Б.Гангаамаа: Цээжиндээ багтахгүй их баяртай байна

2017.01.04 Лхагва №001 (2144)

Дэлхийн долоон тивийн долоон ноён оргилыг эзлээд буй гавьяат тамирчин Б.Гангаамаатай ярилцлаа.  

-Та Винсон Массиф ууланд гарснаар дэлхийн хамгийн өндөр, эрсдэл ихтэй долоон оргилыг гүйцээж байна. Танд баяр хүргэе. 
-Баярлалаа. 25 жил хүсч, тэмүүлсэн зорилгодоо хүрлээ. Цээжиндээ багтахгүй их баяртай байна. Би өнгөрсөн сарын 25-ны 17:15 цагт (Чили улсын цагаар) дэлхийн хамгийн хол, хүйтэн цэгийн оргилд амжилттай гарлаа. Антрактид тивийн Винсон Массиф хэмээх энэхүү уул нь далайн төвшнөөс дээш 4897 метр өндөр, цасан бүрхүүлтэй, авирахад тун хүнд уул юм. Улмаар миний бие дэлхийн долоон ноён оргилыг эзэлсэн амжилтаараа “The first Mongolian Seven Summiter” хэмээх алдрыг хүртлээ. Энэ дашрамд надад тусалж дэмжсэн бүх хүнд баярлаж байгаагаа илэрхийлье.   

-Багийн гишүүд тань “их хүч шавхсан авиралт болсон” гэж хэлнэ лээ. Сайн амарч чадсан уу?
-Их ядарлаа. Уулнаасаа буугаад хоёр хоног толгой өндийх завгүй унтсан. Шинэ он гарсныг ч мэдээгүй. Биеийн байдал одоо бол сайн байгаа. Их газрын агаарт аажим аажмаар дасч байна. Сонирхуулахад энэ онд Винсон Массиф уулын оргилд хүн анх гарсны түүхт 50 жилийн ой тохиож байна. 

-Та хэзээ эх орондоо ирэх вэ?
-Нислэгийн тийзээ захиалж амжвал бямба гаригт эх орондоо очно. 

-Монголд ирээд хамгийн түрүүнд хаашаа очих вэ?
-Гэртээ хэд хоног сайхан амармаар байна. Тэгээд болж өгвөл нутаг явах санаа байна. 

-Та өнгөрсөн жил Үндсэн хуулийн баярын (1.13-нд) өдөр Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа, долдугаар сард нь Австрали тивийн ноён оргил Карстенз пирамид ууланд гарсан. Хэдхэн хоногийн өмнө Винсон Массиф ууланд гарлаа. Нэг жилийн дотор дэлхийн гурван ноён оргилыг гүйцээнэ гэдэг уулчин бүрийн хийж чадах зүйл биш шүү? 
-Үндсэн хуулийн баярын өдөр Аконкагуад гарсан болохоор их бэлгэшээсэн. Мөн “Рио-2016” олимпийн наадмын жил эхэлсэн тул тамирчдынхаа хийморь лундааг Аконкагуад даатгасан. 

-Гарахад амар оргил гэж байдаггүй байх л даа. Гэхдээ таны эзэлсэн дэлхийн долоон оргилоос энэ удаагийнх юугаараа хэцүү байв?
-Долоон тивийн ноён оргилуудаас зургаа нь ногоон. Уул бүхэн хэцүү л дээ. Миний сүүлийн авирсан Винсон Массиф цагаан тивд байдаг уул болохоор авиралт хийхэд амаргүй байлаа. Мөнхийн хүйтэн, салхи шуурга ихтэй. Гэхдээ та асууж байгаа болохоор хариулъя. Эверестийн оргилд гарахад маш хэцүү байсан. 8.848 метрийн өндөрт гарахад маш их тэвчээр шаардсан. Онгоц есөн мянган метрт нисдэг шүү дээ. 

Б.Гангаамаагийн дэлхийн ноён оргилыг эзэлсэн амжилт:

1.2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус (5642 метр өндөр)
2.2011 онд Ази тивийн ноён оргил Эверест (8848)
3.2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро (5895)
4.2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали (6194) 
5.2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа (6962)
6.2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид (4884)
7.2016 нд Антарктид Винсон Массиф ноён оргил (4897)


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.