М.Энхболд: “Эрдэнэт”-ийн асуудалд МАН-ын хэн нэгэн оролцоогүй

2016.12.14 Лхагва №110 (2141)

УИХ-ын сонгуулийн өмнө эхэлсэн "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой дуулиант асуудал одоог хүртэл нам жим болоогүй л байна. Засгийн газраас гарсан ажлын хэсэг шалгалт хийж хэд хэдэн шийдвэр гаргасан ч зарим гишүүн ОХУ-ын эзэмшдэг 49 хувийг худалдаж авсан мөнгөний эх үүсвэрийг шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд буй. Яг энэ асуудлаар УИХ-ын гишүүд болон холбогдох албан тушаалтнууд ч байр сууриа илэрхийлээд байгаа юм. Тэгвэл МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн даваа гаригт болсон намынхаа VII Бага хурлын үеэр дээрх асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

МАН-ын дарга М.Энхболд: -Хоёр ч гишүүн "Эрдэнэт"-тэй холбоотой асуудлаар намын дарга байр сууриа илэрхийлээч гэж хэлсэн. "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлаар хамгийн түрүүнд дуугарсан хүн бол би. Өнгөрсөн зургадугаар сарын 28-нд Төв аймагт ажиллаж яваад тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийснээс 10 минутын дараа утасдаж "Одоо мэдэгдэл гарга. Энэ мэдэгдэлд, хэрэв бид олонхи болбол "Эрдэнэт"-ийн 49 хувь буюу ОХУ-ын өмчийг худалдаж авсан тухай асуудал хууль зүйд нийцсэн эсэхийг нь шалгаж тодорхой болгоно гэж бич" гэсэн үүрэг өгч байлаа. Дараа нь энэ асуудал яригдахаа болиод, нам гүм болоход би хоёр дахь удаагаа дахин дуугарсан. Есдүгээр сарын 09-нд буюу УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийх өдөр Монгол Улсын Засгийн газар ажлын хэсэг байгуулж “Эрдэнэт”-ийн асуудлыг шалгаж, хууль ёсны эсэхийг нь УИХ-д танилцуулж, тайлагна гэж хэлсэн. 
Би өнөөдөр ч хариуцлагатайгаар хэлье. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан тухай асуудалд манай намын хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар оролцсон зүйл байхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. УИХ-ын индэр дээрээс энэ асуудлыг Засгийн газар шалгах ёстой гэж үүрэг өгсөн. Тэр дагуу Засгийн газар шалгасан. Ингэж шалгаад хэд хэдэн асуудлаар шийдвэр гаргасан байдаг. Тэр нь ч зөв. Төр 51 хувийнхаа эрх мэдлийг бүрэн дүүрэн авах, Засгийн газрын хуралдаанаар нууцаар хэлэлцэхийг ил болгох, тухайн үеийн Сангийн сайдын шийдвэрийг хүчингүй болгох, УИХ-аар танилцуулаагүй асуудал нь зөв байсан уу, үгүй юү гэдгийг тогтоох болон энэ асуудлыг АТГ-т шалгуулъя гэсэн Засгийн газраас гаргасан шийдвэрүүд зөв байсан. 
Ер нь намын дарга гэдэг хүн аливаа нэг асуудал үүсэх болгонд "Би байр суурь илэрхийлье" гээд барьж аваад, яриад байх хүн байх ёсгүй. Үнэн, худлыг нь тогтоож байж, аль нэг талд нь шийдэгдэх ёстой гэдгийг олон хүний санаа бодлыг сонсож байж дуугарах ёстой. Түүнээс биш намын дарга нэг дуугарчихаар нөгөө асуудал нь өөрөөр шийдэгдчихвэл "Намын дарга чинь тэгж хэлсэн" гээд намын гишүүд асуудалд орно шүү дээ.   


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.