Шөнийн тарифыг тэглэснээр хэрэглэгч 10 мянгыг хэмнэж, улс 30 тэрбумын алдагдал хүлээнэ

2017.01.04 Лхагва №001 (2144)

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргасан. Уг тогтоол энэ оны эхний өдрөөс эхлэн ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжих бөгөөд гэр хорооллын 146 мянган айл хөнгөлөлтөд хамрагдах юм. Ингэхдээ оройн 21.00 цагаас өглөөний 06.00 хүртэлх хугацаанд шөнийн тарифыг тэглэнэ. 

120 мянга орчим айлын цахилгааны шөнийн тариф тэглэгджээ
Засгийн газраас баталсан энэхүү тогтоолд “Гэр хорооллын тарифтай тоолууртай иргэдэд үйлчилнэ” хэмээн заажээ. Тарифтай тоолуур гэдэг нь хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээг өдөр, шөнө гэсэн хоёр цагийн шатлалаар тоолдог тоолуур юм. Өдрийн хэрэглээнд өглөөний 06.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл багтааж байгаа бол оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэлх цагийг шөнийн хэрэглээ гэнэ. Өөрөөр хэлбэл, өдөр шөнийн хэрэглээг ялгаж тоолохын тулд хоёр тарифтай электрон тоолуурыг хэрэглэдэг. Тэгвэл дээр дурдсан 146 мянган айлын 120 мянга орчим айл хоёр тарифтай электрон тоолууртай аж. Эдгээр айлуудын цахилгааны шөнийн тарифыг энэ оны эхний өдрөөс эхлэн шууд тэглэжээ.

Хоёр тарифт тоолуур 80-85 мянган төгрөгийн үнэтэй
Харин ердийн тоолуур нь цагийг ялгадаггүй. Өөрөөр хэлбэл, ердийн тоолуур нь цахилгааны хэрэглээг бүтэн тоолдог учраас шөнийн хэрэглээндээ хэдэн кВт.цаг хэрэглэсэн гэдгийг тодорхойлдоггүй. Иймд, танайх цахилгааны шөнийн тарифаа тэглүүлэхийн тулд нэн түрүүнд хоёр тарифт тоолууртай болох ёстой. Стандарт хэмжилзүйн газраас баталгаажуулсан, загварын туршилтад орсон эрх бүхий компаниуд хоёр тарифт тоолуурыг барилгын материалын дэлгүүрүүдээр худалдаалж байгаа ажээ. Үнийн хувьд ийм тоолуурыг 80-85 мянган төгрөгөөр борлуулдаг байна.

Ц.Энхсайхан: Нэг өрх сард 10 орчим мянган төгрөг хэмнэнэ
Ингээд гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг тэглэх ажлын хэрэгжилтийн талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Ц.Энхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Өмнө нь гэр хорооллын айлуудын цахилагааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж байсан шүү дээ. Цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр нэг айл өрхөд эдийн засгийн хувьд ямар хэмнэлт гарах вэ? 
-Гэр хорооллын 146 мянган хэрэглэгчийн цахилгааны дундаж хэрэглээ сард ойролцоогоор 200-250 кВт.цаг байдаг. Цахилгаанаар халаалтаа бүрэн шийдсэн айлуудын хувьд энэ тоо харьцангуй өндөр гарна. Ер нь тухайн айлын цахилгаан халаалтын системийн хүчин чадлаас шалтгаалж харилцан адилгүй дүн гарна л даа. За, нэг айлын сарын дундаж хэрэглээг 250 кВт.цаг гэж үзье. Үүний 30 орчим хувь буюу 100 кВт.цагийг шөнийн хэрэглээ эзэлдэг гэж бодъё. Тэгвэл 100 кВт.цагийг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан 77 төгрөг 10 мөнгөөр бодоход НӨАТ-тайгаа 7700 төгрөг буюу 10 орчим мянган төгрөг гарахаар байна. Цахилгааны шөнийн 50 хувийн хөнгөлөлтөөр сард 7700 төгрөгийн 50 хувийг буюу 4000 орчим төгрөг хэмнэж байсан. Одоо цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр  дахин 4000 төгрөгийг хэмнэхээр байгаа. Ингэснээр нэг өрх ойролцоогоор сард дунджаар 10 мянга орчим төгрөг хэмнэх тооцоо бий.
-Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлснөөр шөнийн хэрэглээ огцом өсөх магадлалтай. Энэ тал дээр хэрхэн урьдчилсан сэргийлж, ажиллаж байна вэ? 
-Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийг нийт 95 шугам сүлжээгээр хангадаг. Өнөөдрийн байдлаар хоёр шугам сүлжээний ачаалал 80-аас дээш хувьтай байна. Бусад шугам сүлжээний ачаалал нэмэгдээгүй байгаа. Бид цахилгааны хэрэглээгээ зөв ашиглах талаар сэрэмжлүүлэг мессежүүдийг иргэдийн утас руу илгээсэн. Мөн үүсч болзошгүй галын байдлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг айл өрхүүдээр тараана. Бид энэ тогтоол хэрэгжихтэй холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хэрэглэгчид маань ч гэсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, өөрийн цахилгааны утасны даацын хэмжээнд тохирсон цахилгаан хэрэгслээ залгах хэрэгтэй.
-Энэхүү хөнгөлөлтөд хамрагдахын тулд айл өрхүүд тарифт тоолууртай байхаас гадна өөр ямар шаардлагыг хангах ёстой вэ?
-Засгийн газраас баталсан журамд гэр хорооллын айлууд тарифтай тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, зөвхөн ахуйн зориулалттай байна гэсэн заалтуудыг тусгасан байгаа.

Шөнийн тарифыг тэглэснээр 30 гаруй тэрбум төгрөгийн зардал гарна
Гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг тэглэснээр нэг өрх сард дунджаар 10 орчим мянган төгрөгийг хэмнэх бол цахилгаан эрчим хүчнийхэн 30 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд орж байгаа тухай Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан хэлэв. Тодруулбал, цахилгаан үйлдвэрлэхэд 21 тэрбум төгрөг, ачаалал нэмэгдснээс үүссэн саатлыг засахад 1.8 тэрбум төгрөг, шугам сүлжээг шинэчлэхэд 11 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа аж.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.