Хаалга онгойлоо

2017.01.04 Лхагва №001 (2144)

Шинэ он эхлэхтэй зэрэгцэн шинэ эрх зүйн орчин монголчуудыг угтлаа. Хүн бүрт янз бүрээр тусч буй эдгээр шийдвэрийн нэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөсөн явдал байв. Өмнө нь сарын хөдөлмөрөө 192 мянган төгрөгөөр үнэлүүлж байсан хүн 2017 оноос 240 мянган төгрөгийн цалинтай болж байна. Гэхдээ энэ бол нийтлэг гэхээс илүүтэй нэг хэсэг хүний л асуудал. Юм бүхэн хоёр талтайн адилаар нэгийнх нь цалин өсч байхад нөгөөд нь дарамт болж буух нь ч бий. Яльгүй зөрчил гаргаад цагдаад 19200 төгрөгөөр торгуульдаг байсан жолооч одоо 24 мянган төгрөг төлөх болчихоод байгаа юм. Иймээс л эрх зүйн шинэ орчин нэг хэсэгт нь ашигтай, нөгөөдүүлд нь “алдагдалтай” буух нь бий. Харин хүн бүрт хэрэгтэй нэгэн хууль хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд нэр нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль юм. 

Ажил дээрээ ноомой суудаг аав гэртээ хариад “араатан” болж хувирсан тухай олон харамсалтай жишээ бий. Бяцхан хүүгээ заазуурдсан, эсвэл эхнэрээ зодсон, магадгүй нөхрөө зодсон эмэгтэйчүүдийн тухай баримт ухвал бишгүй олон байна. Хэн бүхний гэр бүлийн маргаан гэж бодож явсан зүйл эцэстээ эрдэнэт хүний амиар үнэлэгдсэн тохиолдол ч зөндөө. Өөрөөр хэлбэл, эр, эмийн дунд илжиг бүү жороол гэх үгээр л халхавчилж ирсэн гэр бүлийн хүчирхийллийг зогсоох алхмыг Хууль зүй, дотоод хэргийн яамны санаачилгаар УИХ тавилаа. Хаалганы цаана үйлдэгдэж байсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилготой тусгайлсан хуулийг батлан гаргаснаар магадгүй тэр хаалгыг онгойлголоо ч гэж хэлж болох юм. Мэдээж хаалгаа бусдын өмнө цэлийтэл дэлгэчихээд охиноо, хүүгээ, эхнэрээ, магадгүй нөхрөө зодохгүй нь ойлгомжтой биз ээ. Иймээс л хаалганы цаана, гэр бүлийн хүрээнд далд байдалтай үйлдэгддэг гэмт хэргийг хуулийн зохицуулалттай болгосон нь цагаа олсон гэхэд болно. Харин шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх болсныг одоо танилцуулъя.

ХОХИРОГЧ ГАНЦХАН УДАА Л ГОМДЛОО ТАТАХ ЭРХТЭЙ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг анх 2004 онд баталсан бөгөөд батлагдсанаас нь хойш хоёр гурван жилийн дараагаас эхлээд өөрчлөх шаардлагатайг хууль хэрэгжүүлэгчид ярьж эхэлжээ. Гэвч өөрчлөхгүйгээр өнөөг хүрсэн нь мэдээлэл одоогийнх шиг ил тод бус, нийгмийн шаардлага бага байсных гэж үзэх хэсэг ч бий. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээгээр дамжин анхаарлын төвд орсон нь хуулиа шинэчлэх нийгмийн шаардлага бий болгосон гэсэн үг. “Эр, эмийн хооронд илжиг бүү жороол” гэдэг ч жороолохоос өөр аргагүй нөхцөл байдал бий болсон нь сүүлийн үед гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэргүүдээс харагдаж байгаа юм. Хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үйлчлэх одоогийн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хариуцлагын заалтууд нь хэтэрхий сул. Ихэнх тохиолдолд торгож шийтгэдэг. Гэвч торгож шийтгэх нь хохирогчийг хамт шийтгэж байгаагаас ялгаагүй юм. Учир нь, гэр бүлийн хөрөнгө нь дундынх, эхнэр нөхөр хоёр нэг хэтэвчтэй байдаг учраас тэр. Тиймээс сая баталсан, хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуульд торгох ялыг огт оруулаагүй юм байна. Мөн одоогийн хуулиар хохирогч гомдол гаргасан тохиолдолд хүчирхийлэгч нь дарамталж гомдлоо татаж авахаас өөр аргагүй байдалд оруулдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдлын 90 хувь нь буцаан татагддаг гэсэн судалгааны дүнг хууль хэлэлцэх үеэр танилцуулж байлаа. Тиймээс энэ байдлыг зохицуулах үүднээс анх удаа гаргасан гомдлыг л татаж авахыг зөвшөөрөхөөр шинэ хуульд тусгасан юм. Ингэхдээ хохирогч гомдлоо татсан гээд тухайн этгээдийг шууд явуулчихгүй. Хандлагаа өөрчлөх сургалтад хамруулж “Дахин ийм зүйл хийвэл гэмт хэрэг үйлдсэнд тооцож, хорих ялаар шийтгэнэ шүү” гэдгийг анхааруулах ажээ.

