Б.Бат-Орших: “Домог” тайзан дээр ямар эмоцтой амьдарсан бэ гэдгээ ард түмэндээ тайлагналаа

2016.12.14 Лхагва №110 (2141)

Нэгэн гайхамшигтай, бас бахархан омогшим домог эхлээд 10 жил өнгөрчээ. Энэ бол Монгол түмний язгуур урлагийн их өв санг өвлөн авч, баяжуулан хөгжүүлж, дэлхийн олон улс орны хүн ардыг гайхашруулан бишрүүлсэн  домог. Дээд хөх тэнгэрээс язгуурт хөх толбот монголчуудынхаа үндэсний бахархлыг бадраан дүрэлзүүлсэн домог. Тийм ээ, энэ бол ардын урлагийн “Домог” хамтлаг. Их Монгол Улсаа байгуулсны 800 жилийн ойгоор буюу 2006 онд байгуулагдсан “Домог” хамтлаг энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг ойн хүрээнд энэ жил домог амилж, омог бадарсан олон сайхан үйл явдлууд болсон. Ингээд “Домог” хамтлагийн ахлагч Б.Бат-Орших, тус хамтлагийг үүсгэн байгуулагч Н.Ганбаатар нартай ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

Гадаадынхныг Монголд иртэл, ирээд бидний цомгийг худалдаж автал нь тоглодог

-Таван жилийн өмнө “Домог” хамтлаг таван жилийн ойгоо тэмдэглэж байсныг сайн санаж байна. Тэр үед та хэвлэлд ярилцлага өгөхдөө морин хуураар дэлхийг байлдан дагуулна гэж хэлсэн байсан даа. Нэг л мэдэхэд дахиад таван жил өнгөрсөн байна?
-Тийм ээ. Цаг хугацаа тун хурдан юм. 2011 оны арваннэгдүгээр сарын 31,  арванхоёрдугаар сарын 01-нд УДЭТ-т манай  хамтлаг таван жилийн ойн тоглолтоо хийж байсан. Тоглолтоо бид бараг л найруулагчгүйгээр өөрсдөө л найруулаад, дээр нь манай Н.Ганбаатар ах маань найруулаад л хийж байлаа. Н.Ганбаатар ах маань манай хамтлагийг үүсгэн байгуулсан хүн. Бид 10 жил ах дүү шиг явж байна даа.
-Сая 10 жилийн ойн тоглолт тань сайхан боллоо. Үзэгчид үнэхээр нэг бахархал, омогшил дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүлсэн дээ?
-Арван жил гэдэг нэг талаар богино, нөгөө талаар урт хугацаа. Таван жилийн өмнөх тоглолттойгоо харьцуулахад бидэнд туршлага, дадлага суусан байна. Дээрээс нь урлагийн байгууллагын уран бүтээлч найз нөхөд, ах нар дэмжье тусалъя гээд тал  талаас эрвийх дэрвийхээрээ оролцсон. Тоглолтын маань ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам ах, туслах найруулагчаар Н.Ганбаатар ах маань ажилласан. Найруулагч нар маань бараг долоо, найм хоног нойр хоолгүй шахам л ажилласан даа. Тайзны зохион байгуулагчаар “Улаанбаатар” чуулгын хуурч Боожоо ах ажилласан. Тайз, дэлгэцний графикийг ММ агентлагийн Чингис ах, Н.Ганбаатар ах хоёр маань хийсэн. Өвөрмонголын Жинхэнэ гэж дүү маань билет, анонс зэргийн эхийг хэвлүүлэхээс эхлээд гадуурхи бүх ажлыг амжууллаа. “Мөнхийн үсэг” ХК, ETV, “Юнитель” групп мөн хамтран ажиллалаа. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Наранцацралт” сан, ивээн тэтгэгчээр “Палкон дрийллинг” гэж Канадын компани ажилласан. “Палкон дрийллинг”-ийн захирал Ундраа эгч надаар морин хуур заалгаж байсан юм. Тиймээс 10 жилийн ойн тоглолтыг маань ивээн тэтгэсэн. Тоглолт маань энэ олон сайхан байгууллага, компанийн хамт олны хүчээр сайхан болсон. Язгуур урлаг гэдэг ардын, үндэсний юм болохоор ард түмэн маань ирээд тасалбараа авчихсан. Тоглолт нэг л удаа болсон. Тоглолтод маань “Хурд”, “Увертура” хамтлаг, “Улаанбаатар” чуулгын бүжигчид, уртын дуучин Г.Энхбаатар, Э.Болормаа, уран нугараач Г.Нямгэрэл, дуучин Б.Солонго нар оролцсон. Улсын филармонийн симфони найрал хөгжим мөн оролцлоо. Нийт уран бүтээлчдийн тоо 150, нийт баг бүрэлдэхүүн гэвэл 200 гаруй  хүн оролцсон том тоглолт болсон. Тоглолтыг үзсэн хүмүүс үнэхээр сэтгэл өндөр байсан. Түүгээр л бид үнэлэгдэж, цэгнэгддэг юм чинь, үүнд маш баяртай байгаа. Зритель маш өндөр сэтгэгдэлтэй байлаа. 
-“Домог” хамтлагийн 10 жилийн ойн арга хэмжээ оны эхнээс л эхэлсэн үү?
-Тийм. Ойнхоо хүрээнд тоглолтоос гадна нэлээд хэдэн том ажил зохион байгууллаа. Эхнийх нь идэр морин хуурчдын улсын уралдаан зохион байгуулсан. 100-гаад хүүхэд бүртгүүлснээс 60-аад нь уг уралдаанд оролцсон. Энэ уралдааны онцлог нь мэргэжлийн, мэргэжлийн бус гэж ялгаварлалгүй, зөвхөн ахлах, дунд гэсэн хоёр насны ангиллаар хүүхдүүдийг уралдуулсан. Уралдаан маш сайхан болсон. Завханы Хөгжим бүжгийн сургуулийн хүүхдүүд ирж оролцсон. Тэд үнэхээр мундаг, багш нар нь ч маш хариуцлагатай байлаа. Энэ уралдаанд оръё гэж чин сэтгэлээсээ бэлдсэн байна лээ. Үүний дараа бид гуравдугаар сарын 18-нд хэвлэлийн хурал зохион байгуулж “Домог” хамтлаг 10 жилийнхээ ойн хүрээнд ийм ийм ажил зохион байгуулах гэж байна гэдгээ олон нийтэд зарласан. Наадмын нэвтрүүлэг бэлдсэн. Мөн долдугаар сарын 12-нд Хустайн жуулчны бааз дээр аялал жуулчлалын өдөрлөг зохион байгуулж “Домог” бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон. 
