Д.Дамба-Очир: Дефолт зарлаж хариуцлагагүй хандаж болохгүй

2016.12.14 Лхагва №110 (2141)

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.

-Засгийн газраас Эдийн засгийг сэргээх хөтөлбөр боловсруулж УИХ-аар батлууллаа. Хөтөл­бөрийг судлах ажлын хэсгийг та ахалсан. Цаасан дээр үлдэх хөтөлбөр болсон юм биш бай­гаа гэх болгоомжлол байна л даа. Үнэхээр 18 сарын дараа Монголын эдийн засаг сэргэх үү?
-Энэ бол 18 сарын хөтөлбөр. Хөтөл­бөрийн хэрэгжилтийн та­лаар зургаан сар тутамд олон ний­тэд тайлагнана. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг УИХ баталс­наар Засгийн газарт ажил хийх боломж бүрдүүлж өгч байна. Үүгээ­рээ бид ирэх хавар гэхэд бүтээн байгуулалтын томоохон төс­лүүдээ эхлүүл гэдэг үүрэг өгсөн. БНХАУ-ын, Энэтхэгийн гэх мэт өнөө маргаашдаа авч болох хөнгөлөлттэй зээлүүдийг аваад бүтээн байгуулалтын ажлаа хийх ёстой. Мөн валютын ханшийн талаар энэ хөтөлбөрт тусгасан. Энд нэг зүйлийг хэлэхэд 18 сарын дотор том төслүүдээ хөдөлгөх болохоос шууд мөнгө орж ирнэ гэсэн үг биш. Томоохон төслүүд дээрх заасан хугацаанд гараанаас гарчихвал тартагтаа тулаад байгаа эдийн засаг дээрдэнэ гэж үзсэн. 18 сар гэдэг Засгийн газраас оруулж ирсэн хугацаа юм. Би үүнийг харин ч урт хугацаа гэж бодож байна. Эдийн засаг хэзээ сэргэх бол гэсэн хүлээлт иргэдийн дунд бий болжээ. Амьдрал өдрөөс өдөрт доройтож, ажилгүйдэл нэмэгдэж байна. Тиймээс санхүүжилт, ТЭЗҮ нь бэлэн болсон төслүүдийг хамгийн түрүүнд эхлүүлэхийг Засгийн газарт УИХ үүрэг болголоо. 
-Тухайлбал?
-Тавантолгойн станц, нүүрсний орд, төмөр зам, ТЭЦ-III, Гацууртын төс­лийг яаралтай эхлүүл гэж байгаа юм. Монголын эдийн засаг жижиг. Бид асар их баялагтай, цөөхөн хүн амтай, том газар нутагтай орон. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг сэргээхэд амархан. Засгийн газар үүний тулд өдөр шөнөгүй ажиллах ёстой. Шинэ бүрэлдсэн парламент ирэх оны төсвийг хэлэлцэж, дөрвөн төсөвтэй байсныг ганц болгож нэгтгэсэн. Ингэснээр алдагдлыг буурууллаа. Төсвийг ингэж сахилга батжуулах нь эдийн засгийн хүндрэлээс гарах нэг алхам юм. Мөнгөний бодлого, үндсэн чиглэл, эдийн засгийг сэргээх хөтөлбөр гээд бүхий л шаардлагатай бичиг баримтыг бид Засгийн газарт баталж өглөө. Одоо тэд ажлаа хийх л үлдэж байна. 
-Том төслүүдээ хөдөлгө гэж амтай болгон ярих юм. Энэ төс­лүүдийнхээ хөрөнгө оруулал­тыг яаж шийдэх вэ. Үндсэндээ Монголд хөрөнгө оруулалт “0” заа­чихаад байгаа шүү дээ. Шинэч­лэлийн Засгийн газар “ЭЗЭН-100” гээд бас л эдийн засгийг сэргээх, сайжруулах хөтөлбөр батлуулж байсан. Хэрэгжилт хангалтгүй байсныг өнгөрсөн хугацаанд эдийн засаг ямар байснаас харж болохоор байна. Тэр тогтоолтой Шинэчлэлийн Засгийн газрын батлуулсан энэ хөтөлбөрийг харь­цуулж харахаар адил зүйл заалтууд их байна лээ?
