Д.Отгонцэцэг: Би 2020 он хүртэл барилдана

2016.12.14 Лхагва №110 (2141)

Унгарын нийслэл Будапешт хотод энэ сарын 10-11-нд болсон чөлөөт бөхийн олимпийн бус жингийн анхдугаар тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ОУХМ Даваасүхийн Отгонцэцэгтэй ярилцлаа. 

-ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе?
-Надад тусалж дэмжсэн олныхоо итгэлийг дааж хүрэл медаль хүртсэндээ баяртай байна.  
-Та чөлөөт бөхийн төрөлд ДАШТ-ээс хошой медаль хүртсэн Монголын ес дэх тамирчин боллоо. Танд дахин баяр хүргэе?
 -Баярлалаа. Таван жилийн өмнө ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байх үеийн мэдрэмж дахин төрлөө. Сэтгэл их хөдөлж байна. 
-Медальд хүрэх замд хамгийн хэцүү учраа аль улсын бөх байв?
-ДАШТ-д муу бөх ирдэггүй. Бүх өрсөл­дөгч чанга байлаа. Энэ тэмцээнд олимпийн медальтнууд оролцоогүй ч бусад багууд улсынхаа хамгийн сайн тамирчдаа ил­гээсэн байна. Тэр дундаа Оросын Ирина Ологоноватай барилдахад амаргүй байлаа. Түүнд өмнө нь ялагдаж байсан болохоор энэ удаа даагаа нэхэхээр хичээсэн ч дийлсэнгүй. 
-Та энэ жилийг Азийн АШТ-ий алтан медалиар эхлүүлж, ДАШТ-ий хүрэл медалиар үдэж байна. Улиран одож буй 2016 он танд ээлтэй байлаа?
-Тийм шүү. Тайландын Бангкок хотод хоёрдугаар сард болсон насанд хүрэгчдийн Азийн АШТ-д түрүүлж, тус тэмцээнээс иж бүрдэл медальтай болсон. Хоёр том амжилтаар хуучин оноо үдэж, шинэ оныг угтаж байгаадаа баяртай байна. 
-Ологонова бол ДАШТ-ий мөнгө, Европын АШТ-ий алтан медальтай сайн бөх. Таны жинд түүнийг түрүүлнэ гэж мэргэжилтнүүд дүгнэж байсан л даа?
-Иван Ярыгины нэрэмжит энэ жилийн тэмцээнд түүнтэй барилдсан. Би тэр үед урагшаа явж барилдаанд харамсалтайгаар ялагдаж байлаа. Саяын тэмцээнд түүн­тэй өөр шиг нь хүлээж барилдсан. Олого­но­вагийн хөлд хоёр гоё орсон ч оноо болгож чадаагүй. 
-Та хэрэв нөгөө хэсэгт барилдсан бол медалийн өнгө өөр байх байсан болов уу?
-Нөгөө хэсэгт хүч үзсэн бол Японы Маи Мукайдатай барилдах магадлалтай байсан. Түүнтэй барилдаан таарч магадгүй гэж бодож байна. Гэхдээ тэмцээн дууссаны дараа түүнтэй таарсан бол түрүүлэх байсан гэж хэлэх дэмий байх. 
-Танд одоо ДАШТ-ээс алтан медаль хүртэх дутуу байна. Тэгж чадвал та дэл­хий­гээс иж бүрдэл медальтай болох нь?
-Би “Токио-2020” олимпийн наадам хүр­тэл барилдана. Чадвал дараагийн олим­поос өмнө ДАШТ-ээс медаль хүртэх зорилготой байгаа.   
-Ингэхэд таныг бөхийн замд хөтөлж оруулсан хүн хэн бэ?
-2004 онд гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан багшийнхаа секцэнд анх бүрт­гүүлж билээ. Тэгэхэд би зургадугаар ангид сурч байв. Баяраа багш “Чөлөөт бөхийн секцэнд хүүхэд бүртгэнэ” гээд ма­най ангид зар уншиж байлаа. Тэгсэн ма­най ангиас нэлээд хэдэн хүүхэд секцэнд бүрт­гүүлнэ гэхээр нь дагаад орчихсон. Хэсэг хуга­цаанд бэлтгэл сургуулилт хийж байтал манай хэд бэлтгэлдээ ирдэггүй юм байна. Тэгэхээр нь яаж ганцаараа үлдэх билээ гээд би бас больсон. Манай секц “Монгол алт” компанийн байрны урд бэлтгэлээ явуулдаг байсан юм. Нэг өдөр хичээлээ тараад гэртээ харих замд багштайгаа улаан нүүрээрээ халз тулсан даа. Тэгсэн багш “Чи яагаад бэлтгэлээ хийхээ больчихов. Би чамайг хай­гаад олсонгүй” гэсэн. Багшийг хараад ми­ний ичсэн гэж жигтэйхэн. Тэгээд маргааш нь бэлтгэлдээ очсон юм. Тэр жилийн намар Ш.Отгонбилэг агсны нэрэмжит тэмцээний 49 кг-ын жинд аваргалсан. Энэ амжилтандаа урамшаад дахин бэлтгэлээ таслаагүй. 
-Та хэзээ спортын мастер цол хүртсэн бэ?
