ОХУ, Саудын Араб газрын тосны үнийг өсгөхөөр тохиролцлоо

2016.12.14 Лхагва №110 (2141)

Газрын тосны олбор­лолтоор дэлхийд тэр­гүүлэгч ОХУ, Саудын Араб үнэ өсгөхийн тулд олборлолтоо бууруулах асуудлаар сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа нэгдсэн тохиролцоонд хүрчээ. “Financial Times” сонины өчигдрийн дугаарт энэ талаар мэдээлсэн байна. 
“Газрын тосны зах зээлийн хоёр гол тоглогч олборлолтоо бууруулахаар тохиролцсон нь энэ салбарт мэдэгдэхүйц өөрч­лөлтийг шууд авчирна” хэ­мээн уг мэдээлэлд цохон тэмдэг­лэсэн байна. Саудын Араб бол ОПЕК буюу газрын тос олборлогч орнуудын байгуул­лагын тэргүүлэгч бол ОХУ тус байгууллагад багтдаггүй ор­нуудын дунд олборлолтын хэм­жээгээрээ тэргүүлдэг юм.
Газрын тосны үнэ унаж эхэлсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Саудын Арабын эрх баригчидтай олборлолт бууруулах асуудлаар уулзаж ярилцсан ч Саудын Араб зөвшөөрөөгүй. Үнийн уналтаас болж төсөв нь 80 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан ч олборлолтоо багасгаж түвдэхгүй байсан юм. Харин одоо үнэ унасаар байхыг цаашид хараад суухыг тэвчсэнгүй, В.Путиныг санал тавьснаас хойш жилийн дараа ийнхүү ажил хэрэг болголоо.     
Москва, Эр Рияд олборлолтоо бууруулснаар 2017 онд баррель газрын тосны үнийг 60 ам.долларт хүргэх зорилт тавьжээ. Занараас шатахуун гаргаж авдаг АНУ-ын компаниудын оролцоог хумьж, зах зээлийг хяналтдаа бүрэн оруулж авах нь тэдний бас нэгэн зорилго гэнэ. 
Газрын тосны зах зээлийн хамгийн нөлөөтэй хоёр улс ийн­хүү санал нэгдэж, олборлолтоо бууруулснаар зах зээлд үнэ өсөх нь гарцаагүй болж байна. Гэхдээ тэдний энэ хэлэлцээрийг удаан хэрэгжихгүй, аль нэг нь түрүүлээд гарна гэж дүгнэх ажиглагчид олон байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх байсан Боб Макналли “Энэ хэлэлцээр хэр урт наслахыг цаг хугацаа харуулна. Гэхдээ нэг их удахгүй биз ээ” хэмээн өгүүлжээ.  
АНУ ийм хариу үйлдэл үзүүлж байгаа нь учиртай. Яагаад гэвэл тэдэнд дээрх тохироог хүйчингүй болгох бүрэн чадамж байгаа юм. Одоо АНУ-ын компаниуд олборлолтоо сэргээгээд эхэл­бэл ОПЕК-ийн тохиролцоо хэрэг­жихэд ярвигтай болох болов уу гэсэн болгоомжлол эдийн засгийн шинжээчдийн дунд байна. Учир нь, Иранд тавьсан хоригоо цуцалж, газрын тосны зах зээлд илүүдэл үүсгэсэн нь цаагуураа ОХУ-ын эдийн засгийг доройтуулах далд зорилготой байсан юм. Тэд энэ тоглоомдоо Саудын Арабыг ашиглаж байсан ч цаадуул нь одооноос эхлээд амиа бодохоор шийджээ.  
Энэ сарын 10-нд буюу өнгөрсөн бямба гаригт ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын сайд нарын уулзалт Австрийн Вена хотод болж өнгөрсөн. Тус хуралдаанд ОПЕКийн гишүүн бус ор­нуудаас 11 улсын төлөөлөгч оролц­сон бөгөөд эхний ээлжинд олборлолтоо хоногт 560 мянган баррелиар бууруулахаар болжээ. 
Энэ үйл явдлын дараа буюу ням гаригийн өглөө Брент маркийн баррель газрын тосны үнэ 57 ам.доллар болж өсчээ. Брент маркийн газрын тосны үнэ 2015 оны долдугаар сарын 21-нээс хойш ийм өндөр үнэ хүрч байгаагүй юм.   


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.