-Эдийн засгийн хямралаас гарах хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд 2-3 удаа баталж байсан юм билээ. Баахан төслүүдийн жагсаалт байдаг юм. Энэ удаа ч гэсэн тийм жагсаалт гарч байгаа. Гэхдээ бид хүмүүст хариуцлага тооцох, цаасан дээр үлдээх бус буух эзэн, буцах хаягтай байлгахын тулд нэлээд албажуулж, хариуцлагажуулж өгөх ёстой гэдэгт санал нэгдсэн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “ЭЗЭН-100” хө­төл­бөрийг сайн мэдэхгүй байна. Бид өмнө нь боловсруулагдаж гарч байсан хэд хэдэн хөтөлбөрийг хар­сан. Энэ удаагийн хөтөлбөр хэрэг­жих боломжтой, эдийн засгийн өсөлт, алдагдал, мөнгөний ханш ямар байх вэ зэрэг олон асуудлыг тус­гаж өгсөн, Засгийн газарт ч энэ чиглэлээр үүрэг чиглэл өгөөд байгаа. 
-Танай намын бүлэг эдийн зас­гийн өнөөгийн байдлын та­лаар ярилцах үеэр дефолт болсноо зарлах ёстой гэх саналтай гишүүд олон байсан гэсэн. Он гараад зарлахаар болсон гэх мэдээлэл ч гарч байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Он гарсаар хоёр, гуравдугаар улиралд эдийн засаг хасахтай гарсан. Дөрөвдүгээр улиралд ч алдагдалтай гарна. Өөрөөр хэлбэл, гурван улирал дараалж хасахтай байна гэдэг нь хямрал болсон гэсэн үг. Гэхдээ дефолт зарлаж хариуцлагагүй хандаж болохгүй. Дефолт зарлавал Монголд ойрын 5-10 жилд гаднын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Тиймээс ийм алхам хийж улсаа хорлож болохгүй. Энэ бол маш хариуцлагагүй алхам бол­но. Гэхдээ эдийн засаг хямарсан гэд­­гийг дээрх үзүүлэлтүүдээс харж болно. Ялангуяа макро эдийн зас­гийн үзүүлэлт хямарсан бай­на. 2008, 2009 оны хямралтай энэ удаагийнхыг харьцуулахын арга­гүй. Тэр үед макро эдийн засаг, банк­ны салбарын үзүүлэлтүүд одоо­гийн­хоос харьцангуй өндөр байсан. Одоо байдал хүнд байна. 
-Эдийн засгийг сэргээх хөтөлбөр ба­таллаа, үүрэг чиглэл өглөө гэж байна. Гэхдээ энэ зүйлүүд урт ху­га­­цаандаа үр өгөөжөө өгнө. Хя­тадаас урт хугацаатай зээл авах гэж байтал гацчихлаа. Одоо нэн тү­рүүнд авах арга хэмжээ нь юу вэ?
-Хамгийн түрүүнд эдийн засгийн уналтыг зогсоох явдал юм. Төг­рөгийн ханшийг тогтворжуулж, ам.дол­­­ларын ханшийг барих хэ­рэг­­­тэй байна. Нэн түрүүнд Монгол­­банкны валютын нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Валют олж ирдэг аж ахуйн нэгж, үйлдвэрийн газ­руудыг төрөөс дэмжиж, тат­вараас чөлөөлөх, Засгийн газрын баталгаа гаргаж өгөх шаардлага байна. Хамгийн гол нь ОУВС-тай хийж байгаа хэлэлцээгээ дуусгаж, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах ёстой. Энэ хөтөлбөрт орсноор Монгол Улс төсөв санхүүгийн хувьд хариуцлагатай болно. Хоёрдугаарт, бусад улс орноос урт хугацаатай, бага хүүтэй сайн зээлүүдийг олж ирэх боломж бүрдэх юм. Энэ мөнгөөр эхний ээлжинд төлөх өрөө солих хэрэгтэй. 