-Танай хамтлаг жуулчдад зориулсан ийм тоглолтыг уламжлал болгон зохион байгуулдаг байх аа?
-“Домог” хамтлаг найман жил тасралтгүй аялал жуулчлалын баазуудад ямар ч үнэ төлбөргүй тоглож, дэмжлэг үзүүлсэн. “Хан Тэрэлж”, “Лодж”, “Мираж”, Хустайн үндэсний хүрээлэн гээд л олон компани, байгууллагад очиж жуулчдад зориулсан тоглолт хийж байлаа. Эдгээр компаниуд биднийг нэг багийнхан шиг хүлээж авч, Монголын үндэсний өв соёлыг сурталчлах талаар санаачилгатай ажилладаг. Бидний хувьд гадаадад тоглохдоо ч гэсэн 10 мянган хүнд тоглолоо ч, мянган хүнд тоглосон ч гэсэн таван хүн нь ч болтугай Монголд очоосой л гэж бодож тоглодог. Энэ бол Монголын эдийн засагт дусал ч гэсэн нэмэр. БОАЖ-ын яам үүнийг бодлогоор хиймээр санагддаг. Тавхан гишүүнтэй, жижигхэн “Домог” хамтлаг найман жил эх орноо гадаадынханд сурталчилсан. Үүнийг бид бардам хэлнэ. Бид гадаадаас ирсэн жуулчдаас мөнгө аваагүй. Бид яаж санхүүждэг вэ гэхээр өөрсдийнхөө гаргасан цомгийг худалдаж автал нь, тийм сэтгэгдэл төртөл тоглодог. Улсын байгууллагууд, ҮДБЭЧ, “Түмэн эх” чуулгынхан бол жилийн турш хуваарь гаргаад жуулчдад тоглодог. Гэтэл тэрийг үзэж мэдэхгүй дэл сул хөдөө явж байгаа жуулчин олон байдаг. Тэдэнд бид тоглодог. Бидний гол бодлого бол хөдөө, орон нутагт, жуулчны баазуудад хаана, хэдэн хүн байна, тэнд хүрч тоглодог. Амарч байгаа газар нь очиж тоглодог. Хамгийн гол нь үндэсний урлаг гэдэг угаасаа тайзан дээр байгаагүй юм шүү дээ. Тиймээс бид гэрт тоглодог. Жуулчдыг яг өөдөөсөө харуулж суулгаад тоглодог. Найр наадам болж байгаа юм шиг л гэсэн үг. Ингэхээр илүү амьд тоглолт болдог. Гадаадынханд ч таалагддаг. Ийм менежментийг улсын байгууллагууд бодох хэрэгтэй юм билээ. 

Хилийн чанадад бид эх орноо, их урлагаа тээж явдаг

-Бид хоёр ярилцлагаа таван жилийн өмнөх тоглолтоос эхэлсэн. Харин одоо 10 жилийн өмнөх “Домог” хамтлагийнхны тухай ярилцъя. Хамтлаг анх хэрхэн байгуулагдсан бэ?
-2006 онд манай хамтлаг байгуулагдсан. Монгол орон даяар л домог түүх урсч байсан жил л дээ. Тэр жил хамтлаг маань байгуулагдсан нь бэлгэшээлтэй. Хамтлагийн маань нэр ч гэсэн үнэхээр домог, түүхтэйгээ уялдаатай. Анх бид Н.Ганбаатар ахад санал тавьснаар хамтлаг маань байгуулагдсан. Тухайн үед хамтлаг байгуулах бүх тохироо бүрдсэн л дээ. “Эгшиглэн” хамтлагийн ахлагч Түмэнбаяр ах тэр үед Германаас ирчихсэн байсан. Би өмнө нь Германд ажиллаж амьдарч байгаад ирсэн. Тэгээд манай хамтлагийн Пүрэвдорж бид хоёр “Хөх Монгол” хамтлагт ажиллаж байсан юм. 
-Германаас ирсэн өдрөө л хамтлагаа байгуулсан гэдэг билүү?
-2006 оны хоёрдугаар сарын 28-ны өглөө найман цагт би Буянт-Ухаад бууж байсан юм. Тэгээд л шууд өдөр нь СУИС-ийн урд талын “Модон” гэж кафед Шинэцог, Пүрэвдорж бид уулзаад л, тэр өдөртөө ийм ийм ая тоглоё гээд ноотоо цуглуулж эхэлсэн. Маргааш нь Хөгжим бүжгийн коллежийн 43 тоот өрөөнд анх бэлтгэл хийж байсан юм. Ингээд бэлтгэлээ хийгээд 7-8 хонолоо. Ер нь бэлтгэл болчихоод байдаг. Энд тэнд тоглоход боломжийн болчихсон. Анх дөрвүүлээ байсан учир хамтлагтаа нэр ч өгөөгүй, морин хуурын квартет гээд л явж байсан. Гэтэл тоглолтын захиалга хаанаас олох вэ, хаанаас мөнгө төгрөг олж хувцас хунартай болох вэ гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээд би бодсон. Ер нь ямар нэг гаргалгаа хийх ёстой юм байна гэж. 
-Ямар гаргалгаа олсон бэ?
