МАН гишүүдээ намын батлахтай нь төрд оруулах уу

2017.01.04 Лхагва №001 (2144)

Төрийн албыг намаас салгаж мерит тогтолцоо нэвтрүүлнэ гэж ярьсаар олон жилийг үджээ. Гэхдээ мерит тогтолцоо бат бөх сууж амжаагүй ч Монгол төрд намын батлахтайгаа шууд ордог байдал арилаад багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөн дээрээ намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн ч арын халаасандаа батлахаа хийчихсэн улстөрч төрд олон бий. Гэтэл саяхнаас намын батлахаа халаасалсан улстөрчдийг төрийн жинхэнэ албанд шууд авах, тэр ч байтугай намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлж нүд хуурах ч үгүй шууд тангараг өргүүлэх яриа гарах боллоо. Зөвхөн яриа төдий бус бүр хуулийн төсөл УИХ-д өргөгдсөн гэвэл та итгэх үү. 

Мордохын хазгай болов уу
УИХ-ыг шинэ жил, Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө хуулийн төслийг бөөнд нь баталдаг гэж шүүмжилдэг. Энэ шүүмжлэл нь ч ортой. Гэхдээ энэ удаагийн шинэ жилийн баярын өмнө хуулийн төсөл бөөндөж баталсангүй. Харин баярын өмнө УИХ-ын дарга М.Энхболд хуулийн төсөлд “дарагдав”. Хууль санаачлагчид гурван өдрийн дотор 34 хуулийн төсөл өргөн барьж рекорд тогтоолоо. Эдгээр төслийн ихэнхийг УИХ-ын гишүүд санаачлан боловсруулж өргөн барьжээ. Бүрэн эрхээ хэрэгжүүлээд бүтэн жил ч болоогүй байгаа парламентын гишүүдийн 50-иас дээш хувь нь шинээр сонгогдсон. Тэдний өргөн барьсан төсөл алдаатай байхыг үгүйсгэхгүй. Харин мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газраас өргөн барьж буй төслүүд утга найруулга, үг үсгийн байтугай цэг, таслалын ч алдаагүй байх ёстой. Алдаатай өргөн баригдсан хуулийн төслийг УИХ хэлэлцэх явцдаа засч батална гэсэн ойлголт байдаггүй.

Хууль санаачлагчид нь буцааж дахин өргөн бариулдаг. Засгийн газрын саяхан өргөн барьсан нэг төсөл энэхүү процессыг дагахаас өөр замгүй болжээ. Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын арванхоёрдугаар сарын 28-нд өргөн барьсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл алдаатай байжээ. Уг хуулийн төсөл нь хоёр заалттай юм байна. Шинээр нэмж буюу 10.5 дахь заалтдаа “Энэ хуулийн 10.6-д зааснаас бусад тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болно” гэсэн байна. 

Харин шинээр нэмэгдэж буй дараагийн заалт болох 10.6 дахь заалт нь хуулийн төсөлдөө алга. УИХ-ын Тамгын газар өргөн баригдсан төслийг цахим хуудсандаа байршуулахдаа алдаа гаргаж нэг заалтыг нь гээгдүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс УИХ-ын Тамгын газраас лавлаж асуутал нягталж үзээд “Засгийн газар анх өргөн барихдаа л ийм төсөл өгсөн юм байна. Хэлэлцүүлгийн явцад 10.6 дахь заалтаа нэмнэ гэж тооцсон юм байлгүй” гэв. Уг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хамгийн чухал амин сүнс болсон заалт нь 10.6 дахь заалт болохыг өмнөх заалт нь тодорхойлж байгаа юм. Засгийн газар төслийнхөө ийм чухал заалтыг санаатайгаар мартсан уу, эсвэл санамсаргүй мартсан уу гэдэг нь анхаарал татаж байна. Санаатайгаар мартсан байх вий гэж хандах үндэслэл ч байна. Яагаад санаатай гэдгийг тайлбарлая.
Энэ хуулийн төслийн гол агуулга нь аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн албан хаагчаар давхар ажиллах тухай юм. Хуулийн төслийн танилцуулгадаа “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх онцгой чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд төлөөлөгчдийнх нь гуравны нэг хүртэлх хувийг төрийн захиргааны ажлын туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагчдаар бүрдүүлэх хууль, эрх зүйн боломжийг бий болгох нь зүйтэй байна. Ингэснээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц гарна гэж үзэж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төслийг баталснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүсийн гуравны нэг нь төрийн албанд давхар ажиллана гэсэн үг. 2016 онд болсон НИТХ-ын сонгуулиар МАН 45 суудлын 34-т нь, аймгийн ИТХ-ын сонгуулиар 21 аймгийн 19-т нь ялалт байгуулсан. Мөн өнгөрсөн аравдугаар сард болсон дүүргийн ИТХ-ын сонгуулиар есөн дүүргийн зургаад нь, 330 гаруй сумын 230-д нь ялалт байгуулсан. Хамгийн сүүлд болсон сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар улсын хэмжээнд нийт 7282 төлөөлөгч сонгогдсон. МАН хавтгай ялалт байгуулсан учраас ойролцоогоор 6000 нь МАН-аас нэр дэвшигч гэж тооцъё. Үүний гуравны нэг нь буюу 2000 нь төрийн албанд давхар ажиллах нь. Дээрээс нь 19 аймаг, нийслэлийн төлөөлөгчдийнх нь гуравны нэг нэмэгдэнэ. ИТХ-ын төлөөлөгчдөө хуулийн дагуу төрийн албанд ажиллуулах үүднээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэйгөө хамт Төрийн албаны тухай хуульд нэмэлт  оруулах хуулийн төслийг хамт өргөн барьжээ. Уг хуулийн 15.1.8 дахь заалтад “Энэ заалт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.5-д заасны дагуу төрийн захиргааны албан хаагчаар ажиллах аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид хамаарахгүй” гэсэн тайлбар нэмэхээр төслөө боловсруулжээ. Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д төрийн албан хаагчийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглосон байдаг юм байна. Уг нь төрийн алба, улс төрийн нөлөөллөөс ангид байх ёстой гэж үздэг. Энэ утгаараа Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчдыг ИТХ-д сонгогдох, намын байгууллагад ажиллахыг хориглодог. Гэвч МАН ийнхүү аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д сонгогдон ажиллаж байгаа гишүүдээ хуулийн дагуу төрийн албан хаагч болгох хуулийн төсөл өргөн барилаа. Учир нь, хуулийн төслийнхөө хоёрдугаар зүйлд “Энэ хуулийг 2017 оны .. дугаар сарын ..-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгажээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.