Н.Цэрэнбат: Нэг дугуй авах гэж найман дугуйны хүсэлт өгдөг цаг ард хоцорсон

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбаттай ярилцлаа.
-Шинэ парламентын бүрэн эрхийн хугацаа эхлээд удаагүй байна. УИХ, Засгийн газрын ажил удаан байна гэх шүүмжлэл гарах боллоо. Төрийн ажил ямар төвшинд явж байна гэж та хэлэх вэ?
-Энэ удаагийн сонгогдсон УИХ-ын гишүүд Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг батлаад гүйцэтгэх засаглалын бүтэц бүрэлдэхүүнийг томилоод ажилд нь оруулсан. Ард иргэдийн дунд улс төрийн гэнэтийн өөрчлөлт хийгээсэй гэх хүлээлт байна. Засгийн газар татвар нэмэх төсөл оруулж ирж байсан. Үүнийг тухайн үед бүлгийн хурлаар хэлэлцээд одоогийн нөхцөл байдалд татвар нэмэх боломжгүй гэж буцааж байсныг та бүхэн мэдэж байгаа. Үүнээс болоод УИХ, Засгийн газар муу ажиллаж байгаа юм шиг харагдаж эхэлсэн. Эдийн засаг манай намын сонгуульд оролцоход тооцоолж байснаас илүү хүнд, замбараагүй нөхцөл байдалд байсныг бид засах гээд явж байна. Түүнээс соёлын хувьсгалд оролцох гэж байгаа юм шиг нэг талд гараад явбал эдийн засаг дийлэхгүй. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг авч үзье л дээ. Бид энэ хуулийн төслийг өргөн барьсан байсан, гэтэл МАН батлахгүй хүчирхийлэгчийн талд байна гэх мессэж гаргах жишээтэй. Бид бүгдийг хууль ёсонд тааруулдаг, хуулийн нэр томъёонд тааруулдаг амьдрал руу явж ирсний алдаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар илэрч байна. Яагаад гэвэл, өмнө нь Монгол Улсад ёс зүй гэх ойлголт тусдаа хэм хэмжүүрээр мөрдөгдөж ирсэн. Өнөөдөр нийтээрээ ёс зүйгүй болсон учраас хууль дагаж тайлбар хийгээд байгаа юм. Хуулиар хориглоогүй юм чинь зөвшөөрсөн гэсэн үг гэх маягтай. Сүүлийн 20-иод жил эрх чөлөө, шударга ёс гэдэг нэрээр ардчиллыг боомилсны жишээ. Гэр бүлийн боловсролыг ерөнхий боловсролын сургуульд нь яагаад олгож болохгүй байгаа юм. Нэг асуудлыг шийдэх гэж хуулийн хатуу заалт оруулж ирж байгаа юм биш үү гэх эмзэглэл нийгэмд байна гэж үзэж тал бүрээс нь ярилцаад энэ хуулийн төслийг тухайн үед нь хойшлуулсан.
-Ёс зүй алга гэж та хэлж байна. Тэгэхээр сахилга хариуцлагын асуудлыг тодорхой болгох ёстой гэсэн үг үү?
-Сахилга хариуцлагаа дээшлүүлэхгүй бол бидэнд хэдэн зуун тэрбум бонд байгаад эдийн засаг сэргэхгүй. Засгийн газрын томилгоо хуулийн дагуу явагдсан. Бид нэг хүнийг томилох гэж 3-4 газраас тодорхойлолт авдаг. Төрийн албаны сонгон шалгаруулат, АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй гэх мэт албан бичиг авах ёстой. Энэ нь хуулийн дагуу ажлын 14-21 хоног. Үүнээсээ болоод томилгоо оройтож, Засгийн газар томилгооноос өөр юу ч хийсэнгүй гэх шүүмжлэл гараад байгаа юм. Бид энэ хүнд үеийг үе шаттай засахын төлөө явж байна. Нийгэм хямрахаар гэнэт аврагч хайдаг. Тиймээс төрийн ажлыг удаан байна гээд байгаа байх.
