Ажлын үр шимийг амтлуулсан “Боловсролын чанарын шинэчлэл”

2016.12.14 Лхагва №110 (2141)

Хан-Уул дүүргийн П.Энхболдын нэрэмжит, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 32 дугаар сургууль

Нов ногоон. Бас алтан шаргал. Тэгсэн хэрнээ энд тэнд улаан, ягаан, хүрэн өнгийн жимснүүд бөөн бөөнөөрөө алаглан харагдана. Хүүхдүүд нэг газраа удаан зогсон ямар нэг зүйлийг нямбайлан хийх нь өндөр бас шигүү ургасан модны завсраар үе үе харагдана. Юу ярьж байгаа нь эс дуулдана. Дүнгэр дүнгэр гэцгээх нь сонсдох агаад тэд их баясгалантай харагдаж байлаа. Энэ бол Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн сурагчдын өөрсдийн тарьж, арчилж, ургуулсан модноосоо жимсээ хурааж буй бичлэг юм. Тус сургууль 2006 оноос байгаль орчноо хамгаалах чиглэлээр эко сургууль болохоор зорин ажиллажээ. Үүний хүрээнд “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл хөтөлбөрт хамрагдсан аж. Өмнө нь таван нэр төрлийн 3500 мод тарьдаг байсан бол энэхүү төсөл хөтөлбөрт хамрагдсанаар 19 нэр төрлийн 4040 модтой болжээ. 

Үүгээр ч барахгүй сурагчид энэ талбайгаа түшиглэн дээрх нэр төрлийн модыг таньж, ялгаж, хэзээ тарих, хэрхэн ургуулах, арчлах зэргийг мэдэхийн зэрэгцээ ургацаа хураан ажлын үр шимийг мэдэрдэг болжээ.

Төслийн үр дүн сайнаар нөлөөлжээ 
“Энэхүү төсөл хэрэгжсэнээр байгалийн ухааны хичээлүүдийн цаг үр өгөөжтэй өнгөрөх болсон. Хүүхдүүд өөрсдөө гар бие оролцож, ямар нэгэн зүйлийг туршиж үзэж биечлэн хийж байгаа болохоор түүн­дээ дуртай байна. Учир нь, хүүхэд гэдэг их сониучхан бай­даг шүү дээ. Мөн энэ төсөл нь хүүхдүүдийг бай­гальтай илүү ойр болгож, түү­гээр дамжуулан хөгжүүлэх, хүмүү­жүү­лэх, хөдөлмөр, ажлын амтыг мэдрүүлсэн үр дүнтэй сайхан болж өнгөрсөн гэж манай хамт олон ам сайтай байгаа. Дэлхий ний­тээр эко орчныг чухалчилж, байгаль дэл­хий­гээ хайрлая хэмээн уриалаад бай­гаа үед энэ төсөл нүдээ олсон хэрэг бол­лоо. Мод тарьснаар агаа­рын бо­хир­­дол, хөрсний дорой­тол зэр­гийг бууруулахад ач холбог­долтой юм. Бас хотын өнгө үзэмж ч сэргэнэ шүү дээ. Урин дулаан цаг ирэхэд усалж, арчлахаар энэ модод хичнээн сайхан ха­рагддаг гэж санана” гэж тус төс­лийг боловс­руулахад хамгийн их гар, бие оролц­сон хүн хэмээн хамт олон­доо нэрлэгддэг нэгэн багш ярьсан юм. 
Харин тус сургуулийн тавдугаар ангийн сурагч хэрсүүхэн охин хана да­гуулан эгнүүлэн өрсөн цэ­цэгсийг услангаа “Манай ангийнхан үх­рийн нүд, монос, нохойн хошуу, алим, ранетки, бөөрөлзгөнө, долоо­­гоно, тэхийн шээг, агч зэргийг тарьж, нарс, гацуур, хус, хар мо­дыг суулгасан. Мөн хэрхэн бордоо бэлт­гэх, хөрс цэвэрлэх, боловс­руу­­­лахыг мэдэж ав­сан. Ингэхдээ бордоо­ны ач тус, модыг хэзээ та­рих, яаж услахыг ч сурсан. Хү­ний биед хэрэгтэй жимсийг тарьж ургуулах, түүнийгээ хураана гэдэг сайхан. “Экологийн эрүүл бүтээг­дэхүү­нийг өөрсдөө тарьж ур­гуулж байдаг мундаг юм аа” гэж ээж ма­най сур­гуу­­лийнхныг магтсан. Миний тарьсан зүйлүүдээс до­лоо­гоно, нохойн хошуу хоёр нь эмээгийн биед их хэрэгтэй гэсэн. Ээжийн үзэх дуртай “Анхны алхам” кинон дээр агрономич эмэгтэйн ту­хай гардаг. Би түүн шиг болохоор шийдсэн. Тэгж л цөлжилтийн үед байгаль дэлхийгээ хамгаалах ажилд гар бие оролцоно гэж боддог” гэлээ. 
“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь тэртээ Дорнодын хязгаарт барга ястны өв уламжлалыг сэр­гээж, хүүхдүүдийн авьяас чадварыг нээн сонгодог урлагийг түгээж, хотоос алслагдмал Багануур дүүрэгт бяц­хан сурагчдын жүжигчин болох их хүслийг бадрааж, хэл соёлоо эрхэмлэх үзлийг суулгаж бай­сан. Үүнээс гадна Богд хан уулын ар хормой, хатан Туулын хөвөө гээд байгалийн үзэсгэлэнт цог­цолсон Зайсангийн аман дахь 32 дугаар сургуулийн сурагчдад мод тарьж, ургуулах, таньж мэдэх гэх мэт хөдөө аж ахуйн хол­богдолтой мэдлэгийг сургах хий­гээд хөдөлмөрийн амтыг мэдрүүлж чаджээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.