Мисс А.Баярцэцэг: Нүүдэлчин сэтгэлгээ, ахуй соёлынхоо талаар өнгөцхөн төсөөлөлтэй явжээ

2017.01.04 Лхагва №001 (2144)

АНУ-ын Вашингтон хотноо зохиогдсон “Дэлхийн гоо бүсгүй” шалга­руулах 66 дахь удаагийн тэмцээнд  оролцон, түүхэн ам­жилт гаргасан Монголын мисс А.Баярцэцэгтэй тун удахгүй нээлтээ хийх “Явуулын хүн” уран сайхны киноных нь тухай болон түүний бүтээсэн дүрийн онцлогийн тухай цөөн хором ярилцлаа.

-Шинэ оны мэнд хүргэе. 2017 оноо сайхан угтав уу?
-Баярлалаа. Танд ч бас шинэ оны мэнд хүргэе. 
-Таныг тун удахгүй нээлтээ хийх гэж буй бүрэн хэмжээний нэгэн киноны гол дүрийг бүтээсэн гэх мэдээлэл цацагджээ. Энэ үнэн үү?
-Тийм ээ, үнэн. “Явуулын хүн” нэртэй кинонд оролцон тоглолоо. Энэхүү кино маань этник драм чиглэлийн кино байгаа юм. Дээрх киноны  гол дүр болох Ариунаа гэх жирийн монгол бүсгүйн дүрийг бүтээсэндээ маш их олзуурхаж байгаа. Учир юунд гэвэл, хэдий монгол хүн боловч хотод төрж өссөн учраас уламжлалт ахуй соёл, нүүдэлчин сэтгэлгээний онцлог, хөдөөний буйд амьдралын хэмнэлийн тухай их өнгөцхөн төсөөлөлтэй явснаа ойлгож, ухаарсан. Киноны зураг авалтын бүтэн нэг сарын хугацааг Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт өнгөрүүлж,  Ариунаа гэдэг эгэл жирийн малчин эмэгтэйн амьд­ралаар амьдарч, жирийн монгол бүсгүй юуг хүсч мөрөөддөг, ямар зүйлд шаналж, бас баярлаж догдолдгийг өдөр тутмынхаа амьд­рал дээр тусгах боломж олдсон нь нэг том олз байлаа.
-“Явуулын хүн” кинонд бүтээсэн дүр тань өмнө нь оролцон тоглож байсан дэлгэцийн бүтээлүүдээс чинь юугаараа онцлогтой байв? 
-Ариунаагийн дүр маань маш энгийн дүр байсан. Өмнө нь тог­лож байсан дүрүүд маань хурц илэр­хийлэл, өрнөлтэй, үйл явдлын хувьд  цус сорогчтой аймшгийн, гэмт хэргийн үйл явдалтай триллер детектив жанрын бүтээлүүд бай­сан. Түүнчлэн “Нетфлекс”-ийн “Марко Поло” цувралд  Болормаа хэмээх  XIII зууны эмэгтэйн дүр ч оногдож байсан. Миний бод­лоор огцом өөр дүр бүтээхээс илүү эгэл жирийн эмэгтэйн дүрийг өөрөөрөө дамжуулж бүтээнэ гэдэг илүү их ур ухаан, авьяас мэдрэмж  шаарддаг юм шиг санагдсан. Ямар ч илүү жүжиглэлт шаардлагагүй дүр байсан нь бүр ч хүнд даалгавар болсон. Яг л тэр эмэгтэйн ахуй, тэр хүний оршихуйд амьдрах ёстой дүр байсан учраас илүү их ур чадвар шаардсан гэх үү дээ. 
-Киноныхоо “хар монтаж”-ийг үзэв үү. Өөрийнхөө тоглосон дэлгэцийн бүтээлийг үзэгчийн суудлаас үзэж сонирхох, өөртөө дүн тавих амаргүй даваа биз?  
-Үзэж амжаагүй л байгаа. Мэдээ­жийн хэрэг ямар жүжиглэлт гарсан бол, өөрийнхөө дотор бодсон, ойл­госон Ариунаагаа гаргаж чадаж уу гэдгээ харахыг үзэгчидтэйгээ адил тэсэн ядан хүлээж байна. Кино маань нээлтээ хийсний дараагаар үзэгчдийн зүгээс маш олон санал хүсэлт, шүүмжлэл ирэх байх. Ямар ч байсан кино маань маш амжилт­тай сайхан болсон гэдэгт итгэж байгаа. Яагаад гэвэл хамтран тог­лосон жүжигчид маань маш мундаг авьяас чадвартай, салбартаа маш олон жил ажилласан МУГЖ С.Дамдин, МУГЖ Ё.Цог, МУГЖ Л.Дэмидбаатар нарын тэргүүтэй уран бүтээлчид хамтран ажилласан учраас миний хувьд маш их бэлэгшээж байгаа. 
