Даатгалын зах зээлийн гурван “үгүй”

2016.12.14 Лхагва №110 (2141)

Монголд даатгалын салбар хөгжиж байна уу гэдэг асуултанд зах зээлийн оролцогчдын тоо болоод хөрөнгийн хэмжээг нь харвал “тийм” гэж хариулж болмоор. Манай улсын даатгалын салбарт ердийн, урт хугацааны, давхар даатгалын нийт 17 компани, даатгалын зуучлалын 40 компани, даатгалын хохирол үнэлгээний 29 компани, 3020 гаруй даатгалын төлөөлөгч үйл ажиллагаа явуулж байна.  

Харин хамрах хүрээ болоод эдийн засагт эзэлж буй жинг нь харвал “үгүй” гэж хариулмаар. Дэлхийн улс орнуудад даатгалын салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ таван хувийг эзэлдэг бол манайд ердөө л 0.58 хувь байгаа. Дээр дурдсан олон компиас таван компани нь нийт хөрөнгийн 54.3 хувь, хураамжийн орлогын 75.7, 95.3 хувийг эзэлж байгаа. 
Тэгвэл яагаад монголд даатгалын зах зээл хөгжихгүй байна вэ? 

Мэдээлэл “үгүй” иргэд
Манай иргэд ямартай ч даатгалыг “муу ёр” гэж үзэхээ больсон. Гэхдээ сайн зүйл гэж ойлгосон нь ховор. Ямартай ч даатгал, ипотекийн зээл шиг хүмүүсийн амьдралын хэмнэлтэй холбогдчихоогүй бай­на. Санхүүгийн зохицуулах хороо­ны хүсэлтээр эдийн засгийн судал­гааны “NRCC” ХХК-ийн хийсэн судалгаанаанд оролцогчдын 10 хүрэхгүй хувь нь даатгал, хөрөн­гийн зах зээлд оролцдог гэж хариулжээ. Энэ судалгааг нийт ард иргэдийн түвшинд хийвэл ямар үр дүн гарах нь бараг л ойлгомжтой. Үүний шалтгааныг тодруулсан асуултад санхүүгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэл байхгүй гэсэн хариулт зонхилж байна. Нийт оролцогчдын тавны нэг нь даатгалын зах зээлийг мэдэхгүй гэсэн бол 70 гаруй хувь нь хөрөн­гийн зах зээлийн талаар ямар ч мэдлэг, ойлголтгүй гэжээ.
Дээрхээс гадна даатгуулаад нэмэр­гүй, нөхөн төлбөр авна гэдэг Мянгуужингийн үлгэр гэдэг ойлголт олонх иргэдэд байдаг нь нууц биш. Энэ талаар Бодь даатгал компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнххишиг, “Даатгалын компаниуд цөөн хэдэн төрлийн даатгал хийдэг хэрнээ маш бага хураамжаар нэг нэгнийхээ харилцагчдыг булаадаг нь даатгалын салбарын хөгжилд чөдөр тушаа болж байна. Харин эсрэгээрээ актуар тооцоололдоо үндэслэж, мэргэжлийн андер райтер хийж, олон төрлийн чанартай бүтээг­дэхүүн, үйлчилгээгээрээ өрсөлдвөл даатгуулах хүрээ ихэсч, зах зээл ч эрчимтэй хөгжинө. Даатгалын боловсрол, мэдлэгийг хүн бүрт түгээх асуудлыг барьж авах, мэдээллийн технологийн дэв­шилтэт хэрэгслийг ашиглах зэрэг нь зах зээлийн хөгжилд хурдац авчирна” хэмээжээ. 
Мэдээж хэрэг монголчуудын санхүүгийн боловсрол дульхан бай­гаа. Гэхдээ орлого нь санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүнийг хүлээн авах хэмжээнд биш буй нь ч үүний нэг шалтгаан. Хоногийн хоол нь хүрч ядаж буй хүнтэй хувьцаа, даатгал яриад утгагүй. Ийм ч учраас даатгалын хүртээмж, бичил даатгалын хэлбэрүүдийн тухай ярих хэрэг гарна. Эндээс дараагийн “үгүй” ургана. 

