2016 оны онцлох үйл явдлууд

2016.12.28 Лхагва №112 (2143)

Улиран буй 2016 он дэлхий ертөнцийг ихээхэн өөрчилсөн, цаашид ч өөрчлөх эх үндэс тавигдсан онцгой чухал үйл явдал ихтэй байлаа. Дэлхий нийтийн эдийн засаг, улс төрд маш том, түүхэн гэж нэрлэж болохуйц өөрчлөлтүүд гаргасан, цаашид ч гаргах олон өөрчлөлт энэ онд болж өнгөрчээ. “Лалын улс“ бүлэглэл сөнөж, мөхөн далд хэлбэрт шилжих нь ойлгомжтой болж, Брюссель, Ницца, Станбул, Берлин зэрэг Европын том хотод цус асгаруулсан аймшигт халдлагууд гарлаа. Итали гамшиг дагуулсан газар хөдлөлтөд нэрвэгдэж, БНХАУ хэдэн зуун сая хүүхдийг хэвлийдээ амь тавихад хүргэсэн “Нэг өрх-Нэг хүүхэд” бодлогоо цуцлав. Дээр нь, дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил энэ онд тохиожээ. 2016 онд дэлхий дахинаа өрнөсөн онцлог үйл явдлуудыг “АЭ” нэрлэж байна. 

Улс төр: Шинэчлэгчид тодорсон жил

2016 онд дэлхийн  тэргүүлэх их гүрэн АНУ, Ази Номхон далайн бүс нутгийн гол тоглогчдын нэг Филиппин, Австри тэргүүтэй 20 гаруй улсад Ерөнхийлөгчийн, ОХУ, БНСУ, Казахстан зэрэг 30 гаруй улсад Праламентын сонгууль болж, зарим улсад дэлхийн улс төр, эдийн засгийн байдалд онцгой өөрчлөлтийг авчрах содон бие хүмүүс тодрон гарч ирсэн онцлогтой жил болж өнгөрлөө. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп, Филиппинийн Ерөнхийлөгч болсон Р.Дутерте, Тайванийн төрийн тэргүүн Цай Инь Вэн нар шинэчлэгч гэдгээрээ бусдаас онцгойрч байгаа юм. Р.Дутерте АНУ-аас харилцаагаа хөндийрүүлж, ОХУ, БНХАУ-ыг түших болсноо ил тод зарлан, гадаад бодлогоо 180 хэм эргүүлээд байгаа. НҮБ-ыг ч үл тоох түүний мөн чанар Филиппинийг хэнээс ч хараат бус, өөрийн замаар замнах боломжийг олгож буй.  Харин БНХАУ-ын талыг тууштай баримтлагч Ма Ин Жугаас төрийн жолоог шилжүүлж авсан Цай Ин Вэний хувьд АНУ-ын сонгогдсон ерөнхийлөгчөөс дуудлага ирэхэд харилцуураа авч зүрхэлсэн чанга эмэгтэй. Түүнтэй утсаар ярьсан Д.Трампын тухайд, түүний удирдлага дор АНУ илүү прагматик бодлого баримталж, нэг хэсэгтээ л биеэ хичээн, бусдын хэрэгт хошуу дүрдгээ болих төлөвтэй. Энэ нь ОХУ, БНХАУ-д хэсэгхэн болтугай уужим амьсгаа авах чөлөө олгоно гэж ажиглагчид үзэж байна. Уолл Стритийн сорон мөлжигчдийн нэг байсан, одоо үйлчилж буй жирийн америкчуудыг хоосруулж, ядууруулдаг луйврын тогтолцоог мэддэг учраас Д.Трамп цаашдаа байдлыг өөрчилж, тэгш бус хуваарилалтыг устгана гэж амлаж буй. Мөн түүний засаглалын жилүүдэд гадаад гэхээсээ илүү дотоод байдалдаа илүү анхаарч, төсвийн хөрөнгө оруулалт батлан хамгаалахаас аж үйлдвэр, бүтээн байгуулалт руу шилжих нь тодорхой байгаа юм. Товчхондоо, Б.Обама дотоодын зөрчлийг намжаахын тулд гадагшаа цэргийн ажиллагаа явуулдаг байсан бол Д.Трамп дотоодын бэрхшээлтэйгээ тулж ажиллахыг хичээж байна гэж ойлгож ч болох юм. Цагаачид, өр, халамж, баян хоосны ялгаа гээд Б.Обамагийн үед нуун дарагдуулж байсан олон асуудлыг Д.Трамп  ирэх дөрвөн жилд цэгцлэхийг оролдох болно.
2016 оны улс төрийн онцлох үйл явдлын тоонд Хонконгод болсон сонгуулийг оруулахгүй бол алдаа болно. Сонгогчдын ирц түүхэнд байгаагүй өндөр буюу 58 хувьтай гарсан (Бээжингээс бүхнийг зохицуулчихна гээд өмнө нь сонгуульдаа ч ирдэггүй байжээ) энэ сонгууль хонконгчууд сонгуулийн ач холбогдлыг ойлгож, өөрсдөө хараат бусаар бодлогоо тодорхойлох боломж гэж үзэх болсныг харуулснаараа чухал ач холбогдолтой юм. Сонгуулийн үр дүн гарснаас хойш Хонконгод иргэдийн үзэл санаа маш түргэн өөрчлөгдөж, өмнө нь улс төрийн идэвх гаргадаггүй байсан 20-иод насныхан одоо өөрсдийгөө улс орныг хөдөлгөгч гол хүч гэж үзэх болжээ. Салан тусгаарлах үзэлтнүүд Парламентад олноороо орж ирсэн нь Бээжинд том анхааруулга өгсөн гэж хэлж болно. БНХАУ-ыг их гүрний асуудал нь зовоосоор л байна. Энэ янзаараа байвал Тайван, Хонконг төдийгүй Шинжаан Уйгурт ч салан тусгаарлах хөдөлгөөн хүчээ авч мэдэх юм.  
Дэлхийн хамгийн том байгууллага НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар А.Гуттериш сонгогдсоныг онцлох үйл явдлын тоонд нэрлэж болох ч боломжоо бүрэн ашигладаггүй энэ байгууллагыг шинэчилж чадах эсэх нь маш бүрхэг. Дэлхийн их гүрэн Хойд хөршид Парламентын сонгууль явагдаж, В.Путины “Нэгдмэл Орос” нам ялалт байгуулсныг мөн дурдахгүй өнгөрч болохгүй. 
Улирч буй он эмэгтэй улстөрчдөд халгаатай байж, Бразилийн Дильма Руссеф таван жил, БНСУ-ын Пак Гын Хе гурван жил төрийн тэргүүний суудалд заларсныхаа эцэст огцорлоо.    