-Засгийн газраас оруулж ирсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ баталж, албажуулж өглөө. Гүйцэтгэх засаглал байгуулагдаад хагас жил орчим болох гэж байна. Засгийн газар ямархуу ажиллаж байна вэ?
-Засгийн газар олон төсөвтэй байсныг нэгтгэж, УИХ-аар батлууллаа. Одооноос л бодлого, шийдвэр гаргагчид ойлголтоо нэгтгээд явж байна. Засгийн газрын нөхцөл байдлын талаар бүрэн мэдээлэл надад алга. Аль ч оронд эдийн засаг, нийгмийн хямрал болоход нэг лидерийг хүлээдэг. Бидний 26 жилийн өмнө сонгосон нийгэм маань асуудлыг олон талаас нь судалдаг олон ургальч байдлыг бий болгосон. Засгийн газрын ажил нь одоо л жигдэрч байна. Тэдэнд одоо ажлаа хийх л үлдлээ.
-Засгийн газрын мэдээлэл надад хангалттай биш байна гэлээ. Нэг нам дангаараа засгийн эрх барьж буй энэ үед бүлгийн хурал дээр асуудлуудаа яриад байр сууриа нэгтгээд явж болдоггүй юм уу?
-Өнгөрсөн УИХ-ын бүрэн эрхийн нэг алдаа нь засгийн ажилд хэт их оролцсон явдал юм. Үе үеийн парламентынхан ч энэ талаар ярьдаг. Монгол парламентын засаглалтай орон. Энэ хуулийг өөрчилж, замбараатай болгомоор байна. Одоогийн мөрдөгдөж буй зарчмаар гүйцэтгэх засаглал бодлого шийдвэрээ намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс бүлэгт оруулж ирж танилцуулаад явж байгаа. Хилийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд ойлголтын зөрүү гарсан. УИХ-ын гишүүд өөрсдийн харьяалагдах Байнгын хорооны хуралдаа суудаг. Өөр Байнгын хорооны хэлэлцэж буй асуудлыг тэр бүр мэддэггүйтэй холбоотойгоор нэг асуудлыг харилцан адилгүй өнцгөөс тайлбарлаад байгаа юм. Ойлголтын зөрүүгээ тодруулж асуусан гишүүдийн үгийг талцсан болгож байна уу даа гэж харагддаг. Түүнээс бодлогын хувьд санал зөрөлдсөн зүйл байхгүй. Тухайн асуудлыг оруулж ирж байгаа ажлын хэсгийн гишүүд асуултдаа дутуу дулимаг хариулснаас үүдэж бэлтгэгдээгүй байна гэж харагдаж байгаа зүйл бий. Энэ удаагийн парламент шинэ гишүүдтэй учраас илүү нээлттэй, ардчилсан байгаа байх. Хүссэн асуудлаа тодруулж байна. 76 гишүүн Монголын ард түмний эсрэг явна гэж байхгүй шүү дээ. Гол нь ойлголцоод ажиллах ёстой. Шинэ гишүүд олонтой учраас өмнө нь оруулж ирж байсан асуудлуудыг тэр бүр мэдэхгүй.
-Эдийн засгийг 18 сарын дотор сэргээх хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр болсон. Энэ хугацаанд эдийн засаг сэргэх боломж бий юү?
-Хөтөлбөрт багтсан ажлуудаа хурдан хэрэгжүүлбэл үүнээс ч өмнө тогтворжино. Энэ хугацааг алдчихвал сэргээж амжихгүй. Гэхдээ энэ удаагийн эрх барьж буй олонхи Засгийн газар мөрийн хөтөлбөрөө цагт нь оновчтой хэрэгжүүлээсэй гэдэгт хяналтаа тавьж ажиллаж байгаа.
-Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт багтсан төсөл хөтөлбөрүүд урт хугацаандаа үр өгөөжөө өгнө. Үүнээс өмнө эдийн засгийн хүндрэлийг давах ямар ажил хийх ёстой гэж та үзэж байна вэ?
-Би түрүүн хэлсэн. Гэнэтийн шийдвэр гаргагч хайгаад байна гэж. Урт хугацааны асуудлуудаа өмнө нь шийдэж ирээгүйгээс эдийн засаг хямарчихаад байгаа юм. Бид өнөөдөр Оюутолгой гээд томоохон төслөөс хараат амьдарч байна. Гэтэл бид үндэсний аж ахуйн нэгжүүдээ орхигдуулсан байна шүү дээ. Одоо аж ахуйн нэгжүүд хямралыг давахын тулд ажилтнуудаа цомхотгож байна. Сүүлийн 20 гаруй жилд манайд тогтвортой бий болгосон томоохон ажлын байр алга. Уул уурхайг дагасан үйлчилгээний ажлын байр бий болсон. Харин уул уурхайн үйлдвэрлэл зогсонгуут үйлчилгээ нь дагаад зогсож байна. Тогтвортой, урт хугацаанд явах төсөл хөтөлбөрийг бид нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засагт ашигтайгаар, хоёрдугаарт, ард иргэдэд хүртээмжтэйгээр ажлын байр бий болгох гэсэн зорилтын хүрээнд ажилд оруулаад авч явахаас өөр аргагүй болж байна. Томоохон ажлын байр бий болгодог аж ахуйн нэгж том төслүүдээс өөр хэд байна вэ. Дэлхийн өндөр хөгжилтэй оронд үндэсний томоохон аж ахуйн нэгж гурван сая хүртэл ажилтантай байна. Бидэнд өнөөдөр ийм аж ахуйн нэгж байхгүй учраас томоохон төсөл хөтөлбөрийг нэн яаралтай явуулахаас өөр арга алга. Гэхдээ үүнтэй зэрэгцээд урт хугацааны ажлын байр бий болгох төсөл хөтөлбөрийг дэмжих ёстой. Ажлын байр нэмэгдүүлнэ гээд төрийн албан хаагчийн орон тоог нэмэх ёсгүй. Эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг өнөөдөр хэн хүнгүй мэдэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн учраас ямар нэг гарц гарч ирнэ. Одоо ойлголцох, зохицох асуудал л байна.
-Та уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байна, хандлага эерэг байгаа гэлээ. Эерэг хандлага гарахаас өмнө бид он гараад гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрөө төлнө. Ямар эх үүсвэрээс төлөх нь тодорхойгүй байна л даа?
-Засгийн газраас энэ асуудлыг судлах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Зээлийг зээлээр солих асуудалд гадаад дотоодын олон хүчин зүйл нөлөөлснөөс үүдэж хүндрэл учирчихлаа. Ялангуяа Далай ламын Монголд хийсэн айлчлалаас үүдэж урд хөрштэй хийх хэлэлцээ тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тодорхойгүй гэхээр хэзээ вэ гэдэг нь мэдэгдэхгүй байна. Бид хэт талцаж, улсаасаа баян болох гэж, хэн нэг нь төрийн эрх мэдлийг хувийнхаа бизнест ашигласнаас болоод томоохон төсөл хөтөлбөр зогссоны горыг амсаж байна. Нүүрсний үнэ өсч байгаа ч бид өөрсдийнхөө чадлын хэмжээгээр л нүүрсээ гаргаж байгаа. Экспортоо бид одоогийнхоосоо хоёр, гурав дахин нэмж чадахгүй. Нэг талаар бид тусгаар улс гэдгээ баталсан ч хөрштэйгөө таагүй харилцаа үүсгэж байна. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов гэдэг шиг л зүйл боллоо.