ХҮЧИРХИЙЛЭЛ ХАМГИЙН ИХ ГАРДАГ ГАЗРУУДАД ХАМГААЛАХ БАЙР АЖИЛЛУУЛНА 

Хууль зүй, дотоод хэргийн яам хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлынхаа хүрээнд орон даяар судалгаа явуулж, хаана хүчирхийлэл хамгийн үйл үйлдэгдэж байгааг тогтоохоор ажиллаж байна. Уг судалгааны дүн гарсны дараа хамгийн их хүчирхийлэл гардаг нь тогтоогдсон газраас эхлэн хамгаалах байруудыг ажиллуулж эхлэх юм байна. 80 мянган хүн тутамд нэг хамгаалах байр байх ёстой гэсэн олон улсын жишиг байдаг ажээ. Манай улс энэ жишгийг баримтлах төсөв санхүүгийн боломжгүй ч төрийн бус байгууллагуудтай хамтран хамгаалах байр аль болох олныг ажиллуулахаар төлөвлөж байгааг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хэлж байлаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны төсөв батлагдсаны дараа батлагдсан. Тиймээс хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал энэ жилийн төсөвт суугаагүй гэсэн үг. Гэхдээ энэ нь хууль хэрэгжүүлэхэд хүндрэл учруулахгүй аж. Учир нь, аймаг, дүүргийн төсөвт багтсан гэмт хэрэгтэй тэмцэх зардлыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд зарцуулах юм байна. Нийт гэмт хэргийн 80-90 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгаа учраас гэмт хэрэгтэй тэмцэх төсөв хүрэлцэхгүй гэх ойлголт гарахгүй гэж тооцжээ.

ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭГДЭЖ БАЙГААГ МЭДЭГДЭЭГҮЙ ИРГЭНИЙГ ТОРГОНО

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар энэ төрлийн гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаагийн нэг илэрхийлэл нь гэмт хэрэгт тооцдог болсон явдал. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцохгүй, зөвхөн зөрчил гэж үзэж байгаа бол ирэх хоёрдугаар сарын 1-нээс гэмт хэрэгт тооцно. Гэхдээ шууд гэмт хэрэгт тооцохгүй хүчирхийлэл үйлдсэн этгээдэд эхлээд нэг боломж олгох юм. Тодруулбал, эхний удаад зөрчил гэж үзэн захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Ингэхдээ гэмтлийн зэргээс нь үл хамаарч 7-30 хоногийн хугацаатай баривчлах юм. Харин давтан хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож хорих ялаар шийтгэхээр хуульд тусгажээ.
Шинэчлэгдэн батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль олон онцлогтой болсон. Үүний нэг нь зөвхөн нэг гэр бүлийн гишүүд бус хөгшин аав, ээжтэйгээ харилцах харьцаа, хамтран амьдрагч, салсан гэр бүлийн асуудлыг ч зохицуулах юм. Тухайлбал, гэрлэлтээ цуцлуулчихаад хүүхэддээ тэтгэмж өгөхгүй байгаа эцэгт хариуцлага тооцох тухай заалт оржээ. Үүнээс гадна аав, ээжийнхээ тэтгэврийн мөнгийг авч үрдэг, байрыг нь барьцаанд тавьчихаад зээлээ төлдөггүй хүмүүст ч энэ хуулиар хариуцлага хүлээлгэх болсон юм.
Мөн энэ хуулиар иргэдийг үүрэгжүүлсэн нь нэг дэвшил. Хөрш айлын эхнэр нь дагавар хүүхдээ зодож байгааг мэдсээр байж цагдаад мэдэгдээгүйн улмаас тухайн хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарч байлаа. Харин шинэчлэн баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэд хүчирхийлэл үйлдэгдэж байгааг цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй болж байгаа юм. Удаа дараа хүчирхийлэл үйлдэгдэж байгааг цагдаагийн байгууллагад мэдээлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох шийтгэл ногдуулна. Мэдээлэл өгөөгүй иргэнийг шийтгэхээс гадна мэдээлэл өгсөн иргэнийг нууцлах, аюулгүй байдлыг нь хамгаалах зохицуулалт ч хуульд тусгагджээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.