Улаан хамартай Ринго буюу “Битлз”-ийн шинэ жил

2016.12.28 Лхагва №112 (2143)

Хэзээ зохиосон: 1967 он
Зохиогч нь:  
Лэннон, Маккартни, Харрисон, Стар 
Төрөл: Pop рок 

Уг нь “-Цаа буга Рудольфын улаан хамар” гэж дуулдаг байхад нөгөө гурав нь “-Улаан хамартай Ринго” гээд дуулчихав. Тэд зориуд ингэж хошигнон егөөджээ. Ингээд дуугаа ямар ч засваргүй тэр хэвээр нь шүтэн бишрэгчдэдээ илгээв. “Битлз” хамтлагийн шинэ жилийн мэндчилгээтэй дуу ингэж түглээ. Дуунд хойд туйлын цас мөсөн орноос цаа буга хөлөглөн ирж яваа өвлийн өвгөний тухай гарна. Бусдыгаа оройлон давхидаг ес дэх бугын нэр нь Рудольф гэнэ. Тэр улаан хамартай. Гэвч Жон, Пол, Жорж гурав дуугаа давтах үедээ зүв зүгээр дуулж байснаа яг бичлэг дээрээ үгийг нь өөрчлөөд дуулсан нь тэр.  
Дуучид бүгд шинэ жилийн дуу дуулдаг. Харин “Битлз”-ийн дөрвөл бусдаасаа тун өөр шинэ жилийн дуун мэндчилгээтэй пянз гаргасан юм. Тэд 1962-1969 онд жил бүр энэ бэлгээ сонсогчдодоо шуудангаар илгээжээ. Битлүүдийн аялгуун бэлэг нь өвөрмөц сонин сюрприз ихтэй. Мэндчилгээ нь дуугаар эхэлнэ. Залгаад хөгжилтэй хошин яриа, элэглэл болон шүтэн бишрэгчдэдээ хандсан талархлын үгс орно. Дуунуудынх нь хэсгээс, хөгжмийн богино үзүүлбэрүүд, театрчилсан тоглолт хүртэл багтжээ. Эхний жилдээ “Good King Wenceslas” дууг дуулсан. Өгөөмөр сэтгэлтэй ван Вацлав Зул сарын баяраар хүн бүрт бэлэг тараана. Муу санаат эмгэн залилснаас болж ядуу охинд бэлэг дутна. Харин ван охиныг ордондоо аваачин бүжиг наадамд цэнгүүлсэн тухай Чех ардын дуу. Манай дөрөв дуугаа “Ricky the Red-Nosed Ringo” гэсэн дахилтаар төгсгөв. “Битлз” 1967 оны шинэ жилийн мэндчилгээгээ “Is Here Again” дуугаар илгээсэн. “Пантомима” нэртэй үггүй үзүүлбэрүүд нь 1966 оны мэндчилгээнд нь бий. Пянзан дээр шүү. Бүжгийг үзэхгүйгээр аяыг нь сонсохтой адилхан. Хөгжмийн сонин эгшиг сонсгож, мод чулуугаар хүн тааварлахын аргагүй дуу авиа гаргана. Дуу бичлэгийн хальсыг гүйлгэн жирэлзүүлж юу эсийг хийсэн гэх вэ? Жил бүр бэлгэн дотроо гэнэтийн сонин хачин шигтгээ бодож олж хийдэг байсан болохоор шүтэн бишрэгчид нь Битлүүдийн бэлэг ирэхийг тэсэн ядан хүлээж авангуутаа уутан дотор юу байгааг нь үзэхээр уралдан задалдаг байлаа. “Битлз”-ийн сэдсэн энэ сонирхолтой туршилт хөгжмийн ертөнцөд анхдагч болсон. Тэд цаг үеэсээ түрүүлэн сэтгэжээ. Хөгжмийн EMI пүүс 1970 онд “Битлз”-ийн шинэ жилд зориулсан найман жилийн мэндчилгээний бүрэн эмхэтгэлийг гаргасан. Сонирхуулахад “Битлз”-ийн энэ цомогтой адилхан бүтээл Оросын нэрт яруу найрагч Йософ Бродскийд байжээ. Найрагч шинэ жил бүрээр бичиж байсан шүлгүүдээрээ цоморлиг ном гаргажээ. “Битлз”-ийн дуунууд Орост хаалттай байх үед Бродский хамтлагийн олон дууны шүлгийг орчуулсан юм. 