-Хамгийн дотнын, хүндэтгэж явдаг ах руугаа л ярьсан. Түмэнбаяр ах руу ярьсан чинь гэртээ байна хүрээд ир гэсэн. Тэгээд би тэднийд очиж хамтлагийнхаа тухай ярилцан хонож байсан юм. Түмэнбаяр ах бол 20-иод жилийн түүхтэй хамтлагийг Европт авч явсан туршлагатай хүн. Миний хувьд үнэхээр шүтэж биширдэг, хайрлаж явдаг сайхан ах маань байгаа юм. “Эгшиглэн” хамтлагийнхаа ах эгч нарыг одоо ч гэсэн хайрлаж хүндэтгэж явдаг. Би чинь тэдний шавь нь байгаа юм. Тус хамтлагийн хөөмийч Амартүвшин ах миний багш. Ийм учиртай. Тэгээд Түмэнбаяр ахтайгаа яриад суусан чинь “Ахад нь нэг хүн бий” л гээд байсан. Тэр нь одоо энэ Н.Ганбаатар ахыг хэлээд байсан хэрэг л дээ. Германд байхад ч надад ярьж байсан. Ингээд Түмэнбаяр ах маань Н.Ганбаатар ахыг нэг клуб байгуулж байгаа. Удахгүй нээлт нь болно гэж байна лээ. Би ярьсан. Хоёулаа маргааш очно оо гэсэн. Түүнийг нь сонсоод би бараг нойр хүрэхгүй л хоносон. Маргааш нь хамтлагийнхантайгаа бэлтгэлээ хийгээд байж байсан чинь Түмээ ах залгасан. “За Оршихоо хүрээд ир. Одоо нөгөө клуб дээр очъё” гэж байна. “За тэгье” гээд л бэлтгэл хийж байсан хэддээ “Манайхаан сайн залбираарай, би явлаа шүү. Чухал хүнтэй уулзчихаад ирье” гэлээ. Тэгээд Шар дэлгүүрийн урдах “History” ресторанд ирж уулзсан. Жигтэйхэн сайхан газар. Түмээ ах бид хоёр хүлээж байтал Ганбаа ах ороод ирсэн. Тэгээд ярьсан даа. Түмээ эх маань “За дүү нар маань ийм хамтлаг байгуулж байгаа юм. Миний хайртай дүү нарыг дэмжих хэрэгтэй байна. Бид нар бол яахав гадаадад тоглоод явж байна. Нэг найдвартай дүүгээ хүлээлгэж өгье дөө” гэсэн. Тэгээд Ганбаа ах тэр оройгоо Хөгжим бүжгийн коллеж дээр очиж бидний тоглолтыг үзэх болсон. Хөгжим бүжгийн цонхоор бид байн байн хараад л. “Ирж байна, ирж байна. За ирлээ” гээд л. Ганбаа ахад бид төрийн шагналт Ц.Чинзоригийн хөгжим “Идрэнгийн говь”, “Алтайн магтаал”, “Дүнжингаравын магтаал”-ыг тоглож сонсгосон санагддаг юм. Гурван бүтээл л тоглосон. Дөнгөж л бэлдээд бэлэн болсон нь тийм бүтээлүүд байсан байх. 
-Та нарын тоглохыг сонсоод юу гэж хэлсэн бэ?
-Аа за, эргээд ярина аа л гэсэн. Тэгсэн чинь нөгөөдөр нь гуравдугаар сарын 8-9-нд “History” клуб нээлтээ хийх болоод. Ганбаа ах биднийг хүрээд ир гэлээ. Тэгсэн чинь клубын нээлтэд очих гэсэн бидэнд тоглолтын хувцас байдаггүй ээ. Хоёрт нь бол улаан дээл байсан. Ганбаа ахад үнэнээ хэллээ дээ. “Ах аа бидэнд хувцас энэ тэр байдаггүй ээ” гэлээ. “За та нар аргалаад ир” л гэж байна. Ингээд Морин хуурын чуулгын дөрвөлийн улаан дээлийг нь прокаталж аваад очиж тоглосон. Биднийг тоглоход “History” клубын дэргэдэх морин хуурын дөрвөл хамтлаг гэж зарласан. Тэгэхэд бид их баярласан. Тэр цагаас хойш ажил эхэлсэн дээ. Маргааш нөгөөдөр нь Ганбаа ах уулзаад л, цалин хөлс, хувцас хунар бэлтгэлийн бүх юмаар хангасан. Тэгээд хамтлагтаа нэр өгөх болоод, бид тойрч сууж байгаад нэрээ өгч байсан. 
-“Домог” гэдэг нэрийг хэн өгсөн бэ?
-Анх англиар “Legend” буюу домог гэж нэрийг Н.Ганбаатар ах маань өгсөн. Сүүлдээ монголоороо нэрлэе гээд “Домог” болгосон л доо. Нэг жил шахуу “Legend” нэрээрээ явсан. Сүүлд нэрээ сольсны дараа “Домог”, “Legend” гэж хоёр өөр хамтлаг байдаг юм байна гэж хүмүүс их андуурдаг байсан шүү. Нэг байгууллага дээр бид “Legend” нэрээрээ очиж тоглосон юм. Хойтон жил нь “Домог” нэртэй болчихоод очиж тоглосон чинь тэр байгууллагын захирал ах “Ноднин хэдэн дүү нар ирээд балласан ш тээ. Тэд нар ёстой алдаг юм байна лээ” гээд л ярьсан. Бид тэр ахыг биднийг яриад байна гэдгийг мэдсэн л дээ. Тэгсэн нөгөө ах “Домог”-ийнхон бас гоё юм байна аа, гоё юм байна. Гэхдээ тэр залуус ёстой алсан даа л гээд байна. Тэгэхээр нь “Ах аа, бид “Legend” гэж нэртэй байгаад “Домог” болсон юм аа. Ноднин танайд ирж тоглож байсан ш дээ” гэсэн чинь “Даанч тийм байх аа. Алаад байсан юм” гэж билээ. 
-Н.Ганбаатар ахын хувьд “Домог”-ийг өлгийдөж авч, нэр хайрласан хүн байх нь. Энэ нэрийг их бэлгэ дэмбэрлийг бодож шинэхэн хамтлагийнхаа чихэнд шивнэсэн байх даа?
Н.Ганбаатар: -Хамтлагаа дөнгөж байгуулсны дараа “Домог” гэж нэр орж ирсэн. Тухайн үед би клубтээ “History” гэж нэр өгчихсөн байсан. Манай ах тэр нэрийг өгч байсан юм. Анх манай компани “History travel” нэртэй байгуулагдсан. Компани маань тийм нэртэй юм чинь тэр нэрээрээ клубээ нэрлэе гээд л нэрлэсэн хэрэг. Тэр нэртэйгээ уялдуулаад “History” клубын дэргэдэх хамтлаг юм чинь “Домог” нэртэй байвал зүгээр юм гэж бодсон л доо. Түүх домог гэдэг холбоо үг юм чинь гэж ч бодож үзсэн. Ингээд “Домог” гэж нэр өгсөн. Гол нь хамтлаг маань гадагшаа гарч тоглоно. Гадаадын жуулчдад ч тоглоно. Үүнийг нь бодож англиар нь “Legend” гэж нэр өгсөн. Сүүлдээ “Домог” болсон. Бид Монголд аялал жуулчлалын салбар ирээдүйд хөгжих юм байна гэж ярилцаад л ажлаа эхэлж байсан. Тэр жил Их Монгол Улсын 800 жилийн ой гээд улс орон даяар их хөл хөгжөөнтэй байсан. Яг ийм үед нь аялал жуулчлалын бизнесээ эхлэх нь зүйтэй юм байна гээд л эхэлж байсан. 
