Шийдэл нь бэлэн ч шийдвэр нь хүлээгдсэн замын түгжрэл

2016.12.14 Лхагва №110 (2141)

Нийслэлийн замын түгжрэл агаарын бохирдлоос дутахгүй тулгамдсан асуудал болоод байна. Замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ гэдэг үе үеийн хотын удирдлагуудын толгойны өвчин болдог. Энэ талаар өнгөрсөн дөрвөн жилд хамгийн зоримог шийдвэрүүд гарсан. Тухайлбал, нийтийн  тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах болон дугаарын хязгаарлалттай зорчуулах шийдвэрүүдийг нэрлэж болно. Харин гол уулзваруудыг олон түвшний огтлолцолтой болгох, давхар зам тавих, Улаанбаатар хотод метро явдаг болгох, тусгай замын автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлэх зэрэг шийдлүүд ажил хэрэг бололгүй цаасан дээрээ үлдсэн. Энэ бүхнийг хийхэд мэдээж ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэхдээ их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүйгээр шийдчихэж болох зүйлс ч олон бий. Тухайлбал, www.eagle.mn сайтаас явуулсан санал асуулгад оролцогчдын 38 хувь нь гэрлэн дохио болон замын тэмдэглэгээнд өөрчлөлт оруулснаар хотын замын түгжрэлийг бууруулж болно гэж үзсэн байна. Цагаан сар зэрэг баярын өмнөх хөдөлгөөний ачаалал ихтэй өдрүүдэд авто машинуудыг улсын дугаарынх нь сүүлчийн оронгийн тэгш сондгойгоор хоёр хуваан хөдөлгөөнд оролцуулдаг журам сүүлийн жилүүдэд хэрэгжсэн. Энэ журмыг өдөр тутмынх болгож хэрэгжүүлэх шийдэл яригдаж байгаа ч сураг байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн нийт тээврийн хэрэгслийн тэн хагас нь сондгой, эсвэл тэгш тоогоор төгссөн дугаараасаа шалтгаалан өнжөөд л хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг. Юутай ч дээр дурдсанчлан замын түгжрэлийг багасгах шийдлүүд бэлэн бий. Харин шийдвэр нь хэт удаан байгаатай олон хүн санал нийлэх байх. Ингээд дэлхийн улс орнууд замын түгжрэлийг хэрхэн сааруулж, хотжилтоос үүдэлтэй “шүдний өвчин”-өө анагаасныг сонирхуулъя.  

