Б.Жаргалсайхан: Арванхоёрдугаар сарын нэгэн болохоор гэгэлзээд, өмсгөл зүүсгэлээ бэлддэг

2016.12.14 Лхагва №110 (2141)

Цан хүүрэг татуулсан цас мөсний орноос өвлийн өвгөн аав хүрэлцэн ирж, хүүхэд багачууддаа бэлэг тараагаад эхэлжээ. Манайд өвлийн өвөө гэх ойлголт 1940-өөд оноос бий болсон бөгөөд энэхүү үүрэгт ажлыг ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн 50 гаруй жил гүйцэтгэсэн байдаг. Түүний залгамж халааг авч 12 дахь жилдээ өвлийн өвөө болж байгаа Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг энэ удаагийн дугаартаа урьж, бэлгийн богцыг нь задаллаа.

-Он солигдох мөч ойртсон энэ өдрүүдэд Өвлийн өвөөгийн хувьд ачаалал ихтэй байна уу?
-Хаа сайгүй 2016 онд хийж бүтээснээ дүгнэж, гэр бүл, байгууллага, хамт олон, найз нөхдөөрөө 2017 оноо угтан, сүлд модны наадамдаа бэлдсэн сайхан өдрүүд тохиож байна. Өвлийн өвөө нь ч мөн адил цас мөснийхөө орноос хүрэлцэн ирж, хүүхэд багачуудынхаа баяр дээр баяр нэмж, бэлгээ гардуулаад явж байна.
-Хүүхэд бүрийн хувьд өвлийн өвөө бодит хүн. Таны хувьд багадаа өвлийн өвөөг хэрхэн төсөөлдөг байсан бэ?
-1956 оноос Харшийн сүлд модны наадамд ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн гуай өвлийн өвгөн болж гарч ирэхдээ монгол өвлийн өвөөгийн гайхамшигт дүрийг бий болгож, мөнхлөн үлдээсэн. Г.Гомбосүрэн гуайгаас хойш түүний энэ үйл хэргийг өвлөн авч 12 дахь жилдээ өвлийн өвгөн болж байна. Өвлийн өвөө маань хэдий хийсвэр ч гэлээ хүүхэд бүрийн сэтгэлд үргэлж бодит хэвээр оршдог. Би ч багадаа тэгж төсөөлдөг байсан.  Одоо хамт олны шинэ жилийн баяр дээр очиход өвлийн өвөө ирлээ гээд хөөр баяр болцгоодог. Тиймээс багачууд гэлтгүй томчуудын хувьд ч өвлийн өвөө гэдэг бодит хүн.
-Г.Гомбосүрэн гуайн үйл хэргийг өвлөн авсан тухайгаа ярилаа. Өвлийн өвөө болох саналыг Монголын хүүхдийн ордноос танд тавьсан гэдэг. Энэ саналыг анх хэрхэн хүлээж авсан бэ?
-Г.Гомбосүрэн гуайг бурхан болсны дараа Монголын хүүхдийн ордноос өвлийн өвгөний дүрд хэд хэдэн хүн дэвшүүлж, намайг сонгосон юм байна лээ. Анх санал тавихад нь “Би өвлийн өвөө болоход эрт байна” гээд хүлээж аваагүй. Гэртээ очоод энэ тухайгаа эхнэртээ хэлтэл “Монголын ард түмэнд өвлийн өвөө гэдэг дүрийг үлдээж чадсан энэ гайхамшигт хүний үйл хэргийг үргэлжлүүлэх саналыг хүлээн авалгүй яах вэ. Энэ сайхан боломжийг алдаж болохгүй. Бидний хэлдгээр жинхэнэ нэр төрийн хэрэг шүү дээ” гэсэн. Тэгээд маргааш ни Монголын хүүхдийн ордныхонтой уулзаж саналыг нь хүлээн авч, Харшийн сүлд модны наадмын бэлтгэлдээ орсон. Монголын хүүхдийн ордны зүгээс надад Г.Гомбосүрэн гуайн дээл, нөмрөг, сахал, таяг, даалин, хөөрөг гээд бүх өмсгөл зүүсгэлийг уламжилсан. Гэхдээ би хувцас хэрэглэлийг нь шууд өмсөөгүй. Эхнэрийнхээ хамт гэрт нь очиж бурханд нь хадаг өргөөд “Монголын ард түмний сэтгэл зүрхэнд өвлийн өвөө хэмээн хоногшсон дүр, үйл хэргийг тань залгамжлахаар болж байна” гээд албан ёсоор зөвшөөрлийг нь авсан.