-БНХАУ-аас урт хугацаатай бага хүүтэй зээл авах эсвэл ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хоёр хувилбар л манайд байсан. Эхнийх нь энэ удаадаа боломжгүй болж байх шиг байна. Та ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг дэмжиж байгаа юу. Энэ хөтөлбөрт хамрагдвал таны хэлээд байгаа төсвийн сахилга бат бий болох юм биш үү?
-ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах, эс хамрагдах байсан ч бид төсвийн сахилга батаа сайжруулах шаардлага байгаа. Нөгөөтэйгүүр Монголын нийгэмд болохгүй байгаа буруутнаа хайж ядсан хариуцлагагүй байдлаа болих ёстой. Хариуцлагагүй, замбараагүй хүнд хэчнээн мөнгө байгаад ч урагшаа явахгүй. Бодит үнэн нь энэ. Тиймээс тэр хүнийг засаад хүмүүжүүлсний дараа боломж гарч ирдэг.
-Эдийн засаг сайн байсан 2011 онд ирэх жилийн улсын төсвийг Засгийн газраас оруулж ирэхээр гишүүд тойрог бүртээ мөнгө хуваарилуулдаг жишиг тогтсон байв. Та тойргоос сонгогдсон гишүүний хувьд эдийн засаг сайжирвал тойрогтоо мөнгө хуваарилуулах уу. Бүх гишүүн тойрогтоо мөнгө хуваарилуулах гэж төсөвт хэт их оролцдогоос нөгөө замбараагүй байдал үүсээд байна шүү дээ?
-Бид үүнтэй холбоотой Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэн даруй хийх ёстой. Хоёрдугаарт, Засаг захиргааны нутаг дэвсгэрийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. Үүн дээр бидний зорилго юу юм бэ гэдгээ шинээр тодорхойлох ёстой. Тойргоос сонгогдсон гишүүн тойрогтоо ажлын байр нэмэгдүүлэх, шинээр сургууль, цэцэрлэг барих гээд ажил хийх ёстой нь үнэн. Гэхдээ сүүлийн үед бүх асуудлыг УИХ-ын гишүүд шийддэг юм шиг сэтгэхүйгээс болоод тойрогт хийх ажил руу орсон. Хэрэв засаг дарга, тухайн шатны Иргэдийн төлөөлөгчийн хурал нь энэ ажлаа хийгээд, гүйцэтгээд явсан бол тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүн цэцэрлэгийн хүртээмж ямар байна гэх зэрэг нөхцөл байдалд оролцохгүй. Монгол Улс нийтээрээ яаж хожих вэ гэдэг нь чухал. Энэ удаа хэн нэгэн сайдыг таньдаг нь төсөвт тойрогтоо мөнгө хуваарилуулах биш бодитой бодлогоо тодорхойлъё л доо. Нэг дугуй авах гэж найман дугуйны хүсэлт өгдөг цаг ард хоцорсон. Бид дэлхий нийтээр шинэ үед амьдарч байна. Үр ашиггүй зүйлийн төлөө хөөцөлддөг байдал өнгөрсөн. Эндээс салъя гэж байгаа юм. Дээрээс нь Монголын шинэ үе хааш явж байна вэ. Үүний төлөө бид явах ёстой. Би Увс аймгаас сонгогдсон. Тойрогтоо ажиллах үүрэгтэй ч Монгол маань урагшаа яваасай, үүнийг дагаад Увс аймаг маань урагшилна гэж бодож байна. Түүнээс миний тойрог илүү гоё болоод Улаанбаатар маань утаатайгаа байгаасай гэж би хэзээ ч бодохгүй. Энэ бол Монголын шинэ үеийн бүх залуусын хүсч буй нийгэм. Монгол нийтээрээ жигд хөгжих ёстой. Хэн нэгэн эрх мэдэлтний аймаг илүү хөгждөг байж болохгүй. Цаашлаад хэн нэгэн дураараа ямар нэг зүйл санаачилж улсаа хоролдог байж болохгүй. Ингэж байж бид урагшаа явна. Үүний тулд л парламент байдаг байх.