Хятад 

Хятад улс сүүлийн 10 жилийн хугацаанд замын түгжрэлтэй улсуудын эгнээнд элссэн. Тус улсын 110 дугаар хурдны зам дээр мянга мянган тээврийн хэрэгсэл 100 км зайнд дараалан зогссоны эцэст 10 өдрийн дараа нэг түгжрэлээс мултардгийг сонссон л биз дээ. Хятадын ийнхүү түгжрэлтэй улсуудын эгнээнд орсон нь хэд хэдэн хүчин зүйлээс угтай. Юун түрүүнд, дэлхийн бусад хуучин хотуудын нэгэн адил Хятадын ихэнхи хотууд их хэмжээний тээврийн хэрэгсэл зорчиход тохиромжгүй замтай баригджээ. Нарийн гудамж талбайтай, ихэнхидээ унадаг дугуй хэрэглэдэг тус улсын автомашин болон хүн ам огцом нэмэгдсэн нь автозам ачааллаа дийлэхгүйд хүргэж, замын түгжрэл үүсэхэд нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр, орчин үед сэхээтэн, чинээлэг, боловсролтой хүн бүр өөрийн гэсэн унаатай байх ёстой гэсэн бичигдээгүй дүрэм Хятадад үйлчилж байна. Ялангуяа залуу үеийнхэнд энэ ойлголт гүн суужээ. “Хэрвээ чи амжилттай яваа нэгэн бол яагаад өөрийн гэсэн унаагүй, нийтийн тээврээр зорчиж байгаа юм” гэх үзэл орчин үеийн хятад залууст нэвт шингэсэн байна.  
Хятадын замын түгжрэлийн шалтгааны тухай ярихын тулд жолоочдынх нь ур чадварын тухай сөхөх шаардлагатай болдог. Учир нь, Хятадын жолооны курсууд хязгаарлагдмал байдалд сургалт үзүүлдгээс шинэ жолоочид ихэнхидээ анх удаа шууд замын хөдөлгөөнд оролцдог нь автозамын ослыг ихэсгэхэд голлох нөлөө үзүүлж байна. Дээрээс нь жолооны курсийн бизнес нь хээл хахуульд автсанаас нэг ч удаагийн хичээлд сууж үзээгүй хүн шууд жолооны үнэмлэх эзэмших болсноор тус улсын автозамын осол улам нэмэгдэж байгаа юм. Хятадын 100 мянган автомашин тутмын 36 нь осолд ордог нь АНУ-аас хоёр дахин, Их Британи, Франц, Герман, Испани зэрэг бусад Европын улсуудаас 7-10 дахин их үзүүлэлт юм. 
Жолоочдын ур чадварыг сайжруулж, илүү өргөн зам тавьж, олон гэрлэн дохио тавьж, автомашинуудыг тэгш сондгойгоор явуулах гэх зэргээр хэд хэдэн шийдлүүд гаргаж үзсэн  ч эцсийн дүндээ нэг зүйлийг яаж ч шийдэж чадаагүй нь хүн амын төвлөрөл юм. Нэг газар хэт олноороо суурьших нь тэр хэрээрээ автомашинын түшжрэлийг бий болгоно гэсэн үг. Хүмүүсийг хүчээр нүүлгэн шилжүүлэхгүйгээр үүнийг шийдэх ямар арга зам байж болох вэ? 

Хятадын Засгийн газрын авсан арга хэмжээ 

Хятадын Засгийн газар иргэдээ зөвхөн автозам ашиглаж, нэг замд ачааллыг үүрүүлэхээс сэргийлэхийн тулд бусад дэд бүтэцдээ анхаарал хандуулж эхэлсэн. Тухайлбал, газар доорхи метрогоор зорчихыг санал болгосон нь автомашин, таксинаас бараг хэд дахин хямдханы дээр хурдан хугацаанд зорьсон газартаа очиход тусална. Бээжингийн метроны үнэ нэг ам.доллар ч хүрэхгүй. Түүний хажуугаар зөвхөн замаа өргөсгөөд зогсохгүй, давхар зам барьж, хот хоорондын хурдан галт тэрэгнүүдийг дэмжин, давхар автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж, шинэ нисэх онгоцны буудлуудыг ч барьсан байна. 
Дээрх туршлагаас харахад манайд хэрэгжүүлэх боломжтой нэг шийдэл нь давхар зам барих болон давхар автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх боломж юм. 
Хятад улс замын түгжрэлээ багасгах нэгэн ухаалаг шийдэл олсноо дэлхий нийтэд дуулгаад удаагүй байгаа нь давхар автобус юм. Гэхдээ энэ нь таны бодож байгаа зүгээр нэг хоёр давхар автобус биш. “The TEB” компаниас танилцуулсан, орчин үеийн дэвшилтэт автобус нь автомашинуудын дээгүүр давхар явах боломжтой. Өөрөөр хэлбэл, автобусыг ажиллуулахын тулд заавал тусдаа зам тавих шаардлагагүй. Одоогоор тус автобус нь 1200 зорчигчийг багтаах хүчин чадалтай бөгөөд нэг бүрийн үнэ нь 4.5 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Нарны энергиэр цэнэглэгдэх давуу талтай гэгдэж буй уг автобус метроны өртгийг зургаа хуваасны нэгтэй тэнцэх юм.

