Ч.Базарсүрэн: Пара жүдо руу очиход “хийморь сүлдэнд чинь муу байдаггүй юм уу” гэж хэлж байлаа

2016.12.21 Лхагва №111 (2142)

Монголын пара жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, самбо бөхийн ДАШТ-ий хошой мөнгө, Азийн АШТ-ий таван удаагийн аварга, ОУХМ Ч.Базарсүрэнтэй ярилцлаа. 

-Улиран одож буй 2016 он танд ээлтэй сайхан жил байлаа. Таны шавь гавьяат тамирчин Д.Сумъяа олимпоос мөнгө, Б.Ууганхүү паралимпаас хүрэл медаль хүртлээ. Энэ амжилт нэг багшийн хоёр шавь олимп, паралимпийн дэвжээнээс нэг дор медаль хүртсэн анхны тохиолдол болж байна. Танд баяр хүргэе?
-Баярлалаа. Дасгалжуулагч хүн олимпийн мөчлөгт сэтгэл зүйн хувьд тамирчнаасаа дутахгүй ачаалалтай байдаг. Би энэ байдлаа гаднаа ил гаргахгүй ч дотроо бол шаналж байдаг. Бусад багш ч надтай адилхан байх гэж бодож байна. Хэдэн жилийн өмнө Д.Сумъяа олон улсын тэмцээнд барьц буруу авч барилдсанаас болж ялагдсан. Тэгэхэд зарим хүн “Сумъяа гэж энэ охин бөх болно гэж юу байх вэ. Энэ хэний шавь юм” гэж байлаа. Сэтгэл эмзэглүүлсэн иймэрхүү үгс миний ч, шавийн ч чихэнд хүрсэн байх.  Тэр үеэс хойш Д.Сумъяа маань дасгал сургуулилтдаа хамаг анхаарлаа төвлөрүүлж, бэлтгэлээ сайн хийсний дүнд өнөөдөр дэлхийд үнэлэгдэх тамирчин боллоо. Тэр олимпоос мөнгөн медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй жүдоч. Мөн Б.Ууганхүү маань паралимпийн наадмаас жүдо бөхийн төрөлд медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо. 2016 оныг үнэхээр амжилт, ялалтаар дүүрэн үдэж байгаадаа баяртай байна.  
-Таныг спортынхон сайн танина. Харин олон нийт аль нутаг усны хүн юм бол гэж сонирхон, удам судар, эцэг эхийн тань талаар мэдэхийг хүсэх байх. Та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулах уу?
-Би Улаанбаатарт төрсөн. Аав маань Булган аймгийн Могод сумын харьяат улсын начин Д.Галдандагва. Аав маань самбо, жүдо бөхийн улсын шигшээ багийн анхны тамирчдын нэг байлаа. Харин миний ээж Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Хөнгөн атлетикийн зээрэнцэг, бөөрөнцгийн төрлөөр хичээллэж байсан. Би спортын гэр бүлд төрсөн болохоор хар багаасаа л спортод дуртай, хөнгөн атлетикийн дөрвөн төрөлтөөр хичээллэдэг байлаа. Ингэж өссөн амьдрал маань намайг өөрийн эрхгүй мэргэжлийн спортын замд хөтөлсөн дөө. Би багийн спортод дуртай, бяртай хүүхэд байлаа. Бага байхад хамаатны ах Цагаан сарын битүүний орой ах дүү нарын хүүхдүүдийн дунд барилдаан явуулдаг байсан. Надаас бусад нь эрэгтэй. Түрүүлж, үзүүрлэсэнд нь шагналтай. Тэгсэн би нөгөө хэдээс заримыг нь хаячихсан. Түрүүлээгүй ч их урам орсон. Тэгэхэд “Эмэгтэй хүн барилдаж болдог бол үзээд алдах ёстой” гэдгийг багаасаа мэдэрсэн. 
-Тийм үү. Олонтаа сонсч байсан нутаг ус, бөхийн нэр байна шүү..
-Тийм ээ. Удам судар, угсаа гарвал гэж хүнд байх юм аа. 
-Бодол ч яах вэ, биежээд л байж. Яг бөх болохоор дугуйланд орсон нь хэдэн он бэ?