-Хөгжлийн банкинд Засгийн газраас томилсон ажлын хэсэг шалгалт хийж дууслаа. Таны хувь эзэмшдэг компани тус банкнаас зээл авсан уу. Хэрэв авсан бол эргэн төлөлт нь ямар байгаа вэ?
-Миний эрхэлдэг бизнес төрөөс нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй. Харин арилжааны банкаар дамжуулан зээл авч байсан. Эргэн төлөлт нь графикийнхаа дагуу явж байгаа.
Хөгжлийн банктай холбоотой гурван зүйл байгаа. Нэгдүгээрт, шууд улс төрөөр лоббидоод Хөгжлийн банкнаас авсан зээл. Хоёрдугаарт, Хөгжлийн банкаар санхүүжүүлээд төсөвт өртгийг нь хэт өндрөөр авсан зээл. Гуравдугаарт, арилжааны банкаар дамжуулж олгосон зээл байна. Арилжааны банкаар дамжуулж олгосон зээлийг бид ил гаргаад цацаад байх шаардлагагүй. Энэ нь тухайн хүний бизнесийн нэр төрд халдаж байна гэсэн үг. Харин төсөвт өртгийг нь өндрөөр тооцсон жагсаалтуудыг гаргах ёстой. Зарим аймагт 30 мянган ам.метр талбайг 35 тэрбумаар барьж байхад 3000 ам.метр талбайг ийм хэмжээний мөнгөөр худалдаж авсан зүйл ч байна. Хөгжлийн банкнаас аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлд банкны ном журмын дагуу шаардлага хангасан эсэхийг шалгах ёстой. Энэ дагуу ажил явж байхад мөнгө үрэлцсэн хүмүүс сандраад жижиг зүйл яриад асуудлыг сарниулах гээд байна. Энэ процедурын алдаа мөн үү гэвэл мөн. Одоо Хөгжлийн банкийг бүгд аваръя гэж байна. Алдаагаа засах ёстой болохоос биш нэр төрийг нь хамгаалж байна гээд энэ алдааг бид давтах ёсгүй.
-Арилжааны банк гэхээр цаад эх үүсвэр нь Хөгжлийн банкных гэсэн үг үү?
-Тийм. Нэг төсөл явж байгаа. Гэхдээ арилжааны банкны тавьдаг шалгуур хангаад авсан. Үнийн дүн нь тийм ч их биш. Арилжааны банкаар дамжсан зээлд улстөрч болон хэвлэл мэдээлэл ороод дэмий байх гэж боддог. Яагаад гэхээр, Тавантолгой руу одоо болтол төмөр зам яваагүйн шалтгаан нь ердөө дээр дурдсан хүчин зүйлс байсан. Улс төрийн эрх мэдлээ бизнестээ ашигласнаас үүдэж хэсэг бизнесмэнүүд хоорондоо хэрэлдсэн. Эндээс бид хохирсон байх жишээтэй.
-Та одоо хэчнээн Байнгын хороонд харьяалагдаж байна вэ?
-Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд харьяалагдаж байна.
-Шинэ гишүүд хуралдаа суухгүй байна гэх шүүмжлэл гарч байна. Гишүүдийн ирцийн мэдээллийг харахад ч нэлээд хоцорсон харагдах юм. Та хуралдаа хэр идэвхтэй сууж байна вэ. Таныг чуулганы хуралдаанд суусангүй хэмээн УИХ-ын дэд дарга бухимдаж байсан?
-Би гадаадад томилолттой байж байгаад онгоцноос буугаад чуулганы хуралдаанд ирсэн. Агаар муу байснаас нислэг хойшилсон тал бий.
-Ярилцсанд баярлалаа.
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.