Б.Золбоо: Гадаадад нугардаг ч, хийлээ сурах гэж Монголд ирдэг байсан

2016.12.21 Лхагва №111 (2142)

Улсын филармонийн хөгжимчин, “Pyramid circus” сургуулийн багш Б.Золбоотой ярилцлаа.

-Хорь гаруйхан настай хэрнээ урлагийн ертөнцөд хориод жил ажилласан байна. Сонсоход их сонин юм. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Би таван наснаасаа эхэлж нугарч, зургаатайгаасаа хийл хөгжим тог­лож сурсан. Их багаасаа энэ салбар руу орсон болоод л тэр байх. 
-Саяхан та хийл уран нуга­рал­тыг хослуулсан клип хий­сэн байсан. Өвөрмөц болсон санагдсан шүү. 
-Миний анхны уран бүтээл “Авьяаслаг монголчууд” шоунд оролц­сонтой минь холбоотойгоор мэндэлсэн. Нэгдүгээр шатандаа тэн­цэхдээ нугарна гээд хэлсэн байсан болохоор хүмүүст маш хүлээлттэй байсан. Шоу зурагтаар цацагдаж эхэлснээс хойш хүмүүсээс “Нугарах уу” гэсэн асуултууд их ирсэн. Зүгээр хийлээ тоглоод сууж байхад нугараад үзүүлчих гэдэг хүмүүс ч байсан. Иймээс  би нэг клип хийж хүмүүст харуулсан нь зүйтэй юм байна аа гэж бодсон. Анхны уран бүтээл бэлсэн болсон нь надад дараагийн уран бүтээлээ хийх суурь нь тавигдлаа гэж бодож байгаа. Энэ клипийг хүмүүс өвөрмөц болсон байна гэцгээсэн. Учир нь би сонгодог урлагийн хүн. Гэтэл залуучуудын дунд сонгодог урлаг сонирхдог хүн ховор. Ахмад настнууд болохоор өөрсдийн сонс­дог хэдэн аяа л сонсох дуртай байдаг. Харин би энэ шинэ аяа хийхдээ арай эрч хүчтэй хийхийг зорьсон. Уран нугаралтыг хийхдээ ч гэсэн албаар жийнсэн өмд өмссөн. Уран нугаралт гэхээр заавал комбензон өмсч нугарна гэсэн ойлголттой байдаг. Би бас олон жил комбензон өмсөөд нугарсан л даа. Гэхдээ зарим хүн яагаад заавал ингэж байдаг юм энэ тэр гээд их олон хүн надад ирж саналаа хэлдэг. Тэгэнгүүт нь жийнс өмсөөд хэмнэлтэй ая дээр нугараад үзвэл хүмүүст жаахан гоц харагдах болов уу гэж бодсон. Хүмүүст хүрэхдээ ч гэсэн ойрхон болов уу гэж имижээ тэгж бүрдүүлсэн юм. Хоёр дахь уран бүтээл дээрээ бас энэ байдлаа эвдээд шал өөрөөр гарч ирнэ гэж бодож байгаа. Тэгэхгүй бол хүмүүс “Өө энэ хүүхэн чинь ерөөсөө л ийм юм байна” гэж бодно шүү дээ. Тэгэхдээ нэлээн уянгын ая сонгоно. Нууцаа хэлэхэд Цагаан сартай холбогдуулж ардын дууны ая, аялгууг хийл дээр хувирган орчин үеийн хэмнэлээр тог­лохоор бэлдэж байгаа. Клип нь Цагаан сарын дараа гарна. 
-Хийл, уран нугаралтыг хос­луулах нь таны талий­гаач багшийн санаа гэж сон­сож бай­сан юм байна. Энэ ту­хай дэлгэ­рүүлээч?
