Өвөрмонголчууд Бээжин, Шанхайн их сургуульд хөөмий зааж байна

2016.12.28 Лхагва №112 (2143)

Өвөрмонголчуудын хувьд хөөмийн уламжлал байхгүй ч 2000-аад оноос хойш шинэ залуу хөөмийчид цөөнгүй төрөн гарч байгаа ажээ. Тэдний төлөөлөл болох хөөмийч Ж.Амгалан, Х.Атгаа нарыг Монголд ирээд байхад нь уулзаж ярилцлаа.  

-Юуны өмнө өөрсдийгөө танилцуулна уу. Өвөрмонголын аль аймаг, хошуунаас ирэв?
Ж.Амгалан: -Би Өвөрмонголын Ши­лийн гол аймгийн Баруун үзэмчин хошуу­гаар нутагтай. Одоо Хөххотын Түмэд зүүн хошууны чуулгын морин хуурч, бөмбөрчнөөр ажиллаж байна.
Х.Атгаа: -Би Өвөрмонголын Улаанхад, Хишигтэн нутгийн хүн. Малчин айлын хүүхэд.
-Хөөмийг хэзээнээс сурав. Ардын урлагийн энэ гайхамшигт өвтэй анх хэрхэн танилцсан бэ?
Ж.Амгалан: -Сонирхлоороо л сурсан. Анх хөөмий сонсоод ямар сайхан юм, ийм дуу чимээ хүний хаанаас гардаг юм гэж боддог байлаа. Тэр үед хөөмий суръя гэсэн ч багш олдохгүй байлаа. Интернэтэд л хааяа хөөмийлж байгаа хүмүүсийг харна. Тэгээд 2008 оноос Одсүрэн багшид шавь орж хичээллэсэн. Богино хугацааны сургалтад арав хоног суусан. Сүүлд Мэндээ багш Өвөрмонголд урлагийн сургуульд ажиллаж байхдаа хөөмийн анги хичээллүүлж тэнд нь тав, зургаан сар суралцсан. Хөөмий Өвөрмонголд дөнгөж л хөгжиж байна. Дүү нар Монголд ирж суралцаж байна. Бид ажил амьдралтай учир ирж дийлэхгүй юм. Гэхдээ Д.Хосбаяр ах бид уулзахаараа хөөмийн тухай ярилцаж сууна. Бас хичээл орно. Тэр үед асуух юмаа асуудаг. Багш бидэнд хөөмийн эрдмийг харамгүй заасан.
Х.Атгаа: -Хөөмийн урлагтай 2008 онд анх танилцаж, улмаар суралцсан. Монгол Улсаас Ж.Мэндбаяр багш маань өмнөд Монголд очоод тэнд дөрвөн жилийн хугацаанд ажилласан. Сүүлд сайхан сайхан багш нар Монголоос очсон. Д.Хосбаяр багш, Цогтгэрэл багш энэ гурван багшаас сайхан боловсрол, хичээлийг нь суралцаад явж байна. Бүр анх хөөмийг сонссон гэвэл 2002 он. Ганболд гэж хөөмийчийн хуурцаг надад байдаг. Миний аав хуурч хүн. Аав маань энийг сонс доо. Морин хуурыг татлагыг нь сонс гээд тэр хуурцгийг надад өгсөн юм. Сонсоод байсан дунд нь хөөмийн аялгуу гараад ирсэн. Маш гоё санагдаад л үүнийг сурвал яасан юм гэж бодсон. Нэг их хол хөндий санагдаагүй. Тэр хуурцгийг би зургаан жил сонссон доо. Хөөмий сураад судлаад явах юм бол барагдахгүй арвин өв. 
-Өвөрмонголд хөөмийн эртний уламжлал байхгүй. Тэгэхээр ардын урлагийн энэ төрөл цоо шинээр үүсэн хөгжиж байна гэж ойлгож болох уу?
Ж.Амгалан: -Шилийн голд цоорын дуу гэж байдаг. Багалзуурын харгиа шиг л юм байдаг. Яг хөөмий байхгүй. Ялангуяа түмэд аймагт бол хөөмий байхгүй. Хятадад хайлсан шүү дээ. Гэхдээ тэр нутгийнхан би монгол гэж  хэлнэ. Гэвч хэл, соёл нь бүгд хятад хүн ш дээ.
-Өвөрмонголд хөөмий сонирхож байгаа хүн олон байна уу?
Ж.Амгалан: -Олон байна. Хятад хүн ч  гэсэн суръя гэж байна. Гэхдээ бид чинь бүр сайн мэдэхгүй, мэдлэг мөхөс. Тиймээс хүнд буруу заачих вий гэж эмээдэг. Өөрийн боловсрол хэмжээнд хэлж өгдөг. Хосоо ах, Одсүрэн багш, Мэндээ ах эд нарыг очихоор хөөмий сонирхож байгаа хүмүүсийг уул­зуул­даг. Тэр Монголын том хөөмийч хүн байна аа, тэндээс сур гээд явуулдаг. Өвөрмонгол Алшаа, Баяннуур, Ордос, Зуу-Уд, Хянган, Хөлөнбуйр гээд олон аймагтай. Монгол хүн арвин. Миний ажиллаж байгаа газарт бол монгол хүн цөөн. “Улаан мөчир чуулга” гэхэд арван хэдхэн хүнтэй. Тэд бүгд монголоороо тоглодог. Монголынхоо  тал нутаг, уул хайрхан, тэнгэр бурхандаа хөөмийлнө. 
