Нүдээ олж хэрэгжсэн хөтөлбөр

2016.12.21 Лхагва №111 (2142)

Сурагчид төдийгүй багшийн ур чадварт анхаарна

БСШУСЯ-наас санаачлан хэрэгжүүлсэн “Боловсролын чанарын шинэчлэл” хөтөл­бөрийн нэг хэсэг нь “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”. Энэ нь бага боловс­ролын эх хэл, байгалийн ухаан ба мате­матикийн сургалтын чанар, үр дүнг сайж­руулж, сургуулийн төвшинд төлөв­лөлтийг бэх­жүүлэх замаар бага боловсролын ча­нарыг сайжруулах зорилготой аж. Үүнээс гадна багшийн ур чадварыг нээн хөгжүүлэхэд дэмжлэг болж, мөн амьдрах ухаанд сурал­цах үйл ажиллагааны хүрээнд сургууль, орон нутгийн тулгамдсан асууд­лыг өөрсдөө олж илрүүлэн судлах, ардын уламжлалт өв соёл, зан заншлыг өвлөн хөгжүүлэх, түгээх, дэлгэрүүлэх зорилгыг өвөрлөн, энэ чиглэлийн төсөл хөтөлбөрийг түлхүү дэмжсэн байна. Ингэх­дээ сургалтын үйл ажиллагаанд үр нөлөө багатай бичгийн хэрэгсэл, шохой, цаас гэх мэтийн дэл­гүүрээс худалдан авах боломжтой бараа бүтээгдэхүүн, тавилга, барилгын зас­вар болон түүнтэй холбогдох ажлыг санхүү­жүү­лээгүй гэнэ. 
Харин хүүхдийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц, сурагчдын ам­жилтыг ахиулах, суралцах арга барилыг төгөлдөржүүлэх, ялангуяа уншиж бичиж, өөрийгөө илэрхийлэх, хүүхдийн чадварт ахиц гарахад нөлөөлөхүйц зүйлсэд тэтгэлэг олгохоор зорьжээ. Жишээ нь, хүүхдийн авьяасыг нээхэд, түүнийг хөгжмөөр хү­мүүжүүлэх зорилгоор хөгжмийн зэмсгүүд, бүжгийн хувцас, эсвэл спортын чиглэлээр тэтгэлэг авсан сургуулиудад цагираг, бөмбөг зэрэг нэн хэрэгтэй зүйлсээр нь хангасан байна. 
Төслийн хэрэгжих хугацааны тухайд харилцан адилгүй байсан аж. Гэхдээ сур­гуулиуд төслөө нэг жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг зорих ёстой бөгөөд үйл ажиллагаа нь хугацаандаа багтаагүй ч юм уу, нэг хичээлийн жил дуусахад төсвийнхөө 90 хувийг зарцуулаагүй то­хиолдолд төслийн хугацааг зургаа хүртлэх сараар сунгаж болохоор заажээ. Төсөл авахдаа, сургуулиудын хүүхдийн тоо 200-аас дээш байхаар заасан аж. Ирүүлсэн төслийг үнэлэхдээ төслийн санал нь хүүхэд хөгжүүлэх зорилтыг биелүүлсэн, үр дүн нь хэмжигдэхүйц  бодитой  байх, саналд тусгасан гол үйл ажиллагааны талаар тодорхой тайлбарласан, зардлын тооцоогоо бодитой, зөв тооцоолсон, хэрэг­жүүлэх механизм нь тохиромжтой, уян хатан, төлөвлөгөө, үйл ажиллагаа нь уял­даатай, төслийн үр дүн тогтвортой байдлыг хангаж байгаа эсэхийг харгалзан үзжээ.  
Төсөлд хамрагдахад заавал сургалтад суусан байх шаардлагыг тавьж, БСШУСЯ-ны ажлын хэсэг Улаанбаатар хот дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрын Санхүүгийн удирдлага, худалдан авалт хариуцсан мэргэжилтнүүдтэй хамт­­ран нэг өдрийн сургалтыг төсөл нь бат­лагдсан сургуулийн захирлууд, нягтлан бодогчийг оролцуулан бүсчлэн зохион байгуулжээ. Энэ үеэрээ журнал хөтлөлт, ба санхүүгийн тайлангийн маягтууд, гарын хавсралт, бараа худалдан авах үнийн санал авах тухай танилцуулсан байна. Төслийн боловсруулалт, тавигдах шаардлага, төсөл хэрэгжүүлэхийн өмнөх ажлын явцын талаар хүргэвэл товчхондоо ийм юм. 

