Агуу Харламовын мөсөн талбай дахь замнал

2016.12.28 Лхагва №112 (2143)

Зөвлөлтийн домогт хоккейчин олимпийн хошой, дэлхийн найм, Европын зургаа, ЗХУ-ын 11, ЗХУ-ын цомын таван удаагийн аварга Валерий Борисович Харламов 1948 оны нэгдүгээр сарын 14-нд Москва хотод төржээ. Түүний эцэг нь үйлдвэрийнхээ хоккейн багийн бүрэлдэхүүнд багтаж, хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог байсан нь хүүд нь маш том нөлөө үзүүлсэн юм. Бэлтгэл сургуулилт хийхдээ тэмцээн уралдаанд оролцохдоо хүүгээ байнга дагуулж явдаг байсан тул Валерий хар багаасаа хоккейн спортод сэтгэл татагдаж, долоон настайдаа мөсөн дээр гарч, гулгаж цохиур залж сурчээ. Эцэг нь хүүгээ 1961 онд нууцаар ЦСКА клубын хоккейн сургуульд дасгалжуулагч Андрей Старовойтовын шавь болгож, Валерий хүү түүний удирдлага дор дөрвөн жил бэлтгэл сургуулилт хийв. 
Харламов 1967 онд Минск хотод болсон залуучуудын УАШТ-ий үеэр өөрийгөө нээн харуулж чадсан. Тэр намхан нуруутай ч хоккейн талбайд “сэтгэдэг”, тоглолтыг “уншдаг”, хэрэгтэй үед хэрэгтэй газраа очдог болохыг нь дасгалжуулагчид олж харжээ. Тиймээс ЦСКА клубын дасгалжуулагчид түүнийг дараа жилээс нь үндсэн багтаа хааяа тоглуулах болсон юм. Харламов анхны гоолоо тэр оныхоо дөрөвдүгээр сард “Крылья Советов” багийн хаалганд оруулж, аравдугаар сараас Владимир Петров, Борис Михайлов хоёртой хамтран тоглох болов. ЦСКА клубын залуучуудын багийн гурвал 1969 оны эхээр ЗХУ-ын шигшээ багтай хийсэн тоглолтод гялалзсаар Шведэд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д явах болсон юм. ЗХУ-ын баг дэлхийн аварга болоход дээрх гурвал гол үүрэг гүйцэтгэж, Харламовын уран хууралт, гоёмсог гоолууд, оновчтой дамжуулалт үзэгчдийн бахархлыг төрүүлж байв. 

Тэрээр гарамгай хуурдаг байлаа. Өрсөлдөгч багийнхаа хамгаалагч руу зоригтой дайрч дундуур нь яаж ийгээд гарна гэдгээ мэднэ, биечлэн гоол хийх гэж улайрдаггүй, хамтран тоглогч нартаа оновчтой дамжуулалт өгөхийг илүүд үздэг онцлогтой. Харламов гурвалынхаа тухай ярихдаа “Бид гурав бие биенээ харангуут л ямар үйлдэл хийх гэж байгаагаа ойлгодог. Нэг нэгнээ хараагүй байсан ч санааг нь мэдэрдэг. Нөгөө тоглогч маань дараагийн секундэд ямар дамжуулалт хаашаа хийх гэж байгааг нь би зөнгөөрөө мэдэрч яг тэр цэгт нь дахин очиход шайб яг миний цохиурт хүрээд ирдэг” гэж ярьдаг байлаа. Харламов 1972 онд Японы Саппород хотод болсон өвлийн олимпийн наадмын аварга болохдоо есөн гоол оруулж, долоон оновчтой дамжуулалт өгч, хоёр тоглолтод хет-трек хийсэн.

Тэр жилийнхээ есдүгээр сард Канадын мэргэжлийн хоккейчидтэй хийсэн цуврал тоглолтод гоц тоглож, олон улсын хэмжээнд бүх нийтийн талархал, хүндэтгэлийг хүлээсэн юм. 1974 оны цуврал тоглолтод оролцохдоо хоёрхон шайб оруулсан ч аль аль нь хоккейн спортын түүхэнд мөнхөрчээ. Есдүгээр сарын 17-нд Канадын Квебек хотод болсон тоглолтод эсрэг багийн хамгаалагч Ж.К.Трамбле, Пет Степлтон хоёрын дундуур шумбан гарч шайб оруулахад 10 мянга гаруй алга ташин баяр хүргэж байсан түүхтэй. 1976 онд Автрийн Инсбрук хотод болсон өвлийн олимпийн наадмын хоккейн тэмцээний аварга баг хамгийн сүүлчийн тоглолтын эцэст тодорчээ. Тоглолтын эхний үед Чехословакийн тоглогчид хоёр шайб хийсэн ч төгсгөлийн үед 3:3 болсон байлаа. Энэхүү эгзэгтэй үед Харламов эсрэг багийн хаалгач Иржи Голечекийн хаалганд шийдвэрлэх шайб хийснээр багаа ялалтад хүргэж, олимпийн хошой аварга болсон юм. Тухайн үед Харламовын алдар суу дэлхий даяар тархаж, түүнийг цаг үеийнхээ шилдэг тоглогчийн нэг, ЗХУ-ын хоккейн спортын түүхэн дэх хамгийн гарамгай довтлогч хэмээн бахархан бичиж байлаа. Гэвч тэрээр 1981 оны наймдугаар сарын 27-нд эхнэрийн хамт хөнгөн тэргээр явж байгаад осолд орж, өөд болсон билээ. Зөвлөлтийн төдийгүй манай олон мянган үзэгчид, спортын зүтгэлтнүүд түүний үхлийг гай гамшиг гэж гашуудаж байсан юм. Тэрээр 1969 онд ЗХУ-ын гавьяат тамирчин цол хүртэж, 1972, 1973 онд ЗХУ-ын шилдэг хоккейчин, 1976 онд ДАШТ-ий шилдэг довтлогчоор шалгарч байв. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.