-Ямар бүтээлүүд хөөмийлдөг вэ?
Ж.Амгалан: -Ардын дуунаасаа хөө­мийл­дөг. Манай багш нарын зааж сургасан олон дуу байна. Бүр дэлхийн сонгодог зохиолыг хүртэл хөөмийлдөг болсон.
-Шавь бэлдэж байна уу?
Ж.Амгалан: -Шавь сургаж авсангүй. Харилцан суралцъя гэсэн хүмүүс бол байна. Намайг зориод ирсэн дүү нар байна. Манай дөрөв таван хүн урагшаа Бээжингийн их сургууль, Шанхайн их сургууль зэрэг олон их сургуулиар хөөмийн урлагийг зааж явж байсан. Мөн хөөмийн урлаг хаанаас үүсч хөгжсөн гээд түүхийг нь тайлбарлаж байна. 1990-ээд онд хөөмийн урлаг Өвөрмонголд анх орж ирсэн. Бид хөөмийн урлагаа Шинжаанд явж танилцуулсан. Энэ мэтээр мэдлэг, чадвараа харилцан солилцож явдаг. Хятадууд хөөмийг их гайхдаг. Хаанаас нь гарч байгаа авиа вэ. Ийм авиа хүнээс гарч болох уу гээд л. Яагаад ингэж авиалж дуулаад, хөөмийлээд байдаг юм гэсэн сониуч үүднээс хандана. Анх хөөмий сурах үед Д.Хосбаяр багшийн бичлэгийг сүлжээгээр үзсэн.Тэр үед өвөрмонголд хөөмий дөнгөж орж ирж байсан. Энэ тэр өнгөн дээр яаж дуугардаг юм гээд сонирхсон. Яах аргагүй багшийн бичлэг сэтгэл татсан. Тэгээд дөрөв таван жилийн өмнө уулзсан. Шилийн гол аймагт багш ажлаар очиход нь уулзаж  хичээлд нь сууж байлаа. 
-Өвөрмонголд язгуур урлагийн хамтлагууд олон байна уу?
-Хамтлагууд байна аа. Язгуур урлаг тогловол тоглох, бас сонгодог урлаг ч тоглох хамтлагууд байна. 
-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
Х.Атгаа: -Өөрийнхөө хэр хэмжээн дотроо хөө­мийг хожим хойчдоо залгамжлан хүргэхийг хичээнэ. Хөөмий гэж байсан гэж юм гэж дараа үе маань ярьдаг болох вий гэж боддог. Тиймээс хөөмийгөө энэ насан туршдаа сурна, сурталчилна. Хөөмий намайг сайхан хүмүүстэй учруулсан. Гэрэл гэгээ нь их сайхан. Шинжаанд тоглолт хийгээд явахад хөөмийтэй хамаатай мо­дон цуур тоглодог хүмүүс олон таардаг. Тэнд наяад настай нэг буурал ээж байна. Товшуур дэлдэнэ. Яг язгуур шинжээрээ. Тэгэхээр ганц хөөмий биш язгуур урлаг хоорондоо их холбоотой юм байна. Тэр буурлынд арван хэд хоноод эргээд буцаж ирээд суухад хөөмийгөө дагаад би хаана оччихов, хөөмийн ач буян ямар сайхан бэ гэж бодсон. Явах тутам, бодоод байхад нэг сайхан эрчим хүч байна. Цаана нь нэг юм байна. Хөөмий миний амь нас. Үүгээрээ би амьдарч байна. Хөөмийн элч энергиэр явж байна. Хөөмийтэй холбогдоод л би морин хуур, товшуур тоглож сурсан. Энэ урлаг аз жаргал, гэрэл гэгээ надад өгч байна. Хөө­мийг улам сайн сурахад хамаг хүчээ зориулна. Тэсвэр тэвчээрийг бариад, энэ урлагийг өөрийн ухааны хэмжээгээр авна. Хөөмий сураад хаа хүрэхийг мэдэхгүй. Энэ насаараа сурна. Хэдий хэрийг авч дийлэхийг миний амь насны хэмжээ чадал мэдэх биз. Нэг насаараа л сурна. Заяа буян байвал аваад л байна. Ардын урлаг гэдэг дуусахгүй л дээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.