Эдийн засаг: Брексит, Азийн зах зээл

Улиран одож буй 2016 онд Брексит, Европын банкуудын хямрал, Зүүн Өмнөд Азийг чиглэсэн хөрөнгө оруулагчдын нүүдэл, ОПЕК-ийн тулган шаардлага гэх мэт дэлхийн эдийн засагт ул мөрөө үлдээсэн чухал үйл явдлууд болж өнгөрчээ.   
Өнгөрсөн зургадугаар сарын 23-нд Их Британид явагдсан санал асуулга эрх баригчдын эсрэг гарч, Европын холбоо нэгэн гишүүнээсээ салсан нь энэ оны хамгийн онцлох үйл явдалд гарцаагүй орно. Салах процесс хэдийгээр дөнгөж эхэлж байгаа, хуулийн хүрээнд хоёр жил үргэлжлэх ёстой ч Европын холбоо болоод Эзэнт гүрний нэгдмэл байдалд аль хэдийнэ сөрөг нөлөөгөө үзүүлж эхлээд байна. 
Британид хийгддэг байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн зургадугаар сараас хойш 45 хувиар буурч, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн их татдаг “Топ 5” улсын жагсаалтаас сүүлийн долоон жилд анх удаа хасагдаад байгаа юм.
Зүүн Өмнөд Азийн “бар” улсууд энэ жил хүч чадлаа харуулж, хөрөнгө оруулагчдад жилийн 14 хувийн өгөөж өгчээ. MSCI биржийн тооцоолсноор, энэ онд дэлхий даяар хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын 12 хувь нь ганцхан энэ бүс нутагт ногдсон гэнэ. Үр дүнд нь Вьетнам, Тайланд, Филиппин, Индонезийн эдийн засаг барсын хүчээр өндийж ирэв. 
БНХАУ-ын хувьд 2016 он эдийн засгийн өсөлт нь удааширсан ч үндэсний мөнгөн тэмдэгт юаниа Олон улсын валютын сангийн нөөцийн валют болгосон их амжилт, ололтын жил байлаа. Цөмийн хөтөлбөрөө түр зогсоосны хүчинд барууны орнуудаас тавиулсан хоригоо цуцлуулсан Иран ч амжилттай улсуудын жагсаалтыг өнгөлөх нь гарцаагүй. Персүүд газрын тосны худалдаагаа 90 хувь өсгөж, ахархан хугацаанд 21 тэрбум ам.доллар халаасалсныг Сангийн яам нь зарласан. Гэтэл баян тансагийн үлгэр жишээ болсон Саудын Арабын улсын төсөв 66 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, ирэх онд ДНБ-ийн 20 хувьд хүрэх төлөвтэй. АНУ-ын ятгалгаар бүтэн жил тэссэн тэд оны өмнөхөн ОХУ-ын саналыг хүлээн авч, олборлолтоо бууруулах болоод байгаа юм. ОПЕК-ийн хамт гаргасан энэ шийдвэр мөн л оны онцлох үйл явдлын тоонд орно. 
Байгаль орчныг хамгаалах, ногоон технологид шилжих үйлсэд улс орнууд багагүй зүтгэл гаргаж, БНХАУ 80 тэрбум ам.долларыг энэ чиглэлээр зарладагдсан бол Дани улс хэрэгцээний эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангадаг болсон бахдам амжилтад хүрчээ. 

