Сирийн сөрөг хүчин энхийн хэлэлцээрт орохоос татгалзлаа

2017.01.04 Лхагва №001 (2144)

Сирийн сөрөг хүчнийг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүд энэ сарын сүүлээр Казахстаны нийслэл Астанад явагдах байсан энхийн хэлэлцээрт оролцохоос татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Мэдэгдлийг сөрөг хүчний талыг баримталдаг 10 гаруй зэвсэгт бүлэглэлийн нэрийн өмнөөс гаргасан байх бөгөөд түүнд “Засгийн газрын цэргүүд гал зогсоох гэрээг удаа дараа зөрчиж байгаа тул Астанагийн хэлэлцээрт бэлтгэх ажил болон түүнтэй холбоотой бүх асуудлыг зогсоолоо” гэсэн байжээ.
Тэдний хэлсэнчлэн, Сирид гал зогсох гэрээ хэрэгжихгүй байгаа нь үнэхээр үнэн юм байна. Сирийн асуудлыг энхийн замаар зохицуулах зөвлөлийн мэдээлснээр, зөвхөн энэ сарын 2-ны өдөр л гэхэд гэрээ зөрчигдсөн тохиолдол 34 удаа гарчээ. Үүний 16 нь Дамаск, долоо нь Латакия, зургаа нь Алеппо, тав нь Хама мужид гарсан байна.  
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн сарын 29-ний өдөр мэдэгдэл хийж, сөргөл­дөгч талууд гал зогсоох гэрээ байгуулсан төдийгүй удахгүй энхийн хэлэлцээрийг эхлүүлэхээр тохирсон гэсэн гэгээлэг мэдээг олон нийтэд дуулгасан юм. Түүний хэлсэн гал зогсоох гэрээ өнгөрсөн сарын 30-ны 00:00 цагаас хэрэгжиж эхэлсэн ч үр дүн нь ийнхүү тааруухан гарч, Астанагийн уулзалт ч цуцлагдах нөхцөл байдал үүсчээ.      


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.