Ж.Ганбаатар VS Т.Аюурсайхан

2016.12.21 Лхагва №111 (2142)

Т.Аюурсайхан гишүүний өргөн барьсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Тус хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлэг даваа гаригт ээлжит хуралдаанаараа хэлэлцээд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дарамт болох хуулийн төсөл гэж дүгнэсэн юм. Гэвч уг хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо хэлэл­цэх нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ Ж.Ганбаатар, Б.Ундармаа, Б.Энх-Амгалан зэрэг гишүүд хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэдний төлөөлөл болгон Ж.Ганбаатар, хууль санаачлагч гишүүн Т.Аюурсайхан нарын эсрэг тэсрэг байр суурийг хүргэе.

Ж.Ганбаатар: -Засгийн газ­рын мөрийн хөтөлбөр, саяхан баталсан Эдийн засгийг сэр­гээх хөтөлбөрт биз­нес эрх­лэгчдийг дэм­жих зорилтууд тус­гасан. Гэ­тэл үүний эс­рэг хуу­лийн төсөл оруулж ир­лээ. Дэмжихгүй гээд байхад л дахин дахин оруулж ирээд байгаа нь ямар учиртай юм бэ. Өнөөдөр уг нь ийм зүйл ярих цаг биш. Энэ хуулийн бүх заалтыг ашиглаад захын нэг байцаагч бизнес эрхлэгчдийг дарамталж эхэлнэ. Эхлээд иргэддээ бизнес эрхлэх сонирхол төрүүлж дараа нь татвар төлөгч болохоор нь шалгадаг, хянадаг ажлаа хий л дээ. Одоо үйлчилж байгаа хуульд нь болохгүй зүйл алга. Өөрийнхөө бизнесийг хамгаалж байна гэж бодож байгаа бол жижиг, дунд бизнес эрхлэгчдийг энэ хуулийн үйлчлэлээс хасах хэрэгтэй. 

Т.Аюурсайхан: -Эдийн засаг хямралтай байгаа нь үнэн. Гэхдээ аж ахуйн нэгжүүдэд хяналт тавихгүй гээд Монгол Улсынхаа иргэдийн эрх ашгийг хохироож болохгүй. Ер нь бүх төвшиндөө хариуцлагаа сайж­руулж байж энэ хүндрэлээс гарах ёстой. Одоогийн хуулиа мөрдөөд явахад болохгүй зүйл бий. Тухайлбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар чинь улсын хэмжээнд долоохон байцаагчтай. Гэтэл бүх газар төлөөлөлтэй төрийн бус байгууллагууд бий. Ийм төрийн бус байгууллагуудыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажилд оролцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ бол аж ахуйн нэгжүүдийг торгох, дарамтлах агуулгатай хуулийн төсөл биш. Хариуцлагыг нь дээшлүүлэх л агуулгатай.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.