-Монгол өвлийн өвөө бусад орныхноос ямар онцлогтой вэ. Ерөнхийдөө Оросын Дед Морозтой төстэй боловч илүү сүрлэг санагддаг. Хувцас хэрэглэлийнх нь онцлог, бэлгэдлийн тухайд?
-Би 12 жил өвлийн өвөө болохдоо гурван хувцас сольсон. Эхний хоёр жил ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайн хувцас хэрэглэлийг хэрэглэсэн. Тэр хүний олон жил өмссөн хувцасны буян хишиг нь надад шингэх байх хэмээн бэлгэшээж өмссөн. Одоо хэр нь надад хадгалаатай байдаг. Монгол өвлийн өвөөг харахад их сайхан, сүрлэг. Цагаан дээл,  хөх цэнхэр нөмрөг, улаан оройтой, улаан залаатай малгай, ээтэн хоншоортой монгол гутал гээд л бүгдэд нь бэлгэдэл шингэсэн байгаа. Би хувьдаа эв нэгдэл, эд агуурсын өсөн үржихийн бэлэг тэмдэг бурхны цагаан өвгөнөөс санаа авч уран сайхны аргаар Монгол өвлийн өвөөг урласан болов уу гэж боддог. ОХУ-ын Буриад улс 2008 оноос эхлэн Цагаан сарыг тэмдэглэж эхэлсэн юм байна лээ. Ингэхдээ улс болгоноос Өвлийн өвөө нарыг урин залж, ард иргэд хүүхэд багачууддаа бэлэг тараадаг уламжлал тогтсон юм байна. Би хоёр жилийн өмнө тэнд уригдан очсон. Монгол өвлийн өвгөний хэрэглэл харагдах байдлаараа ч тэр бусад улсынхаас яалт ч үгүй содон, сүрлэг сайхан гэдгийг мэдэрсэн.
-Хүүхэд багачуудаас танд хаяглаж хүслээ бичсэн захидал ирүүлдэг үү. Тэр бүгдийн хүслийг биелүүлэхийг эрмэлздэг байх даа?
-Хүүхдүүдээс өөрийгөө товчхон танилцуулаад, өвлийн өвөөгөөс бэлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн гэрийнхээ хаягаа бичсэн захидал ирдэг. Аль болох хүслийг нь биелүүлэхийг боддог. Өвлийн өвгөн гэдэг утгаараа 2006 оноос хойш гэр бүлийнхээ зүгээс жил бүр өвлийн өвгөнөөс бэлэг авах боломжгүй 100 хүүхдэд бэлэг гардуулдаг уламжлалтай болсон. Анх “Нарантуул” зах дээр бэлгээ тарааж байсан. Тэнд байсан тэрэг түрдэг хүүхдүүд зөөж байсан хэчнээн үнэтэй бараагаа хаяад Өвлийн өвөөгөөс бэлэг авахыг эрмэлзэж байхыг нь хараад хийж эхлүүлсэн ажил маань зөв байсан юм байна гэдгийг илүү ихээр мэдэрсэн. Уламжлалын дагуу энэ жил 10 дахь жилдээ өвлийн өвөөгийн бэлгээ тараах гэж байна.
-Энэ жилийн хувьд ямар хүүхдүүдэд бэлгээ гардуулах вэ?
-МҮОНТ-ээр 21-р хороололд 120 хүүхдийн цэцэрлэг барих аян өрнүүлсэн. Тэр цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдэд бэлэг өгөхөө амласан. Өмнөх жилүүдэд 100 хүүхдэд бэлэг тараадаг байсан бол энэ жил 120 хүүхдэд өгөхөөр болсон. Ирэх жилээс орон нутагт бэлэг тараах бодолтой байгаа.
-Шинэ жилийн уур амьсгал орж ачаалал эхэлсэн энэ өдрүүдэд таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Өдөрт хэдэн хүнийг баярлуулдаг бол?