Япон 

Японы Токио хот дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, өртөг өндөртэй гээд олон тодорхойлолтод нийцдэгийн дээр замын түгжрэлээрээ ч мөн тэргүүлдэг. 13 сая хүн ам төвлөрдөг энэ хотын иргэдийн хувьд ч замын түгжрэл архаг хууч өвчнүүдийнх нь нэг. 
Өдөр бүр таван сая автомашин хөдөлгөөнд оролцоно гэдэг амаргүй. Дээрээс нь Токио хот нэг сая иргэнтэй Улаанбаатар хотоос газар нутгийн хэмжээгээр даруй хэд дахин жижиг. Гэхдээ л япончууд 13 сая оршин суугчтай Токио хотыг нэг сая гаруй хүнтэй Улаанбаатар хотоос замын түгжрэлийн хувьд маш тайван, зөв зохион байгуулалттай байлгаж чаддаг. 
Тэдний хамгийн эхэнд баримталдаг зүйл нь жолооч, явган зорчигч бүр хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох. Ингэж чадвал хэнд ч ямар ч бухимдах зүйл гарахгүй гэж тэд үздэг. Үүнийгээ ч ягштал биелүүлдэг. Токио хотын захирагч Масафуми Юкавагийн хэлснээр тус хотын замын түгжрэлийг үүсгэдэг нэг гол зүйл нь хүмүүс машинаа зохисгүй байрлуулснаас бусдадаа дараа болж, түгжрэлд нөлөөлдөг байна. Тиймээс хэн хэндээ садаа болохгүй, дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг япончууд амьдралын дадал болгожээ. 
Япончууд замын түгжрэлийг багасгахын тулд хувийн унаанаас илүү олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахыг уриалга болгож чадсан. Тиймээс ч нийтийн тээвэр, метро, унадаг дугуйгаар зорчих нь Японд түгээмэл үзэгдэл. Хамгийн гол нь иргэдээ эдгээр боломжоор хангаж, дэд бүтцийг нь шийдэж өгөх шаардлагатай аж. Тэгэхэд манай улсад унадаг дугуй унан хөдөлгөөнд оролцоход аюулгүй байдал дутагдаж, орчин нөхцөл бэлэн биш байна. 
Хачирхалтай нь, япончууд замын түгжрэлээ бууруулахын тулд робот цагдааг ашиглахаар зэхэж байгаа аж. Учир нь, хүмүүс маш их алдаа гаргадаг тул хяналтыг автоматжуулж, илүү нарийн системтэй болгох шаардлагатай, энэ нь автозамын осолд ч эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна. Одоогоор робот цагдааг хөгжүүлэх туршилтын явц үргэлжилж байна. 

Лос Анжелос

АНУ-ын Лос Анжелос хотын эрх баригчид замын бөглөрлийг багасгахын тулд бүх гэрлэн дохиог ухаалаг болгох ажлаа эхлүүлээд байна. Үүнийг ажил хэрэг болгохын тулд нийт 20 гаруй жил, 400 сая ам.доллар зарцуулжээ. Уг ажлын үр дүнд замын хөдөлгөөнийг ажиглах автомат систем бусад хотын хувьд үлгэр дууриалал болж эхэлжээ. Ингэхдээ замын уулзвар болгон дээр замын хөдөлгөөний нөхцөлийг секунд тутамд дамжуулдаг мэдрэгч төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Лос-Анжелосын төв хэсэгт газар дор байрласан удирдах төвийн компьютерууд ирсэн бүх мэдээллийг хүний оролцоогүйгээр задлан шинжилж, шийдлийг гэрлэн дохионуудад буцаан илгээдэг. Хэрэв тухайн замаар автобус явж байвал түүнийг саадгүй өнгөрөөх нөхцөлийг замын цагдаа бус, гэрлэн дохионууд өөрсдөө бүтээх гэнэ. 