-Тийм. Ийм учиртай юм л даа. Намайг анх хийл хөгжим дөнгөж сурч  байх үед буюу 1996 онд багш намайг “Хөлөөрөө хийлээ барьчих аа. Анхнаасаа хослуулаад хийе” гэж байсан. Хийлийг юун хөлөөрөө тоглох гараараа тоглох хүртэл хэцүү байдаг байхгүй юу. Тэгээд ээж аав зөвшөөрөөгүй болохоор тэр үед орхисон. Сүүлд багшийгаа нас барсны дараа сэргээе гэж бодсон. Би хоёр мэргэжил  эзэмшсэн. Харин хүмүүс нэгийг нь эзэмших гэж нөгөөг нь орхигдуулдаг шүү дээ. Уран нуга­ралтын хувьд дандаа гадаад руу явж нугардаг. Монголдоо нугар­даггүй. Яагаад гэвэл гадны улсуудад цалин сайн байдаг учраас Монголын уран нугараачид гадны улсуудад нугардаг. Харин Монголд болохоороо хийлээ сурах гэж буцаж ирдэг байсан. Ингэж явсаар байгаад “Авьяаслаг монголчууд” болох үед “За за хоёуланг нь хийж чадах юм чинь дээ” гэдэг бодлоор орох гэсэн юм. Үүнээс өмнө 2010 онд Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс зохиодог “АСК” гэдэг шоунд орж байхдаа энэ үзүүл­бэрээ хийсэн юм. Шүдэн дээрээ зогсоод хийл хөгжмөөрөө нэг цэр­гийн ая тоглож байсан. Түүнээс хойш уран нуга­ралт хийл хоёроо хос­луулах санаагаа түр орхисон бай­гаад энэ шоунд орох­доо сэргээх бодол­той бай­сан юм. Хүмүүс надаас бас бүтэн ая тоглохыг шаардаад байгаа, тэгэхийн тулд шүдэн дээрээ ядаж 2-3 минут тогтох хэрэгтэй болно. Тэгэхээр нэлээд их бэлтгэл хийж байж л хүмүүст харуулж амлалтаа биелүүлнэ дээ. 
-Уран нугаралт авьяасаас гадна хичээл зүтгэл их шаарддаг байх. Их багаасаа хичээллэсэн байна шүү дээ.
-Уран нугаралтын хувьд манай эмээ их уян хүн байсан. Дээрээс нь би зурагтаар уран нугаралт гарахаар дуурайгаад хийчих­дэг байсан гэсэн. Анх уран нугаралт хийхгүй гэж уйлдаг байсан гэсэн. Тэр үед шахуулаад их өвддөг байсан юм байгаа биз. Харин одоо бол өвдөлтүүдээ мартсан. Их бага байсан болохоор тэрнийгээ санахгүй шүү дээ. Нэг бодлын маш амар байгаа гэсэн үг. Багадаа мэдэрчихсэн. Одоо бол нугарахад  нэг их зовоод байдаг юм байхгүй. Хийл хөгжмийн хувьд манай эгч хөгжим бүжгийн коллежид шалгалт өгсөн юм. Тэгэхэд би эгчийгээ дагаж очоод, дээд давхарт нь хийлийн элсэлт болж байхаар нь өөрөө оочерлож байгаад шалгуулсан. Тэгэхэд миний сонсгол сайн байж таараад тэнцсэн. Хийл хөгжим тоглоход гарын урт, хурууны өндөг шалгаж авдаг. 
-Шүдэн дээрээ тогтож байгаад хийл тоглохоор нугаралтандаа нэг анхаарамаар ч юм шиг, аяа мэдэрмээр ч юм шиг байдаг байх. Энэ тохиолдолд яадаг вэ?
-Хоёуланг нь кодлоод орхидог л доо. Тэгж байж л зэрэг амжуулна. Тэгэхгүй бол нугаралтандаа анхаар­вал хийлээ мартана. Хийлэндээ анхаарвал нугаралтаа алдана. Тийм болохоор гартаа юу ч болж байсан түүнийгээ хийдэг болохыг кодлоно гээд байгаа юм л даа. Үүнд бэлтгэл л их чухал.
-Одоо хийл уран нугаралтаа хослуулах үзүүлбэрээ ямар хүмүү­сээр заалган бэлдэж байна вэ. Эсвэл өөрөө өөрийгөө бэлдээд байна уу?
-Өөрөө өөрийгөө л бэлдээд байна даа. Би чинь 20 хэдэн жил нугарсан байна шүү дээ. Бэлтгэлээ хийж дуусаад нөхөртөө харуулдаг. Манай нөхөр “Ингэ”, “Тэг” гэж зөвлөдөг. Ер нь бол надаас илүү мэдрэмжтэй, бас шүүмжилдэг. Тэр шоунд оролцоход хүртэл намайг маш их дэмжсэн. Бид хоёулаа төсвийн ажил хийдэг. Хажуугаар нь давхар ажил хийхгүй бол болохгүй шүү дээ. Тэгтэл нөхөр маань намайг шоунд оруулахын тулд хувийн ажлаа орхиод хүүхдүүдээ харж, намайг бэлдүүлээд маш их цаг гаргасан. Бүх зүйлд хамт яваад намайг дэмждэг. Тийм болохоор би ямар нэгэн юм хийхдээ санаа амар байдаг. 
-Таныхаар хийл хөгжмийн онцлог юу вэ?
