Н.Содбилэгт: Сүүлийн өргийн өмнө аав надад “Хожоорой” гэж хэлсэн

2016.12.21 Лхагва №111 (2142)

ОХУ-ын Сочи хотноо Энэ сарын 2-нд эхэлсэн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долоо хүртлэх насны ангилалд оролцон шатрын сурагчдын дэлхийн аварга болсон ДШХ-ны дэд мастер Н.Содбилэгттэй ярилцлаа. 

-Дэлхийн аварга болсонд нь баяр хүргэе. Аль улсын шатарчинг ялж аварга болсон бэ?
-Хамгийн сүүлийн өрөгтөө Узбекстан Улсын шатарчин Синдеротой тоглоод хожсон.
-Шагнал авахдаа дээл, малгай, гутал өмссөн байсан шүү дээ. 
-Дээлийг ээж бэлдэж өгсөн. Монголоос явуулсан юм. Гадны тэмцээнд ороход дандаа монгол хувцас бэлдэж өгдөг. Энэ нь намайг монгол хүн гэдгийг хүмүүст мэдрүүлнэ гэж ээж хэлсэн. Зун Иран улсын Тигеран хотод болсон Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод гуравдугаар байранд ороход бас монгол цамц оюулан өгсөн. 
-Орост очоод тэмцээнд оролцохоос өөр юу хийв?
-Сочи хотоор аялсан. Олимпийн цамхаг нь надад хамгийн их  таалагдсан. Бас аав надад зөндөө их амттан авч өгсөн. Бид хэд далайн эрэг дээр байрлаж байсан. Далай их гоё цаана нь юу ч харагдахгүй их ус байсан. Тэмцээнд ороод сүүлийн өрөгт тоглохын өмнө аав надад “Хожоорой”  гэж хэлсэн. 
-ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинаас бэлэг авсан шүү дээ. Таалагдсан уу?
-Тийм. Надад нэг үзэг өгсөн. Өөрийнх нь гарын үсэгтэй. Тэрийг нь гэртээ авч ирээд шүүгээндээ хийсэн байгаа. Ээж, аав хоёр түүнийг хадгална гэсэн. Оросын ерөнхийлөгч шагнал авсан бүх хүнд тэр бэлгээ өгсөн байх аа. 
-Энэ тэмцээнд орох гэж хэр их бэлдсэн бэ?
-Есдүгээр сарын сүүлээс эхлээд хичээлээсээ чөлөө авч бэлдсэн. Гэртээ бас клуб дээрээ бэлдсэн. Тэмцээнд очсоны дараа манай ангийнхан бичлэг хийж надад явуулсан. “Тэмцээндээ амжилттай оролцоорой.  Амжилт хүсье” гэсэн байсан. тэрийг нь аав надад Орост байхад харуулсан. Би Баатар хот Москвагийн нэрэмжит, улсын тэргүүний, үндэсний лаборатори 33 дугаар сургуулийн хоёрдугаар ангид сурдаг.
-Хэзээ шатар тоглож сурсан бэ?
-Анх аав надад шатар зааж өгсөн. Тэгээд анхан шатны мэдлэгтэй болсны дараа “Уран бэр” шатрын клубт оруулж Г.Эрдэнэ багшийн шавь болгосон. Ер нь таван настай байхдаа шатар тоглож сурсан юм байна аа. Манай дүү Н.Содгэрэлт бас шатар тоглодог. Өөрийн насандаа улсын аварга болсон. Дүү минь одоо таван настай.
-Шатрын клуб дээрээ та нар шатар тоглохоос өөр юу хийдэг вэ?
-Клуб дээрээ бид хэд өдөржингөө шатар тоглож байгаад, 10 минут завсарладаг. Тэр хоорондоо “Та битгий уурлаарай” гэдэг тоглоом тоглож, оюуны оньсого таалцдаг. Клуб дээрээ байх гоё байдаг. 
-Үүнээс өөр ямар тэмцээнд оролцож байсан тухайгаа яриач?
-Хамгийн анх таван настай байхдаа Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож аварга болж байсан. Тэрнээс хойш зөндөө тэмцээнд орсон. Өсвөрийн шатарчдын улсын аваргын тэмцээний тавдугаар байр, сурагчдын Азийн аваргын гуравдугаар байр, өсвөрийн түргэн тоглолтын улсын аваргын нэгдүгээр байранд орсон. Одоо энэ Сочи хотын тэмцээнд дэлхийн аварга болсон.
-Тэмцээнд оролцоход Г.Эрдэнэ багш нь юу гэж хэлдэг вэ?
-“Сайн тоглоорой” гэдэг. Бас багш клуб дээр байхдаа бид нарт Алагдай аваргын тухай сонирхолтой үлгэр ярьж өгдөг. Тэр их сургамжтай үлгэр. Нэг ишигний тухай гардаг. 
-Дэлхийн алдартай шатарчдаас хэнийг дэмждэг тухайгаа хэлээч?
-Норвегийн шатарчин дэлхийн таван удаагийн аварга Магнус Карлсеныг дэмждэг. Мундаг шатарчин шиг санагддаг.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.