-Тэр үед морин хуураа бариад ирж байсан залуусыг одоо харахад бүх талаар өөрчлөгдөж, уран бүтээлийн хувьд өсч хөгжсөн байна. Танд ямар сэтгэгдэл төрж байх юм?
-Арван жил гэдэг богинохон хугацаа юм. Одоо эд нарыгаа харахад үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Эд нар маань анхнаасаа л хөгжмийг амьдралаа гээд сонгочихсон. Түүнийхээ төлөө тууштай явж байгаа залуус. Миний хувьд бол хөгжимд дуртай, бусдын л адил жирийн хүн. Тэр үед хамтлаг байгуулах тохироо нь бүрдээд л байгуулсан. Энэ хэд маань сайхан хөгжим тоглоход, тэрийг нь үзсэн сонссон хүмүүс гайхан алмайрна. Үнэхээр гоё хүлээж авна. Алга ташилт гэдэг тэр бүхний илэрхийлэл. Хүмүүст тийм сайхан мэдрэмж өгч байхад би өөрөө бас хийж бүтээсэн юм маань хүмүүст сайхан аз жаргал, баяр хөөр бэлэглэж байхад сайхан байлгүй яах вэ. Эд нарыгаа хараад баясч суудаг. Сая жишээ нь 10 жилийн ойн тоглолтоо мянган хүнд толилууллаа. Тэр мянган хүний баяр баясгалантай царайг харж суухад би өөрөө давхар таашаал авч байгаа юм. Хүмүүсийг баярлуулна гэдэг сайхан шүү дээ. 
-“Домог”-ийнхон маань анх “History” клубтээ л тоглодог байсан уу. Хэзээнээс томоохон тайзнаа гарав?
-Анх клубтээ л тоглож эхэлсэн. “History” клубын дэргэдэх хамтлаг гэж явдаг байсан. Аялал жуулчлалын компаниудтай бид гэрээтэй ажилладаг байсан. Жуулчид их ирнэ. Манай ресторан үндэсний хоолтой, хоёрдугаар давхартаа уран зургийн галерейтай. Тэнд Монголын урлаг, соёлтой танилцан, нүд сэтгэлээ баясгана. Дараа нь ресторанд маань монгол зоог барьж ходоодоо баясгана. “Домог”-ийн тоглолтыг үзэж чихээ баясгана. Ийм хөтөлбөр гарган ажилладаг байлаа. 
Б.Бат-Орших: - Яг өөрсдөө бие даасан 30-40 минут, бүр бүтэн цагаар тоглосон урт хэмжээний тоглолт бол гадаадад хийсэн тоглолтууд маань юм даа. Монголдоо тоглосон анхны том тайз бол “Cоken beat” наадмынх байх. Түүний өмнө “Скайтел” ХХК-ийн зохион байгуулсан “It’s Defferent” амьд хөгжмийн улсын уралдаанд ороцож тэргүүн байрын шагнал хүртсэн. Тэр уралдаанд тоглоход маш олон хүн үзсэн. Мөн бид анх Соёлын төв өргөөнд квартетаар урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр багшийн “Арвагар хээрийн салхи” зохиолыг тоглосон. 2009 онд БНХАУ-ын Чиндү хотод очиж дэлхийн биет бус өвийг хамгаалах зорилготой уралдаанд оролцож тэргүүн байр эзэлж байлаа. Ер нь “Домог” хамтлаг ч гэлтгүй манай үндэсний урлагийнхан бол хилийн чанадад уралдаан тэмцээнд оролцоход дандаа л тэргүүн байр эзэлдэг юм шүү дээ. Бидний өвөг дээдсийн өв соёл өөрөө тийм агуу. 
-2007 оноос хойш танай хамтлаг оролцсон гадаад дотоодын олон уралдаандаа жил өнжихгүй түрүүлж, байр эзэлж байжээ. Мэдээж ардын урлагийн гайхамшиг үүнд нөлөөлсөн байх. Бас та бүхний ур чадвар хурдан хугацаанд өсчээ гэж бодож байна?
-Тийм уралдаанууд олон болдог л доо. Хамгийн гол нь уралдаанд бид оролцохоос гадна улс маань оролцож байгаа хэрэг. Биднийг хилийн дээс алхлаа л бол “Домог” хамтлаг гэхгүй Монгол л гэнэ. Тэгэхээр маш том хариуцлага ирдэг. Тэрийгээ хүн бүхэн ухамсарладаг. Би Пүрэвдорж байна уу, Бат-Орших байна уу, Шинэцог, Оюунбат, Энхсайхан байна уу, ерөөсөө хамаагүй. Хаанаас ирсэн бэ гэхээр Монгол л гэнэ. Бидний өмсч байгаа, биеэ авч яваа бүх юмыг монголчууд ийм юм байна гэж хардаг. Тиймээс бид хилийн чанадад эх орноо, эцэг өвгөдийнхөө их урлагийг тээж явдаг. Манайхны нэг ташаа ойлголт байдаг юм. Урлагийнхан гадаадад тоглоод л их доллар цуглуулаад байдаг гэж боддог. Тийм биш ээ, хэцүү шүү дээ. Бүтэн 12 цагийн зөрүүнд долоо хоногт хоёр удаа орчихоор ямар байх вэ. Ядаргаанд орно. Хоол ундны зөрүү байна. Бид чинь махаар л хоолшино. Тэглээ гээд борцоо халааслаад яваад байхгүй. Очсон газар бүртээ дасан зохицохоос аргагүй. Энэ бүхнийг бид хариуцлагатайгаар давж гарч, биеэ авч явах хэрэгтэй болдог.  Ардын урлагаа сурталчлах гэж манай уран бүтээлчид өдөр шөнөгүй ажилладаг. Зөвхөн ардын урлагийнхан ч биш Монголынхоо урлагийг гадаадад сурталчилж байгаа бүх уран бүтээлчдэдээ баяр хүргэмээр байна.  