-Энэ бол маш тэвчээр шаардсан хөгжим. Эхний дөрөв таван жилдээ ая тоглоно гэж байхгүй шүү. Аягүй муухай хяхтнасан, ёнгиносон л юм болно. Тэгэхээр ээж аав минь их тэвчээртэй хүмүүс байсан болол­той. Намайг ая тоглохыг хүлээгээд л. Мөн маш нарийн мэдрэмж, мэд­рэхүй шаарддаг. Тэр ч утгаараа хатан хөгжим гэж хэлэгддэг. Ямар л бол ямар тембр гаргана. Өдөр болгон маш олон ца­гийн бэлтгэл хийж байж өөрийнхөө хүссэн аяа гаргадаг. Арван хоног тоглохгүй байж байгаад тоглоход маш олон форм алдсан байдаг. Байнга л хичээл зүтгэл гаргаж үүнтэйгээ зууралдаж байхгүй бол болдоггүй юм л даа. 
-Та сая гадны улсуудад очиж нугардаг гэлээ. Гэрээгээр ажил­ладаг юм уу?
-Монголын уран нугаралт бол дэлхийд хөлөө олсон. Энэ бол манай дээд үеийн эгч нартай холбоотой. Зөвхөн монгол охид нугараад байгаа юм биш л дээ Бүх орны охид нугардаг. Монголчууд юугаараа илүү байна гэхээр багш нар маань биднийг маш сайн бэлдэж өгдөг. Бидний уран нугаралтын холбоос болон хүч сайн. Энэ нь бид маш их бяртай бөгөөд уян гэсэн үг юм. Тэгээд үзүүлбэрээ маш төгс хийж өгдөг. Бидэнд эгч нар маань өөрсдийн туршлагаасаа хуваалцаж “Үүнийг ингэж хийнэ ээ” гээд заагаад өгчихдөг. Тэр нь маш их хугацаа хэмнэдэг. Бид өөрсдөө сурна гэж цаг алдахгүй. Энэ нь монголын үе үеийн уран нугараачид хоорондоо уялдаа холбоо, эв сайтай учраас бид биендээ туслаад, цаг алдахгүй нэгдэж ажиллаж чадаж байна гэсэн үг юм. Түүгээрээ уран нугаралтын хөгжил маш хурдтай явж байна гэж би ойлгодог. Тэгээд бас гадны улсуудад очиж ажиллахад бид ажлын бус цагаар хариуцлага өндөр байдаг л даа. Тэр нь монголчуудын хүмүүжил байх.  Биеэ авч явахдаа ч сайн гэх үү дээ. Ийм чанаруудаас болоод гадны улсууд монгол нугараачдыг авч ажиллуулах дуртай байдаг. Ажлаа хийгээд гэрээ дуусахад дандаа “Гэрээгээ сунгаад ажиллаач” гэсэн санал ирдэг. Тэгсээр байгаад монгол нугараачид гадаад шингэж үлддэг. 
-Нугараачид Монголд ажиллахад нөхцөл тийм хүнд байдаг юм уу?
-Цалингийн асуудал л хамгийн хэцүү. Дээрээс нь уран нугаралтаар тэр болгон ажлын байр олдохгүй. Яагаад гэвэл Монголд уран нугарал­тын маш олон охид байдаг болохоор монголчуудын уран нуга­ралтыг үнэлэх үнэлэмж хүртэл бага байдаг. 
-Таны хувьд гадны ямар улсуудад гэрээгээр ажиллаж байв?
-Би насанд хүрээгүй байхдаа ч гэсэн асран хамгаалагчтайгаа хамт гадны улсууд руу явдаг байсан. Миний хувьд 12 настайгаасаа эхэлсэн. Турк, Франц, Шинэ Зеланд руу явсан. Шинэ Зеланд руу 15 настай байхдаа хоёр жилийн гэрээтэй явж байлаа. Тэгээд цаашлаад Америк, Герман гэх мэт улс руу явсан. Нэг явахдаа дандаа тойрон аялал хийгээд 1-2 жил явдаг. Бидний нугарч байгаа бичлэгийг үзээд цаад байгууллага маань өөрсдөө сонгож авдаг. Нэг таньсан хүнээ авах гээд байнга л санал ирүүлдэг. 
-Та “Бид” гэж ярьж байна. Хэнийг хамруулж ярьж байна вэ?
