Франц утаатай тэмцэж байна

2016.12.14 Лхагва №110 (2141)

Нийслэл Парис тэргүүтэй Францын олон хот утаанаас болоод экологийн сүйрэлд ойрхон ирээд байна. Тэд яагаад ийм байдалд хүрчихэв ээ. 

“Маргаашнаас бид амьсгалахаа болино”. Хэд хэдэн муж нь өтгөн утаанд автсан тэр өдрүүдэд тус улсын нэг бус сонин дээрх шиг түгшүүрт гарчигтай нийтлэлийг эхний нүүрнээсээ давуулжээ. Агаарын чанарыг тодорхойлдог “Airparif” агентлагийн мэдээлснээр, Франц улс сүүлийн долоо хоногийн турш утаандаа умбаж байсан нь ойрын 10 жилд болоогүй үзэгдэл аж.   
Утаатай болсны дараа эрх баригчид нь эхэндээ “Цонхоо хаа, амны хаалт  зүү, хэтэрхий их хүч гаргахаас зайлсхий” гэх мэт “жижүүрийн” зөвлөгөө өгч байсан гэнэ. Гэвч цаашдаа байдал улам дордож, утаа алга болох нь битгий хэл улам ч өтгөрсний дараа асуудлыг арай өөрөөр харах болжээ. Цаг уурын албаны мэдээлснээр одоо Францын газар нутгийн тал нь утаагаар бүрхэгдсэн, агаарын бохир­долтой байгаа аж. Гэтэл Франц нь Европтоо хамгийн том буюу 674 685 км квадрат газар нутагтай байдаг. 
Байдал бишидмэгц орон нутгийн эрх баригчид дор, дороо яаран хуралдаж, байгалийн гамшгийг яаж гэтлэх аргаа ярилцсан байна. Ингээд тушаал шийдвэрүүдийг урсгаж өгчээ. Мод, нүүрс түлэхийг хориглох, камин зуухандаа гал түлэхгүй байх гээд л. Нийслэл хот Парисын захиргаа түүхэндээ гурав дахь удаагаа тээврийн хэрэгслийг дугаараар хязгаарлах горимд шилжээ. Өмнө нь 2007, 2014 онд ийм арга хэмжээ авч байсан аж. Ингэхдээ манайх шиг даваа гаригт нэг, мягмар гаригт хоёр дугаараар төгссөн гэж биш, шууд тэгш сондгойгоор нь хязгаарлажээ. Гэтэл жолооч нар нь эсэргүүцэл үзүүлээд эхэлсэн байна. Жишээ нь, дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн арванхоёрдугаар сарын 6-нд замын хөдөлгөөнд орол­цогч тээврийн хэрэгслийн тоо дөнгөж 5-10 хувиар багасчээ. Уг нь шууд 50 орчим хувиар буурна гэж тооцож байж. Торгуулийн хэмжээг 22 евро гэж тогтоосон нь Францдаа бол маш бага гэж тооцогдохоор дүн гэнэ. Тиймээс эрх аригчид тэр даруй аргаа өөрчилж, автомашиныг лицензжүүлэх ажлыг эхлүүлжээ. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Парис хотод зөвхөн тусгай лицүнз авсан автомашин л замын хөдөлгөөнд оролцоно. Агаар бохирдуулах хэмжээ нь стандартаас хэтрээгүй тээврийн хэрэгсэлд уг лицензийг олгох бөгөөд цонхон дээр наах наалт хэлбэртэй байх аж.           
Дэлхийн эрүүл мэндийн байгуул­лагаас гаргасан тайланд “манай гаригийн долоон тэрбум хүний ердөө найман хувь буюу 580 сая хүн л цэвэр агаараар амьсгалдаг” гэж онцлон тэмдэглэжээ. Энэ байдал нь жилд гурван сая гаруй хүн агаарын бохирдлоос үүдсэн өвчнөөр нас барах аймшигт үр дагавар авчирдаг байна. мөнхүү тайланд дурьдсанаар, Зүүн Өмнөд Азийн орнууд бусдаасаа илүү хүнд нөхцөлд байгаа гэнэ. Гэхдээ өндөр хөгжилтэй орнуудад ч байдал дээргүй байгаа нь Францын жишээнээс харагдаж байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.