Эх орны өнцөг булан бүрт сайны үрийг цацсан нь
Эх орны өнцөг булан бүрт хүрч, хэрэгжсэн энэхүү төсөл нь ямар ч байсан дэмий зүйл биш байж, тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн тухай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан сургуулийн багш нар ярьсан юм. 
Төслийн багийнхан эх хэл, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг сурагчдад суулгах үр дүнтэй төслүүдийг сонгон санхүүжүүлэхээс гадна урлаг, спорт, уламжлалт ёс заншлыг сургах зэрэг төслүүдийг ч мөн сонгожээ. Жишээ нь эх орны зүүн хязгаар Дорнод аймгийн Сэргэлэн сумын ерөнхий боловсролын сургуульд “Унаган нутгаараа аялж мэдлэг бүтээцгээе” хэмээх сэдвийн дор хэрэгжиж, хүүхдүүд сумынхаа байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, домог түүхийг судалсан байна. Тэгвэл Хөлөнбуйр сумын сурагчид “Нүүдэлчин баргын номч багачууд” сур­гуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж өөрийн үндэстний хувцас, эдлэл хэрэгсэл, мартагдах шахсан тоглоом наадгайг сэргээн суралцсан бол аймгийн төвөөс алслагдсан Чулуунхороот сумын сургуульд “Сонгодог урлаг төгөлдөр сурагч” нэртэйгээр хэрэгжиж наран мандах нутагт сонгодог хөгжмийн аяыг эгшиглүүлсэн юм. 
Харин их уурхайн анхны гал ассан Багануур дүүрэгт эх хэлний чадварыг сайжруулах хийгээд жүжиглэх авьяас чадварыг нээн илрүүлэхээр сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжин, нялх хонгор үрсийн дэврүүн  зүрхэнд жүжигчин болох их хүслийг бадраасан байна. Харин агаарын бохирдол, хөрсний ялзралт, хуурайшилт ихдэж, экологийн цэвэр хүнс, жимс, жимсгэнэ хомсдоод буй нийслэл хотод “Эко сургууль” төсөл хэрэгжсэн байна. Энэ нь Богд хан уулын ар хормой, хатан Туулын хөвөө гээд байгалийн үзэсгэлэнт цогцолсон Зайсангийн аман дахь 32 дугаар сургуулийн санал ирүүлсэн төсөл юм. Тус сургууль 3500 мод тарьдаг байсан бол энэхүү төсөл хөтөлбөрт хамрагдсанаар 19 нэр төрлийн 4040 модтой болж, сурагчид нь мод тарих, ургуулах, хураах ажлыг хийж сурч ажлын амтыг мэдрүүлжээ. Энэ бол зөвхөн бидэнд мэдэгдэж нүднээ харагдсан үр дүнгийн өчүүхэн хэсэг юм. Үүний цаана хэчнээн хүүхдийн амьдрал, үзэл суртал, хүсэл мөрөөдөлд нөлөөлж, тэдний дэврүүн хүслийг хөглөсөн бол оо. 
Ингэхээр БСШУСЯ-наас хэрэгжүүлсэн “Боловсролын чанарын шинэчлэл” хөтөл­бөрийн бүрэлдэхүүн хэсэг бага бо­ловсролын сургалтын чанарыг сайж­руулах, багш бэлт­гэх ба багшийн мэргэжил дээшлүүлэх, Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр нь хэрэгж­сэн газраа сайн үрийг түгээж чаджээ. Багш, эцэг эхчүүдийн яриа илтгэхээс гадна хүүхдүүдэд үлдсэн чадвар, мэдлэг, сургууль бүрт хадгалагдан, ашиглагдан үлдсэн зүйлсээс харж болох юм. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.