 

Шинжлэх ухаан: Зикаг зогсоож, хорт хавдрыг устгадаг вирус нээлээ

Өнгөрсөн жилийн дунд үеэс эхлэн Өмнөд Америкийн Бразил улсад дэгдэж, улмаар дэлхий даяар тархсан тархи жижигрэх хам шинж буюу “Зика” вирусын тархалтыг хязгаарласан явдал эрүүл мэндийн салбарт гарсан ололт амжилтын жагсаалтын тэргүүнд бичигджээ. 
Манай үеийн сод хүмүүн Илон Маскийн “SpaceX” компанийн “Falcon 9” олон удаа ашиглах зориулалттай пуужин энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны түүхт өдөр Атлантын далайд байрлуулсан “Of Course I Still Love You” гэсэн романтик нэртэй тавцан дээр амжилттай газардсанаар сансар судлалын шинжлэх ухаанд шинэ эргэлтийг авчирсан юм. 
Сансар огторгуйтай холбоотой нээлт ингээд дуусахгүй. 2016 оны наймдугаар сарын 24-ний өдөр эрдэмтэд биднээс ердөө 4.2 гэрлийн жилийн зайд дэлхийтэй төстэй гариг олсноо олон нийтэд зарласан юм. Яг манай дэлхий шиг агаар, устай, амьдралтай гариг орчлонт ертөнцөд олноороо байх магадлалтайг энэ нээлт харуулжээ. 
Байгаль экологийн чиглэлд хүн төрөлхтөнд маш том итгэл өгсөн явдал 2016 онд болсон. Португал улс өнгөрсөн тавдугаар сард түүхэндээ анх удаа дөрвөн өдрийн турш зөвхөн сэргээгдэх эрчим хүч хэрэглэх туршилтыг амжилттай явуулсан юм. Энэ үйл явдал оны онцлох үйл явдлаар гарцаагүй нэрлэгдэнэ. 
Мөхөж сөнөх шахаж байсан хулсны баавгай устах аюулаас ангижирсан”, “хорт хавдрыг устгадаг вирус нээсэн, озоны цоорхойг багасгасан зэрэг бахдам амжилтыг 2016 онд шинжлэх ухааны салбарынхан гаргажээ.   