-ОУВС-гийн “Стэнд бай” хөтөл­бөрт хамрагдах боломжтой хуга­цаа нь хэзээ вэ. Яриа хэлэлцээ дуус­саны дараа хүлээгдэх хугацаа бий юү?
-ОУВС-гийн багийнхан гурав дахь удаагаа манай улсад ирсэн. Тэд манайхтай хэлэлцээ хийж байна. Тус сангийнхны манайд тавьж буй шалгуур хатуу байгаа. Гэхдээ харилцан ярилцах ёстой. Бид бол аль болох хурдан хамрагдах ёстой гэх чиглэлийг Засгийн газарт өгсөн.
-Тэгэхээр он гараад төсөвт тодотгол хийж таарах нь ээ?
-Он гараад, эсвэл хаврын чуул­ганаар төсөвт тодотгол хийж таарна. Төсвийн орлого дутвал зардлаа танах шаардлага гарна. 
-“Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсэгт та ажиллаж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хэдэн удаа хуралдав?
-Энэ хуультай холбоотой асуудал. Тус үйлдвэрийн хувьчлал хууль ёсны дагуу явагдсан эсэхийг шалгахаар Хууль зүйн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг АТГ-аас гаргах дүгнэлтийг үндэслэж шийдвэрээ гаргах бо­лов уу. Үүнээс болоод ажил удааш­рал­тай байгаа. Би ажлын хэсэгт нь хараахан орж чадахгүй байна. Гэхдээ орох боломж байгаа гэж бодож байна. 
-Эдийн засаг хүнд байгаа учраас мөнгө олох бүхий л боломжийг эрэл­хийлж байх шиг байна. Үүнийг казино байгуулах тухай асууд­лыг эдийн засгийг сэргээх хөтөл­бөрт тус­гасан байснаас харж болно. Гэхдээ манайх шиг жижиг эдийн засагтай оронд казино бай­гуулах нь хууль бус үйлдлийг цэцэглүүлэх вий гэх болгоомжлол нөгөө талд бий. Танай ажлын хэсэг энэ заалтыг юу гэж үзсэн бэ?
-Бүх л улс оронд казино байдаг юм билээ. Казиногүй цөөхөн улсын нэг нь Монгол. Казиногоор мөнгө олохын хувьд олдог гэсэн. Гэхдээ хуулиа хэрхэн гаргахаас шалт­гаал­на. Муу хууль гарвал гэмт хэрэг, бүлэглэлийн үүр уурхай бо­лох уч­раас үүнд болгоомжтой хан­дах ёстой гэж ажлын хэсэг үзсэн. Кази­­ногийн хуульд монголчууд өөрсдөө орж тоглохгүй зэрэг заалт байгаа юм билээ. Гэхдээ үүнийг хуульч­лаагүй байж казино бай­гуулах асуудлыг “Эдийн зас­гийн хүндрэлийг даван туулах хө­төл­­­бөр”-т тусгах нь зохимж­гүй гэж бид үзсэн. Бид эхлээд энэ чиглэлийн хуультай болох ёстой. Үүний дараа ярьж болно. Засгийн газар хүндрэлийг даван туулах хө­төлбөртөө холбоотой зарим нэг хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Эдгээр хуулийг яаралтай УИХ-д оруулж, батлуулахыг үүрэгдсэн. 