-1987 онд Спортын төв ордны хөнгөн атлетикийн дугуйланд зээрэнцэг, бөөрөнцгийн төрлөөр хичээллэхээр анх Оюунцэцэгт багшид шавь орсон юм. Тэгэхэд хэдэн охин самбо, жүдо бөхийн дугуйланд бэлтгэл хийж эхэлж байлаа. Бөхийн төрөл хөнгөн атлетикиас илүү гоё санагдахаар нь ээждээ хэлэлгүй “Хоршоолол” нийгэмлэгт нууцаар бэлтгэлд явж эхэлсэн. Тэнд гавьяат дасгалжуулагч Д.Баатаржав гуайн удирдлага дор сайн найз Б.Оюунгэрэлтэйгээ танилцаж, хамт бэлтгэл хийж эхэлсэн. Д.Баатаржав багш аавтай минь нэгэн үе зүлэг ногоон дэвжээнд зодоглож байсан “Увсын долоон хар”-ын нэг болох сайхан буурал бий. Б.Оюунгэрэл маань надад сурсан мэхээ зааж, бараг миний багш болсон. Би нэг өдөр өсвөр насныхны “Оюунтүлхүүр” сэтгүүлээс тавхайлдах, тахимдах мэхний тухай уншаад “Энэ хоёр мэхийг сурчихвал бөх болох юм уу” гэж Гэрлээгээсээ  асууж билээ (хөхрөв). Хөнгөн атлетикийн төрөл нь бүх спортын суурь болдог болохоор бөх болоход их нөлөөлсөн. Би ээжийнхээ ядро, диск, гир дээр бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан даа. 
-“Хоршоолол”-д таныг очиход бэлтгэл хийдэг охид олон байв уу?
-1989, 1990 онд Спортын төв ордонд Ч.Машбат, “Ээрмэл” дээр Б.Буядаа багш, “Хоршоолол”-д Д.Баатаржав багш бэлтгэл сургуулилт удирдан явуулдаг байсан. “Хоршоолол”-д улсын заан С.Хүрэлбаатар “Харцага” клуб ажиллуулдаг байлаа. Клубуудын анхдагч нь. Тэнд эрэгтэй, эмэгтэй цугтаа бэлтгэл хийдэг байсан болохоор охид нь хурдан сайжирсан. Би бөхөд ид шимтэж байсан болохоор өдөрт 3-4 бэлтгэлд хамрагддаг байлаа. 1991 онд Дархан хотод олон улсын тэмцээн болоход би 66 кг-ын жинд анхны (хоёрдугаар байрт орсон) медалиа хүртэж байлаа. Энэ цагаас бөх болох хүсэл мөрөөдөл минь улам лавширсан. Тухайн үед эмэгтэйчүүдийн тэмцээн цөөн болдог байлаа. 
-Бэлтгэл сургуулилтыг бол бусдын адил бүх хүчээ шавхан сайн хийдэг байж. Гэхдээ тэр үед хүнд хэлдэггүй л болохоос заавал хүрнэ дээ гэж дотроо бодож зорьж байсан төлөвлөгөө танд байсан байх даа?
-1992 онд самбо бөхийн Азийн АШТ-ээс О.Цолмон (64 кг) би 68 кг-д тивийн анхны түрүүг хүртэж байлаа. Би түүнээс хойш 1997, 1998, 1999, 2001 онд түрүүлсэн. ДАШТ-д 1993 онд 68 кг-ын жинд анх оролцож, шагналт дөрөвдүгээр байрт орсон. 1999 оны ДАШТ-д түрүүлэх боломжоо маш харамсалтайгаар алдсан. Тэр жил Дэлхийн цом, Азийн АШТ, Азийн цомд түрүүлчихсэн байсан юм. ДАШТ-ий алтан медалийн төлөөх барилдаанд би эхэлж дөрвөн оноо авангуутаа даралтаас өчих мэхэнд өрсөлдөгчөө оруулсан. Тэрхэн үед “Би түрүүлчихлээ” гэсэн бодол толгойд буудаг юм. Тэгээд өчилтөө алдаж, түрүүлэх боломжоо ч алдсан. “Хэрэв тэгэхэд түрүүлсэн бол чи Монгол Улсын гавьяат тамирчин болох байсан юм” гэж олон хүн хэлж байлаа. Харин удалгүй 2002 онд миний шавь Б.Батдэмбэрэл ДАШТ-д түрүүлж сэтгэлийг минь уужруулсан даа. Шавь маань миний барилддаг жинд түрүүлсэн болохоор сайхан санагддаг юм. Б.Батдэмбэрэл тэр тэмцээний дараа гавьяат тамирчин болсон. 1990 оны эхээр бэлтгэл сургуулилт хийх газар олдохгүй хэцүү байдаг байлаа. Шигшээгийн тамирчид эмэгтэй хүн дэвжээндээ гаргахгүй гэх зэргээр дургүйцнэ. Тэгэхэд нь бид “Ээрмэл”-ийн зааланд дэвжээгээ өөрсдөө оёж бэлтгэл сургуулилтаа хангадаг байлаа.
