа. Ирэх онд 10 аймгийн төвд дулааны станц барих санхүүгийн эх үүсвэрийг шийднэ. Энэ хүрээнд БНСУ-ын “Экзим” банкнаас 130 сая ам.долларын хөнгөлөлтэй зээл авахаар ярилцаж байна. Зээлийн гэрээг энэ хавар хийхээр төлөвлөж байгаа. 
Нийслэл, Японы олон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтыг сайжруулах” 2.7 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж байна. Энэ төсөл гурван үе шаттай, одоо хоёрдугаар шат нь шувтарч байна. Агаарын бохирдлыг хэмжих суурин станц нийслэлд 13 байдаг. Эдгээр станцад ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлд мөнгө нь зарцуулагдсан. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар цэвэр агаар” төсөл хэрэгжиж байна. Сайжруулсан түлш, зууханд багагүй төсвийг нь зарцуулсан. 
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та бүхэн утаатай буруу тэмцэж байна. Жил ирэх тусам утаа нэмэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд 200-гаад тэрбум төгрөг зарцуулжээ. Тэгсэн хэр нь энэ утаа буурсангүй. Гэр хорооллын 50 хувьд нь зуух тараасан гэсэн хэр нь утаа яагаад буурахгүй байна вэ. Үүнд хариуцлага тооцоод, албажуулаад явахгүйгээр зүгээр яриад өнгөрвөл ямар ч хэрэггүй. 
Ажлын хэсэг: 2009 онд утаагүй түлш үйлдвэрлэхээр дулааны хоёрдугаар цахилгаанд станцад 17 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжсэн юм билээ. 2012 оны эцэс гэхэд утаагүй түлшний үйлдвэр бүрэн ашиглалтад орсон. Гэтэл хоёр зуухаа өөрчлөөд Багануурын нүүрснээс кокс гаргая гэсэн байгаа юм. Энэ коксыг гаргах ажил горимынхоо хувьд болоогүй. Хоёр жил туршигдаад 2013 оныг дуустал ажилласан ч шаардлага хангасан кокс гарч чадаагүй. Өөрөөр хэлбэл, зуухны горим ажиллагааг тохируулж чадаагүй. 
УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Утааны асуудлыг шоу болгох хэрэггүй. Хариуцлагын, ядуурлын утаа болчихлоо. Утаанд зарцуулсан 200 тэрбум төгрөг хаачсан бэ. Хяналт шалгалт явуулж үзсэн үү. Үүнд сахилга, хариуцлагын арга хэмжээ авъя.
Ажлын хэсэг: Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулаад эцсийн шийдвэрээ гаргая. Одоо хамгийн чухал асуудал нь бид үндэсний хөтөлбөртэй болох ёстой байгаа юм. Утаатай хэрхэн яаж тэмцэх вэ гэдэг төрийн бодлого тодорхой бус байгаад байна. Үе үеийн Засгийн газар тухайн үедээ ийм ажил хийнэ гээд төлөвлөөд явж байсан. БОАЖ-ын сайд Үндэсний хөтөлбөр боловсруулна гэсэн. Тэр хөтөлбөрийг боловсруулахад Ерөнхийлөгчийн тамгын газар ихээхэн ач холбогдол өгч байна. 
УИХ-ын гишүүн А.Сүхбат: Утааны хэмжээ өнгөрсөн таван жилээс хэдэн хувиар нэмэгдсэн бэ?
Ажлын хэсэг: 2011-2016 оны дунджаас харахад 2012 онд хамгийн их утаатай байсан. Өнөөдрийн байдлаар агаарын бохирдол дунджаас долоо дахин их байна. 
Гишүүд ийн асуулт тодруулга авсны дараа “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлд тусгах саналаа хэлж тогтоолын төслийг баталлаа.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.