-Тэрийг анзаарч тоолж байгаагүй юм байна. 2004 оноос хойш энэ буянтай үйлийг хийж байна. Жилд багадаа мянган хүн баярлуулсан байна гэж бодвол 12000 хүнийг  баярлуулсан байх нь. Гэхдээ энэ бол бага тоо. Өвлийн өвөө байх үнэхээр гоё. Арванхоёрдугаар сарын нэгэн болохоор л цаанаасаа огшоод, гэгэлзээд, хувцас хэрэглэлээ гаргаж ирээд, цэвэрлээд л бүх зүйлээ бэлдээд эхэлдэг.
-Өвлийн өвөө бэлэг тарааж бусдыг баярлуулаад буцаагаад талархлын үгийг нь сонсч түүгээрээ урамшдаг уу?
-Ирж буй оноо угтан шинэ жилийн баяраа тэмдэглэж буй хамт олонд Өвлийн өвөө сайн сайхан бүхнийг ерөөгөөд ирэх онд нь амжилтын дээдийг хүсэхэд тэнд байгаа хүмүүсийн сэтгэл хөдөлж, үнэн сэтгэлээсээ баярладаг. Эргээд тэнд хурсан олны итгэл, сэтгэл хөдлөлөөс урам зориг, эрч хүч авдаг. Албан байгууллагын шинэ жилд уригдан очоод настай хүмүүст бэлэг гардуулах их гоё. Бэлгээ гардуулахад зөрүүлж үнсээд “Миний хүү, өвөөгийнхөө насыг аваарай” гэхэд нь их сайхан санагддаг.
-Энэ дүрээрээ олон хүүхэд багачуудыг баярлуулж байсан. Гэртээ өвлийн өвөө болж орж байсан удаа бий юү?
-Тийм тохиолдол бий. Миний завтай үеэр ах дүү, хамаатан саднаараа цугларан шинэ жилийн баяраа тэмдэглэдэг. Тэр үед нь өвлийн өвөө болж орж хүүхдүүддээ бэлэг тараадаг. Бэлгээ өгчихөөд хувцсаа солиод ороод ирэхэд хүүхдүүд танихгүй “Жагаа ахаа, сая өвлийн өвөө ирээд бэлэг өгөөд гарсан” гээд л хөл хөөрцөг болцгоодог.
-Ингэхэд өвлийн өвөө хэзээ бий болсон, хэзээ төрсөн юм бол?
-Өвлийн өвгөн яг он солигдох мөчид төрсөн. Тиймээс он солигдох торгон мөчид ирж хүүхэд багачуудад бэлэг гардуулаад шинэ он гарахтай зэрэгцээд буцдаг.  
-Цаг заваа гарган сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Өвлийн өвөөгийн зүгээс уншигчдад маань зориулж мэндчилгээ дэвшүүлнэ үү.
-Гаднын орнуудад шинэ жилийн арга хэмжээ эхлэхээс өмнө өвлийн өвгөнүүд нь уулзаж ирэх жил ямар байхыг бэлэгшээж ард иргэддээ ямар мэндчилгээ дэвшүүлэхээ ярилцдаг юм байна. Манайд тийм  боломж байдаггүй. Миний хувьд ирэх оноо бэлгэдэж жил бүр өөр өөр мэндчилгээ хэлдэг. Энэ жилийн хувьд “Айлчлан ирж буй 2017 ондоо бие биедээ үргэлж сайн сайхан, урмын үг хайрлаарай. Олон нийтийн сүлжээнд ч тэр болж байгаа зүйлийг сайн талаас нь харж, бие биедээ урам хайрлах сэтгэгдэл бичиж байгаарай. Дэм дэмэндээ гэдэгчлэн ямарваа зүйлийг сайхан талаас нь харж, өөдрөг хандах юм бол улам л дэвжих болно. Тиймээс монголчууд маань бие биедээ элгэмсэг байж найрсаг хандсанаар улс эх орон маань улам хөгжин цэцэглэх болно” хэмээн мэндчилгээ дэвшүүлж байна.
-Таны ерөөл бат оршиг. Илүү олон жил өвлийн өвөө болж биднийгээ баярлуулаарай. 
-За, баярлалаа.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.