Есөн аяганы харваа буюу үндэсний өвлийн спорт

2017.01.04 Лхагва №001 (2144)

Жаварт ажраагүй жавхаатай харваачид
Шинэ оны эхний өдрийн нар чанх дээр голлож, идэр есийн жавар жаахан зөөлрөв үү гэлтэй. Богд хан уулын энгэр, Туул голын хөвөөгөөр олон машин ярайж, цагаахан цасан дээр хүүхдүүд улаан, цэнхэр, ягаан, ногоон өнгийн чаргаар гулгаж, эцэг эхчүүд нэг өдөр ажлын алжаалаа тайлан байгаа харагдана. Хотоос зайдуу, бас цэнгэг агаарт хүмүүсийн инээд цуурайтна. Тэдний дунд монгол дээл, малгай, гутлаар гоёсон хэсэг хүмүүс содон байлаа. Тэд голын урсгал дагуу дөрөв хуваагдан сууцгааж, үе үе нэгэн дуугаар уухайл­на. Үүнтэй зэрэгцэн наадам, Цагаан сарыг санагдуулам нүүдэлчин ардын ахуй амьдралыг илтгэсэн сайхан аялгуу эгшиг­лэнэ. Тэдний нэг хэсэг бололтой хурган дотор­той дээл, үнэгэн малгайтай эрчүүд халуун цай оочлон бөөгнөрөн сууц­гааж, ямар нэгэн хөгжилтэй зүйл ярилцаж буй бололтой инээлдэнэ. Цай болон ам­наас нь уур савсаж, агаарт шингэн үгүй болох аж. Хоёр ес эхэлсэн хэдий ч хүмүүс даарсан шинж харагдсангүй. Бүгд баяртай бас тайван үзэг­дэнэ. Тэнд юу болж буйг сонирхон очлоо. Тавь эргэм насны нэгэн эр “Заяын ша­вийн хошуунд нэг  өвчин дэгдсэн гэдэг. Энэ бүхэнд санаа нь чилсэн Зая гэгээн нэгэн мэр­гэн хүнээс өвчнийг хэрхэн дарах тухай асуутал,
-Энэ өвчин эдгэдэг өвчин байна. Харин чи шавь нараа мөсөн дээр удаан байлга гэжээ. Тэр үед зуны дунд сар байжээ. Мөс хөлдөх боломж­гүй байсан тул Зая гэгээн номын хүчээр сүмийнхээ сүүдэрт мөс хөлдөөгөөд долоон хоног дэг жаягыг нь боловсруулаад, нут­гийнхаа ардуудаар нэгэн наадгай тог­луулж эхэлсэн гэдэг. Энэ нь явсаар одоогийн мөсөн шагайн наадгай аж. Энэ спорт үүссэн талаар нутгийн ардын дунд ийм домог байдаг юм билээ” гэж тойрсон олонд сонирхуулан ярина. 
Сая л нэг юм дээлтнүүдийн юу хийж буйг ойлголоо. Есөн аяганы харваа хэ­мээх мөсөн шагайн наадгай болж байгаа нь энэ байна. Жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдөр болдог уламжлалтай гэнэ. Дөрөв дэх удаагийн энэ тэмцээнд 70 орчим хүн оролцож, хоёр зоо болон хуваагджээ. Гараа­наас бариа хүрэх зай нь 80-100 метр байдаг байна. Тэмцээн шат бүртээ өрөг нь жижиг­сэж, харваачдын чадвар сайжирдаг аж. Мөсөн шагайн харваа хэмээх спортын талаар Монголын үндэсний мөсөн шагайн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Н.Эрдэнэ-Очироос зарим зүйлсийг тодруулсан юм.