Өвөг дээдсээ алдаршуулсан, бахархсан мэдрэмжийг бид үзэгчдэдээ өгч чадсан

-Арван жилийн турш хэчнээн тоглолт хийв. Хэдэн улс оронд ардын урлагаа сурталчлав гээд статистик бий байх даа?
-20 гаруй улс оронд “Домог” хамтлагийнхан тоглосон байна. Хамтлагаараа бүрэн бүрэлдэхүүнээрээ явсан нь 13 орон. Харин хамтлагийнхан маань хоёр гурваараа ч юм уу, Шинэцог бид хоёр гэдэг ч юм уу тэгж явсан нь нийлэхээрээ 20 гаруй орон болж байгаа юм. Бүр ганц ганцаараа явж ая дуугаа өргөсөн, тоглолт зохион байгуулснаа оруулбал 40 гаруй улс оронд бид очжээ. “Домог” хамтлагийн тоглосон тоглолт, арга хэмжээнүүдийн бүртгэл байдаг. Жилд жижиг тоглолтуудаа хасаад том тоглолт арга  хэмжээнд л гэхэд 25 удаа оролцсон байдаг.
Н.Ганбаатар: -Манай хамтлагийнхан хамтдаа тоглохоос гадна дангаараа гоцлохоороо бас мундаг хөгжимчид. Манай Оюунбат ганцаараа гоцлол бөмбөр, цохивор хөгжмөөрөө гайхамшигтай тоглоно. Шинэцог морин хуураараа гайхамшигтай гоцолно. Энэ юуг харуулж байна гэхээр хамтлагийн гишүүдийн хөгжимчний ур чадварыг харуулж байна. Шинэцог маань сая 10 жилийн ойн тоглолт дээрээ хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын зохиол Морин хуурын гуравдугаар концертыг  тоглосон. Манай хамтлаг анхнаасаа нэгдүгээрт ардын урлагийн хамтлаг гэхээс илүү хөгжимчдийнхөө ур чадварт түлхүү их анхаарсан. Мөн чанартай уран бүтээл хийхэд анхаарч явсан. Арван жил оршин тогтносны үндэс суурь нь энэ. Морин хуур тоглодог олон сайхан залуу бий. Мэргэжлийн төвшинд хэн нь сайн тоглож чадаж байна гэвэл арай өөр болчихно. “Домог” хамтлагийн хувьд мэргэжлийн хөгжимчдийнхөө ур чадварыг хөгжүүлэх тал дээр хичээж ажилладаг. Үүнийгээ 10 жилийн ойн тоглолтоороо харуулъя гэж бодсон. Тиймээс Шинэцог маань морин хуурын гоцлол тоглолоо. Энхсайхан маань бас гоцлол тоглосон. Оюунбат маань Алексей Житов гээд Оросын хөгжмийн зохиолчийн “Байлдан дагуулагч” гэдэг зохиолыг тоглосон.
Б.Бат-Орших: -Арван жилийн ойн тоглолтын тухай ярихад үнэхээр гайхамшигтай болсон. Хоёр гурван зүйл дээр бид их баярласан. Үзсэн хүмүүс үүнийг хэлж байна. Тоглолтын эхлэл хэсэг гоё. Ганбаа ахын болон найруулагчийн бодсон санааг зритель яг уншсан байна лээ. Нэг түүх судлаач ахыгаа бид тоглолтдоо урьсан юм. Тэр хүн ч хэлж байна лээ. Хэдэн мянган жилийн өмнө морин хуур үүссэн гэдэг. Адуу бол монгол хүнтэй салшгүй холбоотой. Тэгэхээр газар дороос морины толгой гэрэл цацруулан гарч ирж тэрний араас “Домог”-ын залуус хурайлж эрхэмлэн дээдэлж, тэгээд тэр нь дээшээ тэнгэрт шингэчихдэг. Энэ бол хүмүсийн сэтгэлийг үнэхээр хөглөж хөдөлгөсөн гайхамшигтай агшин байлаа гэж хүмүүс хэлж байгаа юм. Рок хөгжим бол монгол хөгжмөөс үүсэлтэй гэх мэт маргааныг ярихаа больё. Рок хөгжимтэй монгол хөгжим яаж зохицдог юм бэ гэдгийг бид яруу тодоор харуулсан. “Хурд” хамтлагийн ах нартайгаа “Болтугай”, “Бахархал” гэдэг хоёр дууг дуулсан. Эхний бадгийг нь Шинэцог бид хоёр дуулаад эхлэхэд хүмүүс үнэхээр огшсон. Дуунууд нь их сайхан үгтэй. “Энэ бидний бахархал Эгэл түмний бахархал Эх болсон сайхан орон” гээд л. Тэр дуунууд яахын аргагүй үзэгчдийг гэгэлзүүллээ гэж ярьж байгаа юм. Улсын филармонийн симфони оркестрын хамт олон ч тэгж ярьсан байна лээ. Өөр нэг сайхан зүйл бол зритель дүүрэн байлаа. Энэ бол урлагийнханд хамгийн сайхан хүндэтгэл, бас бахархал. Эндээс судалгааны нэг чиг хандлагыг харахаар үндэсний өв соёлоо ард түмэн маань хэрхэн дэмжиж байгаа нь харагдаж байна. Үндэсний урлаг үнэхээр агуу юм, өөр юм. Үзэж байгаа улс нь ч өөр юм. Үүнийхээ эрч хүчийг нь алдагдуулахгүй байх ёстой гэж бид бодсон. Би тоглолтын дараа ийм л гурван мэдээлэл сонсоод баярласан. 
-Тайз засал, гэрэлтүүлэг үнэхээр гайхамшигтай байсан даа. Тоглолтын дэлгэц бол яг л монгол гэрт байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн?