Хүртээмж “үгүй” зах зээл
Манай улсад тун цөөхөн төрлийн даатгал ердөө таван хэлбэрийн даатгал нийт хураамжийн орлогын 91.2 хувийг бүрдүүлж байна. Хөрөнгийн даатгал 49.2 хувь, Монголд байгаа цорын ганц албан журмын даатгал буюу жолоочийн хариуцлагын даатгал 19.4 хувийг эзэлж буй бол хариуцлагын даатгал, гэнэтийн осол, эмчилгээний даатгалын эзлэх хувь нэг оронтой тооноос хэтрээгүй байна. Ийм тохиолдолд даатгалын хүртээмжийг тэлэх лавтайяа гурван арга байгааг мэргэжилтнүүд хэлж буй юм. 
Амьдралын даатгал
Даатгалын зах зээлийг ерөнхийд нь гурван төрөлтэй гэж үздэг аж. Манайд нийгмийн даатгал бий. Арилжааны даатгал ч зохих хэмжээнд хөгжиж байна. Харин амьдралын даатгалын ганц л компани бий. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн хямралыг гэтлэн давах талаар Банк, санхүүгийн салбарынхантай ярилцах үеэр “Монгол шуудан” компанийн захирал Т.Батзул үүнийг шүүмжилж, Засгийн газар эрх зүйн зохицуулалтаа сайжруулж, хувийн тэтгэврийн санг дэмжих шаардлагатай байгааг онцолж байлаа. Амьдралын даатгалд чиглэсэн сангууд хөрөнгө оруулалт татах боломж байж болох талаар тэрээр мөн дурдсан. Нийгмийн даатгалын үйлчилгээг бүхэлд нь авч үзвэл төр иргэдээ нэгдсэн журмаар амьдралын даатгалд бүхэлд нь хамруулж байгаа үйлчилгээ юм. Гэтэл манайд нийгмийн даатгалын сан маань ямархуу байдалтай байгаа билээ. Харамсалтай нь манай улс тэтгэврийн сан байтугай хамтын тэтгэврийн тогтолцоог ч “муу ёр” гээд цуцалчихдаг “мэдлэгтэй” сангийн сайдтай, “мэдээлэлжсэн” улс шүү дээ.

Бичил даатгал
Азийн хөгжлийн банкнаас 2014 онд судалгаа хийж үзээд, манай улсын хүн амын таруу суурьшсан байдал, 25 хувь нь ядуу, нэн ядуу байгаагаас шалтгаалж 430 мянган өрх ямар нэгэн даатгалын үйлчилгээнд хамрагдаагүй байгааг онцолсон. Иймээс эдгээрт зориулсан бичил даатгалын бүтээгдэхүүнүүд бий болгох хэрэгцээ тулгараад байна. АХБ-наас даатгалын хүр­тээмжийг сайжруулахын тулд даатгалд хамрагдаж чадахгүй байгаа бүлэгт эрүүл мэнд, нийгмийн даатгалыг хавсарга маягаар, бага хэмжээний хураамжтайгаар тогтоохыг зөвлөж буй юм. 
Манай улсад 90.000 гаруй аж, ахуйн нэгж байдгаас гуравны хоёр нь жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг. Эдний 80 орчим хувь нь 10-аас цөөн ажилтантай бичил бизнес. Гэтэл тэдэнд  зориулсан даатгалын бүтээгдэхүүн зах зээлд хараахан байхгүй. 

Заавал даатгал
Дэлхийн улс орнуудад заавал даатгалын олон хэлбэр байдаг. Өнөөдөр манай улсад албан журмын даатгалын нэг л хэлбэр байгаа нь 2012 оноос хэрэгжиж эхэлсэн Жолоочийн хариуцлагын даатгал юм.  Гэтэл ажил мэргэжлийн алдаа, санамсаргүй байдлаар үйлчлүүлэгчид учруулсан аливаа хохирлыг нөхөн олгох “мэргэжлийн хариуцлагын даатгал” буюу нотариатч, өмгөөлөгч, эмч, багш, технологич гэх мэт мэргэжилтнүүдэд зориулагдсан даатгалын хэлбэр манайд алга байна. Эдгээрийг албан журмын даатгалын хэлбэрээр зах зээлд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж буйгаа Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ярилаа. 