-Уран нугаралтынхан бие биеэ маш сайн таньдаг. Бид дотроо бол хэнтэй ч хамаагүй хамтардаг. Нэг нэгэндээ атаархах зүйл байдаггүй. “Хоёр хүний, таван хүний гэрээ ирлээ. Хамтрах уу” гээд ярилцаад явдаг. Дээр хэлсэнчлэн бид маш сайн нэгддэг. Миний багш бол төрийн шагналт, ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш гэж хүн байсан. Багшийнхаа шавь нартай голдуу хамтарч ажилладаг. Би ихэнхдээ Монгол руу буцаж ирээд, манай найзууд гадаадад үлддэг. Яагаад гэвэл манай аав хөгжим бүжгээ төгс. Дээд боловсролтой хүн бол. Хийлээ төгс сурна шүү гэдэг байсан. Тэгээд яах аргагүй л би буцаж ирнэ дээ. 
-Нугараачид их залуудаа зодог тайлдаг байх. Тийм үү?
-Тийм ээ. Залуудаа л хийх юмгүй болчихоод байдаг мэргэжил. Одоо бол миний зодог тайлах хугацаа бас болсон байна. Гэхдээ миний нурууны онцлог, уян төрснөөс болоод нугараад байж болж байна. Хүмүүсийнхээ онцлогоос хэдий шалтгаалах боловч насаар хүнийг голно шүү дээ. Хөгширтлөө нугарах ч бас хэрэггүй л дээ. Нүүр ам үрчийсэн байж нугараад байх дэмий.
-Сургуулиа дөнгөж төгссөн залуухан хөгжимчин, Улсын филармони хэмээх их айлын босгоор хэрхэн алхаж байв?
-Бид нар дөрөвдүгээр курстээ дадлага хийдэг. Ингэхдээ дуурь, филармони, цэргийн оркестр зэр­гээс аль нэгийг нь сонгодог юм. Тэгэхэд би яагаад ч юм филар­монийг сонгосон. Миний найзууд энд байсантай холбоотой байх. Дадлага хийж байгаад эндээ дас­чихаж байгаа юм л даа. Өөр газар оръё гэсэн бодол огтхон ч төрөөгүй. Шууд эндээ үндсэн ажилтнаар оръё гэж шийдээд өр­гөдлөө би­чээд удирдаачдаа өгсөн. Уран сайх­ны зөвлөл ажилд авах эсэхийг шийдээд,  би эндээ үндсэн ажилтан болж үлдсэн дээ. 
-Таны хадам аав гавьяат жү­жиг­чин Д.Гүрсэд гэж сонсож байсан юм байна. Ижилхэн ур­лагийн хүмүүс болохоор сайн ойлголцдог байх.
-Нөхөртэйгээ танилцаж байхдаа тийм мундаг аавтай гэж мэдэж байгаагүй. Манай хадам аав бид хоёрын амьдралд маш их тусалдаг. Бидний ажлыг ойлгодог. Хүүхдээ харуулах тал дээр бол аав бүрэн хариуцаж үлддэг. Уг нь аав нөхөр бид хоёрыг бодвол асар их ажилтай хүн шүү дээ. Утас нь байнга дуугардаг. Гэсэн ч бидэнд цаг зав гаргаж тусалдаг. Анхны уран бүтээл мөн л аавын минь дэмжлэгээр бүтсэн. Бас залуу сэтгэлгээтэй, хөрвөх чадвар сайтай болохоор аавд их санал ирж, залуучуудтай ойлголцож хамтарч ажилладаг байх. 
-Ар гэрийнхээ амьдралд цаг гаргах нь ховор байдаг байх. Тийм үү?
-Урлагийн байгууллагад ажил­ладаг хүмүүс амрал­тын өдрүүдээр ажилладаг. Өглөө найман цагаас ирээд, таван цагт тарна гэсэн ойлголт байхгүй. Харин нэгдэх, хоёр дахь өдрүүдэд амрах бо­ломж гардаг. Яг хүүхдүүдээ цэцэрлэгт өгсөн цагаар амар­даг болохоор гадуур дотуур ажлуудаа амжуулдаг даа. 
-Энэ үзүүлбэрээрээ дэлхийд та­ниг­дах зорилго танд байгаа юу?
-Гаръя гэвэл гарна л даа. Гэхдээ их сайн таньдаг хүмүүс байх шаардлагатай юм шиг байна лээ. Холбоо сүлбээ ч юм уу байдаг байх гэж би ойлгосон. Гэхдээ нөгөө талаараа цахим ертөнц хөгжсөн юм чинь бичлэгээ хийгээд тавьсан байхад олон хүний шейр, лайкаар хүмүүст танигдаж болох ч юм шиг.  Үүнийг “Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч Б.Шижирбатаас олж харлаа.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.