Цагдаа нар алуурчин “Санта Клаус”-ын халуун мөрөөр оржээ

2017.01.04 Лхагва №001 (2144)

Туркийн цагдаа нар “Рейна” шөнийн клубт гарсан аллагыг үйлдсэн этгээдийн талаар хангалттай мэдээлэлтэй болж, баривчлахад ойртжээ. Цагдаагийн тусгай албаныхан энэ сарын 2-ны шөнө Зейтинбурнд тусгай ажиллагаа явуулж, 12 хүнийг баривчилсан байна. Гэхдээ тэдний дунд алуурчин байхгүй нь баттай гэнэ. Учир нь, цагдаагийнхан алан хядагчийн хурууны хээ болон нүүр царайных нь бичлэгийг олж аван хэн гэдгийг нь баттай тогтоожээ. Ерөнхий сайдын орлогч Нумэн Куртулмус өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Алуурчны халуун мөрөөр орсон, аль болох хурдан барина” гэж амалсан юм. Түүний хэлсэнчлэн, цагдаа нар алан хядагчийг идэвхтэй эрэн сурвалжилж байгаа бөгөөд Зейтинбурнаас гадна дөрвөн ч газарт ижил төстэй баривчлах ажиллагаа явуулсан гэх мэдээлэл байна. Туркийн төрийн мэдлийн “Анадолу” мэдээллийн агентлаг алан хядагч Санта Клаусын зургийг олон нийтэд цацсаны дээр бусад цахим сонинууд бичлэгийг нь олон нийтэд хүргэсээр байна. Гэхдээ өөр, өөр газарт хийгдсэн тэдгээр бичлэгийг алан хядагчийнх яг мөн эсэхийг батлах боломжгүй юм. Халдлагыг “Лалын улс” бүлэглэл үйлдсэн байж болзошгүй гэж байгаа ч орон нутгийн хэвлэлд алуурчин Санта Клаусыг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Узбекистан, Киргизстанаас ирсэн байх магадлал өндөртэй хэмээн бичиж буй нь анхаарал татаж байгаа юм. Түүнээс гадна халдлагыг Турк улс курдуудын эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлснийх нь төлөө, лалын шашинтнуудын дунд  цус асгаруулсан тэмцэл үүсгэснийх нь төлөө үйлдсэн гэсэн таамаглал ч гарч байна.      

Хохирогчдын байдалямар байна
Халдлагад нийт 108 хүн өртөсөнөөс 39 нь нас барж, хүнд хөнгөн шархадсан 69 хохирогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Амиа алдагсдын 29 нь гадаад улсын иргэд байжээ. Мөн амиа алдсан нэг хүнийг хэн гэдгийг нь одоо болтол тогтоож чадаагүй байгаа гэнэ. Түүнээс гадна, шархдагсдын дунд гурван хүний биеийн байдал маш хүнд байгаа учир амиа алдагсдын тоо нэмэгдэх магадлалтэй гэж Туркийн хэвлэлүүд онцолж байна. Халдлагын хохирогч, “Рейна” шөнийн клубын бармен Мехмет Иланийн хэлснээр, алуурчин дандаа хүмүүсийн бүсэлхийнээс дээш онилон буудаж байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, хөл буюу гартаа хөнгөн шарх авсан хүн бараг үгүй гэнэ. Энэ нь алуурчин хүмүүсийг зүгээр шархдуулаад орхих бус, аль болох олон хүн хөнөөх зорилготой харгис нэгэн гэдгийг баталж байгаа ажээ. “Рейна“ нь Стамбулын хамгийн өндөр зэрэглэлийн клубуудын нэг учраас урлаг, спортын одууд байнга үйлчлүүлдэг байсан гэнэ.   

Амиа алдагсад
Турк: 11
Саудын Араб: 7
Ирак: 3
Ливан: 3
Иордан, Энэтхэг, Марокко: Улс тус бүрээс 2
Герман, Сири, Израиль, Франц-Тунис, Тунис, Бельги, Кувейт, Канад, ОХУ: Улс тус бүрээс 1
Туркийн цагдаа хүчний байгууллага онц байдалд ажил үүргээ гүйцэтгэж байна. Тус улсын гадаад бодлого өнгөрсөн онд маш идэвхтэй байсан нь алан хядагчдын бай болох эрсдлийг ч хамт дагуулж ирсэн байна.   

2016 онд Туркт гарсан халдлагууд
Арванхоёрдугаар сарын 10. Стамбул дахь цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн тэмцээний үеэр хоёр дэлбэрэлт болж, 44 хүний амь нас хохирсон. Энэ халдлагын хариуцлагыг Курдын хэт даврагч бүлэглэл хүлээсэн.
Наймдугаар сарын 20. Газиантеп хотод хуримын үеэр халдлага гарч, 30 хүн амь үрэгдсэн.   
Долдугаар сарын 30. Курдын 35 зэвсэгт дайчин Туркийн цэргийн баазыг эзлэх гэж оролдов. Баазын цэргүүд курдуудыг бүгдийг устгасан юм.
Зургадугаар сарын 28. Стамбул дахь Ататуркийн нэрэмжит нисэх онгоцны буудалд тэсрэх бөмбөг, буугаар зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдэж, 41 хүний амь насыг хөнөөсөн.  
Гуравдугаар сарын 13. Курдын зэвсэгт бүлэглэлийн гишүүд Анкарад автомашин дэлбэлж, 37 хүний аминд хүрэв. 
Хоёрдугаар сарын 28. Цэргийн цуваа руу халдаж, 28 хүний аминд хүрсэн халдлага Анкарад гарав.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.