Эрсдэл даах чадвар “үгүй” компани
“Гадаадын давхар даатгагчид эрсдэлээ шилжүүлэх явдал харьцангуй их байгааг бид манай даатгалын компаниудын эрсдэл даах чадвар сул байгаатай холбон дүгнэж байгаа. Энэ оны эхний хагаст л гэхэд 60 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамж гадагш төлсөн байна. Гэтэл сүүлийн таван жилд 11.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг л буцаан төлүүлсэн байгаа юм” гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ярьлаа. Дэлхийн банкны зөвлөх Майкл Кохен ч энэ дүгнэлттэй санал нэг байна. Энэ нь уул уурхайн томоохон төслүүдийн даатгалтай холбоотой гэж тэрээр үзэж байна.
Мнгол Улсын даатгалын салбарын зохицуулалтыг хэрхэн сайжруулах талаар дүгнэлт өгөх ноён Майкл Кохен банкууд даатгалын салбарт “гар дүрж” буйд шүүмжлэлтэй хандаж байв. Тэрээр, “Банк, даатгалын компаниудын үйл ажиллагаа, эрхэлдэг ажил нь өөр өөр шүү дээ. Ердийн даатгалын үйл ажиллагаа болохоор тэнд гал гарлаа, энд осол боллоо гэх мэтээр үүссэн хор холбогдлыг шийдвэрлэх талаар ажилладаг бол банк болохоор хадгаламж, зээл гэх мэт санхүүгийн бүтээгдэхүүн гаргаж үйлчилдэг. Даатгалын зуучлагчид бол салбарын чухал хүмүүс. Зах зээл хөгжөөд, даатгалын салбар бэхжээд ирэхээр банкны энэ салбарт явуулж байгаа үйл ажиллагаа хумигдаж магадгүй” хэмээсэн юм. 
СЗХ-ны хяналт, шалгалтын газрын даатгалын хяналтын хэлтсийн хянан шалгагч Б.Баярмагнай хагас жилийн өмнө VIP76 цахим хуудаснаа ярилцлага өгөхдөө даатгалын тооцоолол хийх мэргэжилтэн болон тооцооллын арга зүй монголд тун сул байгааг онцолж байв. Ийм тооцоолол хийдэг хүнийг актуарч гэдэг. Магадлалын онол болон математик статистикийн арга техникүүдийг түлхүү хэрэг­лэдэг энэ Актуарын мэдлэгийн тогтолцоо манайд энэ тун сул хөгжжээ.  Б.Баярмагнай энэ талаар  “Би өөрөө даатгалын компаниудын үйл ажиллагааг хянадаг хүний хувьд эдгээр компанид тодорхой тооцоолол, аргачлал байдаггүй гэдгийг хэлье. Одоогоор яг ямар аргачлал, юуг үндэслэж эрсдлээ тооцож, даатгалын нөхөн төлбөр, хураамжийн хувь хэмжээгээ тооцоолоод байгаа нь ойлгомжгүй, мэдэгддэггүй” хэмээсэн нь анхаарал татна. 
Монголд одоогоор мэдээллийн бааз суурь сайтай томоохон даатгалын компаниуд өнгөрсөн жилүүдийн санхүүгийн үзүүлэлтүүдээ харгалзан үзэж, даатгалын хураамж, нөхөн төлбөрийн хэмжээгээ тогтоодог аж. “Олон улсын актуарчдын холбоо”-ноос тогтоосон 10 төрлийн нөхцөл шаардлагыг хангасан актуарч манайд үндсэндээ байхгүй байг албаны хүмүүс хэлж байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.