-Хэзээ дасгалжуулагч болсон бэ?
-Дунд сургуулиа төгсөөд Дарханы политехникийн сургуулийн газар зохион байгуулалтын ангид элсэх хуваарь авлаа. Энэ уг нь одоогоор бол чухал мэргэжил. Тэнд байхад бэлтгэлээ хиймээр болдог байлаа. Тэгээд ээж, эмээ хоёртоо “Би энэ сургуульд сурмааргүй байна. Энд чинь надаас өөр хотын хүүхэд алга. Тэглээ ч би энэ мэргэжлээр суралцах сонирхолгүй байна” гэлээ. Тэгсэн манай хоёр “Тэгвэл чи ирэх жил Биеийн тамирын дээд сургуульд орохгүй юу” гэсэн юм. Тэгээд би 1993 ҮБТДС-ийн Бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөн. 1996 оны сүүлээр Биеийн тамир, спортын үндэсний төвд самбо, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн сонгон шалгаруулалт зарласан юм. Тэр шалгаруулалтад Ч.Машбат, Б.Буядаа багш хоёр нэг баг, би гавьяат дасгалжуулагч С.Эрдэнэбат ахтай нэг баг болон шалгалт өгсөн. Би хамгийн өндөр оноо авч, С.Эрдэнэбат ах бид хоёр БТСҮТ-ийн дарга, дархан аварга Х.Баянмөнхийн тушаалаар самбо, жүдо бөхийн шигшээ багийн анхны дасгалжуулагч болсон юм. С.Эрдэнэбат ах бид хоёрын удирдлага дороос Ч.Машбат багшийн унаган шавь Х.Эрдэнэт-Од самбо бөхийн дэлхийн аварга болж, гавьяат тамирчин цол хүртсэн. 
-Сонирхолтой амьдрал, замналтай хүн юм аа, та...
-Баярлалаа. Ийм дэлгэрэнгүй анх удаа л ярьж байна. 
-Та “Монгол охид” клубын анхны дасгалжуулагч. Таны гараас гавьяат тамирчин М.Бундмаа, Д.Сумъяа зэрэг олон шилдэг тамирчин төрөн гарлаа. Тус клубын тамирчид Монголд болсон тэмцээн уралдаан бүрт түрүүлж, ёстой л арван жил босоо байсан даа...
-Ёстой л тийм дээ. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал асан Г.Лхагвасүрэн гуай С.Эрдэнэбат ах бид хоёрт клуб байгуулах санал тавьсан юм. Манай клубын хариуцлага их өндөр байсан. “Монгол охид”-д бэлтгэл хийдэг хэн ч хоцрох эрхгүй байдаг. Бэлтгэлийн цагтаа амжиж ирвэл хэнийг ч оруулна. Манай бэлтгэлд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хамрагддаг байлаа. Мөн С.Мяарагчаа, Ч.Болдбаатар, Н.Дагвасүрэн зэрэг залуус бэлтгэл хийдэг байсан. 
-Эцэг, эхчүүдэд охидоо бөх болгох сонирхол тухайн үед хэр байсан бэ? 
-Хүүхдүүд нь бөх болно гээд манай клубт бүртгүүлэхэд эцэг эхчүүд нь дургүйцдэг байсан. Гар хуруу нь мойнийчихно гээд зарим нь хүүхдээ гаргасан. Гэтэл “Энэ яаж бөх болно доо” гэсэн хүүхэд улсын шигшээ багт бэлтгэл сургуулилт хийсээр өнөөдөр улсынхаа нэрийг өндөр гаргаж явна.  
-“Монгол охид”-оос тив, дэлхийд анх нэрээ цуурайтуулсан нь гавьяат тамирчин М.Бундмаа. Тэр клубынхээ гэлтгүй улсынхаа шилдэг тамирчин нь. Гавьяат цолтон шавь тань танд хэрхэн шавь орж байв?
