580 сая долларын өрөө төлөхөд 97 хоног үлдлээ

2016.12.14 Лхагва №110 (2141)

Монголчууд “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” гэж ярьдаг. Өртэй хүн байтугай өртэй улс ч өөдөлдөггүйг манай улс ирэх онд нотлох бололтой. Учир нь 2017 онд нийтдээ 6.6 их наяд төгрөгийн өр төлөх ёстой. Гэвч энэ их мөнгийг 5.9 их наядын орлоготой улсын төсвөөс гаргах ямар ч боломжгүй. Тодорхой заасан хугацаанд нь төлөх ёстой өрөө төлөхгүй бол Монгол Улсын нэр хүнд, зээлжих зэрэглэл улам л унана. Тухайлбал, ирэх гуравдугаар сарын 21-нд таван жилийн өмнө Хөгжлийн банкаар дамжуулан авсан 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх ёстой. Засгийн газар түүнээс наана энэ их мөнгийг хаанаас олох вэ гэдэг нь тодорхой бус байна. Одоогоос яг хоёр сарын өмнө буюу аравдугаар сарын 14-нд УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д айлчилснаар Засгийн газар мөнгө олох хоёр сонголттой болсон. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас гадна БНХАУ-аас хоёр хүртэлх хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай хөгжлийн зээл авах хүсэлт тавьсан юм. БНХАУ-ын тал уг саналыг нааштай хүлээн авч хоёр талаасаа ажлын хэсэг гарган хэлэлцээр хийж байсан билээ. Гэвч дээрхийн гэгээн XIV Далай ламын Монголд хийсэн айлчлалтай холбоотойгоор БНХАУ хэлэлцээрээ зогсоосон талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдэгдсэн. Засгийн газар мөнгө олох дараагийн хувилбараа эхлүүлж ажил хэрэг болгож байгаа нь Тавантолгойн төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах. Өнгөрсөн долоо хоногоос хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийж эхэллээ. Гэвч улстөрчдийн ашиг сонирхол гүн шингэсэн Тавантолгойн төслийг урагшлуулах шийдвэр тийм ч амархан гарахгүй л болов уу. Хамгийн хурдан шийдлээ гэхэд Хөгжлийн банкны бондыг эргэн төлөх хугацаанаас өмнө мөнгө орж ирнэ гэхэд хэцүү. Харин Засгийн газрын 580 сая ам.долларын зээлээ эргэн төлөх таван жилийн хугацаатай тоолуурт 97 хоног үлджээ. Гэвч Ж.Эрдэнэбатын танхим 100 хоногтоо бодитой ажил хийж чадсангүй гэх шүүмжлэл давамгайлсан. Засгийн эрхийг барьж буй МАН-ын дарга ч үүнтэй санал нийлсэн гэхэд болно. Тэрээр намынхаа Бага хуралд хэлсэн үгэндээ “Засгийн газрыг цаг алдаж байна, алгуур удаан байна гэж олон нийт шүүмжилж байна. Энэ бол бодитой шүүмжлэл мөн” гэсэн юм. Одоогийн байдлаар Засгийн газарт Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг хэрхэн төлөх тухай хувилбар байхгүй бололтой. Намын бүлгийнхээ гишүүдэд лав ямар нэгэн хувилбар, төлөвлөгөө танил­цуулаагүй байна. Харин тус намын зарим гишүүн ямар байр суурьтай байгааг хүргэе.

Д.Цогтбаатар: -Зээлээ төлөх ямар боломж, гарц гаргалгаа бай­гааг Засгийн газар, Сангийн яам эрэлхийлж байгаа байх. Би хувьдаа ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ энэ хөтөлбөрт хамрагдах эц­сийн шийдвэр гарахад хугацаа их орно. 

Х.Нямбаатар: -Засгийн газар Хөгжлийн банкны 580 сая ам.дол­ларын зээлийг хэрхэн төлөхөө удахгүй шийдэх байх. Энэ талаар мэдээлэлгүй байна. Тиймээс Зас­гийн газраас асуусан нь дээр. Ер нь гадаадаас зээл авах, ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гээд хувилбарууд бий л дээ.

Ж.Энхбаяр: -Яаж төлөх вэ гэдгийг ярьж байгаа. Засгийн газрын зүүдэнд орж байгаа асуудал чинь энэ шүү дээ. Зээл авч төлнө. Зээлийг зээлээр төлөхөөс өөр ямар ч арга байхгүй. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.