-Бөхийн спортоор гурван жил (2004-2007) хичээллээд спортын мастер, дунд сургууль төгсдөг жилээ (2008 онд) Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртээд ОУХМ цол хүртсэн. 
-Та “Лондон-2012” олимпийн наадмын дараа хэсэг завсарласан байх аа?
-Тийм ээ. Олимпийн наадмын дараа Ка­над улсад болсон ДАШТ-д оролцож ирээд гэрлэсэн. Нөхөр маань миний бэлтгэл сургуулилтаа хийдэг “Мегастарс” клубын дасгалжуулагч Г.Амархүү гэж залуу бий. Бид 2013 оны наймдугаар сарын 6-нд Жавхлант гээд сайхан хүүтэй болсон. Би тэр жилийн долдугаар сард тэнгэр шиг гэдэстэй хүн Төрийн хайр хишгийг хүртэж, Алтан гадас одонгоор шагнуулж байлаа. Хүүгээ өсгөж ганц хоёр жил спортоос  хөндийрсөн  тал бий. Улмаар 2014 оны УАШТ-д зодоглож, зооны аваргын барилдаанд Э.Даваачимэгт, хүрэл медалийн төлөөх барилдаанд Э.Сумъяад ялагдсан. Ингээд УАШТ-ээс медальгүй хоцор­дог юм байна. Өмнө нь ялж болоод бай­сан хүнээ дийлэхгүй болонгуут шар хор хөдөлнө биз дээ. Тэгээд бэлтгэлээ улам эрчим­жүүлж эхэлсэн. Би тэгэхэд хөхүүл байсан. 
-Нөхөр тань таныг дасгалжуулдаг. Дасгалжуулагч нөхөртэй байхын давуу тал их биз?
-Ар гэртээ санаа зовохгүй бэлтгэл сур­гуулилтаа хийнэ гэдэг чинь тамирчин хүнд маш чухал. Нөхөр маань намайг бэлтгэл сургуулилтаа дуусгаад гэртээ ирэхэд халуун хоол цайтай, гэрээ цэвэрлэчихсэн угтдаг. Намайг гэрийн ажилд барагтай л бол ойртуулдаггүй. Мөн намайг бэлтгэл сур­гуулилтаа хийх, тэмцээн уралдаанд орол­цох нөхцөл боломжоор дэмжиж тусал­даг “Мегастарс” клубын удирдлагууд, багш дасгалжуулагчиддаа баярлалаа гэж хэлье. Миний төлөө маш олон хүн сэтгэл зүрхээ зориулж байхад энэ итгэлийг заавал хариулах ёстой гэж бэлтгэлээ хангадаг.  
-Унгараас хүүдээ ямар бэлэгтэй ирэв?
-Дэлгүүр хоршоо орох зав үнэндээ гарсангүй. Гэхдээ хүүдээ дэлхий медальтай ирлээ. Миний хүү энэ медалийн үнэ цэнэ ямар их хөлс, хөдөлмөрөөр олж авсныг том болоод ойлгох байх аа.  
-Таны жинд Э.Сумъяа “Рио-2016” олимпийн наадамд зодоглосон. Олимп эхлэхийн өмнө түүнээс допинг илэрч бөөн л юм болцгоосон. Тэр үед танд юу бодогдож байв?
-Би олимпод заавал явна гэсэн юм байхгүй. Холбооноос УАШТ, И.Яригины нэрэмжит тэмцээнд хэрхэн оролцож байгаагаар нь олимпод явах тамирчныг сонгоно гэсэн юм. Эхлээд УАШТ-д Э.Сумъяад ялагдаж, дараа нь И.Яригины нэрэмжит тэмцээнээс би медальгүй Э.Сумъяа хүрэл медаль хүртсэн болохоор Э.Сумъяа олимпод оролцох нь зөв байсан. Допинг илрэх үед манай нөхөр олимпийн сүүлчийн эрх олгох тэмцээнд намайг явуулах ёстой хэмээн танай сонинд ярилцлага өгсөн байна лээ.   
-Та олимпийн бэлтгэл дээр харагдаагүй. Олимпод яваагүйдээ шаралхаад ирээгүй юм биш биз?
-Үгүй ээ. “Мегасстарс” клуб дээрээ зун­жин бэлтгэл хийсэн. Гадаа талбайд “пад” хар болтлоо л бэлтгэл хийлээ (инээв). Үүний дүнд ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ ш дээ.   
-Шинэ жиндээ хэр дасч байна вэ?
-Давгүй ээ. Өнөө жилийн Азийн АШТ-д барилдахад өрсөлдөгчиддөө бярдуулахгүй байна лээ. Цаашид 53 кг-д барилдах бодол­той байгаа. 
-Сүүлийн хормыг танд үлдээе?
 -Надад үргэлж дэмждэг “Мегастарс” клуб, Монголын чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир, спортын газар, гавьяат тамирчин Н.Бүргэдаа ах болон намайг дэвжээнд га­рахад уухайн түрлэгээрээ дэмжсэн Унгар дахь монголчууддаа баярлалаа. Мөн Унгар дахь Элчин сайд З.Батбаяр ах тэмцээнд оролцсон манай баг хамт олонд их тусалсан. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.