-1997 оны дөрөвдүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Хархорин сумаас М.Бундмааг ах нь хөтөлж авчирсан юм. М.Бундмаагийн ах БТСГ-ын Эрдэм шинжилгээ, спортын анагаах ухааны албаны эмч Э.Энхбаяр ахын найз юм билээ. Тэгээд Э.Энхбаяр ах тэр хоёрт сайн багш олж өгье гээд надтай уулзуулж л дээ. М.Бундмаа над дээр дөрөвдүгээр ангийн жаахан охин ирсэн. 2010 онд Токиод болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Х.Цагаанбаатар, М.Бундмаа нар хүрэл медаль хүртэхэд их баярлаж байлаа. Би тэр үед Хөххотод Монгол туургатны спортын их наадамд ажлын шугамаар явж байлаа. Тэгсэн гавьяат дасгалжуулагч, БТСГ-ын дарга асан Ч.Наранбаатар надаас “М.Бундмаа юу болж байна. Япон руу утсаар ярь” гэлээ. Тэгэхэд нь залгатал М.Бундмаа хүрэл медаль хүртсэн байсан. Бид бөөн баяр хөөр болж, Ч.Наранбаатар дарга М.Бундмаагийн хүрэл медалийг Хөххотод тэмдэглэж билээ. Хэдийгээр манай “Монгол охид” клуб тарсан ч охид маань үргэлж мэнд устай, нэг нэгнийхээ жаргал, зовлонг хуваалцаж байдаг юм. 
-Та пара жүдо бөхийн дасгалжуулагч. Хэзээнээс ийм ажилтай болоо вэ?
-Би 2006 оноос Монголын пара жүдо бөхийн шигшээ багт өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Риогоос медаль хүртээгүй бол манай пара жүдо унах магадлалтай байсан. Уг нь парагийнханд эрүүл тамирчдаас илүү асаргаа шаардагддаг. Үүнийг ойлгох нь цөөн байна. Намайг энэ багт ороход зарим хүн “Чи ийм мундаг охид бэлтгэчихээд яагаад харааны бэрхшээлтэй тамирчидтай ажиллаж байгаа юм бэ. Хийморь сүлдэнд чинь муу байдаггүй юм уу” гэж хэлж байсан удаатай. Дунд хугацаанд нь пара жүдогоо орхиод эрүүл тамирчидтайгаа ажиллах гэж үзэв. Тэгсэн пара жүдогийн хүүхдүүд танаас өөр хэн биднийг авч явах юм бэ” гэж хэлсэн юм. Намайг пара жүдо руу ороход нөлөөлсөн хүн бол Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал Г.Лхагвасүрэн. Пара жүдочдоо эрүүл тамирчидтай хамт бэлтгэл хийлгэхэд манай зарим охин дургүйцэж байлаа. Паратамирчдын бэлтгэлийг хийлгэхэд хугацаа их зарцуулдаг болохоор охид бэлтгэл цалгардах байх гэж л дургүйцсэн шиг байгаа юм. 2006 онд Малайзын Куала Лумпур хотод болсон Зүүн Азийн паралимпийн наадмаас миний шавь Д.Ганбат, Б.Хашцэцэг нар хүрэл медаль хүртсэн. Манай хоёр тэмцээн болсон заалнаас халуун амьсгаан дээрээ над руу утасдаж байгаа юм. “Багш аа, шавь нь медаль хүртлээ. Танд баярлалаа” гэсэн. Тэгэхэд сэтгэл их хөдөлсөн. Утсаар ярьж дуусаад нулимсаа барьж дийлээгүй. Эхэн үедээ жүдогийн зааланд пара тамирчдыг бэлтгэл хийлгэх дургүй байсан бол 2012 оноос байдал өөр болсон. Заримдаа чөлөөт бөхийн зааланд хүртэл гуйж бэлтгэл хийдэг байлаа. Саяын олимпод бол эрүүл болон пара жүдочид хамт бэлтгэл хийсэн. Хэн нэгнээс ямар нэг дургүйцэл, эсэргүүцэл илрээгүй. Үүнийг би ахиц дэвшил, эрүүл сэтгэлгээ гэж харж байлаа. Бэлтгэл хамт хийснээр амжилт гаргасан ч байж магадгүй. 
-Та багын дур хүсэлдээ автан, том зорилт биелүүлэх тэмүүлэлдээ хөтлөгдөн жүдогийн төрлөөр олон жил хичээнгүй ажилласны үр дүн олон талаар гарчээ. Монголын орчин цагийн жүдочид дэлхийд данстай болоход нөр их хөдөлмөр тань нөлөөлсөн байна. Танд баяр хүргэж, цаашдын ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе. Тантай ярилцах сонирхолтой байлаа. 
-Баярлалаа.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.