Б.Шинэбаяр: Төрсөн өдөр маань шинэ бүхний эхлэл байдаг

2016.12.28 Лхагва №112 (2143)

УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяртай ярилцлаа. Тэрээр энэ жил “Цагаан хадаг” Монголын уран сайхны кино, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан тайзнаа тавигдсан “Жаргаагүй нар” жүжгийн гол дүрд тоглосон билээ. Шинэ жил түүний хувьд шинэ оноо угтах баяр төдийгүй төрсөн өдөр нь гэдгийг онцолж байлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хэдхэн хоногийн дараа бид 2017 онтойгоо золгоно. Шинэ жилийн баяраар таны төрсөн өдөр тохиодог гэсэн. Та шинэ жил болон төрсөн өдрийнхөө баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Миний төрсөн өдөр нэг сарын 1-нд тохиодог. Гэртээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтсанаар миний төрсөн өдрийн баяр эхэлдэг. Сүүлийн жилүүдэд найзуудтайгаа зуслангийн байшиндаа шинэ оноо гаргасан.
-Шинэ оны эхний өдөр мэндэлсэн болохоор танд Шинэбаяр хэмээх нэрийг хайрласан байх, тийм үү?
-Тийм, шинэ он, шинэ бүхнийг бэлгэдэн Шинэбаяр гэдэг нэрийг өгсөн юм билээ. Төрсөн өдөр маань шинэ бүхний эхлэл байдаг.
-Шинэ жилийн мартагдашгүй дурсам­жаа­саа хуваалцаач?
-Мэдээж энэ сайхан баяртай холбоотой олон дурсамж бий. Арван жилийн сургуульд сурч байхад гэртээ он гаргачихаад байж байтал ангийнхан маань гадаа ирээд шинэ жил, төрсөн өдрийн дуу дуулж, мэнд хүргээд бэлэг өгч билээ. Хамгийн гоё нь тэд маань өөрсдөө хайлуулж хийсэн шоколад бэлэглэж байсныг сайн санадаг. Тэр үед сэтгэл их хөдөлж, харж явдаг байсан охиныхоо гэрт очсон. Тэгсэн тэр намайг хүлээж аваагүй. Гэтэл ангийнхан маань бас л цонхон доор нь очиж дуу дуулан түүнийг найраад бид хоёрыг уулзуулж байсан сайхан дурсамж бий.
-Та энэ жил сонгодог болон түүхэн жүжигт дүрээ мөнхөлсөн. Улиран өнгөрч буй 2016 онд та уран бүтээлийн олз омог хэр байсан бэ?
-Энэ жил кино бүтээлд амралт авсан байсан гэж болно. Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Жаргаагүй нар”  түүхэн жүжиг, “Цагаан хадаг” кинонд тоглосон. Хамтлагаараа нэлээд хэдэн шинэ уран бүтээлтэй болсон.

-Кинонд тоглох санал хэр ирж байна вэ?

-Ер нь их ирж байгаа шүү. Гэхдээ одоогоор ямар нэгэн санал хүлээж аваагүй байгаа. Он гараад ирсэн кино зохиолуудаа уншиж үзэж байж шийднэ ээ.
-“Аав” кинонд бүтээсэн дүр тань үзэгчдэд их хүрсэн. Түүнээс хойш хэдэн кинонд тоглосон бэ?
-“Аав” кинонд тоглосноос хойш “Учрал”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Намайг хайрла”, “Нүдээ аниад төсөөл” “Цагаан хадаг” зэрэг кинонд тоглосон.
-“Жаргаагүй нар” жүжигт Д.Нацагдоржийн дүрийг бүтээсэн. Өмнө нь энэ дүрийг Д.Гүрсэд гуай “Саруул талын ерөөл” кинонд бүтээсэн байдаг. Дүрийн судалгааг хэрхэн хийсэн бэ?
-Судалгааг хийлгүй яах вэ. Баримтат киног нь үзсэн. Олон эрдэмтэдтэй уулзсан. Найруулагчтайгаа их зөвлөлдсөн. Дүрээрээ Д.Нацагдоржийг хүн гэдэг талаас нь амьдралынхаа турш ямар их зовлон бэрхшээл туулсан юм бэ гэдэг талаас нь харуулахыг зорьсон. Зүгээр нэг зохиолч биш тийм хүнд амьдрал дунд нухлагдаж байсан хүн яаж тийм  агуу уран бүтээл туурвиж байсныг нь, уран бүтээлийн санаагаа хаанаас авдаг байсан зэргийг нь харуулахыг хүссэн.
-Өмнө нь түүхэн жүжигт дүр бүтээж байв уу? “Жаргаагүй нар” жүжигт тоглоход хэр хүнд байв?
-Анхлан бүтээсэн түүхэн дүр гэдэг утгаараа асар хүнд байсан. Маш их зүйлийг мэдрүүлсэн, нарийн мэдрэмж шаардсан дүр байсан.
-Та манай уншигчдад зориулж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлээч?
-Ирэх 2017 ондоо эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. Шинэ он хүн бүрт шинэ амжилт, шинэ аз жаргал, шинэ бүхнийг авч ирэх болтугай. Сайхан баярлаарай.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.