-Улстөрчид оффшор данстай байх ёстой, ёсгүй гээд өнгөрсөн долоо хоногт нэлээд маргаан гар­лаа. Энэ хуулийг төсөл санаач­лагчид нь буцаах асуудал хүртэл яригдсан. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа бол?
-Оффшорын хуулийг дараа баталъя гэх ойлголт байж болохгүй. Одоо л батлах ёстой. Баталсны дараа хэрэгжүүлээд ирэхэд буруу зөрүү заалт байвал засч сайжруулаад явах хэрэгтэй. Төрийн албанд ажиллаж байгаа хүн оффшор данстай байж болохгүй гэдгийг баталгаажуулах ёстой. Энэ бол хариуцлагын асуудал. Эхнэр, хүүхдийнхээ нэр дээр оффшор данстай байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ асуудлыг ч мөн тусгаж өгөх шаардлага байна. Оффшорын хуулийг хэлэлцэхгүй буцаачихвал Монголын ард түмэн юу гэж ойлгох юм бэ. Оффшор данс­тай байж болно гэдгийг бид дэмжээд байгаа юм уу. Тийм зүйл байж болохгүй. Цаашид төрийн албанд ажиллаж л байгаа бол эрх мэдлээ хязгаарлуулах хэрэг гарна. Та оффшор данстай бол төрийн алба­наас гарах хэрэгтэй гэсэн үг. Тиймээс орж ирсэн дээр нь офф­шорын хуулийг батлах хэрэг­тэй. УИХ-д сайжруулах, чамбай­руу­лах боломж нь байна шүү дээ.  
-Хоёулаа улс орны эдийн зас­гийн нөхцөл байдалтай холбоо­той нэлээд ярилцлаа. Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар танаас асуумаар байна. Яагаад гэхээр, олонхи болсноороо далим­дуулан эцэг хуульд “гар хүрэх” гэж байна гэх яриа гарчээ. Та бол Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж үздэг гишүүдийн нэг. Гэхдээ одоо цаг үе нь мөн үү?
-Үндсэн хуульд 20 жилийн дав­тамжтай өөрчлөлт оруулж ирсэн юм билээ. 1924, 1940, 1960, 1980 онд өөрчлөлт оруулж байсан. Харин 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж байв. 1992 оноос хойш 20 гаруй жил болоход Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх ёстой юм байна гэдэг нь амьдралаас урган гарч ирлээ. Тухайлбал, хотын статус, засаг захиргааны нэгжийн асуудал байна. Манайх парламентын эсвэл Ерөнхийлөгчийн хагас засаглалтай улс ч юм шиг байдалтай олон жил боллоо. Энэ эрх мэдлийн хуваа­ри­лалтыг парламентын сонго­дог хэлбэрт оруулах хэрэгтэй. Мон­голд таарсан хувилбар гэж байхгүй. Тиймээс дэлхий дахинд шалгарсан хувилбараар явах ёс­той. Монголын төрийг муухай хараг­дуулж байгаа нэг шалтгаанаас үүдээд Үндсэн хуульд өөрчлөлт оруу­лахаас өөр арга алга. 1992 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, батлахдаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын эрх мэдлийн хуваарилалтыг хийсэн. Гэхдээ хагас Ерөнхийлөгчийн, хагас УИХ-ын, Засгийн газар нь эрх мэдэл багатай бүтцийг баталчихжээ. Тэр үеийн гишүүд холион бантан хийсэн хууль баталснаа хүлээн зөвшөөрөх цаг нь болсон. 
-Ямар заалтуудыг өөрчлөх юм бэ. Та 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийг хэлж байна уу?