Спорт: Олимп, допингийн дуулиан, хөлбөмбөг 

Дөрвөн жилд нэг удаа тохиодог илүү хоногтой жилийг “Өндөр жил” гэдэг. Тэгвэл спортын ертөнцөд “Зуны олимп, хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн”, “Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Өвлийн олимп” давхацдаг өөрийн гэсэн “Өндөр жил” хоёр жилийн мөчлөгөөр давтагдаж байдаг бөлгөө. Энэ жил Зуны олимпийн наадам, хөлбөмбөгийн ЕАШТ-тай их өндөр жил тохиосон учир спортын салбарт онцлох олон үйл явдал өрнөсөн юм.    
Өмнөд Америк тивд анх удаа зохион байгуулагдсан “Рио 2016” Зуны олимпийн XXXI наадамд оролцогч орон (206), тамирчин (11544) иж медаль (306)-ийн тоогоор дээд амжилт тогтоосон юм. Албан бус багийн дүнгээр АНУ 121 (46 алт, 37 мөнгө, 38 хүрэл) Их Британи 67 (27, 23, 17) БНХАУ 70 (26, 18, 26) медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн билээ. 
АНУ-ын усанд сэлэгч Майкл Фелпс таван алт, нэг мөнгө хүртэж олимпоос авсан алтан медалийнхаа тоог 23 хүргэн дээд амжилт тогтоосон, Ямайкийн алдарт гүйгч Усайн Болт 100, 200, 4х100 метрийн төрөлд гурван олимп дараалан гүйцэгдээгүй анхны хөнгөн атлетикч болсон, Японы алдарт бөх Каори Ичо олимпоос дөрвөн алтан медаль авсан анхны бөх болсон, өмнө нь олимпоос медаль ч хүртэж амжаагүй явсан Фижи улсын регбийн шигшээ баг алтан медальд хүрсэн гэх мэт мартагдашгүй дурсамжийг Риогийн олимп спорт сонирхогчдод үлдээжээ. 
Гэхдээ гол дуулиан тэмцээн уралдааны үеэр бус, харин олимп эхлэхээс өмнө болон дараа нь өрнөсөн. Допингийн эсрэг олон улсын агентлаг, ОУОХ олон улсын холбоодтой хавсайдаж байгаад ОХУ-ын хөнгөн атлетик, хүндийг өргөлт, сэлүүрт завины тамирчдыг багаар нь олимпийн наадамд оролцуулаагүй билээ. Гэтэл олимпийн дараа “Фэнси беарс” гэдэг нэртэй хаке­руудын бүлэг Допингийн эсрэг олон улсын агентлагийн баазад нэвтэрч, барууны ертөнцийн олон тамирчин тусгай зөвшөөрлийн дагуу сэргээш хэрэглэдэг байсныг илчилсэн юм. Тэдний дунд Риогоос медаль хүртсэн хэдэн арван тамирчин байсан. Мөнгөтэй баян орны тамирчин өргөдөл бичээд л хориотой эм бэлдмэл хэрэг­лэж болж байхад бусад орнууд тийм тогтолцоо байдгийг ч мэдэхгүй явж байсныг хакерууд ил болгосон юм. Спорт улс төрөөс ангид биш, тэр ч бүү хэл олимпийн тэмцээн ч шударга явагддаггүй гэдгийг хакерууд илчилсэн билээ.  
Харин хөлбөмбөгийн ЕАШТ-д Франц улсад болоход домогт Эйсебиогийн залгамжлагчид талбайн эздийг буулгаж аван түрүүлснийг бүгд мэдэж байгаа. Өнөө цагийн хөлбөмбөгийн “хаан суудал”-д заларч байгаа хоёр тоглогч Л.Месси, К.Роналду нар шигшээ багаа тэмцээнд түрүүлүүлж чаддаггүй “архаг хууч”-тайгаараа ижилсдэг байсан. Тэгвэл К.Роналдо энэ жил Европын аварга болсноор өрсөлдөгчөөсөө нэг үзүүлэлтээр илүү гарсан төдийгүй энэ оны дэлхийн шилдэг хөл­бөм­бөгчөөр тодорсон юм. 
Амжилт, уналт  ялалт, ялагдлын завсраар “Боксын амьд домог” Мохаммед Али, “Түгээмэл хөлбөмбөг”-ийг үндэслэсэн алдарт “Нисдэг голланд”-уудын ахлагч Йохан Кройф зэрэг суут тамирчдаа сүүлчийн замд нь үдсэн уй гашууг спортын ертөнц 2016 онд амсаж өнгөрүүллээ.

Урлаг соёл: Лео ди Каприогийн анхны Оскар, Бэнксиг олох ээлжит оролдлого...