-Энэ бүхэн бол манай Ганбаатар ах, Чингис ах хоёрын хийсэн бүтээл, сэдсэн санаа л даа. Ганбаатар ах бол нэг юм хийхээрээ өдөр шөнөгүй суучихдаг. Сая долоо, найман хоног ажил дээрээ бараг хоносон. “Би монгол хүн” гэдэг зохиолыг тоглоход арын дэлгэц дэх чонын харц өөр өөр болоод байсан гэж үзсэн хүмүүс хэлсэн. Монголчууд бид Бөртэ чоноос үүсэлтэй, чоно сүлд, чоно шүтээн гэж дээдэлдэг шүү дээ. Тэр нь бидний тоглосон зохиолтой үнэхээр гоё таарчээ. Яг амьд чоно хараад байгаа юм шиг санагдсан гэж байна лээ. Үзсэн  хүмүүст үнэхээр таалагдсан байна лээ. Дээр нь морин хуур гэдэг хөгжим бол монгол түмний бахархал, омогшил, баяр, гуниг бүхнийг шингээсэн, бүр цусанд нь байдаг юм байна л даа. Тэгээд морин хуур бол жазз ч болдог, поп, рок ч болдог, бүр үндэсний  натур байхаараа ч гайхамшигтай дуугардаг хөгжим юм даа. Тоглолтод оролцсон нэг хүнийг онцлон дурдахад дуучин Б.Солонго үнэхээр гайхамшигтай дуучин. Бид өөрсдөө ч гэсэн түүний дуулахыг сонсоод үнэхээр огшиж байсан. Торгууд ардын дууг гайхамшигтай дуулсан. Их богино хугацаанд хоёр хоногийн дотор бэлдээд дуулсан. Манай хамтлагийн Оюунбат торгууд ардыг дууг найруулсан. Оюунбат маань найруулах талдаа их мундаг. Тэр дууг зүгээр импрозаци хийж яг ардын уламжлалт ширэн цартай морин хуураар тоглосон. Тэгээд хөөмий, шагайн шигшрээ, мөн гитар, бөмбөртэй хослуулсан. Энэ нь дууны найруулгын цаад орчныг нь, агаарыг нь өөр болгосон л доо. Нэг талаасаа  торгууд ардын дуу юм шиг. Нөгөө талаасаа австрали дуу ч юм шиг. Миний мэдрэмжээр яг тэгж сонсогдсон. Австраличууд бас хонь олонтой, малчин нүүдэлчин ахуйтай шүү дээ. Тэрийг бас мэргэжлийн хүмүүс мэдэрсэн байна лээ. Б.Солонго дуучин бол өөрөө мэдрэмжтэй мундаг дуучин. Дээрээс нь цусанд нь юм байна. Тэр өөрөө торгууд хүн юм билээ. Ээжээсээ торгууд дууны үг асууж сурсан байна лээ. Торгууд дууны найруулгыг дуулсан агшин үнэхээр гайхамшигтай. Бас “Домог чуулга” гэж зохиол байсан. Тэрийг хүмүүс бас “уншсан” байна лээ. Хүн гүрний үеийн төрийн далбааг энэ зохиол дээрээ намируулсан. Үүнийг үзэгчид үнэхээр гайхамшиг болжээ гэсэн. Өвөг дээдсээ алдаршуулсан, бахархсан мэдрэмжийг бид үзэгчдэдээ өгч чадсан.
-Морин хуураар рок, поп хөгжмийг тоглож байна. Ардын дууг шинэчлэн орчин үеийн өнгө аясаар тоглож байна. “Домог” хамтлаг ардын урлагаа орчин үеийн урлагтай хослуулан найрсуулах замаар хөгжүүлэх оролдлого хийгээд байна гэж болох уу?
Н.Ганбаатар:
-Аль аль нь байх хэрэгтэй л дээ. “Домог” хамтлаг тоглолт хийхэд яах аргагүй хоёр хэсэгтэй тоглохоос өөр аргагүй болдог. Нэгдүгээр хэсэг нь яалт ч байхгүй ардын язгуур урлагийн хэсэг. Нөгөө хэсэг нь орчин үеийн урлагтай хослуулсан тоглолт. Морин хуур бол өөрөө асар нөөц бололцоотой хөгжим. Морин хуураар юуг ч тоглож болдог юм байна. Саяын 10 жилийн ойн тоглолт дээр орчин үеийн хэсэгтээ “Хурд” хамтлагтай тоглосон нь үүний жишээ. Анх хамтлаг байгуулж байхдаа би морин хуурыг төдийлөн сайн ойлгодоггүй байсан. Нөгөө л уртын дуу, морин хуур байж л байдаг гэсэн шиг л бодолтой. Гэтэл хамтлаг байгуулах гээд зориод, хүмүүс шалгаруулах гээд хэд хэдэн хамтлагийг очиж сонсоод явж байхдаа морин хуурыг яг дэргэдээс нь сонсоод ирэхээр шал өөрөөр ойлгож, мэдэрч эхэлсэн. Тэгээд анх энэ хэдийг Хөгжим бүжгийн коллежийн нэг өрөөнд очиж сонсоход акустик нь их гоё чихэнд наалдацтай сонсогдсон. Тэрийг сонсоод би морин хуурыг өөрөөр төсөөлж эхэлсэн. “Эгшиглэн” хамтлагийг яагаад онцлоод байна гэхээр тэд Европт их олон жил болсон. “Эгшиглэн” хамтлагтай хамтарч ажилладаг Оливер Шад гэж хөгжмийн зохиолч байдаг л даа. Түүний “Эгшиглэн” хамтлагтай хамтарч хийсэн CD-г сонсоод морин хуурыг орчин үеийн хөгжимтэй хослуулчихвал өөр сонсогдох юм байна. Тэгвэл хүмүүс хүлээж авах юм байна. Залуучууд ч сонсох юм байна, гадаадад ч сонсох юм байна гэж бодсон. Тэгээд таны хэлдгээр үүнийг илүү олон хүнд хүргэхийн тулд орчин үеийн өнгө аясаар тоглох ийм шаардлага гарч ирж байгаа юм.
-Гадаадынхан морин хуураар орчин үеийн хөгжим тоглоход хэр сонирхдог вэ?
-Гадаадынхны хувьд хөгжим их сонсдог. Тэд багаасаа хөгжмийн боловсрол эзэмшсэн, урлагийн өндөр боловсролтой тул морин хуурыг сонсохдоо мэдрэх гэж хичээж байгаа нь анзаарагддаг. Морин хуур маань хоёрхон чавхдастай хөгжим. Энэ хөгжмөөр яаж ингэж чадварлаг тоглож байна гэдгийг их гайхаж биширдэг. Мэдээж гадаадынханд орчин үеийн гэхээсээ илүү язгуур талаасаа тогловол их сайн хүлээж авдаг. Яагаад гэвэл тэр л Монголын илэрхийлэл юм. Монгол юм гэдэг өөрөө л онцлог болдог. Хөөмий, хархирааг сонсоод хүний хоолойноос яаж тийм сонин дуу авиа гараад байна аа, морин хуур хоёрхон чавхдастай байж яаж ингэж дуугараад байна гэдгийг гадаадынхан гайхдаг.

