Нохойтой чарганы аялал сонирхогчид олширчээ

2017.01.04 Лхагва №001 (2144)

Манай улсыг өвлийн улиралтай байж өвлийн спорт хөгжөөгүй хэ­мээн шүүмжлэх гадна дотны улс цөөнгүй. Гэхдээ чадах чинээгээрээ тодорхой хүрээллээс эхлэн бага багаар хөгжиж буй өвлийн спорт буйг энэ дугаартаа онцолсон бол нохойтой чарганы аялал хэмээх өвлийн сонирхолтой аяллыг мөн танилцуулъя.
Нохойтой чарганы аялал нь дэлхийн өнцөг булан бүрт түгэн дэлгэрсэн байдаг. Жил бүр Шведийн аяллын хувцас үйлдвэрлэдэг Fjallraven компани нохойтой чарганы уралдааныг зарлаж, цахим ертөнцөөр санал авч тэргүүлсэн оролцогчид хойд туйл руу нохойтой чарганы аялалд гарч, адал явдлыг эрэлхийлдэг байна. Үүнд манай улсын гурван эмэгтэй жил дараалан оролцож, санал асуулгаараа дээгүүр жагссан юм. Тус аяллыг 1997 оноос эхлэн туйлын бү­сэд зохиож эхэлсэн бөгөөд аялалд явах эрхтэй болсон аялагчид битүү цас мөстэй, 300 километр замыг туулдаг. Ингэхдээ оролцогч бүр зургаан нохойтой чарган дээр хоол хүнс зэрэг хэрэгцээт зүйлсээ ачаад нохойгоо залан аялалд гардаг аж. Хамгийн сонирхолтой нь энэ уралдаанд оролцоход нэг ч төгрөгний зарлага хувь хүнээс гардаггүй гэнэ. 
Дэлхий дахинд хэдийнэ танигдсан энэхүү аялал манай улсад ч сүүлийн жилүүдэд нэлээд дэлгэрээд байгаа билээ. Ингэхдээ цахим хуудсаар сурталчилгаа нь түгэн, хүмүүсийн анхаарлыг татаж байгаа юм. “Эрт үеэс үхэр, адуу зэргийг уналга ачлагад хөлөглөн ирсэн манай ард түмэнд нохойтой чарга нь илүү ойр байдаг бололтой. Сүүлийн үед их сонирхох боллоо” хэмээн энэ аяллыг сонирхогч нэгэн эрхмийн ярьсан үнэн бололтой. Хүмүүс уг аялалд гарсан тухайгаа өөрийн цахим хуудсандаа цөөнгүй нийт­лэх болсон нь үүнийг гэрчилж байна.  Агаарын бохирдол, утаа гэж амтай болгон нь ярьж халаглаж байгаа энэ үед битүү цас мөсөн дунд нохой хөлөглөн аялалд гарах нь үнэхээр ч сонирхолтой юм шиг санагдлаа. Энэ аялалд гарахдаа хувь хүн өөрийн бэлтгэлээ маш сайн базаасан байх хэрэгтэй гэнэ. Аялалд гарах өртөг нь ч хямд ба өдрийн аяллаас эхлээд 14 хүртэлх хоногийн аялал ч манай улсад байдаг байна. Аялал зохион байгуулж буй хүмүүсээсээ шалтгаалаад чарганд өөр өөр тооны ноход хөллөдөг аж. Ингэхдээ аяллыг мэргэжлийн хөтөч удирдан чиглүүлдэг бөгөөд ноход нь тусгай бэлтгэгдсэн байдаг ажээ. Үүнээс Тэрэлжийн гүүрний дэргэд байрлах “Жонон” нохойн чарганы баазыг нэрлэж болох юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.