Сингапур 

15-хан жилийн дотор Азийн бар болон огцом хөгжиж чадсан Сингапур улсад ч замын түгжрэл бий. Гэхдээ тус улс эртнээс авч эхэлсэн хоёр арга хэмжээ нь замын түгжрэлийг бууруулахад бодитой нөлөөлж чадсан. Нэгдүгээр арга нь, аль нэг район руу орох автомашин, мотоциклуудаас татвар авах. Харин нөгөө нь автомашины гэрчилгээг тогтсон тоогоор өгөх. Өөрөөр хэлбэл, автомашин худалдан авагчид өмч эзэмших гэрчилгээг авах ёстой бөгөөд гэрчилгээний тоо хязгаартай байна. Ингэснээр автомашины тоог хязгаарлаж чаддаг байна.

Ц.Энхтөр: Замын түгжрэлийг бууруулахад цогц бодлого хэрэгтэй

Нэг саяас дээш хүн амтай дэлхийн хотуудын өмнө тулгардаг томоохон бэрхшээл бол замын түгжрэл. Энэ асуудал манай улсын нийслэлд “шүдний өвчин” болоод буй. Өнгөрсөн хугацаанд дугаар хязгаарлах, дугуй түгжих, уулзвар эгнээг өргөсгөх зэргээр арга хэмжээ авсан ч үр өгөөжөө өгсөн нь тун бага. Энэ бүхэн авто замын түгжрэлийг бууруурах цогц бодлого хэрэгтэй байгааг харуулж байна. 
Улаанбаатар хотод 460 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд өдөрт дунджаар нэг цаг орчим түгжирдэг ажээ. Замын түгжрэлийг хоёр жилийн өмнө  эдийн засгийн талаас нь судалсан байна. Судалгаагаар манай улс жилд 50 тэрбум төгрөгтэй тэнцэх бензинийг замын түгжрэлд зогсч байхдаа үр дүнгүй зарцуулдаг нь тогтоогджээ. Энэ талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн С.Энхтөртэй ярилцлаа.

-Улаанбаатар хотын замын түгжрэлд нэг цаг түгжирч зогсоход хэдий хэмжээний бензин үр ашиггүй зарцуулдаг вэ. Энэ талаар судалгаа хийсэн байдаг гэж сонссон?
-Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцдог 466 мянган тээврийн хэрэгсэл бий гэх тооцоо байдаг. Эдгээрээс долоо, наймдугаар сард хөдөө гадаа явчихдаг, дугаарын хязгаарлалтад хамаардаг зэрэг бусад шалтгаанаар хасаад хамгийн багаар бодоход өдөрт 200 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэж тооцоход өдөрт нэг жолооч 1380 төгрөгийг яндангаараа утаа болгоод үлээчихэж байгаа юм.
-Үүнийг хэрхэн шийдэх боломжтой гэж та харж байна вэ?
-Ганц нэг арга нэр төдий хэмжээгээр томъёолж болохгүй шүү дээ. Цогц бодлого хэрэгтэй. Тодорхой цагуудад түгжрэл үүсдэг. Тэгэхээр төвлөрлийг сааруулах, иргэдийн цагийн менежментийг зохицуулах, шаардлагатай. Үүний зэрэгцээ авто зогсоолын асуудлыг шийдэх, уулзваруудын нэвтрүүлэн өнгөрөх чадвар, зохион байгуулалтыг сайжруулах хэрэгтэй. Өнөөдрийн хувьд метроны тухай, гүүрэн гарц барих, давхар зам, нэг төвшний тогтолцоотой зорчих асуудал, уулзвар эгнээний талаар ярих арай эрт байна. Бусад улс орон сүүлийн үед баруун гар тийшээ эргэх хөдөлгөөнийг түлхүү ашиглаж эхэлсэн. Манайд зохицуулалтгүй ийм уулзварууд бий. Хэрэв үүнийг хэрэгжүүлж эхэлбэл үүнээсээ улбаалаад сөрөг асуудал яригдаж эхэлнэ. Тухайлбал, буруу талдаа жолооны хүрдтэй жолооч нарын тухайд баруун гар тийшээ эргэх болвол 3-10 метр орчимд цаадах үзэгдэх орчин хязгаарлагддаг юм. Тэгэхээр дэд бүтцээ судалсны дараа цогц бодлого боловсруулах нь чухал.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.