Жазз тоглолт, шавь сургалт, нийгмийн хариуцлага

-“Домог” хамтлагийнхан сайн гоцлол хөгжимчид. Ш.Өлзийбаяр хөгжмийн зохиолч Шинэцогт зориулж Морин хуурын гуравдугаар концертоо бичсэн шиг ийм зохиолууд хэр олон байна вэ?
-Манай Оюунбатын авьяасыг саяын тоглолтоор харсан байх. Оросын хөгжмийн зохиолчийн бүтээлийг гайхамшигтай тоглосон. Цаашид Ш.Өлзийбаяр ч юм уу, өөр хөгжмийн зохиолчид ч гэсэн цохивор хөгжмийн гоцлолын зохиол бичихийг үгүйсгэхгүй. Бид энэ чиглэлээр өөрсдөө идэвхтэй ажиллая гэж бодож байгаа. Ш.Өлзийбаяр Шинэцогт зориулж морин хуурын концерт бичсэн. Өөр хүн бол үүнийг тоглож чадахгүй, зөвхөн Шинэцогт зориулсан. Ингэж бид анх Ш.Өлзийбаяртайгаа танилцсан. Энэ дашрамд Ш.Өлзийбаяртаа талархаж явдгаа илэрхийлмээр байна. Хөгжмийн зохиолч Г.Түвшинтөрдөө мөн баярлаж явдаг. Энэ хоёр хөгжмийн зохиолч маань уран бүтээлдээ сэтгэл, зүрхээ зориулж ажилладаг хүмүүс. Анх “Домог” хамтлаг байгуулагдаад баруунд, Европын орчин үеийн хөгжмийг тоглож байхдаа төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхдоржтой хамтарч ажилладаг байсан. Чанартай уран бүтээл хийхийн тулд яалт ч үгүй сайн хөгжмийн зохиолчидтой хамтарч ажиллахаас өөр аргагүй байдаг. 
-Тэгэхээр “Домог” хамтлаг өөрсдийн урын сангаа гоцлолд зориулсан хөгжмийн зохиолуудаар баяжуулах нь гэж ойлголоо.  
Б.Бат-Орших:
-Урын сан гэснээс 10 жилийн ойн жилдээ багтаж хийсэн уран бүтээлүүдээ дурдвал сонин байх болов уу. Бид энэ жил долоон шинэ зохиолтой болсон байна. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Домог” гэж зохиол мэндэлсэн. “Домог” хамтлаг байгуулагдсан цагаас хойш ийм нэртэй, бидэнд зориулсан зохиол байсангүй. Энэ зохиолыг тоглолт дээрээ симфони оркестртой тоглосон. Энэ бол маш сайхан бүтээл. Дээрээс нь жазз Энхбаяр ах маань “Жонон”, “Дөрвөн настай халиун”, “Шинэ жил” гэж гурван зохиол бичиж өгсөн. Манай Оюунбатын торгууд ардын дууны найруулга мөн үүн дээр нэмэгдэж байна. Дараа Энхбаяр ахтайгаа хамтарч жазз тоглолт хийе гэсэн санаа орж ирсэн. Бидний  хувьд нэг их учиргүй жазз тоглоод байх нь гол биш. Гэхдээ үндэсний морин хуур, хөөөмийгөөр жаззыг ийм маягаар тоглох боломж байна гэдгийг л харуулах гэж байгаа юм. Энэ ондоо багтаад дахиад хоёр зохиол бараг бэлэн болчих байх. Тэгээд “Домог” хамтлагийн 10 жилийн ойн тоглолтийн DVD гарна. Энэ бол амьд тоглолт. Өнгөрсөн 10 жилд “Домог” ямар эмоцтой тайзан дээр амьдарсан тэр чигээрээ ард түмний гар дээр очно. 
-Ардын урлагаа дэмжиж хөгжүүлэхэд төрийн бодлого хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ талаар төрийн зүгээс бодитой дэмжлэг, зохицуулалт ер нь байна уу?
-Бид зохицуулахгүй байна гээд дээшээ хараад хэвтээгүй л дээ. Жишээ нь, ардын урлагийн хэдэн хамтлаг байгаа юм гэдэг бүртгэл төрд байхгүй. Хэд нь шинээр байгуулагдаж, хэд нь алга болж байгаа юм гэсэн бүртгэл байхгүй. “Домог” хамтлаг зөвхөн өөрсдийгөө бодоод байдаггүй. Бид шавь сургалт явуулдаг. Би өөрөө Чингэлтэй дүүргийн нэрт яруу найрагч М.Цэдэндоржийн нэрэмжит 50 дугаар сургуулийг төгссөн. Тиймээс 50 дугаар сургууль дээрээ морин хуурын багшаар тав дахь жилдээ ажиллаж байна. Манай Шинэцог өөрөө гарын шавь нартай. Шавь нар дотор нь гадаад хүмүүс ч бий. Гадаадынхан морин хуурыг сайн тоглож байна. Шавь нар төрүүлнэ гэдэг бол залуу хүмүүсийн хувьд их чамбай ажил. Хамтлагийн энэ их ажил, гадаад дотоод айлчлан тоглолтын хажуугаар бид үүнийгээ амжуулдаг. Миний хувьд өөрийн төрсөн нутаг Дундговь аймгийн 15 суманд үнэ төлбөргүй очиж хүүхдүүдэд морин хуур заадаг. Хавар “Яргуй” наадам дээр нь очиж хүүхдүүдээ шалгаруулаад хотод 50 дугаар сургуульд оруулаад үнэ төлбөргүй сургадаг. Ийм юм хэрэгтэй. Бид жижиг юмнаасаа эхлэх хэрэгтэй. 
