Оросын элчинг хөнөөсөн хэргийн ард хэн байгаа вэ?

2016.12.21 Лхагва №111 (2142)

Элчин сайд Андрей Карловыг хөнөөсөн хэргийг  олон улсын ажиглагчид террор хэмээн нэрлэсэн байгаа бөгөөд түүний ард олон улсын терроризм, Туркийн үндсэрхэг үзэлтнүүд байж болох юм. Туркийн сөнөөгч онгоцнууд Сирийн нутагт Оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний дараа  хүчтэй доройтож ирсэн хоёр орны харилцаа одоо сэргэх талдаа ороод байгаа юм. Эрдоганы Москвад хийсэн айлчлал, Путины  хариу айлчлал, эдийн засгийн харилцаагаа  сэргээж эхэлсэн, талууд Сирийн талаар  ярилцах болсон зэрэг нь хоёр орны харилцаанд сэргэлт гаргахад бэлэн гэдгийг  харуулсан юм.  Гэтэл даваа гарагийн орой Анкара хотын Орчин үеийн  урлагийн галерейд  Оросоос Туркт суугаа Элчин сайд Андрей Карловыг хөнөөсөн хэрэг гарав. “Калининградаас Камчатск хүртэл” нэртэй  үзэсгэлэнд Оросын бүхий амьдрлын зургууд тавигдан  хоёр орны найрамдлын нэгэн  хуудсыг нээх ёстой байсан юм.  Гэтэл одоо харилцааг  хурцатгах магадлал үүсээд байна. 

Элчин сайдын араас хийсэн буудлага

Гэрч нарын яриагаар танхимд хэдэн арван хүн  цугларсан байсан аж. Элчин сайдын ард  үнэтэй хар костюмтай  залуу зогсож байжээ. Хамгаалагч нарын нэг гэж тэнд байсан хүмүүст бодогдохоор  байсан гэнэ.  Карлов индэрт гарч мэндчилгээгээ эхлэнгүүд буун дуу дараалан гарсан байна.  Тэр залуу арваад удаа бууджээ. Элчинг унасны дараа тэр агаарт хоёр ч удаа буудан “Аллах  акбар, Алеппогийн төлөө” гэх мэтийн уриа  хашгирч байжээ. 
Террорист  танхимд байсан хүмүүсийг хөөн гаргасан ба 15-20 удаа буудсаныг бодоход нөөцийн дайзтай байсан бололтой.  Тэрээр танхимаар тусгайнхан ирэх хүртэл 20-30 минут алхалж, “би энд үхэхийг хүсэхгүй байна бүү  ойрт” гэж орилж байсан түүнийг тусгай ажилтан буудсан байна . 
Оросын Элчин Андрей Карлов эмнэлэгт нас барав. Түүний биед 11 сум туссан байлаа.  Энэ үеэр хоёр турк иргэн бас шархдаж эмнэлэгт хүргэгджээ. 
Туркийн тусгай албаны мэдээгээр, алуурчныг Мевлют Мерт Алтинтас (Mevlüt Mert Altıntaş) гэдэг ба 22 настай цагдаагийн офицер асан байв.  Өөрийн үнэмлэхээр галерейд нэвтэрсэн байна. Харин  эрх баригчид түүнийг  зуны төрийн эргэлтийн дараа цагдаагаас хөөгдсөн гэж хэлж байна. Мевлютыг эрх баригчид Фетхуллах Гюлены байгууллагад (ФЕТО) хамруулсан байв. Талийгаач  Андрей Карлов 1954 онд Москва хотод төржээ. 1976 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Эдийн засгийн факультетийг дүүргэсэн байна. Тэр жилдээ дипломат албанд хүчин зүтгэж эхэлжээ. Ажиллахынхаа хажуугаар 1992 онд ОХУ-ын Гадаад харилцааны яамны харъяа Дипломатын академийг дүүргэсэн. Тэрээр англи, солонгос хэл эзэмшсэн, 1976 оноос 2008 он хүртэл гадаадын улс орнуудын ЭСЯ-нд эх орноо төлөөлөн ажиллаж байсан аж.
Тэрээр 2009 онд эх орондоо ирж, ГХЯ-нд Консулын албаны орлогч дарга, дарга зэрэг ажлыг хийж байгаад 2013 оны долдугаар сарын 12-ноос Туркт суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байжээ. Үүний өмнө БНСУ-д Элчин сайд байлаа.
Талийгаач Анкарад эхнэрийн хамт амьдардаг байжээ. Нэг хүүтэй, хүү нь нас биед хүрч тусдаа гарсан байсан аж. Талийгаач дипломатчдынхаа дунд мэдлэг чадвараар муугүйд тооцогддог байсан бөгөөд 2012 оны гуравдугаар сард Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол хүртээд байжээ.     
Оросын гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэнээр, Оросын засаг захиргаа энэ хэргийг террор гэж үзэж байгаа гэнэ. Ерөнхийлөгч Путин  үүссэн нөхцөл байдалд олон улсын терроризмын эсрэг  тэмцлээ улам  эрчимжүүлэхээс өөр зам байхгүй гэв. 

Ганц бие алуурчнаас саудынхан хүртэл

Оросын Элчинг хөнөөсөн  аллагыг зохион байгуулагчид, учир шалтгааны талаар шинжээчдэд нэгдсэн дүгнэлт байхгүй. Нэг хэсэг нь  ганц бие алуурчны гарт Элчинг хохирсон гэж байгаа бол өөр нэг  хэсэг хэргийг Алеппод болж буй үйл явдалтай холбоотойг хэлж байна.
Харин энэ хэрэгт Туркийн эрх баригчид хамаагүй  хэмээн тэд хэлж буй. Алеппод болж буй хэрэг явдалд дургүйцсэн  ганц бие алуурчны хийсэн хэрэг гэх хувилбар  илүүтэй яригдаж байна.  Гэхдээ тэр тодорхой нэгэн үндсэрхэг үзэлтнүүдийн бүлэгт хамаатай байсан байж болно. 
Шинжээчдийн гурав дахь хэсэг Суадын  хаан  ширээ залгамжлагч  жонон Мухаммед бен Салман захиалагч байж болно гэлээ. Сирид дайныг үргэлжлүүлээд байх хүсэл нь дарагдаагүй Катар ч энд холбогдсон байх магадлалтай. Гэхдээ Катарын үндсэн холбоотон байгаа Туркийн нутагт үүнийг хийхгүй  болов уу Ер нь бол Ойрхи  дорнодынхноос саудчуудын хувилбар л илүүтэй байгаа юм. 
Хэргийн дараа Орос, Туркийн  харилцаа хэрхэн өрнөхийг хэлэхэд эрт байна. Үүнийг дээд  ерөнхий командлагч В.Путин л   шийдэх байх.  Ийм хэргийг хүсээгүй оронд л энэ хэрэг гарлаа хэмээн олон улсын хэвлэлд бичжээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.