Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг оны эхэнд батална гэж төлөвлөсөн

2016.12.28 Лхагва №112 (2143)

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Боловсруулахдаа Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн санал, зөвлөмжийг тусгасан байна. Ингэхдээ өмнөх парламентын үед баталсан Сонгуулийн тухай хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусад нь батлах нь зүйтэй гэж үзэн 14 бүлэг, 104 зүйлтэй төсөл боловсруулжээ. Тэд энэхүү төслөө өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан хууль санаачлагчдын нэг, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаж тусад нь батлах ямар шаардлага байна гэж үзсэн юм бэ?
-Өмнөх парламентын үед Сонгуулийн тухай хуулийг баталахад “Ерөнхийлөгчийн институц бол тусдаа байгууллага. Тийм учраас сонгуулийн хууль нь ч гэсэн тусдаа байх ёстой” гэсэн байр суурьтай хүмүүс их байсан. Гэвч Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн саналын дагуу нэг хуулиар бүх сонгуулийг зохион байгуулахаар болсон юм. УИХ болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулахдаа шинээр баталсан Сонгуулийн тухай хуулийг мөрдсөн. Сонгууль зохион байгуулах явцад сонгуулийн хуулийг тус тусад нь салгах шаардлага байна гэж үзсэн. Сонгуулийн ерөнхий хороо хууль хэрэгжүүлэх явцад ямар хүндрэл учирсан талаархи саналаа УИХ-д ирүүлэх эрхтэй байдаг. Үүнийхээ дагуу Сонгуулийн ерөнхий хороо ч энэ талаар албан ёсны саналаа ирүүлсэн. Хоёрдугаарт, бид бүх сонгуулийг нэг хуулиар зохион байгуулах нь буруу гэж үзэж байсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийг тусад нь хуулиар зохион байгуулах нь зүйтэй гээд төсөл боловсруулж өргөн барилаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуу­лийг Сонгуулийн тухай хуулиас сал­гаж байгаагаас гадна зарчмын томоохон өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан уу?
-Сүүлд баталсан Сонгуулийн тухай хуулийг УИХ дахь таван намын төлөөлөл оролцож, баталсан учраас тухайн хуульд орсон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэрэгжүүлж болох заалтуудыг нь хэвээр үлдээсэн. Мөн бүр өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион бай­гуулж байсан хуулиас ололттой заалтуудыг нь авсан. Өөрөөр хэлбэл, хоёр хуулийн дундаас сайн гэсэн заалтуудыг нэгтгэн боловсруулсан. Ер нь сонгуулийг хэрхэн зохион байгуулах тухай процедуртай холбоотой заалтуудыг л нэгтгэсэн. Харин ерөнхий шаардлага, тогтолцоотой холбоотой зохицуулалтууд бол хэвээрээ байгаа.
-Та ерөнхий шаардлага, тогтолцоотой холбоотой заалтууд нь хэвээрээ байгаа гэлээ. Гэтэл нэг зүйл ойлгомжгүй байгаа. Юу гэхээр, УИХ-д байгаа бие даагч гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө парламентад суудалгүй намд гишүүнээр элссэн тохиолдолд тухайн нам нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжтой эсэх. Үүнийг зохицуулсан заалт өргөн барьсан төсөлд бий юү?
-Үүнийг зохицуулсан заалт өргөн барьсан хуулийн төсөлд байхгүй. 
-Энэ асуудлыг ямар хуулиар зохицуул­сан байдаг юм бэ?
-Сонгуулийн тухай өмнөх хуульд ч үүнийг зохицуулсан заалт байхгүй. “УИХ-д суудал бүхий улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт л бий. УИХ-д суудалтай нам гэж ямар намыг хэлэх вэ гэдэг асуудал хөндөгдвөл тусгайлан ярих шаардлага гарах байх л даа. Одоо бол ойлгомжтой, УИХ-д суудалтай гурван нам л байгаа шүү дээ.  
-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа учраас эхлээд энэ сонгуулийн хуулийг баталъя гэж үзэж байгаа юм уу. УИХ, орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ?
-Тийм. Эхлээд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаад баталчихъя, дараа нь УИХ, орон нутгийн сонгуулийн тухай хуулийг тус тусад нь батлах ёстой гэсэн байр суурьт нэгдсэн. Тиймээс УИХ, орон нутгийн сонгуулийн тухай хуулийг дараа нь тус тусад нь боловсруулж өргөн барина. Бүх шатны сонгууль тус тусдаа хуультай болно гэсэн үг. Бүр өмнө нь ч гэсэн ийм зохицуулалттай байсан шүү дээ. Ерөнхийлөгч, УИХ, ИТХ бол тус тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулдаг институц. Тиймээс тус бүрийнх нь онцлогтой тохирсон хуулиар сонгуулийг нь зохион байгуулах ёстой гэж үзсэн. 
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэзээ батална гэж төлөвлөж байгаа вэ?
-Шинэ оны эхэнд батлагдчих болов уу гэж бодож байна. Энэ төсөл дээр маргаан дагуулах зүйл заалт байхгүй, зөвхөн процедуртай холбоотой асуудал учраас хугацаа шаардахгүй байх гэж бодож байна.   
-Санал хураалт явуулахаас зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд туссан уу?
-Тийм заалт байхгүй. Өмнө нь зургаан сарын өмнө байтугай сарын өмнө сонгуулийнхаа хуульд өөрчлөлт оруулж байсан шүү дээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.