Н.Ганбаатар: -Төрийн бодлого гэснээс төрийн соёрхолт Д.Сосорбарам ахын санаачилгыг энд дурдах ёстой. Одоо ардын урлагийн олон сайхан  хамтлаг бий болж байна. “Жонон”, “Алтан ураг”, “Арга билиг”, “Алтай” гээд л бүгд өөр өөрийн онцлогтой. Анх эд нар чинь нэг ёсондоо өрсөлдөгч шиг байлаа. “Алтан ураг” яаж тоглож байна гээд л. Тэрийг бид судалдаг, ажигладаг байлаа. “Домог” хамтлагийн таван жилийн тоглолтыг Д.Сосорбарам ах хөтөлж байсан. “Домог”-ийн тэр тоглолтыг үзээд л Д.Сосорбарам ахад тийм санаа төрсөн гэдэг. Тэгээд үндэсний хамтлагуудын нэгдсэн тоглолт хийе гээд Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан. Энэ нь уламжлал болсон. Анх ардын урлагийн таван хамтлагийн нэгдсэн тоглолтыг хийсэн. Ингэснээрээ энэ залуучууд бие биеэ өрсөлдөгч гэж харахаас илүү бие биеэ хүндэлдэг, нэгнээсээ суралцдаг болсон. Д.Сосорбарам ахын энэ санаачилга их сайхан үйл ажиллагаа болсон. Одоо Сар шинийн өмнө уламжлалт тоглолт маань болно. “Монгол төгсөшгүй”, “Монгол мохошгүй” гэх мэт их сайхан бэлэг дэмбэрэлтэй нэртэй тоглолт болдог. Энэ хамтарсан тоглолтоор нэг тайзан дээр ардын урлагийн бүх хамтлаг тоглохоор тэдний онцлог нь харагддаг. “Алтан ураг” рок стилтэй, “Алтай” илүү этник, “Домог” орчин үеийн өнгө аястай гэх мэт. Д.Сосорбарам ах “Домог” хамтлагийн  таван жилийн ойн тоглолтыг хөтөлснөөс хойш 2013 онд өөрийн санал санаачилгаар манай хамтлагийг хоёр том тэмцээнд оролцуулсан. Нэг нь Австрид болсон Франц Шубертын нэрэмжит хөгжимчдийн олон улсын тэмцээн. Энэ тэмцээнд Шинэцог гоцлолоороо, “Домог” хамтлаг хамтлаг төрөлд хоёр гранпри авсан. Дараа нь Болгарт мөн хамтлаг хөгжмийн төрөл, багаараа, найруулагчийн төрлөөр гээд гурван гранпри авсан. Б.Сосорбарам ах ардын урлагаа сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан. 
Б.Бат-Орших: -Сая 10 жилийн ойн тоглолт дээр маань “Хөсөгтөн”, “Жонон”, “Алтан ураг” гээд анхны таван хамтлагийн гурав нь ирж манай хамтлагтай дөрвөн хамтлаг болж тайзан дээр гарсан. “Жалам харыг тоглосон Энэ бол монголчуудад тамгалагдсан аялгуу. Энэ дашрамд найзууддаа баярлаж явдгаа хэлье. Эвт шаазгай буга барина гэдэг. Бид эвтэй байхдаа хүчтэй. Ардын урлагийн хамтлагууд маань монгол үндэстнийхээ нэрийг гаргаж яваа. Энэ бол Монгол Улсын бахархал шүү дээ.  
-“Домог” хамтлагийн ирэх жилийн тоглолтын хуваариуд гарсан уу? 
Б.Бат-Орших:
-Дараагийн төлөвлөгөө гарчихсан байгаа. 2017 он гарангуут Японд тэндэхийн алдарт дуучинтай хамтарсан тоглолт хийнэ. Тэр хүн Монголд саяхан тоглосон. Тэр тоглолтын бүх юм бэлэн болоод байгаа. Гадаад тоглолтуудын хуваар нэлээд эрт гарчихдаг. Одоогоор Европын дөрвөн оронд тоглох төлөвлөгөөтэй байна. Гадаадад хийх тоглолтууд маань 3-6 сарын өмнө баталгааждаг. Баталгаажаагүй ч гэсэн нэр нь орчихсон үйл ажиллагаанууд байна. баталгаажаагүй байгаа нэг санал Канадаас ирсэн. Мөн Тайваньд  тоглох санал ирсэн. 
Н.Ганбаатар: -Ирэх жил бид гадаад харилцаандаа анхааръя гэж бодож байгаа. Гадаад ертөнцөд үндэсний урлагаа нэлээд бодлоготойгоор сурталчилна гэсэн төлөвлөгөөтэй байна. Дээр нь “Домог” хамтлаг оршин тогтнооод 10 жил боллоо. Тиймээс бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ямар ажил хийх вэ гэж бодож байна. Ер нь бид буяны үйлсэд их оролцдог л доо. Гэхдээ үүнийгээ бодлоготойгоор хийнэ. Зүгээр нэг оролцоод байх биш. Гадаад харилцаа, нийгмийн хариуцлага гэсэн энэ хоёр асуудал дээр анхаарч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 
Б.Бат-Орших: -Нийгэмд бид болохгүй байгаа газар нь байж байхыг боддог. Асрамжийн газруудад очиж тоглодог. Үнэхээр тэнд байгаа буурлуудын сэтгэл дотор онгойгоод амьдрах итгэлтэй болдог. Мөн хүүхдүүдэд тоглолтоо толилуулдаг. Бид ойрын төлөвлөгөө бодож л байна. Олон сум цас зудтай байна. Бид юугаараа тусалж чадах вэ гэвэл дуу хоолой, хөгжим л байна. Тиймээс цас зудтай байгаа аймаг, сумдтай хамтарч тоглоно. Тухайн аймаг, сумдын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлүүд нь “Домог” хамтлагтай хамтарч ажиллая гэвэл бид нээлттэй. Тоглолтоо Улаанбаатарт хийгээд мөнгийг нь орон нутагтаа хандивлах уу, тэнд очиж малчдадаа тоглох уу, хамаагүй. Бид чадах чинээгээрээ тоглолт хийгээд л өгнө. Тэр тоглолтын мөнгөөр ядаж хурга, тугалын нэмнээ хийгээд явуулчих боломж байна. Би энэ санааг бодчихоод хамтлагийнхандаа яриад л байж байна. Бид нэг нэгнээ ингэж дэмжих хэрэгтэй. Сэтгэл зүрхээ гаргаж тусалбал хаана ч гэсэн  хүрдэг шүү дээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.