Н.Эрдэнэ-Очир: Энэ наадгай мартагдахын даваан дээр дахин сэргэсэн 
-Тэмцээний нэр сонин санагдлаа. Есөн аяганы харваа гэж нэрлэсний учир юу вэ?
-Жил бүрийн нэг­дүгээр сарын 1-ний өдөр миний бие харваач Н.Төмөр-Очиртой хамт­ран Есөн аяганы харваа гэдэг тэм­цээн зохиодог юм. Энэ нь жилийн анхны өдөр харваачдынхаа тухайн жилийн од хийморийг тодорхойлдог уламжлалтай. Тэмцээний төгсгөлд нийт есөн байр шалга­руулдаг. Тэднийг дээшээ харсан амтай гэж бэлгэдэн аягаар шагнадаг. Тиймээс ингэж нэрлэсэн юм. Оны эхний өдөр аз хиймороо үзээд есөн аяганы эзэн болбол тэр жилдээ азтай явах юм байна гэж үзээд манай харваачид ихэд бэлгэшээдэг.
-Улирлын чанартай наадгай шүү дээ. Жилдээ хэдэн удаа энэ төрлийн тэмцээн болдог бол оо?
-Монголын үндэсний мөсөн шагайн холбоо гэж байдаг. Энэ нь доороо 20 орчим жижиг холбоотой. Мянга орчим гишүүдтэй. Есөн аймагт салбар холбоо байна. Харин сумдад дэвжээ гэж байдаг. Манай холбооноос жил бүр улсын аварга шалгаруулах, мөн цомын тэмцээнүүд, хоёр жилд нэг удаа ахмадын, өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн зохиодог. Одоо энэ сарын 14-нд цомын тэм­цээн Архангай аймагт болно. Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 3,4-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Аймаг, сумд тус бүртээ бас  аварга харваачаа шалгаруулдаг. 
-Цомын тэмцээнээ Архангай аймагт хийж байгаагийн учир юу вэ?
-Жил бүр Архангай аймагт энэ тэмцээн болдог. Энэ нь тус аймагт мөсөн шагайн наадгай үүссэнтэй холбоотой. Сайн ноён хан аймгийн Заяын шавийн хошуу гэж эрт үед байсан. Тэнд дэлгэрсэн түүхтэй. Дэг жаяг гээд бүх зүйл нь XVII зууныхаараа явж байгаа. Энэ есөн шагайны бүх зүйл нь цаа­наа нарийн утга агуулгатай. Жишээ нь харваачдын оносон оноог бичихдээ зураа­саар тэмдэглэдэг. Тэр нь хальт хараад ч хүн хэд оносныг ойлгохоор байдаг.  Ингэхдээ сүм хэлбэртэй болгож өрдөг. Гучин зургаан сумандаа гурав онох юм бол зуун найм болох жишээтэй. Мөн маш олон төвд үг хэллэг байдаг. Энэ нь бурхны шашнаас үүдэлтэй болохоор 108, зэд гэх мэт үг, тоо хэрэглэдэг байх. Энэ наадгай анх үүсээд нэлээд  газруудад дэлгэрч яваад социализмын үед феодалын тоглоом гээд нэг хэсэг дарагдсан. Харин тэр үед нут­гийн хүмүүс нууцаар тоглодог байсан юм билээ. Заримдаа бүр хөөгдөж бургасанд орж тоглож байсан гэдэг. Ингэж явсаар уг тоглоом тасарч, мартагддагийн даваан дээр 2000 онд холбоо байгуулагдаж эргэж сэр­гэсэн түүхтэй. Энэ нь Монголын цорын ганц үндэсний өвлийн спорт гэдгээрээ онц­лог. Агаарт гарч, мөсөн дээр тоглодог болохоор уушиг, зүрхний элдэв өвчин, ханиад  томуу гээд олон төрлийн өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлдэг. Мөн хүний сонирхлыг их татдаг. Оночихмоор ч юм шиг санаг­даад. Нэг ёсондоо хүнийг хамааралтай болго­­дог. Голынхоо урсгалыг уруудуулж тоглодог уламжлалтай. Гол өгсүүлж хэзээ ч харвадаггүй.
-Хэдий мөсөн шагайн наадгай гэж байгаа боловч сум нь шагай биш байна. Анх үүсэхдээ л ийм байсан хэрэг үү?
-Тийм ээ. Мөсний шагай гэж нэрлэсэн ч шагай ерөөсөө ашигладаггүй. Сум буюу тог­лоомын нэршилдээ зах гэж нэрлэдэг. Үүнийг гуулиар цутгаж, дотроо шугшаа буюу тугалгатай хийсэн. Энэ нь төврүү тэмүүлэх хүчийг ашиглаж байгаа хэрэг. Хүний гараас гарахдаа зах нь эргэлдэж гардаг. Яг бууны амнаас сум гарахдаа эргэлддэг шиг.  Ингэж эргэлдэхдээ хүч өгдөг. Ийм л зарчимтай. Цэвэр нүүдэлчдийн сэтгэлгээ орсон спорт шүү дээ. Дээр үеийн захнууд хавтгай төмөрт гүзээ гаргаж бөмбийлгөөд шир хавчуулж, дөрвөн хадаасаар хаддаг байсан юм билээ. Одоо үеийн мөсний шагайн харвааны захыг Б.Наранбаатар Б.Батмөнх, Ш.Сампилдондов нарын цөөн хэдэн дархчууд хийдэг. 
-Аль насныхан ихэвчлэн сонирхдог юм бэ?
-Тэмцээнээс хараад байхад дал орчим хувь нь залуучууд байдаг. Үлдсэн нь ахмадууд байна. Аав, ах, найз нөхдөөрөө дамжуулж л энэ спортод залуучууд хөл тавьж байна. Удахгүй олныг хамран бүр сайн хөгжинө гэдэгт итгэж байгаа. 

Есөн аяганы харвааны шилдгүүд шалгарлаа
Биднийг ийн ярилцах зуур нар нэгэнт доошилж, удаан зогссон тул голын хүйтэн жавар хацар хайрч эхэллээ. Гол хөвөө, уулын бэлээр ярайсан машинууд шингэрч, хүмүүсийн инээд хөөр ч намжжээ. Есөн аяганы  харваа  маань ч  өндөрлөж, хараа хурц, сум нь мэргэн есөн харваач тодорчээ. Эднийг улсын мэргэн Р.Алтан­хуяг тэргүүлж, улсын мэргэн Д.Сүх, Б.Даваасүрэн нар удаалжээ. Харин улсын хошой мэргэн Б.Угтахбаяр, ахмад харваач Н.Хүнбиш, улсын мэргэн Б.Нямбат, Т.Сэргэлэн, М.Мандахбаяр, Б.Цогбадрах нар есөн аяганы эзэн болж онц мэргэнээрээ онцгойрлоо. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.