Ихэвчлэн шөнө дөлөөр ажиллаж, хэний ч анзаардаггүй байсан хана туургыг урлагийн бүтээл болгож хувир­гачихаад сэмхэн зайлж оддог, гудамжны зургийн хосгүй авьяаслаг  мастер  Бэнкси гэгчийн хэн болохыг тогтоох оролдлого хоёр ч удаа хийгдсэнийг барууны ертөнцийнхөн өнгөрсөн онд урлаг соёлын ертөнцөд болсон гол үйл явдлаар нэрлэжээ. Бүр Лондоны их сургуулийн эрдэмтэд энэ хэрэгт оролцож, хөрөнгө хүч хаян судалгаа хийсний дүнд 1974 онд төрсөн, Робин Канингем гэгчийг жинхэнэ Бэнкси хэмээн тодруулсан юм. Дээрх мэдээлэл асар их шуугиан тарьж, оны үйл явдалд нэрлэгдсэн гэхээр энэ Бэнкси гэгч дэлхий етөнцөд хэчнээн алдартай болох нь илэрхий. 2011 онд өөрийгөө “jaybuysthings” гэж нэрлэсэн нэгэн Бэнксигийн жинхэнэ нэрийг бичсэн алгын чинээ цаасыг 3000 ам.доллараар зарна хэмээн үнэ хаялцуулахад 38 удаа дуудагдаж, 999 мянган ам.долларт хүрсэн нь энэ нөхөр урлаг судлаачдын аазгайг хичнээн хүргэдгийг харуулсан юм. 
2016 оны хоёрдугаар сарын 28-нд Лос Анжелесийн “Долби” кино театрт болсон тэр нэгэн үйл явдал оны онцлохоор нэрлэгдлээ. “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Шилдэг эрэгтэй жүжигчин”-г тодруулах үүрэг хүлээсэн Жулиана Мур индэр дээрээс “Оскарын шагналыг Леонардо ди Каприо хүртлээ” гэж хэлэхэд танхимд цугларагсад төдийг цэнхэр дэлгэцээр үзэн суусан олон зуун сая хүн энэхүү үгний гайхамшигт увдист автан, өөрсдөө шагнал авчихсан мэт хөөрцөглөж суусан юм. Дундрашгүй авьяас билэг олон жилийн хөдөлмөр, мятрашгүй дайчин чанарынхаа ачаар долоо дахь оролдлогоороо алтан баримал атгасан жүжигчин эр тэрхэн мөчид кино урлагийн “домогт” уран бүтээлчдийн жагсаалтад баттай нэгдсэн билээ. 
Скифийн алт гэж нэрлэдэг урлагийн хосгүй бүтээлийн цуглуулга Голландаас эх нутаг Украиндаа шилжихээр болсон явдал улс төр оролцож, олны анхаарлыг татсан гэдгээрээ оны онцлох үйл явдлын жагсаалтад багтаж байна. Крымээс алдагдсан энэ цуглуулгыг Украин улс 2014 оноос хойш эргүүлж авахаар хөөцөлдсөн ч чадахгүй байсан юм. Гэтэл их гүрэн ОХУ Крымыг нэгтгэснийхээ дараа цуглуулгыг авахаар хүчилж эхэлсэнд Голландчууд бантахдаа Украинд өгч орхижээ. 
Принц, Дэвид Буи нарыгаа цаг бусаар алдаад байсан урлагийн ертөнц оны өмнөхөн Жорж Майклаа эцсийн замд нь үдэж бас нэг удаа гашуудлаа.       
   Өнгөрсөн зууны суут зураачдын бүтээлийг оригоор нь харах завшаан ард түмэнд тэр бүр олдоод байдаггүй. Тэгвэл энэ тал дээр 2016 он тун ч ээлтэй байна. Эдгар Дега, Амадео Модильяни, Гюстав Кайботт зэрэг XIX-XX зууны үеийн суут зураачдын бүтээлийг эзэмшдэг Хейзийн гэр бүл Парисын Орсе музейд цуглуулгаа анх удаа дэлгэсэн нь жилийн турш ярианы сэдэв болсон юм. Гэсэн ч хамгийн тэмдэглэлт үйл явдал нь Моне,  Сезанны тус бүр найм, Гогены 12, Матиссын 22 Пикассогийн 29 шилдэг бүтээлийг эзэмшдэг “Louis Vuitton”-ы сан ОХУ цуглуулгаа дэлгэсэн явдал билээ. Ирэх оны хоёрдугаар сар хүртэл тавигдах энэ үзэсгэлэн нь уран зураг сонирхогчдыг хойд хөрш рүү соронздон татсаар байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.