“Битлз”-ийн шинэ жилийн мэндчилгээ орсон “33”-ын эргэлттэй том пянз мөн зөөлөн пянзнууд бий. Орост л гэхэд “Кругозор”, “Колобок” сэтгүүлийн хавсралтаар гардаг байсан уян пянзан дээр бичигдсэн. Ийм ховор цуглуулгатай хүмүүс манайд ч зөндөө. “Битлз” шинэ оны мэндчилгээгээрээ ашиг олох зорилго тавилгүй зүгээр л үнэгүй тараан илгээжээ. Ингэснээр тэд хүссэнээ олж авч чадсан. Тэр нь “Битлз” хамтлагийн мэндчилгээг хүлээн авсан дуу хөгжимд нь хайртай олон сая хүний баяр хөөр аз жаргал байлаа. “Битлз”-ийн чин зүрхний хайрын бэлгийг юугаар ч үнэлэхийн аргагүй нь ийм учиртай. Өнөөдөр “Битлз”-ийн шүтэн бишрэгчид нь шинэ он угтах бүрдээ хөгжил хөөр аз жаргал бэлэглэсэн аялгуут мэндчилгээг нь санан үгүйлсээр байна... 

Хамтлаг тарсны дараа ч Битлүүд дор бүрдээ шинэ оны илгээмж дуу зохион дуулжээ. Эхлээд Пол Маккартни мэндчилгээ бичүүлэхэд гурван нөхрийн хэн нь ч түүн дээр ирж амжсангүй. Тэр ганцаараа дуулан хүмүүст илгээсэн. Пол ямагт үнэнчээ харуулсан нь энэ. Тэрээр өнөөг хүртэл дэлхийг тойрон дөрвүүлээ зохиосон хамаг л дуугаа дуулсаар явна. Тайзан дээр түүнийг үсрэн гарч ирэх бүрийд үзэгчид нь ганцхан Полыг биш Битлүүд дөрвүүлээ зэрэгцэн хамт зогсож байгаагаар нь дурсан хайрласаар байна. Жорж Харрисон 1974 онд мэндчилгээ илгээсэн. “Дин Дон” нэртэй. Шинэ жилийн бяцхан хонхны жингэнээгээр дуугаа нэрлэжээ. Ринго Стар мэндчилгээгээ 1999 оноос эхлэн илгээсэн нь учиртай. Шинэ мянганы угтал жилийг дэлхийн бүх хүмүүс онцгой баяр хөөрөөр хүлээсэн болохоор тэр. Ринго мэндчилгээгээ “Little Drummer” гэж нэрлэсэн. “Бяцхан бөмбөрчин” гэж. Мэдээж түүнийх ийм л нэртэй байж таарна. Дуунд шинэ жилээр хүмүүс бие биедээ бэлэг өгч байгаа тухай гарна. Бөмбөрчин хөвүүнд юу ч байсангүй. Тэр “Надад бөмбөрөөс өөр юмгүй болохоор миний бэлэг нь энэ жижигхэн бөмбөрийн цохилго. Үүнийгээ би бүх хүнд сонсгоно” гэж дуулдаг.  
 Жон Лэннон шинэ жилээр бусдаасаа өөр мэндчилгээ дэвшүүлсэн. Америкт 1970 оноос дайны эсрэг олон түмний хөдөлгөөн хүчээ авлаа. Энэ тэмцэлд Жон оролцож 1971 оны шинэ жилийг угтсан дуугаа “War Is Over” гэж нэрлэжээ. Шинэ оныг дайн дажингүй угтахын бэлгэдэл болсон “Дайн дууссан” хэмээх энэ дуу өнөөдөр бүр ч илүү хүчтэй эгшиглэсээр байнам. “Ирж буй шинэ онд хүмүүс хар, цагаан, улаан, шар арьстай нь огт хамаагүй, баян ядуу аль нь ч байсан бүгдээрээ аюул айдасгүй амьдрах болтугай!” гэсэн ерөөл дуурссаар... Энэ жижигхэн гариг дээр хүмүүс хар буруу санаагүй зовлон зүдгүүргүй амьдрах юмсан гэж Лэннон мөрөөдөж байсан. Аз жаргалтай тийм газар орныг тэр зөвхөн аялгуу дуун эгшиглэж байдаг мөнх ногоон хүрээлэн гэж төсөөлсөн. Жон энэ мөрөөдлөө биелүүлэхээр 1967 онд Грекийн эргийн нэгэн эзэнгүй ногоон арлыг худалдаж авахаар гурван нөхрөө ятгаж байсан баримт үлджээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.