-Зарим хүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу, одоогийн хуулийн нөөц шавхагдаагүй байна гэж ярьдаг. Одоо энэ яриагаа болих хэрэгтэй. Үндсэн хуулийг тэр чигт нь өөрчилье гэж байгаа юм биш. Ямар өөрчлөлт оруулах талаар Монголын ард түмнээс асуух ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж нь манай намд байна. Өөрөөр хэлбэл, нийт гишүүдийн гуравны хоёр буюу 57 гишүүн дэмжихэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж бүрдэнэ. Энэ боломжийг ашиглаад Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Төрийн албаны тухай хуульдаа өөрчлөлт оруулаад, цэгцлээд явах ёстой. Бид өнөөдөр дөрвөн жил төр барьж байж болно. Гэхдээ үр хүүх­дүүд маань ямар нийгэмд амьд­рах вэ гэдэг нь бидний санаа зо­вох асуудал. Тийм учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, болохгүй байгаа асуудлыг шийдэх шаардлага байна. Түүнээс эцэг хуулийн өөрч­лөлт нэрээр далимдуулан хэн нэгэн эрх мэдлээ нэмэгдүүлэх явдал биш юм. Хамгийн наад зах нь, УИХ-ын гишүүн давхар дээлтэй байж болно, болохгүй гэдгээ нэг талдаа гаргаж ший­дэх хэрэгтэй байна. Энэ мэт олон асуудлыг хуулиар шийдсэнээр Монголын хөгжилд дэвшил авчирна. 
-Засгийн газраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг бай­­­гуулсан. Энэ асуудлаар УИХ-аас мөн ажлын хэсэг гарч ажил­лах ёстой байх. Цаг хуга­цааны хувьд ирэх жил болох Ерөн­хий­лөгчийн сонгуулийн дараа­гаас энэ асуудал сөхөгдөх нь ээ дээ?
-УИХ-аас Ажлын хэсэг гарах ёс­той. Үндсэн хууль судалдаг мэр­гэшсэн хүмүүсийнхээ үгийг сонсох ёстой. Ард иргэдийн саналыг ч авах хэрэгтэй. Маш том хамтарсан ажлын хэсэг байгуулж, дүн шинжил­­гээ хийсний дараа УИХ энэ асуу­­дал руу орох нь зөв болов уу. Өөрөөр хэлбэл, жилийн дараа эсвэл жил хагасын дараа ярих хэрэгтэй байх. Гэхдээ Үндсэн хуульд өөрч­лөлт оруулах нэрийн дор огт хамаа­ралгүй зүйлийг “нааж” өмнөхөөсөө дордуулж хэрхэвч бо­лохгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар засаг төрийг байнга барих бодлого агуулж болохгүй гэдгийг аль аль талдаа анхаарах ёстой. 
-Засаглалын өөрчлөлтийг оруу­лах ёстой гэлээ. Парламентын засаглалтай улс учраас шүүх эрх мэдлийг ч хууль тогтоох байгууллагаас томилох ёстой гэх санааг та хэлэх гээд байна уу?
-УИХ-аар Дээд шүүх, прокурорын удирдлагуудыг томилж яагаад болдоггүй юм. Ерөнхий сайд нь УИХ-аас томилогдоод кабинетаа оруулж ирээд батлуулж яагаад болдоггүй юм. Сайд нараа өөрөө сонгох эрх Ерөнхий сайдад байх ёстой. Үндсэн хуульд “гар хүрэх” энэ мэт олон шалтгаан байна. Энэ нь цаашдаа Монгол Улсын хөгжилд тустай. Хэрэв хуульд өөрчлөлт оруулъя гэж байгаа бол хуульчдын оролцоог бага байлгах хэрэгтэй. Яагаад гэвэл тэд хуулиа ярьсаар байгаад өөрчлөлтийг дорвитой хийж чадахгүй. 
Нөгөөтэйгүүр 1992 оны Үндсэн хуулийг баталсан хүмүүсийг аль болох оруулахгүй байх хэрэгтэй. Тэд хуучнаа ярьсаар хуулийн өөрчлөлт биш болно. Тиймээс өөрчилье гэж байгаа бол арай өөр өнцгөөс нь харах ёстой.  
-Ярилцсанд баярлалаа.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.