-Хотын уугуул охин, тэр тусмаа эх орноо төлөөлж дэлхийн тавцанд өрсөлдсөн гоо бүсгүйд малчин бүсгүйн дүр бүтээх, чамгүй хугацаанд хөдөө малчны амьдралаар аж төрөхөд ямар хүндрэл, бэрхшээл тулгарав?   
-Ахуйн зүйлүүд дээр мэдэхгүй чадахгүй гэхээсээ илүү дөр дутагдсан зүйлүүд байсан. Морь унаж чадахгүй, үнээ сааж чадахгүй гээд байнга орлон тоглогч ашиглах учир дутагдалтай. Тэглээ ч заавал өөрөө хийж гүй­цэтгэх шаардлагатай кадр, сценүүд их байсан учраас өөрөө л энэ бүхнийг давахыг хүссэн. Үнээ мал саалгаж сурсан хүнээс нь өөр хүн саахад хажигладаг юм билээ. Энэ бүхнээс болоод найруулагчийн санаанд нийцэх хүртэл нэг зургаа хэд ч авч болно. Үүнд нь шантрах, барьц алдах үе чамгүй тохиолдсоон /инээв/. Гэсэн ч  зураг авч байрлаж байсан айлын маань эзэн Баяраа ах болон гэргий Ганаа эгч нар намайг  жинхэнэ монгол хүн болоход сургасан шүү.
-Өмнө нь та Холливүүдийн ки­но компанийн уран бү­тээлд ажил­ласан. Монгол кино­ны үйлд­вэрлэлийн явц Холливүү­дийн­­хаас юугаараа онцлог өөр байв. Мэдээж техник технологи, ажиллах хүн хүчний ялгааны тухай бол асуугаагүй гэдгийг ойлгож байгаа байх?  
-Ялгагдах зүйл маш их. Америк кино школа, Монгол кино школа хоорондоо тэс өөр. Америк бол академик талаасаа илүү практик байдаг. Олон улсын уран бүтээлүүд дээр голдуу бүх юм нь ойлгомжтой, “За чи тэндээс гараад энд ир” гээд бүх зүйл ойлгомжтой байдаг бол энд бол бүх зүйл бодит байсан. Жишээ нь Америкт  гүү саах болбол хиймэл гүү байж болох жишээтэй. Харин Монголдоо кинонд тоглоход илүү их бодит заримдаа текст солигдох, обьект солигдох тохиолдол их гарна. Тийм ч учраас энэ кино маань надад маш том сургамж болсон. 
-Энэхүү бүтээлээрээ танай кино­ны хамт олон үзэгч түмэнд юуг хэлж ойлгуулахыг, ямар асуудлыг хөндөн харуулахыг зорьсон бэ?
-Кино маань хэдийгээр ахан дүүсийн хайр дурлалын сэдэвтэй, ахуй амьдралын тухай  харуулж байгаа боловч эргээд бодоход соё­лын биет болон биет  бус өвийг сур­талчилж байгаа. Хуучин нийг­мийн үед Монгол кино үйлд­вэр “Хөдөөгийн баясгалан”, “Баян­булагийн­хан” зэрэг нэг тийм сэтгэлд дулаахан кинонууд хийдэг байсан. Хуучны кино гэхээр л дайн тулаан, түүхэн үйл явдлаар бөмбөгдөлгүй энгийн хүний амьдрал ахуйг жижиг юман дээр ч гарган, ур ухаан сэтгэл хөдлөл тэр болгон нь их сайхан ажиглагддаг байсан. Одоо тийм төрлийн кино их дутмаг байгаа гэж би боддог. Үзэгчидтэй сонирхолтой, басхүү ашиг орлого олох үүднээс сүүлийн кинонууд их драмлаг болчихсон юм шиг анзаарагддаг. Тэгвэл манай киноны үйл явдал, өрнөл зөрчил нь амьдралтай ойр. Яг хуучны монгол кинонууд ямар ч худлаа зүйлгүй бодит амьдралын үнэнийг хөнддөг байсан шиг. Үүнээс гадна зохиолын үйл явдал, газар оронг нүүдэлчин ахуй соёлтойгоо холбож өгснөөр  соёлын үнэт биет бус өв уламжлалыг Монголдоо тө­дийгүй дэлхийд сурталчлан та­ниулах төслүүдийн эхлэл болж өгсөн бүтээл болсон гэж үзэж байна. 
-Ярилцсанд баярлалаа.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.